“Гэмгүй” киноны зохиолч, найруулагч Б.Оюунбаатарыг зочноор урилаа. Тэрбээр “Би Радио телевизийн дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгссөн. Оюутан байхаасаа эхлээд “Хувьсал продакшнд тайзны ажилтнаас эхлээд туслах найруулагч, жүжигчнээр ажиллаж байсан. Тэгж байгаад хэсэг хугацаанд завсарлаж, хувийн ажил, амьдралаа амжуулсан. Эргээд 2020 онд нэг уран бүтээлч дүүтэйгээ нийлээд, Z.OE41 анталоги цувралын зохиолч, найруулагч, продюсераар ажиллаж их зүйл сурч авсан. “Гэмгүй” бол бие даан хийсэн анхны кино” гэснээр бидний яриа эхэлсэн юм.

-Хэдий хэр хугацааны бүтээл вэ?
-Хамгийн их хугацааг зохиол авсан. Анхандаа төрсөн санаагаа кино болгоё гэж бодоогүй юм. Кино болгохдоо ч мөн нэг их яараагүй. Z.OE41 киноноос хойш өөртөө “Ер нь би болоогүй юм байна. Өөрийгөө илүү хөгжүүлье. Зохиолын онол тал дээр суралцья” гэж зорьсон л доо. Ингээд гурван жил зохиол дээрээ суугаад, хүмүүст бага сага үзүүлж эхэлсэн. Тэгж байтал манай зургийн найруулагч, уран бүтээл хариуцсан продюсер Д.Тэмүүлэн маань зохиол уншаад, киноны ерөнхий продюсер Б.Батзолбоотой холбоод, гурвуул хамтрахаар болсон. Ингэж л бүтсэн кино юм. Киноны ажил он гараад нэгдүгээр сараас эхлээд, тавдугаар сард зураг авсан.
-Н.Цэнд-Аюуш жүжигчний хувьд сүүлийн жилүүдэд төдийлөн гол дүрээр үзэгчидтэйгээ уулзаагүй шүү дээ. Тийм ч болохоор их сонирхолтой байна лээ. Дүрүүдээ хэрхэн сонгосон бэ?
-Уран бүтээлийн продюсеруудтайгаа гол дүрд хэн байж болох вэ гэж ярилцсан л даа. Эхний ээлжид Оюунаагийн дүрээ сонгоод, бусад дүрээ оноосон. Эхлээд бид Н.Цэнд-Аюуш эгчийн тухай ярилцсан. Дараа нь манай ерөнхий продюсер “Нийгмийн дайсан” киног үзээд, “Яг тохирох юм биш үү” гэснээр тогтсон. Аюуш эгч ч өөрөө сайхан хүлээж авсан, үнэхээр супер, мундаг ажилласан. Энэ киноны гол амин сүнс нь Оюунаагийн дүр. Харин залуу жүжигчдээ дандаа шинэ байлгахаар зорьсон. Дүрүүдээ тоглолтуудыг нь төсөөлж, харж бичсэн учир тэр бүхэндээ тэнцсэн, дүрийнхээ зорилгод хүрч чадах хүмүүсийг хайсан. Цэцэнгийн дүрд тоглосон охин маань “Аавын охин” кинонд тоглосон байсан. Солонгоогийн дүр кино эхлэхэд амиа алдаж байгаа учир нэг харахад үзэгчдэд хоногшоод үлдэх хүн гэж эрсэн, тэр ч үүднээс Б.Маралгуаг сонгосон. Хүмүүс “Thunder”-ийн "Гэгээн" дууны клипэнд тоглосноор нь сайн мэднэ. Энэ мэтчлэн дүрүүдээ сонгон шалгаруулж, бодож, эрж хайж олж авсан даа.
-Кинондоо дохионы хэлмэрч оруулж ирэх санаа хэрхэн төрөв?
-Киноны эхний нэг, хоёрдугаар ангийн эвлүүлэг дуусаад, эхний үзлэгийг продюсерын компаниуддаа үзүүлж байхад төрсөн манай ерөнхий продюсер Золбоогийн санаа. Багануур дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн дарга Мөнхбат гэж Золбоогийн маань найз байдаг юм. Тэр ч үүднээс ерөнхий продюсер маань хэд хэдэн сургалт семинарт нь хамт сууж, Мөнхбат санал болгосноор бид зөвшөөрсөн. Хамгийн чухал нь юу байсан гэхээр киноны нээлтэнд хоёр сонсголын бэршээлтэй хүн ирээд, “Анх удаа театрт кино үзэж байна” гээд их баярласан. Хэлмэрчээр Билгүүнцог дүү маань мундаг ажилласан. Нэг мэдэж авсан юм нь сонсголын бэрхшээлтэй хүн дохионы хэлийг төрөлх хэл шигээ хүлээн авдаг юм байна. Харин subtitle биччих юм бол өөр хэлээр ойлгож байгаа юм шиг хүлээж авдаг юм байна лээ.
-Найруулагчаар ажиллах болоогүй гэж та өөрийгөө хөгжүүлж суралцахыг та зорьсон байна. Одоо харин бие даасан киногоо үзэгчдэд хүргэлээ. Бүтээлийнхээ ард гарчихаар ямар санагдаж байна вэ?
