• Өнөөдөр 2025-08-27

ТОЙРГИЙНХОНДОО БИДОН ӨГЧИХӨӨД, ӨӨРӨӨ “ЁМКОСТЬ” АВЧЭЭ, ТЭР

2025-08-27,   278

     Тэр бол тойрогтоо тэрбум төгрөгөөр бидон тарааж, төрийн түшээ болсон түүхэн “амжилт”-ын эзэн. Хэдийгээр түшээд тойрогтоо гурил, будаа, чихэр, сахар, хэвийн боов сэлтхэн тараадаг ч түүн шиг зөвхөн бидоноор дагнасан, тэгэхдээ бүр тууштай тараадаг түшээ үгүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймгийн 8000 малчин өрхөд бидон тараасан гэх тоо бий. Баянхонгор аймаг 15 мянган малчин өрхтэй. Тэгэхээр Баянхонгор аймгийн нийт малчин өрхийн талаас илүүд нь Д.Ганбатын бидон байдаг гэсэн үг. Нөгөө талаас, нэг малчин өрх сонгуулийн насны гурван гишүүнтэй гэж тооцвол Д.Ганбатаас бидон авсан 8000 өрх айлд сонгуулийн насны 24 мянган хүн бий гэсэн үг. Сонирхолтой нь, 2020 оны УИХ-ын сонгуулиар Д.Ганбат Баянхонгор аймгаас 21 мянган иргэний саналаар сонгогдож байлаа. Түүнээс бидон авсан айлуудын гишүүдийн тоо, түүнд санал өгсөн хүмүүсийн тоо бараг л мөргөж байгаа биз. Малчид хэзээнээс л аяга, агтны хариуг заавал барьдаг, сав хоосон буцаадаггүй цайлган улс. Тараасан бидоныг нь авчихсан бол саналаа түүнд л өгнө. Тэгэхээр бидон бол малчдын саналыг “авлигадах” төгс арга, Д.Ганбат ч энэ аргыг төгс эзэмшдэг гэдэг нь эндээс тодорхой харагдаж байгаа байх. Тиймдээ ч Д.Ганбат ард олноо алдаршсан “бидон” хочиндоо хачин их бахдалтай явдаг. 

    УИХ-ын гишүүн Д.Ганбат ийнхүү 2012, 2020 онд бидон тараасны ачаар УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон бол, өнгөрөгч 2024 онд аав, өвөөгийнхөө намтраар гурав дахиа сонгогдсон. Тодруулбал, Д.Ганбат 2012, 2020 онд Баянхонгорт бидон тарааж явахдаа “Баянхонгор бол миний уугуул, унаж төрсөн, ураг удмаараа амьдарсан нутаг минь” гэдэг байв. Гэтэл өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймаг Архангай, Өвөрхангай аймагтай нэгдэж, I тойрог болсон. Гэтэл яасан гэж санана, Д.Ганбат Баянхонгорт уулзалт хийхдээ “Баянхонгор бол миний төрсөн нутаг”, Өвөрхангайд уулзалт хийхдээ “Өвөө минь Өвөрхангай аймгийн Хархорин төрж өссөн, энэ нутгийн хөгжлийн төлөө амьдралаа зориулсан хүн. Аав минь Өвөрхангай аймгийн Төгрөг сумаас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн” , харин Архангайд уулзалт хийхдээ “Өвөг дээдэс минь Архангай аймгийн Хашаат сумын гаралтай хүмүүс” гэж ярьсан байдаг. Тэгээд болоогүй, Д.Ганбат өвөөгийнхөө Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн гэх төрсний гэрчилгээг нь хүртэл үзүүлж харуулж явсан. Өөрөөр бол, 2020 онд “Баянхонгорын уугуул” гэж ярьж явсан Д.Ганбат 2024 онд Ар, Өвөр хангайн уугуул, Баянхонгорын суугуул болчихож байгаа юм. Товчхондоо, Д.Ганбат тараасан бидоноороо хоёр удаа, аав, өвөөгийнхөө намтраар нэг удаа, нийт гурав сонгогдоод буй нэгэн. Харамсалтай нь, түүнд тойрогтоо хийсэн ажил, байгуулсан гавьяа тун хомс тул тараасан бидоноор нь эхлүүлэхээс өөр сонголт байсангүй. 

