• Өнөөдөр 2024-04-20

Б.АЛУНГОО: Миний хамгийн анхны сонсогч ээж минь байдаг

2022-05-27,   961

 “The Voice of Mongolia” шоунд  хоёр удаа оролцож, өвөрмөц хоолой, торгон мэдрэмжээрээ олны хайрыг татаад буй “B” продакшны  залуу уран бүтээлч Б.Алунгоотой анхны цомог болон дуу хуураас авдаг мэдрэмжийнх нь талаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Багадаа ямар хүүхэд байсан талаараа ярих уу. Урлагийн хүн болно гэж боддог байсан уу?

   -Цэцэрлэгт байхаасаа дуулж эхэлсэн. Хамгийн анхны дууны тэмцээндээ цэцэрлэгт байхдаа оролцсон. Бага байхдаа “Жангум” киног их үздэг тэгээд гэрт байдаг бор өнгөтэй сандал дээр гарч зогсчхоод  дуулдаг тийм хүүхэд байсан.

-АШУИС-д суралцдаг оюутан шүү дээ хичээлийнхээ хажуугаар уран бүтээлийн ажлаа хэрхэн зохицуулж, хуваарилж байна вэ?

    -Шүдний эмчээр сурдаг гуравдугаар курсийн оюутан. Өнгөрсөн жил бүх юм замбараагүй, орхисон зүйлүүд зөндөө байсан. Одоо л нэг жигдрээд явж байна. Хичээлүүдээ өглөө шахаад, үдээс хойш нь дуулах бэлтгэл бусад ажлаа амжуулж байгаа. Санасныг бодоход бага зэрэг хэцүү байсан.

- “The Voice of Mongolia” шоуд хоёр удаа оролцсон шүү дээ. Яагаад дахиж оролцох болсон бэ?

    -Жоохон харамсалтай байсан л даа. Дахиад хичээчих юм бол чадах юм шиг санагдаад зун Дархан хотод гэртээ очоод гурван сар дуугаа бэлдсэн. Их бэлдсэн, өмнөх тэмцээний харамсал бас байсан болохоор дахиж орохоор шийдсэн.

-“The Voice of Mongolia” шоуны тайзан дээрээс ямар мэдрэмжүүдийг авсан бэ?

    -Яг тайзан дээр болсон явдлаа санадаггүй /инээв/. Тайзан дээр гараад бүх юм хурдан болоод өнгөрчихдөг.  Догдлол, сандрал гээд маш олон мэдрэмжүүдтэй тайз руу гардаг ч хэдэн минутын үйл явдал хэдхэн секунд болчихсон юм шиг хурдан өнгөрдөг. Гэхдээ  тэндээс авах мэдрэмжүүд мартагдашгүй сайхан  байдаг.

ХҮН ДОТРОО БАЙГАА МЭДРЭМЖЭЭ ГАРГАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ

- Дэлхийд алдартай "The Voice" шоу  2020 оны нэгдүгээр сарын шилдэг  арван  оролцогчоо шалгаруулахад  Б.Алунгоо шалгарсан байсан. Том зүйл шүү дээ ямар мэдрэмж авсан бэ?

    -Би их гайхсан,  нэг тийм сонин мэдрэмж авсан. Монгол Улсаас тэр жагсаалтад анх удаа багтсан. Дэлхийн хэмжээний зүйлд миний нэр, дүрс бичлэг явж байхыг харах хэзээ ч авч байгаа тийм сайхан мэдрэмж, урмыг өгсөн.

-“B” продакшны уран бүтээлчний уран бүтээлч болсноор танд ямар өөрчлөлт гарсан бэ?

    -Надад үнэндээ дуулахаас өөр зүйл байгаагүй. Тийм хүнд бүх хэрэгтэй зүйлээр нь хангаж өгдөг. Энгийнээр яривал бэлтгэл хийх сайхан орчин, туслаад дэмжээд өгдөг продюсер байна. Хэрэв би ганцаараа дуулаад явсан бол өдий зэрэгт хүрэхгүй, зүгээр хичээлээ хийгээд, сураад явах  байсан байх гэж боддог.

-Хэн хамгийн их зөвлөж, дэмждэг вэ?

    -Тийм хүн гэвэл манай ээж юм байна. Ээжтэйгээ өдөр болсон бүх зүйлээ ярьдаг. Би шийдвэр гаргахдаа бага зэрэг тааруу л даа. Тийм үед шууд ээждээ ханддаг. Шинэ дуу хийгээд хамгийн эхэнд ээж рүүгээ явуулаад “ Та хамгийн анхны сонсогч шүү, ямар сонсогдож  байна шууд хэлээрэй” гэдэг.

