• Өнөөдөр 2024-03-19

Ч.УНДРАМ: Хувь хүн соёлын өвд бүртгэгдсэн үнэт зүйлээ зарах гэж байгаа бол эхлээд Засгийн газарт санал болгох ёстой

2021-02-08,   3614

УИХ-ын намрын чуулганы үеэр хэрхэн үр бүтээлтэй ажилласан талаар УИХ-ын гишүүдийн ярилцлагыг хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг урьж ярилцлаа. Цар тахлын улмаас Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа энэ үед орон нутгаас сонгогдсон гишүүд тэр бүр тойрогтоо очиж ажиллаж чадахгүй байгаа юм. Түүний хувьд Цагаан сарын баярыг угтан Сэлэнгэ аймгийнхаа ахмад настнуудад Цагаан сарын мэндчилгээ болон гарын бэлгийг илгээгээд завгүй явах үед нь ярилцсан юм. 

-УИХ-ын намрын чуулганы хугацаанд та Музейн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Өмнө нь музей ямар хуулийн зохицуулалтаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм бэ?

-Монгол Улс анх удаа Музейн тухай бие даасан хуультай болсон. 1924 онд анхны музей байгуулагдсан байдаг. Манайд үндэсний, улсын болон орон нутгийн, байгууллагын дэргэ дэх бэсрэг, хувийн гэсэн музейнүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдэнд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин байхгүй байсан. Соёлын тухай болон Соёлын Өвийн тухай гэсэн хоёр том хууль, тэднийг дагалдах дүрэм, журамд үндэслээд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Соёлын өвийг олон нийтэд дэлгэн харуулж, ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ түүх, соёлын талаарх мэдлэгийг сайжруулах, иргэд үндэсний түүх, соёлоо үр хойчдоо зааж сургах зайлшгүй шаардлага бий болсон байна. Тиймээс сүүлийн 12 жил яригдсан Музейн тухай хуулийг энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэж батлуулсан. 

-Хуульд ямар чухал заалтууд орсон бэ?

-“Музей гэж юу юм бэ” гэдэг тодорхойлолтыг хуульд тусгаж өгсөн. Тухайлбал, музей бол сургалт, судалгааны байгууллага юм шүү гэдгийг тодруулж өгсөн гэсэн үг. Энд судлаач, түүхч, археологчид ирж судалгаа хийх боломжтой. Харин хэн дуртай нь музейн соёлын үнэт үзмэрүүдтэй харьцахгүй болж байгаа. Мөн музейн сан хөмрөгийг нэгдсэн бүртгэлд оруулна. Сан хөмрөгөөс эд зүйл устаж алга болох, хулгайд алдагдах, хуурамч эд бий болгож сольж авах зэрэг хэл ам тасардаггүй. Тиймээс нэгдсэн бүртгэлийг сайн хийх ёстой. Музейн үзмэрүүдийг бүртгэлээс шууд хасах боломжгүй болгож өгсөн. Ямар тохиолдолд хасаж, актлах вэ гэхээр устаж үгүй болсон тохиолдолд соёлын өвийн тухай хуулийн дагуу бүртгэлээс хасна. 

-Музейд хосгүй үнэт үзмэрүүд хадгалагддаг. Хамгаалалтад авах тал дээр хуульд хэрхэн тусгасан байгаа вэ?

-Улсын музейг үндэсний, улсын болон орон нутгийн гэж гурав ангилсан. Үндэсний болон улсын музейг Төрийн хамгаалалтад авч байгаа. Учир нь тэнд хосгүй үнэт үзмэрүүд байгаа. Орон нутгийн музейг орон нутгийн захиргаа хамгаалж, харж хандах ёстой. 

-Музейг олон нийтэд үзүүлэхдээ үнийн хувьд өөрчлөлт оруулсан зүйл бий юү?

-Музейг хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадууд үнэ төлбөргүй үзнэ гэсэн заалт оруулсан. Хувийн музей эрхлэгчид хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм бол тухайн үйлчилсэн хүүхдийн тоогоор төлбөрийг төрөөс олгоно гэсэн зохицуулалт оруулсан. Ахмадууд  музейд үнэгүй орох юм чинь ач, зээгээ дагуулаад үзэх боломжтой болсон. Мөн багш нар Монголын үүх түүх, соёл уламжлалын хичээлээ музейд зааж болно.