ЖИЛД 200 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛДОГ Ч ОХИНОО, БАС ТӨРСӨН ДҮҮГИЙНХЭЭ ХҮҮГ БЗС-ГААР СУРГАЖЭЭ

     Уг нь УИХ-ын гишүүн Д.Ганбатын “Техник-импорт” ХК нь жилдээ 200 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилладаг. Жишээ нь, түүний “Техник-импорт” ХХК нь 2022 онд 210 тэрбум, 2023 онд 179 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон байдаг. Түрийвчнийхээ зузаанаар түшээд дундаа нэлээд дээгүүрт орно. Тиймдээ ч тэр тэрбум төгрөгөөр тойрогтоо бидон тараахдаа нэг их хотойдоггүй. Гэвч УИХ-ын гишүүн Д.Ганбат өөрийн охин Г.Сайнбилэг, төрсөн дүү Д.Ганцэцэгийнхээ хүү Б.Тэмүүжин хоёрыг Боловсролын зээлийн сангийн зээлээр Америк, Австралид сургасан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбатын охин Ганбатын Сайнбилэг Боловсролын зээлийн сангийн 32 мянган ам.доллараар АНУ-ын Миссури их сургуульд суралцсан. Сургуулиа төгсөөд Монгол банканд Эдийн засагчаар, АНУ дахь Элчин сайдын яаманд атташегаар томилогдож ажилласан. Одоо Олон улсын валютын санд шинжээчээр ажилладаг бөгөөд Вашингтон хотод амьдардаг. Гэхдээ Г.Сайнбилэг Боловсролын зээлийн сангаас авсан 32 мянган ам.долларын зээлээ одоог хүртэл төлөөгүй байгаа. 

   УИХ-ын гишүүн Д.Ганбатын төрсөн дүү нь Д.Ганцэцэг гэж бий. Д.Ганцэцэг нь Д.Ганбатын “Техник импорт” ХК болон “Техник-импорт” ХК-ийн бүх охин компаниудынх нь Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэгвэл Д.Ганцэцэгийн хүү Баяраагийн Тэмүүжин Боловсролын зээлийн сангийн 85 мянган ам.доллараар Австралийн Үндэсний их сургуульд суралцсан. Сургуулиа төгсөөд нагац ах Д.Ганбат, ээж Д.Ганцэцэг хоёрынхоо “Ти Ай Ложистик” ХХК-д ажиллаж байгаа. Б.Тэмүүжин мөн л одоог хүртэл Боловсролын зээлийн сангаас авсан 84 мянган ам.долларын зээлээ төлөөгүй байгаа. Сонирхолтой нь, УИХ-ын гишүүн Д.Ганбатын нагац дүү Б.Тэмүүжин нь Боловсролын зээлийн сангийн дээрх 84 мянган ам.долларыг одоогийн АН-ын дарга Л.Гантөмөрийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаас буухын өмнөхөн авсан. Өөрөөр бол, УИХ-ын гишүүн Д.Ганбат АН-ын нөхөр Л.Гантөмөрт нөлөөлөх замаар нагац дүүдээ 84 мянган ам.долларын зээл олгуулсан дүр зураг шууд харагдаж байгаа юм. 

ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮРГЭН Б.ГҮНБИЛИГТЭЭ СИНГАПУР РУУ “ЗУГТААЛГАСАН” НЬ

   Өдгөө дүү Д.Ганцэцэг нь Д.Ганбатын “Техник импорт” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллахын сацуу “Капмон” ББСБ, “Хантеч” ХХК, “Ти Ай Ложистик” ХХК, “Уран барилга” ХХК, “Эм Жи Эл цемент” ХХК-уудыг нь хамтран эзэмшиж, бас гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Д.Ганцэцэгийн охин нь Баяраагийн Тэмүүлэн гэж эмэгтэй бий. УИХ-ын гишүүн Д.Ганбатын нагац дүү нь гэсэн үг. Б.Тэмүүлэн нь 2011 онд МУИС-ийг төгссөн. Улмаар 2011 зургадугаар сараас Хөгжлийн банкны анхны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын туслахаар ажиллаж эхэлсэн. Б.Тэмүүлэн 2011-2014 оны есдүгээр сар хүртэл Хөгжлийн банканд ажилласан. Ингээд 2014 оны есдүгээр сард Сингапур руу явсан байгаа юм. Яагаад явсныг нь одоо тайлбарлая. 

