• Өнөөдөр 2026-10-15

ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО

2026-10-15,   187

         УИХ энэ өдрүүдэд 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Энэ оны эхний гурван сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспортын орлого буурсан гэх стастистик мэдээлэл гарсан. Гэвч Засгийн газраас төсвөө тодотгохгүй гэдэг байр суурь илэрхийлж байлаа. Харин эдийн засагчид төсвөө тодотгох шаардлагатайг анхааруулж байв. Мөн долдугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрч, батлагдсанаас хоёр дахин өссөн. Тиймээс төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Үүнээс хойш дөрвөн удаагийн хэлэлцүүлэг өрнөсөн ч тоймтой шийдвэр гараагүй хэвээр байна.

         Нэгэнт батлагдаад өдийг хүрсэн төсвийг хэрхэн танах, орлогыг хэрхэн нэмэгдүүлэх гэдэг эргэлзээтэй асуудал болоод байна. Санхүүжилт олохын тулд зээл авна. Улсын өр нэмэгдэнэ. Тэгээд л дараа дараагийн эрсдэл гарна. Төсвийн орлого буурахаар төсвийг тодотгол хийх хэрэгтэй. Зардлаа танах, орлого олох гэсэн чиглэлээр тодотгол хийхээс өөр арга байхгүй. Ямар зардуудыг танах талаар хэлэлцүүлэх шаардлагатай байлаа. Төсвийн тодотголд төрийн үйлчилгээний салбарын цалингийн нэмэгдэл, боловсролын салбарын ажилтнуудын санхүүжилт, ахмад настнуудын суурь тэтгэвэр зэрэг иргэдийн амьдралд шууд нөлөөлөх шийдвэрүүд багтсан. Цалин, тэтгэвэр нэмнэ гэж зарлаад улс төрчид нь оноо авчихсан ч тодотголоо хийж чадахгүй. Иргэд нь нүдээ ширгэтэл хүлээгээд л байна. Тэгвэл арваннэгдүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалинг 2025 оны суурь түвшнээс 50 хувийн өсөлттэй болгоход 170.1 тэрбум төгрөг шаардлагатай. Мөн боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны цалингийн санхүүжилтийн дутуу үлдэгдэлд 674.5 тэрбум төгрөг нэмж тусгасан. Түүнчлэн 435 мянган ахмад настанд арваннэгдүгээр сараас суурь тэтгэвэр олгоход 196.3 тэрбум төгрөг зарцуулагдана. Төр 1.4 их наядын зардлыг хэмнэлээ ч эргээд үүнээсээ давсан зардал гаргах шаардлагатай  үүсээд буй.

            2027 оны төсөв батлагдахад хоёрхон сарын хугацаа үлдсэн. Гэвч өмнөх оны төсвийн учраа олоогүй байгаа одоогийн нөхцөлд ирэх оны төсөв ямар байх нь харанхуй хэвээр байна. Энэ оны төсөвт тодотгол хийгдсэн зарим төсөл хөтөлбөр ирэх онд үргэлжилнэ. Мөн цалин, тэтгэвэр дараа оны төсвийг баталхад дуусчихдаг нэг удаагийн санхүүжилт биш. Энэ хэвээрээ төсвийн тодотгол хийх үйл явц удааширсаар байвал бид асар богино хугацаанд ирэх жилийн төсвөө боловсруулах, батлахад хүрнэ. Ингэснээр хэт яарсан алдаатай төлөвлөгөө гарах, төсөвд дарамт үүсэх магадлал өндөр байна.  2027 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэллээ. Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43,6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг  хоёр их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцоолжээ. Мөн эдийн засаг  5.8 хувиар өснө. Инфляц 12.4-аас 8 руу үсрэлт хийх  өөдрөг төсөөлөл гарсан.  Угтаа энэ оны эхний улиралд  инфляц 7.3 байлаа.

ИРЭХ ОНД ИРГЭД ТӨРӨӨС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ

            Нийгмийн даатгалын багц хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. ХХОАТ-ын тухай хуульд, Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлнө. Ингэснээр иргэдийн татварын ачааллыг 840 тэрбум төгрөгөөр чөлөөлөх юм. Мөн  792 мянга- 10 сая төгрөгийг орлогоос 10 хувь, 10 сая- 15 сая төгрөг- 15 хувь, 15 саяас дээш сарын орлоготой иргэнд 20 хувийн татвар ногдуулна.

ИРГЭДИЙГ 186.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НДШ-ЭЭС ЧӨЛӨӨЛНӨ

        Ажил олгогчоос төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг бууруулна. Гарааны бизнес эрхэлж байгаа ААН-ийн ажил олгогчийн төлөх НДШ-ийг 36 сараар чөлөөлнө. Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, аль нэг ажлаа сонгон НДШ төлнө. Энэ бүх бодлогыг хэрэгжүүлснээр татвар, нийгмийн даатгалын реформын үр дүнд нэг сая иргэдийн татвар, шимтгэлийн ачаалал нэг их наяд төгрөгөөр чөлөөлөгдөхөөр байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ ХХОАТ-ААС ЧӨЛӨӨЛНӨ

            Засгийн газар ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд /ХБИ/ илүү анхаарал хандуулна. Тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүртэй эсвэл ХБИ өөрөө жолоодох тусгай зориулалтын автомашиныг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө. Энэ ажилд нийт 141.5 тэрбум төгрөгийг татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгажээ. 