-Арван тав, зургаан настайгаасаа л найруулагч мэргэжлийг сонгосон. Хүүхэд байхын шүлэг бичих, зохион бичлэг, эсээ, өгүүллэг бичихийг оролддог байлаа. Тэр идэвх ч нөлөөлсөн байх. Мөн найруулагчийн тухай кино үзээд, түүх сонсож байгаад л сонгосон байдаг. Найруулагчаар төгсөөд мэдээж шууд найруулагч болно гэж байхгүй. Анхны кинондоо ажилласныхаа дараа өөрийгөө болоогүйг мэдэж, суралцахыг хичээсэн. Кино хийх бол найруулагчийн туйлын мөрөөдөл. Тэр тийм ч амархан болох зүйл биш шүү дээ. Харин олон хүний хүч дэмээр “Гэмгүй” киног бүтээсэндээ баярладаг.
-Найруулагчийн юу нь танд сайхан санагдсан бэ?
-Миний бодлыг хүмүүс үзээд, миний харсан өнцөг, үзүүлэх гээд байгаа мэдрэмжийг хүмүүс дэлгэцээр дамжуулж авч чадаж байгаа нь гайхамшигтай. Найруулагчийн толгой их ажиллана, сэтгэл их хөдөлнө, сэтгэхүй их хурдтай ажиллах шаардлагатай болно. Гоё зүйл бодож олно, урамшина, бичнэ гээд олон дамжлага шүү дээ. Санаагаа олоод бичихээс гадна санаагаа хэрхэн үзэгчдэд хүргэх вэ гэдгийг бодно. Нэг ёсондоо сэтгэл санаагаа зовоож, хөдөлгөж, хөглөж явах нь л сайхан даа.
-Бусад найруулагч, уран бүтээлчдийнхээ киног хэрхэн хардаг вэ. Эерэг нь, сул талтай нь ч бий байх?
-Өөрөө зовлон, жаргалыг нь ойлгож байгаа болохоор их дэмжиж хардаг. Алдаа, оноотой сайхан л байдаг. Хүмүүс таалагдвал үзээд, таалагдахгүй бол унтрааж сурах хэрэгтэй гэж боддог.
-Кинонд та бага харагддаг. Харин “Орфей” театрын хоёр ч жүжгийн дүрд ажилласан байна лээ. Театрыг яагаад сонгов?
-Кинонд цөөн хэдэн туслах дүрд тоглосон. Театрын тухайд, оюутан байхад манай ангид жүжигчин, найруулагчийн ур чадварын хичээлийг Оюунсүрэн багш маань зааж байлаа. Тухайн үед Соёлын төв өргөөнд Б.Батрэгзэдмаагийн зохиол Ц.Баатар найруулагчийн “Миний хайрыг хүлээ” жүжгийн олны хэсэгт оюутнууд ажиллах болсон. Түүнээс хойш тоглосон жүжгүүдэд мөн оролцоод явсан. Тэр үеэс багш маань жүжиглэх талыг минь илүү анзаарсан байх. Оюутан байхдаа “Хувьсал” продакшны зургаан ч жүжигт ажилласан байдаг. Тэдгээрээс Ч.Түвшин найруулагчийн тавьсан “Шөнө дундын бүжиг” жүжгийн Хавхын дүрд ажилласан минь хамгийн сайхан санагддаг. Ингээд анхнаасаа театрт ажиллаж байсан болохоор тайзнаа гарах дуртай. Энэ ч үүднээс М.Батболд найруулагчтай уулзаж, жүжигт ажиллах хүсэлтэйгээ хэлсэн, найруулагч маань ч надад итгэж, “Амьдрахуй”, “1984” зэрэг жүжигтээ ажиллах боломж олгосон. Театр өөрөө их амин сүнстэй зүйл. Урлагийн олон зүйлийн үндэс нь театр юм билээ. Тэгэхээр театрын зах зухаас амталсан болохоор өөрийгөө азтай гэж боддог. Тэндээс сурсан эрдэм кинонд ажиллахад их хэрэг болж байгаа.

-“Орфей” театрын бүтээлд дахин ажиллах уу. Мөн дараагийн киноны төлөвлөгөө гарсан байгаа юу?
-Найруулагч маань уулзана гэсэн. Хавар нэг жүжигтэй байгаа юм билээ, зохиолын ажил дээрээ явж байгаа. Найруулагчтайгаа уулзаад, бүтээлийн цаг зав таарвал эргээд тайзан дээр гарахдаа баяртай байна. Киноны хувьд хоёр, гурван зохиол яригдаж байгаа.
-Тайзнаа бүтээл тавьж, найруулагчаар нь ажиллах бодол байдаг уу?
-Бодож явдаг нэгэн мөрөөдөл. Миний эхний бичсэн зохиол гэвэл жүжгийн зохиол. 2012 онд жүжиг бичсэн. Яваандаа түүнийгээ юм болгох бодол бий. Театрын найруулагч өөр л дөө. Улам их суралцаж байж л хийж үзэх зүйл байх.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ |
|