    УИХ-ын гишүүн Д.Ганбатын нагац дүү Б.Тэмүүлэнгийн нөхөр нь Б.Гүнбилигт гэж залуу бий. Ноцтой нь, Б.Гүнбилигт нь 2014 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогтой хамт хар тамхины хэргээр баривчлагдаж байлаа. Улмаар 2014 оны дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдсэн. Шүүхээс Д.Сугарын хүү С.Цогтод хоёр жилийн ял оноосон. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбатын хүргэн Б.Гүнбилигтийн хэрэг хэрэгсэхгүй болж суллагдсан байдаг. Ингээд хар тамхины дуулиант хэргийн дараа УИХ-ын гишүүн Д.Ганбатын нагац дүү Б.Тэмүүлэн нь Хөгжлийн банкнаас гарч, хар тамхины хэргээр дээлээ нөмрөх дөхсөн нөхөр Б.Гүнбилигтийн хамт Сингапур руу явсан. Очмогцоо буюу 2014 оны есдүгээр сараас Б.Тэмүүлэн нь Сингапур дахь Элчин сайдын яаманд Эдийн засаг хариуцсан атташегаар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг. Тухайн үед Сингапур дахь Элчин сайдаар АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг, АН-ын анхны эмэгтэй генсек Б.Дэлгэрмаа ажиллаж байлаа. Өөрөөр бол, УИХ-ын гишүүн Д.Ганбат хар тамхины хэрэгт холбогдсон хүргэн Б.Гүнбилигтээ суллаж аваад Сингапур руу гаргаж, нагац дүү Б.Тэмүүлэнгээ Сингапур дахь Элчин сайдын яаманд эдийн засаг хариуцсан атташегаар томилуулсан байгаа юм. 

    УИХ-ын гишүүн Д.Ганбатын нагац дүү Б.Тэмүүлэн нь нөхөр Б.Гүнбилигтийн хамт Сингапурт долоон жил амьдраад, 2021 оны зун Монголдоо ирсэн. Ингээд Б.Тэмүүлэн нь 2022 оноос Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын зөвлөх, Соёлын сайд Ч.Номингийн зөвлөхөөр зэрэг ажиллаж эхэлсэн байдаг. Мөн Б.Тэмүүлэн нагац ах, УИХ-ын гишүүн Д.Ганбатынхаа “Уран барилга” ХХК, “Капмон” ББСБ-ын хувь эзэмшигч болсон. Харин нөхөр Б.Гүнбилигт нь хадам ээж Д.Ганцэцэг, хадам ах Д.Ганбатынхаа “Ти Ай Ложистик” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирлаар ажиллахын сацуу өөрийнхөө “Шаманистик” ХХК, “Хонгор сафари хантинг” ХХК-ийг удирддаг. 

БОГДХАН УУЛЫН ЖАРГАЛАНТЫН АМАНД ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН 15 ХАУС БҮХИЙ ХОТХОН БАРЬЖ ХУДАЛДЖЭЭ

