• Өнөөдөр 2026-11-04

С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН

2026-11-04,   130

Шатрын Монгол Улсын 2026 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж өндөрлөв. УАШТ-ий эрэгтэйчүүдийн ангилалд “Гэгээн Арвай” клубийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Сугарын Ган-Эрдэнэ анх удаа түрүүлж улсын аварга шатарчин болсон юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа. С.Ган-Эрдэнэ УАШТ-ээс нийт нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний нэг мөнгө, нэг хүрэл медальтай. Өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медальтай, дэлхийн цом буюу “Fide World Cup” тэмцээнд хоёр удаа оролцож байсан. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв.

-Шатрын насанд хүрэгчдийн Монгол  Улсын 2026 оны улсын аварга болсонд тань баяр хүргэе.

     -Баярлалаа. Цаашид амжилтаа бататгаж, илүү ихээр хичээх болно.

-УАШТ-д хэдэн өрөг тоглож, хэдэн хожил авч улсын аварга болов?

     -Миний хувьд энэ удаагийн УАШТ-д олон ижил тэнцүү, хүчтэй өрсөлдөгчид нартаа өрсөлдсөн. Улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 өрөг тоглож, тав хожиж, тав тэнцэж тэнцэж, нэг хожигдол хүлээж, 7.5 оноотой улсын аварга болсон.

-Улсын аваргын шалгаруулах тэмцээний хамгийн ширүүн хүчтэй өрсөлдөгчид ямар тамирчид байсан бэ?

    -Энэхүү тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл тавдугаар өрөгт таарсан Баттулгын Тэнгүүндалай дүү маань байсан.  УАШТ-д Б.Тэнгүүндалайгийн эсрэг тоглоод ганц хожигдол амслаа. Дүү тийм их хүчирхэг байсан болохоор УАШТ-д  хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль зүүсэн.

-УАШТ-д  хэдэн төрөл, ангилалд өрсөлдөв?

     -Миний хувьд стандарт төрөл буюу урт цагийн хяналтаар өрсөлдөх төрөлд оролцдог улажлалттай. Тэр төрөлдөө өрсөлдлөө.

–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?

     -Намайг Сугарын Ган-Эрдэнэ гэдэг. Шатрын спортын Олон улсын мастер цолтой.

–Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?

     -Би Улаанбаатар хотод төрсөн. Хотын “унаган хүүхэд” байгаа.  

-Хэдэн настай байх үедээ шатрын нүүдэл сурч, шатар тоглож сурсан бэ?

     -Би анх долоон настай байхдаа ааваараа шатрын нүүдэл заалгаж, энэхүү спорт руу дурлаж орж байсан.

 -Одоо хэдэн настай вэ?

      - Би одоо 23 настай.

-Шатраас гадна өөр спортын төрлөөр давхар хичээллэдэг үү?

      -Шатраас гадна өөр спортын төрөл гэвэл  бага байх үедээ хөл бөмбөг, ширээний теннис гэсэн спортуудаар хичээллэдэг байсан.  

-Анх яагаад шатрын спортыг сонгож хичээллэх болсон бэ?

     -Жаахан байхдаа би их гүйж, харайсан, нэлээн хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан. Тэр үед ааваарай шатар гэдэг оюуны спортыг заалгаад тогтвортой сууж, төвлөрч сурсан. Шатрын спортод улам их сонирхолтой болж, өөрийн эрхгүй татагдаж орсон доо.

–Анхны шатрын мэргэжлийн багш нь хэн бэ?

    -Надад шатар заасан анхны багш гэвэл “Төгс нүүдэл” клубийн дасгалжуулагч Цэнгэлбаяр. Анхны шатрын онолын мэдлэгийг багшаараа  заалгаж, сууриа зөв тавьж байсан.

–Шатрын спорт болон бусад спортоор гаргасан амжилтуудаасаа танилцуулахгүй юу?

   -Шатрын спортоор үзүүлсэн амжилтаас дурдвал УАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан. Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний нэг мөнгө, нэг хүрэл медальтай. Өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай. Дэлхийн цом буюу “Fide World Cup” тэмцээнд хоёр удаа оролцож байсан. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв. Өөр спортын төрлөөр гэвэл сургуулийнхаа намрын спартакиадад гүйлтийн болон өндрийн харайлтын төрлүүдээр медаль авч байсан.

 -Сэтгэлд тань хоногшин, хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?

    -Хамгийн их дурсамж үлдээсэн тэмцээн гэвэл 2019 онд Монголд зохион байгуулагдсан Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг нэрлэнэ. Яагаад гэвэл би тэр тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Медаль хүртэхдээ нэмэлт тоглолт буюу гуравдугаар байрт орсон хүнтэй адилхан оноотой гараад байв. Тус тэмцээний эхний хоёр байрт орсон тамирчин нь дэлхийн цомын  тэмцээнд оролцох эрхээ авах байсан. Тэгээд би нэмэлт тоглолтод хожиж эрхээ авч, их баярлаж байснаа санадаг юм.

–Шатрын спортоор хичээллэхийн хамгийн сайхан мэдрэмж нь юунд байдаг вэ?

    -Шатрын спортоор хичээллэхийн сайхан нь хүүхдийг багаас нь тэвчээртэй суулгаж сургана. Зөв хүн болгож төлөвшүүлнө. Өрсөлдөгчөө хожих мэдрэмж л их сайхан. Өөрөөрөө бахархах сэтгэл төрөх тийм үед их огшдог доо.

-Ямар тамирчдаас үлгэр дуурайл авдаг вэ?

    -Үлгэр дуурайл авдаг хүн гэвэл Монголоос Их мастер Гүндаваа багш маань байна. Гадаадаас гэвэл Леброн Жеймс байна даа.

 -Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?

     -Дараагийн оролцох тэмцээн гэвэл 2026 оны арваннэгдүгээр сарын 9-19 –ний өдрүүдэд болох Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа.

 

         


 

 


С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188