• Өнөөдөр 2026-11-04

“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо

МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Цэдэвдорж агсны нэрэмжит “Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадам өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвд болж өндөрлөлөө. Тус наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 12-17 нас шүлэгч, яруу найрагчдын нийт 217 бүтээл цаасны шатанд ирснээс 27 өсвөрийн яруу найрагч тайзны шатанд шалгаран өрсөлдөв.

          Улмаар зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Мөнгөн морь” яруу найргийн наадмын тэргүүн байраар Хөвсгөл аймгийн, Төмөрбулаг сумын сургуулийн сурагч Ө.Намуунчимэг тодорч, “Мөнгөн морь” цом, мөнгөн шагналаар шагнуулжээ. Харин дэд байрт Баянхонгор аймгийн Баацагаан сумын сурагч П.Өсөхманлай, гутгаар байрт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын сурагч М.Болорчимэг, тусгай байрт нийслэлийн 133 дугаар сургуулийн сурагч Б.Намуунзаяа, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын сурагч М.Хүслэн тус тус шалгарсан байна.

          Түүнчлэн “Мөнгөн морь” яруу найргийн наадмыг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллагууд болон зохиолч, яруу найрагчдын төлөөлөл өсвөрийн найрагчдад нэрэмжит шагналаа гардуулсан бөгөөд “Эргэлт.мн” мэдээллийн сайтын нэрэмжит шагналаар О.Номин-Эрдэнэ, А.Амирлан, “Ноён хутагтын музей”-н нэрэмжит шагналаар Г.Баянжаргал, СЭЗИС-ийн Боловсролын сургууль, Хэл бичгийн ухааны тэнхимийн нэрэмжит шагналаар М.Болорчимэг, “Улбар” паблишингийн нэрэмжит шагналаар Н.Номинзул, “Гоо улирал” уншлагын нэрэмжит шагналаар Ц.Цэндхорол, Т.Лхамзаяа нар шагнууллаа.

Мөн МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Цэдэвдорж агсны гэр бүл, төрөл төрөгсөд, шавь нар “Мөнгөн морь” яруу найргийн наадам ирж, тус наадмыг зохион байгуулсан Г.Цэдэвдорж агсны шавь, яруу найрагч Д.Батсүрэн, П.Намуун нарт баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Ташрамд дурдахад, “Мөнгөн морь” яруу найргийн наадам зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд анх удаагаа улсын хэмжээнд зарласнаараа онцлог болсон юм.

 


“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188