      Улмаар Б.Тэмүүлэн 2022 оны дөрөвдүгээр сард “Ваяс менежмент” ХХК-ийг эзэмшдэг болсон. Ингээд “Ваяс менежмент” ХХК-аараа 2022 оны тавдугаар сараас Богдхан уулын Жаргалантын аманд 2.0 га газарт “Hillside Jargalant housing” нэртэй тус бүр хоёр давхар тансаг зэрэглэлийн 15 хаус бүхий хотхоныг барьж эхэлсэн. Богдхан уулын Жаргалантын амны 200 м2, хоёр давхар хаусууд 1.3-1.4 тэрбум төгрөгийн дундаж үнэтэй байдаг. Тэгэхээр 1.3 тэрбум төгрөгөөр тооцвол тансаг зэрэглэлийн 15 хаусыг дунджаар 19.5 тэрбум төгрөгөөр худалдсан гэсэн үг. Сингапур дахь Элчин сайдын яаманд ажиллаж байгаад ирсэн УИХ-ын гишүүн Д.Ганбатын нагац дүү Б.Тэмүүлэн тансаг зэрэглэлийн хаус хотхон барих хэмжээний мөнгө хурааж хадгалаад ирсэн гэхэд итгэхэд бэрх. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат нагац дүү Б.Тэмүүлэнгийнхээ нэр дээр  “Hillside Jargalant housing” хотхоныг барьж худалдсан гэвэл үнэнд илүү ойр биз ээ. 

     Сонирхуулахад, Богдхан уулын Жаргалантын аманд УИХ-ын гишүүн Д.Ганбатын “Hillside Jargalant housing” хотхонтой хаяа залгаад ““Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Нүүрсний хулгай”-н хэргээр 3.9 жилийн хорих ял сонссон Б.Ганхуягийн 92 айлын “Жаргалант гарден” хотхон, “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдмогцоо хил давж зугтсан УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 46 айлын “Жаргалант” хотхон, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 41 хаус бүхий “Жаргалант Хүннү” хотхон, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн 92 айлын “Жаргалант гарден” хотхон, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн 45 айлын “Palm springs” хотхон тус тус байрладаг.  

ХҮРГЭН Б.ГҮНБИЛИГТ НЬ ХОВД, ӨМНӨГОВЬ АЙМАГТ ГАДААДЫН ЖУУЛЧДААР АРГАЛЬ, ЯНГИР АГНУУЛДАГ

       УИХ-ын гишүүн Д.Ганбатын хар тамхины хэрэгт холбогдож явсан хүргэн Б.Гүнбилигтийн “Шаманистик” ХХК, “Хонгор сафари хантинг” ХХК-ууд нь гадаадаас жуулчид авчирч өндөр төлбөртэйгөөр аргаль, угалз, янгир агнуулдаг. Дээр дурдсанчлан, Б.Гүнбилигт Сингапурт долоон жил амьдрах хугацаандаа ч “Шаманистик” ХХК-аараа Монголд жуулчин нэртэй анчдыг авчирч, аргаль, угалз, янгир агнуулсаар байсан байгаа юм. Тодруулбал, “Шаманистик” ХХК нь Өмнөговь аймгийн Номгон сумын Буурын хяр, Хүрмэн сумын Их Аргалант, Ховд аймгийн Зэрэг сумын Улаан богоч, Мөнххайрхан сумын Борт, Хүрэлдэй гэсэн ан гөрөө элбэг газруудад гадаадын жуулчдаар ан хийлгэдэг. Жишээ нь, “Шаманистик” ХХК нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт гэдэг газарт 2019-2022 онд 16 тэх,  Мөнххайрхан сумын Хүрэлдэй гэх газарт найман тэх агнуулжээ. Харин Ховд аймгийн Зэрэг сумын Улаан богоч гэх газарт 2019-2021 онд есөн тэх агнуулсан бүртгэл байна. Гадаадын жуулчдад жилд хэчнээн аргаль, угалз, янгир агнуулах тоог Байгаль орчин, уур амьсгалын яам баталж, зөвшөөрлийг нь олгодог. Харин одоо Байгаль орчин, уур амьсгалын сайд нь С.Одонтуяа. Сайд С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Ганбат хоёр нэгэн цагт С.Эрдэнийн баруун, зүүн гар болж зүтгэж явсан АН-ын хамтрагчид. Тэгэхээр УИХ-ын гишүүн Д.Ганбат Байгаль орчин, уур амьсгалын сайд С.Одонтуяад нөлөөлөх замаар хүргэн Б.Гүнбилигтийнхээ “Шаманистик” ХХК, “Хонгор сафари хантинг” ХХК-уудын гадаадын жуулчдад агнуулах аргаль, янгирын тоог ахиу батлуулах гэх мэтээр ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүйг анхаарах хэрэгтэй юм.