-Дархан хотод дөнгөж оюутан болчихсон, гэтэл энд тэмцээн нь  болоод байдаг. Бүх юм овоороод ирэх үед шантарсан уу. Хэрхэн даван туулсан бэ?

    -Шантарсан үе байгаа. Яг тийм хэцүү үед хүн их сонин байдалд ордог юм билээ. Асуудлаа бодохоос ч залхдаг. Би хүний хажууд уйлж чаддаггүй тэгсэн яг хөл хорионы үеэр тийм шантарсан байдалд орсон. Тэгээд гэрийнхнийгээ  гэртээ байхгүй ганцаараа үлдсэн үедээ бүүр цурхиртал уйлсан. Тэгээд яг юу нь болохгүй байна гэхээр бүүр тийм асуудалтай зүйл байхгүй ч юм шиг. Тэгж нэг уйлаад зүгээр болсон.  Хүн заримдаа дотроо байгаа мэдрэмжээ уйлах эсвэл хүнд ярих зэргээр гаргаж байх хэрэгтэй юм байна лээ.

ГАРЫН ҮСЭГГҮЙ БОЛОХООР ЦОМОГ ДЭЭРЭЭ НЭРЭЭ МАШ ИХ ХИЧЭЭЖ БИЧСЭН

-Анхны цомгоо гаргасанд баяр хүргэе. Гар дээр нь цомог ирэх мөч ямар байсан бэ?

    -Тэр үгээр хэлэмгүй гоё мэдрэмж байсан. Болд ах бүгдэд нь хуралтай шүү гээд  цаг товлоод дууссан. Тэгээд орж ирэхдээ бэлэг шиг уутан дотор цомог, зурагтай нь хамт хийгээд нэг нэгээр нь дуудаад өгч байсан. Саяхан арван жилийн хүүхэд цомог байтугай мэргэжлээ сонгож чадахгүй яах уу гээд байж байсан хүн олон хүний дэмжлэг, өөрийнхөө  хичээл зүтгэлээрээ цомогтой болчихсон. Сэтгэлд багтамгүй гайхалтай  мэдрэмж байсан.

-Өөрийнхөө цомог дээр гарын үсэг зураад хамгийн анх хэнд  өгсөн бэ?

    -Надад гарын үсэг байхгүй. Тэгээд нэрээ аягүй их хичээж бичээд  продакшныхаа дотно эгчид өгсөн. Ер нь хамгийн анхны гэдэг утгаараа их нандин байсан. Юм хийгээд ард нь гараад түүнийгээ хүнд бэлэглэнэ гэдэг илүү их зүйл хийх урам болдог юм билээ.

-Гэр бүлдээ цомгоо өгсөн чинь ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

    -Манай гэр бүл намайг хамгийн их дэмждэг. Гэр бүлээсээ хол байдаг болохоор надад бэлэглэсэн цомгоосоо хоёрыг нь явуулсан чинь араас нь бүүр олноор захиалчихсан байсан. Тэгээд гайхаад асуусан чинь хамаатан, аав ээжийн найзууд нь намайг дэмждэг, сонсдог гээд захиалчихсан байсан. Намайг дэмждэг хүрээлэл байгаад зоригжуулдаг учраас  би энэ олон амжилтыг гаргасан байх гэж боддог.

-Өөрийнхөө анхны дууг сонсоод, клипийг үзэх  ямар байсан бэ?

    -Хамгийн  анхны хоолой бичлэг их хэцүү байсан. Бичлэгтээ ороод юу ч чаддаггүй юм байна гэсэн мэдрэмжийг авсан. Яагаад гэвэл дуундаа орж чадахгүй, олон хоног ирж бичүүлсэн.Олон удаа бүтэлгүйтчихсэн болохоор хоолой бичлэг амжилтай болох хамгийн гоё юм билээ. Клипний зураг авалт Дархан хотод хийгдсэн болохоор надад ойрхон байсан.

-Цаашдын зорилго төлөвлөгөө юу байгаа вэ?

    -Шинэ уран бүтээл гаргаад тоглолт хийнэ. Урлагийн хүн ямар замыг туулах ёстой тэр бүгдийг туулна байх. Мэдээж мэргэжлээр нь сурч байгаа учраас ажиллана. Хүмүүс хоёр туулай хөөгөөд хоосон хоцорно гэдэг. Гэхдээ би аль алиныг  эхлүүлсэн учраас эцэс хүртэл нь явна, хичээнэ гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа амжилт хүсье   

      -Баярлалаа


О.Эрдэнэтунгалаг
 


Б.АЛУНГОО: Миний хамгийн анхны сонсогч ээж минь байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188