-Өнөөдрийн байдлаар хичнээн өв соёл бүртгэгдсэн байдаг юм бэ. Соёлын өвд бүртгэгдсэн бүх үзмэрүүдээ олон нийтэд дэлгэж үзүүлэх боломж бий юү?

-Монголд 70 мянга гаруй соёлын өв бүртгэгдсэн байдаг. Үүнээс 20 хувийг нь л олон нийтэд дэлгэж үзүүлдэг юм байна. Үүнийг аль болох дэлгэж, олон хүнд үзүүлэх хэрэгтэй. Мөн хувиараа эртний эдлэл цуглуулдаг хүмүүс их байдаг. Эдгээр хүмүүс хувийн музейгээ байгуулаад цуглуулгаа олон нийтэд үзүүлэх боломжийг нь олгож байгаа. 

-Хувийн цуглуулгатай хүмүүс эд зүйлээ зарахаар бол хаана хандах ёстой вэ?

-Музей нь хандиваар болон худалдаж авч цуглуулгаа нэмэгдүүлэх боломжтой. Хэрвээ хувь хүнд Монгол Улсын соёлын өвд бүртгэгдсэн хосгүй үнэт зүйл байгаа бол түүнийгээ зарах сонирхолтой бол хамгийн түрүүнд Засгийн газарт санал болгох ёстой. Хэрвээ Засгийн газар авахгүй гэвэл дараа, дараагийн газруудад санал тавьж болно. 

-Музейн барилгын асуудлын талаар яригдсан зүйл бий юү. Манайд стандартын дагуу баригдсан музей хэр олон байдаг юм бэ?

-Монгол Улсад музейн зориулалтаар стандартын дагуу баригдсан зургаан музей байдаг юм билээ. Гэхдээ тэр музейн барилга нь элэгдэлд ороод хуучирчихсан байна. Тиймээс өнөөдөр стандартын шаардлага хангахгүй байна. 

Соёлын яам болон Барилга хот байгуулалтын яам хамтраад музейн барилгын стандарыг боловсруулахаар болсон. Харин хуулиндаа музей нь шатахуун түгээх станц, тэсэрч дэлбэрэх бодисын агуулахаас 500 метрийн радусаас гадна байрлана гэж зааж өгсөн.

-УЛСЫН СУРГУУЛЬ САЙЖИРЧИХВАЛ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДҮҮДЭЭ ХУВИЙН СУРГУУЛЬД ӨГӨХӨӨ БОЛИНО-

-Намрын чуулган хэр үр дүнтэй хуралдав?

-УИХ-ын намрын чуулган үр дүнтэй хуралдсан гэж дүгнэж байгаа. Учир нь намрын чуулганаар Бага үндсэн хууль гэж нэрлэгдэж байгаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар санхүүгийн эрх мэдлийг орон нутагт өгсөн. Тухайлбал, хүн амын орлогын албан татвар, малынхөлийн татвар, газар болон үл хөдлөхийн татварыг 100 хувь сум, дүүргийн төсөвт, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг Аймаг, Нийслэлд оруулахаар болсон. Тэгэхээр тухайн газрын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь төсвөө зохицуулдаг болно. Тэд төсвөө хэлэлцээд сургуулийн дээврээ засах, эмнэлэгтээ ор авах уу гэдгээ өөрсдөө шийддэг болно. Хууль 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. 

Мөн Шүүхийн тухай багц хуулийг намрын чуулганаар баталсан. 2020 оны УИХ-ын сонгуулиар надтай хамт нэг тойрогт нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нарыг Сонгуулийн тухай хуулийг зөрчиж баривчлан хорьсон. Тиймээс шүүхийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай байсан. Энэ хуулийн төслөөр маш их хэлэлцүүлэг хийсэн. Шүүхийн тухай хуулиар шүүхийг Ерөнхийлөгчөөс хараат бус болгосон. Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны томилгоог илүү тодорхой болгож өгсөн.