 

Д.ГАНБАТЫН ТЕНДЕР ТҮҮДЭГ КОМПАНИУД

        УИХ-ын гишүүн Д.Ганбатын “Техник импорт” ХК нь жилдээ 200 орчим тэрбум төгрөгийн орлоготой ажилладгийг эхэнд дурдсан. Тэгвэл Д.Ганбатын “Техник импорт” ХК-ийн энэхүү орлогынх нь ихэнхийг охин компаниудынх нь тендерийн орлого бүрдүүлдэг гэж хэлж болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбатын “Техник-импорт” ХК-ийн охин компани, төрсөн дүү Д.Ганцэцэгийнх нь удирддаг “Эм Жэй агритек” ХХК нь 2024 оны наймдугаар сард ХХААХҮЯ-ны Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуйн төсөлд Трактор, тоног төхөөрөмж нийлүүлэх 2.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан. УИХ-ын гишүүн Д.Ганбатын төрсөн дүү Д.Ганцэцэг нь “Номгон оюу авто бирж” ХХК-ийг эзэмшдэг. Тус компани нь АТҮТ-ийн харьяа Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн барилгыг 1.0 тэрбум төгрөгөөр барьсан. УИХ-ын гишүүн Д.Ганбатын төрсөн дүү Д.Ганцэцэгийнх нь “Ти Ай партнерс” ХХК нь мотоцикл импортоор оруулж ирсэн. “Ти Ай Партнерс” ХХК нь зөвхөн өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулийн хойш 

-Говь-Алтай аймгийн Байгаль хамгаалагчдыг мотоциклоор хангах 36 сая төгрөгийн тендер,

-Ховд аймгийн Байгаль орчны байцаагчдыг мотоциклоор хангах 75 сая төгрөгийн тендер, 

-Архангай аймгийн сумдын Багийн эмч нарыг мотоциклоор хангах 200 сая төгрөгийн тендер, 

-Архангай аймгийн Байгаль хамгаалагчдыг мотоциклоор хангах 214 сая төгрөгийн тендер зэрэгт тус тус шалгараад байгаа. Архангай бол өнгөрөгч 2024 онд УИХ-ын гишүүн Д.Ганбатын сонгогдсон аймаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Ганбат тойргийнхоо тендерүүдийг түүгээд байна гэсэн үг. 

УИХ-ын гишүүн Д.Ганбатын хүү Г.Содбилэгийн “Эм Жэй партнерс” ХХК нь Японоос “Sunrice” нэрийн цагаан будаа оруулж ирж, томоохон зах, худалдааны төвүүдэд нийлүүлдэг. Тэгвэл “Эм Жэй партнерс” ХХК нь 2021 онд “УБТЗ” ХХН-ийн кейтерингийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авах 1.6 тэрбум төгрөгийн тендерт цагаан будаа нийлүүлэхээр шалгарсан. 

УИХ-ын гишүүн Д.Ганбатын “Монголбитум инпустриал” ХХК нь авто замын компаниудад битум нийлүүлдэг. Жишээ нь, “Монголбитум инпустриал” ХХК нь УИХ-ын гишүүн Д.Ганбатын тойрог буюу Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км авто замын битумын нийлүүлэгчээр ажилласан байдаг. 