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИД 1.5 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

            Ирэх онд хүүхдэд нийт 1 их наяд 599 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Тодруулбал, Хуулийн дагуу хүүхдийн мөнгө олгох ба үүнд нэг их наяд 575 тэрбум төгрөг.  Хүүхэд хамгааллын арга хэмжээнд 17.6 тэрбум төгрөг. Хүүхэд хамгааллын 30 байгууллагын автомашинд 4.9 тэрбум төгрөг зарцуулна. Мөн хүүхдийг цахим орчинд хамгаалах, цахим хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах хяналтын тогтолцоо бүрдүүлэхэд 1.2 тэрбум төсөвлөсөн байна.

ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ГААЛИЙН БОЛОН БОЛОН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ

                        Цахилгаан тээврийн хэрэгсэл, машин, механизм болон ногоон өртөөний сүлжээг бий болгоно. Энэ бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нарны хавтан, цахилгаан хураагуур, цэнэглэгч станц, цахилгаан тэжээлт машин, механизмыг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө.

Г.БАТЗОРИГ: ЗАРДЛАА ТУЛТАЛ ТӨЛӨВЛӨЖ, ОРЛОГОО ӨӨДРӨГӨӨР ТӨСӨӨЛСӨН ТӨСӨВ ТОДОТГОЛ ХИЙХ НЭН ШААРДЛАГАТАЙ

            Төсвийн тогтвортой байдлын хуулиараа тодорхой хэмжээнд хязгаарыг барьж явах хэрэгтэй. Орлого, зарлагаа ахиж тодотгох хэрэгтэй. Тогвтвортой байлгая гэвэл өөр арга байхгүй. Жил бүр өсөв батлагдах үеэр хэдэн эдийн засагч нар нь зөвлөнө. Гэхдээ улс төрийн шийдвэрээр ихэвчлэн төсөвлөгдөөд ийм зүйл болж байна. Цаашид төсөв хоосорвол цалин хөлсөө тавьж чадахгүй байх. Төсөв чухам ямар хэмжээнд байсныг оны эцэст дүгнэнэ. Зарим бүртгэлийн асуудал байж болно. Үүнээс үүдэн одоохондоо алдагдал их гарч байх магадлалтай. Суурь таамаглал гэж бий. Манай улсын төсөв жил болгон өөдрөг төсөөлөл дээр гарч байдаг. Эрх баригчийн гол характер нь зардал тэлээд байдаг талтай. Үүндээ тохируулаад зардлаа тултал нь эхлээд төлөвлөнө. Орлогоо өөдрөгөөр төсөөлнө.  Төлөвлөсөн хэмжээндээ орлого олж чадахгүй байгаа учраас алдагдалтай ажиллах нь тодорхой.  Жил бүр ийм асуудал үүссээр ирсэн. Нэн шаардлагагүй төсөл, хөрөнгө орлогын зардлууд эхнээсээ танагдаж эхэлнэ. Дараа нь албан томилолтуудыг багасгана. Төрийн алба хаагчдын тоог бууруулна.  Мөн орлогоо хэрхэн нэмэгдүүлэх дээр анхаарна. Гаднаас зээл авах, экспортоо нэмэгдүүлэх зэргээ орлого өсгөх арга замыг эрэлхийлэх байх.   Дэлхий нийтийн инфляцийн өсөлт 60-70 хувийн өсөлт газрын тосны үнээс хамаараад байдаг талтай.  Мөн шатахууны хэрэглээг хязгаарлаад байгаа. Энэ нь хэрэглээний зардал өсөхөд томоохон үүрэг гүйцэтгэж байна. Шатахууны үнэ бол бүх бараа бүтээгдэхүүний суурь үнэ гэж явдаг. Шатахууны үнэ өсөхөөр бүхий л салбарын үйлдвэрлэлд нөлөөлдөг. Бизнесийн салбарын тээврийн зардал нэмэгдэхээр дагаад бүтээгдэхүүний үнэ өснө. Ялангуяа уул уурхай, барилгын салбарт тоног төхөөрөмжийг их хэмжээгээр ашиглана. Үйлдвэрлэл явуулж буй газрууд үнээ өсгөхөөс өөр аргагүй шүү дээ. Энэ нь инфляцад нөлөө үзүүлнэ гэсэн үг. Манай улс шатахууны хувьд 100 хувь ОХУ-аас хамааралтай. ОХУ төсвийн орлогынхоо дийлэнх хувийг дайнд зарцуулж байгаа. Тиймээс газрын тосны үнэ өсөх нь тэдэнд давуу талтай.

 

 

 


ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188