Энэ хуулиар шударга шүүх засаглалыг бий болгоно гэж үзэж байгаа. 

Үүнээс гадна бид зээлийн хүү бууруулах стратегийг УИХ-ын тогтоолоор батлуулсныхаа дагуу банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж батлуулсан. Бидний хийсэн ажлын үр дүнд Монгол Банкны бодлогын хүү 6 хувь болж буурсан. Одоо хууль маань хэрэгжээд эхэлвэл Монгол Улсын санхүүгийн зах зээл цөөн хэдэн хүнээс хараат бус болж үр дүнд нь зээлийн хүү буурна.

Сая чуулган завсарлахын өмнө газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүний хувьд тус салбарын тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барьлаа. Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд дотоодын газар тариалангийн салбараа бодлогоор дэмжих ёстой. Тэр тусмаа Ковид цар тахлын энэ хүнд үед газар тариалангийн салбартаа онцгой анхаарах нь чухал гэж үзэж байна.

-Хаврын чуулганаар хэлэлцэх чухал хуулийн төслүүд юу байгаа вэ?

-Хаврын чуулганаар Боловсролын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр байгаа. Өнгөрсөн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн багш ажилчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Мөн эцэг эхчүүд, төрийн бус байгууллагын саналыг авсан. Боловсролын тухай багц хуулинд 2-4 жилийн хугацаатай засвар ороод явсан юм билээ. Сургуулиудын захирлуудыг томилох, чөлөөлөх ч юм уу эсвэл улс төрийн шинжтэй засварууд орж байсан. Гэхдээ дорвитой шинэчлэл хийгдээгүй удаж байгаа юм билээ.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үе болж байна. Энэ үед боловсрол бол хамгийн чухал. Энэ эрин үед хэн хамгийн мэдлэг боловсролтой нь амжилттай явахаар байна. 

Гэтэл бидний  хүүхдүүд боловсролыг тэгш хүртэж чадаж байна уу гэдэг асуудал яригдаж байна. Одоо бол тэгш хүртэж чадахгүй байгаа шүү дээ. Үндсэн хуулиар хүүхэд болгонд үнэ төлбөргүй боловсрол олгох ёстой. 

-Хувийн болон улсын сургуулиар хүүхдүүдийг ялгаварлаад байх шиг санагддаг? 

-Боломжтой айлууд хүүхдүүдээ өндөр төлбөртэй сургуульд сургадаг. Тухайн сургуулиуд нь өндөр цалин өгч хамгийн сайн багш нараар хичээл заалгаж байна. Мөн Кембриджийн сургалттай сургууль байдаг. Үүнд засгаас арай илүү төсөв өгч хүүхдүүдийг шалгаж авч байна. Үлдсэн нь улсын сургуульд сурч байна. Тэгэхээр хүүхдүүд боловсролын гурван өөр түвшинд сурч боловсроод байна. Энэ бол буруу. Бид дарга ч бай, цэрэг ч бай харъяа дүүргийнхээ Ерөнхий боловсролын сургуульд өгөх ёстой. Тэгж байж хүүхдүүд ижил түвшинд найзалж, нөхөрлөж, нийгэмшинэ. Тэгэхгүй болохоор баян айлын хүүхдүүд, эсвэл яам, тамгын газрын дарга нарын хүүхдүүд нь найзалдаг гээд хүүхдүүдийн хооронд ялгаа гараад байгаа юм. 

Бид бүгд л улсын сургуульд сурдаг байсан. Улсын сургуулийн орчин нөхцөл, сургалт чанартай болчихвол эцэг эхчүүд хүүхдүүдээ хувийн сургуульд өгөхөө болино. 

-Тэгэхээр хувийн сургуулийг “шахах” бодлого барих юм уу?

-Хувийн сургуулийг хаана, хална гэсэн үг биш. Одоо улсын сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байна. Харин хувийн сургуулиуд тухайн хүүхдүүдээс төлбөрийг нь аваад энэ салбарын ачааллаас үүрэлцээд явж байгаа. Нөгөө талаар гадаадын боловсролын шинэ технологи, хөгжлийг оруулж ирж байгаа хувь нэмрийг үгүйсгэж болохгүй. Тийм учраас бодлогын хувьд яаж зөв зүйтэй болгох вэ гэдгийг хуульд сайтар тусгаж өгөх ёстой. 