Д.ГАНБАТЫН СОНГУУЛИЙН МЕНЕЖЕР Б.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН “ХУА ЕЭ ИНТЕРНЭЙШНЛ” ХХК НЬ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д 913 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХҮНД ДААЦЫН ТЕХНИК “ШАХСАН”

     2020 оны УИХ-ын сонгуулиар Д.Ганбатын Ерөнхий менежерээр Батсуурийн Цэдэвсүрэн гэх залуу ажилласан. Б.Цэдэвсүрэн нь Д.Ганбатын “Техник-импорт” ХХК-ийнх нь охин компани болох “Оптима конкрет” ХХК-ийн хувь эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэгвэл Б.Цэдэвсүрэнгийн төрсөн дүү нь Б.Даваадалай гэж залуу бий. Б.Даваадалайгийн эхнэр П.Ариунзаяа нь УИХ-ын гишүүн Д.Ганбатын “Ти Ай Ложистик” ХХК-ийн Ерөнхий менежерээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, Баянхонгорын уугуул Б.Цэдэвсүрэн, Б.Даваадалай гэх ах дүүс гэр бүлээрээ УИХ-ын гишүүн Д.Ганбатад хүчин зүтгэдэг гэсэн үг. Хоржоонтой нь, Б.Даваадалай нь 2022 оноос Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай, Архангай, Баянхонгорын тойрогт МАН-аас нэр дэвшсэн. Ингэхдээ Б.Даваадалай Д.Ганбатын “бидон” тараадагтай яг адилхан арга барилаар Өвөрхангай, Архангай, Баянхонгорийн тойрогт сугалаа нэрээр мотоцикл, будаа агшаагч тараасан. Ингэхдээ Б.Даваадалай УИХ-ын гишүүн Д.Ганбатын “Ти Ай Партнерс” ХХК-ийн БНХАУ-аас импортоор оруулж ирдэг “Shineray” үйлдвэрийн мотоциклуудыг тараасан байдаг. 

     УИХ-ын гишүүн Д.Ганбат нэгэнтээ “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр 150 дугаар мотобуудлагын дайчин хорооны нөхдүүд” гэж УИХ-ын чуулганы индрээс сайрхаж байсан удаатай. Тиймдээ ч Д.Ганбат Б.Цэдэвсүрэнгийн төрсөн дүү Б.Даваадалайг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх болгож, улмаар УИХ-д МАН-аас нэр дэвших замыг нь засаж өгсөн биз ээ. Гол асуудалдаа оръё. УИХ-ын гишүүн Д.Ганбатын Ерөнхий менежер Б.Цэдэвсүрэн нь 2016 онд БНХАУ-ын иргэн Lei Jing Wen, Enhetamier\Өвөр Монгол, Энхтамир\ нартай “Хуа Еэ Интернэйшнл” ХХК-ийг байгуулсан байдаг. Дараа нь, “Хуэ Еэ Интернэйшнл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “Өвөр Монголын Хуэ Еэ Техник тоног төхөөрөмж” компани болон Дашзэгвийн Дагвадорж, Батнасангийн Гончигдамба нар нэмэгдсэн. Дашзэгвийн Дагвадорж гэгч нь УИХ-ын гишүүн асан, АН-ын алдарт “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Тавантолгой транс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал гэдгийг дурдах нь зүйтэй. 

    Хамгийн ноцтой нь, “Хуэ Еэ Интернэйшнл” ХХК нь 2022 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-д хүнд даацын 80 ширхэг техник нийлүүлэхээр 913.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. Тодруулбал, “Хуа Еэ Интернэйшнл” ХХК нь 

2022 оны долдугаар сарын 22-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай “Нэг ширхэг гинжит экскаватор нийлүүлэх” 10.3 тэрбум төгрөгийн гэрээ, 

2022 оны наймдугаар сарын 5-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай “73 ширхэг авто самосвал нийлүүлэх” 881.6 тэрбум төгрөгийн гэрээ 

2022 оны наймдугаар сарын 5-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай “Зургаан ширхэг автогейтер нийлүүлэх” 21.4 тэрбум төгрөгийн гэрээг тус тус байгуулсан байдаг. 