-Боловсролын багц хуулинд оруулахаар бэлтгэж байгаа томоохон өөрчлөлтүүд юу байгаа вэ?

-Энэ хуулинд Үндэсний хөтөлбөртэй болгох асуудлыг тусгаж өгөх ёстой. Энэ хөтөлбөрийг цаашид тогтвортой явуулах ёстой. Нэг сайд нь гарч ирээд нэг хөтөлбөр бий болгоод явдаг. Эцэст нь хүүхэд л хохирно. Мөн багш нарын ур чадварыг шударгаар үнэлдэг тогтолцоо руу шилжүүлэх ёстой. Нэг ёсондоо чадварлаг багш нарыг урамшуулдаг системийг сайжруулна. 

Мөн энэ салбарын хөрөнгө оруулалтыг оновчтой болгох ёстой. Монгол Улсын төсвийн хамгийн том хэсэг нь боловсролын салбарт зарцуулагдаж байгаа мөртлөө, өнөөдрийг хүртэл хөдөө орон нутагт байгаа сургууль, дотуур байрнууд модон жорлонтойгоо байна. 

Тэгэхээр хөрөнгө оруулалтыг зөв болгох ёстой. Хаврын чуулган эхлэхээр Ажлын хэсэг, Боловсролын яам хэлэлцээд явна. 

-Намрын чуулганы хугацаанд Сэлэнгэ аймгийнхаа иргэдэд хэр анхаарал хандуулав. Иргэд ер нь ямар асуудлаар танд хандаж байна?

-УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш 100 хоногийн тайлангаа тавьж Сэлэнгэ аймгийнхаа сумдаар явж иргэдтэйгээ уулзалт хийсэн. Ажил хийх хүн олдохгүй байна гэж иргэд  хэлж байна. Ногоо тарих, хураах үеэр өдрийн хөлсийг нь өгөөд ажиллуулъя гэхээр ажил хийх хүн олдохгүй байна гэсэн асуудал нь надад их харамсалтай санагдаж байв. 

Тэгэхээр Монгол Улсын Засгийн Газраас “халамжийн орноос бүтээмжийн орон болъё” гэдэг зорилт тавиад байгаа. Энэ чиглэлийн бодлогын бичиг баримтууд хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ гэж бодож байна.

Газар тариалангийн бүс нутгийн хувьд ногоочид маань дэмжлэг шаардлагатай байна гэж ярьж байгаа. Миний зүгээс ногоогоо бүсчилэн төрөлжүүлж тарих нь зүйтэй юм байна гэж ярилцсан. Тухайлбал, нэг бүс нь сармис, нэг бүс нь лууван, нэг хэсэг нь нарийн ногоо тариалдаг болох хэрэгтэй. Ингээд бүс бүсээрээ төрөлжсөн агуулахаа барьж, зохион байгуулалтад орох ёстой юм байна. Энэ асуудлыг Аймгийн Иргэдийн Хуралтай ярилцаж дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд тусгах бодолтой байна. Мал аж ахуйгаа эрчимжүүлж малаас гарах мах сүүний гарцаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ чиглэлрүү ХХААХҮЯ маань маш зөв бодлого боловсруулаад явж байгаа. 

Мөн Бугант, Түнхэл тосгондоо модны аж ахуйгаа сайжруулж, илүү технологижсон үйлдвэр бий болгох, малаа эрчимжүүлж гарцыг нь сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатай. Энэ мэт хийх ажлууд их байна. Хөл хорио тогтоогоод тойрог руугаа тэр бүр явж чадахгүй байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

 

 


Ч.УНДРАМ: Хувь хүн соёлын өвд бүртгэгдсэн үнэт зүйлээ зарах гэж байгаа бол эхлээд Засгийн газарт санал болгох ёстой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-08 11:18:51
    Irgen: Uls hucheer unegui awna l geh baihdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-08 11:18:50
    Irgen: Uls hucheer unegui awna l geh baihdaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188