Өөрөөр хэлбэл, “Хуа Еэ интернэшнл” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай хамгийн их дүнгээр гэрээ байгуулсан топ таван компанийн нэг. Тиймдээ ч “Хуа Еэ Интернэшнл” ХХК нь 2023 оны арванхоёрдугаар сард зүй ёсоор “Нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголд дуудагдсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Ганбат “Нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголыг зохион байгуулагч Түр хорооны гишүүнээр сууж байлаа. Тиймдээ ч нээлттэй сонсголын үеэр Б.Ганхуягтай бараг нэг их наяд орчим төгрөгийн буюу 913.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, хүнд даацын техникийн “шахаа” хийсэн “Хуа еэ интернэйшнл” ХХК-ийн гэрээг цухас дурдсанаас биш, үүсгэн байгуулагч, эзэмшигч, эздийг нь, тэдний холбоо хамаарлынх нь нийтэд танилцуулаагүй, тэгсгээд өнгөрөөсөн. Хэрвээ нээлттэй сонсголоор “Хуа еэ интернэйшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагч эздийг нь танилцуулсан бол дунд нь УИХ-ын гишүүн, “Нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголыг зохион байгуулагч Түр хорооны гишүүн Д.Ганбатын Ерөнхий менежерийн нэр дурайж байх байв. Тэгэхээр Д.Ганбат анхнаасаа “Нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголыг зохион байгуулах Түр хорооны гишүүнээр “Хуа Еэ интернэшнл” ХХК-ийг “хамгаалах” далд зорилготойгоор орж ирснийг ч үгүйсгэх аргагүй юм. 

“MCS” БА Д.ГАНБАТ

        Эцэст нь, УИХ-ын гишүүн Д.Ганбатын улс төрийн карьерт “MCS” буюу Ж.Оджаргалын оруулсан хувь нэмрийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэртээ 2010 онд “Техник импорт” ХК-ийн Ерөнхий захирал Д.Ганбат, “MCS”-ийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал хоёр Баянхонгор аймгийн төвд “Баянхонгор худалдааны төв”-ийг ашиглалтад оруулж байлаа. 2012 оны УИХ-ын сонгуулиар Д.Ганбат Баянхонгорт бидон тараахаас гадна, Ж.Оджаргалтай хамтарч барьсан “Баянхонгор худалдааны төв”-өө “Төрсөн нутагтаа ажлын байр нэмэгдүүлэхийн тулд хувиасаа хийсэн хөрөнгө оруулалт минь” гэж сурталчилсны хүчинд УИХ-ын гишүүн болж байв. Өөрөөр бол, Д.Ганбатыг анх гишүүн болоход Ж.Оджаргалын оруулсан хувь нэмэр энэ мөн. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших Баян хөндийн алтны бүлэг ордыг эзэмшигч “Эрдэнэ Монгол” ХХК гэж бий. Баян хөндийн ордыг ухуулахгүй гэж Баянхонгорын малчид удаа дараа жагсаал цуглаан зохион байгуулж байснаар нь “Эрдэнэ Монгол” ХХК-ийг олон нийт эчнээ мэддэг болсон. Харин 2023 онд “Эрдэнэ Монгол” ХХК-ийн 50 хувийг “MCS”-ийн Ж.Оджаргал 40 сая ам.доллараар худалдан авч, эзэмшдэг болсон. Улмаар Ж.Оджаргал өнгөрөгч 2024 оноос “Эрдэнэ Монгол” ХХК-ийнхаа Баян хөндийн алтны бүлэг ордын төслийг эрчимжүүлж эхлээд буй.  Тэгвэл Ж.Оджаргал өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн Д.Ганбатын сурталчилгаанд зориулан 100 сая төгрөг хандивласан. Тухайлбал, Ж.Оджаргалын “Энержи ресурс” ХХК 30 сая, “Ухаа худаг” ХХК 30 сая, “Тавантолгой нисэх буудал” ХХК 30 сая, “Юнайтед пауэр” ХХК 10 сая төгрөг тус тус хандивлажээ. Ж.Оджаргал ядаж “Эрдэнэ Монгол” ХХК-ийнх нь эсрэг тэмцдэг малчдын эсэргүүцлийг намжаахад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг ашиглах “тохироо”-тойгоор түүнд ийнхүү санхүүжилт өгсөн байж болох юм. 

 

ТОЙРГИЙНХОНДОО БИДОН ӨГЧИХӨӨД, ӨӨРӨӨ “ЁМКОСТЬ” АВЧЭЭ, ТЭР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188