• Өнөөдөр 2026-11-04

С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ

2026-11-04,   114

               Хиймэл оюун ухаан хүний ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ хувийн мэдээллийн аюулгүй байдал, цахим орчин дахь хүний эрхийн шинэ сорилтуудыг бий болгож байна. AI-д оруулсан мэдээлэл хэрхэн ашиглагддаг, хэрэглэгч өөрийн мэдээллийг хамгаалахын тулд юуг анхаарах тухай Медиа эрх зүйч, дата хамгааллын эксперт С.Амаржавхлантай ярилцлаа. Тэрбээр одоогоор World Vision Germany-д дата хамгааллын экспертээр ажиллаж байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН АЖЛЫГ ОРЛОХ УУ, ЭСВЭЛ ШИНЭ БОЛОМЖ НЭЭХ ҮҮ?

-Өнөөдөр дэлхий дахинд хөгжиж буй хиймэл оюун ухааны технологийн гол чиг хандлага юу байна вэ. AI бидний амьдрал, ажиллах арга барилыг хэрхэн өөрчилж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан зөвхөн мэдээлэл хайдаг хэрэгсэл байхаа болиод контент бүтээдэг, дүн шинжилгээ хийдэг, хүний ажлыг автоматжуулдаг түвшинд хүрлээ. Өнөөдөр хүмүүс AI-ыг чатботоос авахуулаад зураг, видео, код боловсруулах хэмжээнд хүртэл ашиглаж байна.

Зарим салбарынхан үүнийг AI бидний ажлыг орлох нь гэж ирээдүйдээ санаа зовон ярьж байна. Мэдээж зарим мэргэжил AI-ын нөлөөллөөр үгүй болох хандлагатай болсон. Гэхдээ энэ хөгжлийг дагаад шинэ мэргэжлүүд ч бий болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Ирээдүйн хүний нөөцийн орон зай технологийн хөгжилтэй зэрэгцэн бий болж байна. Үүнтэй зэрэгцээд AI бидний ажлыг илүү хурдан, үр дүнтэй хийхэд тусалдаг хэрэгсэл болж байна.

-ChatGPT, Claude, Gemini, DeepSeek зэрэг түгээмэл AI хэрэгслүүдийн үндсэн ялгаа, давуу болон сул тал юу вэ. Хэрэглэгч ямар зорилгоор аль хэрэгслийг сонгох нь зохистой вэ?

-Эдгээр хэрэгслүүдийн үндсэн зорилго төстэй ч онцлог нь өөр өөр. ChatGPT, Claude нь жишээ нь бичвэр боловсруулах, тайлбарлах талдаа хүчтэй. Gemini жишээ нь Google-ийн үйлчилгээтэй сайн уялддаг. DeepSeek нь техникийн болон програмчлалын зарим даалгаварт сайн үзүүлэлттэй зэрэг онцлогууд байна.

Гэхдээ аль хэрэгслийг сонгож ашиглах нь хэрэглэгчийн юу хийх гэж байгаа зорилгоос хамаарна. Гэхдээ үүнд анхаарах хамгийн чухал зүйл нь AI-аас авсан хариултаа бид өөрсдөө давхар нягталж хэвших. AI-ын хариулт бол үнэн байх магадлалтай магадлал шүү дээ.

-AI-г ашиглах, түүнд хэт найдах хоёрын зааг хаана байна вэ. Хиймэл оюун ухаан хүний бие даан сэтгэх, шийдвэр гаргах чадварт хэрхэн нөлөөлж байна вэ?

-AI бол туслах хэрэгсэл болохоос шийдвэр гаргагч биш. Мэдээлэл хайх, санаа боловсруулах, ажлаа хөнгөвчлөхөд л ашиглах нь зөв. AI, ялангуяа chatbot ашиглаж байгаа хүмүүсийн дунд шийдвэрээ AI-д даатгаж, хариултыг нь шалгахгүйгээр ашиглаж байгаа тохиолдол олон гарч байна. Саяхан AI-ийн хариултад итгээд өөрийн амь насаараа хохирсон тохиолдол хүртэл байна шүү дээ.

Chatbot-ууд хүний асууж байгаа асуулт, жишээ нь үүнээс хүн яаж харьцаж байгаа арга барилд маш сайн суралцсан учраас яг хүн шиг зөвлөж, хариулж байгаа юм. Гэхдээ энэ зөвлөгөө, хариулт чинь бас л зүгээр л магадлал. Маш ойрхон, хүнд дөхсөн таамаг. Тиймээс нөгөө талд хүн өөрөө бодож, сэтгэж хийх нь энэ хөгжилтэй зэрэгцээд нэн чухал болоод байна. Үргэлж таамагт суурилж, үүнд даатгаж амьдарч болохгүй.

Үүн дээр нэмж хэлэхэд бидний үнэ төлбөргүй ашиглаж байгаа технологийн цаана бидний оруулж байгаа мэдээлэл хэрхэн, яаж ашиглагдаж байгааг дор бүрнээ бодох болсон цаг.

AI-Д ОРУУЛСАН МЭДЭЭЛЭЛ ХААНА, ХЭРХЭН АШИГЛАГДДАГ ВЭ?

-Хэрэглэгч AI-д асуулт асуух, зураг, бичиг баримт, ажлын мэдээлэл оруулах бүрд ямар төрлийн өгөгдөл цугларч, боловсруулагддаг вэ?

-Хэрэглэгч ямар мэдээлэл оруулна, тэр мэдээлэл тэнд боловсруулагдаж байгаа. Тэр нь хүний өөрийн хувийн мэдээлэл байж болно, эсвэл байгууллага, бусад хүний ч мэдээлэл байж болно шүү дээ.

Гэхдээ хүний хувийн мэдээлэл болоод хамгаалагдах ёстой бусад мэдээллүүд, жишээ нь байгууллагын дотоод мэдээлэл, гэрээ, харилцагчийн мэдээлэл, эмзэг мэдээллийг AI платформ руу шууд оруулахдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Олон улсын практикт бол хүний хувийн мэдээлэл болоод бусад үнэ цэнтэй мэдээллийг үнэ төлбөргүй платформ, системд оруулахыг хориглодог.

-ChatGPT, Claude зэрэг AI платформд оруулсан мэдээлэл тухайн компанийн системд хэрхэн хадгалагдаж, ашиглагддаг вэ. Хэрэглэгчийн мэдээллийг AI загвар сургахад ашиглах боломжтой юу?

Энэ нь тухайн үйлчилгээний нөхцөлөөс хамаардаг. Үнэгүй системүүд хэрэглэгчийн оруулсан мэдээллийг үйлчилгээ сайжруулах, загвар хөгжүүлэх зорилгоор ашиглах боломжтой. Харин бизнес болон байгууллагын тусгай хувилбаруудад (Enterprise Model) ийм хэрэглээг хязгаарласан байдаг. Тиймээс хэрэглэгчид тухайн системийн үйлчилгээний нууцлалын бодлоготой нь эхлээд заавал танилцах хэрэгтэй.

-AI компаниуд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах тал дээр ямар үүрэг, хариуцлага хүлээдэг вэ. Хэрэглэгч мэдээллээ устгуулах, ашиглалтыг хязгаарлуулах эрхтэй юу?

-Мэдээлэл цуглуулж байгаа байгууллага хэрэглэгчид ямар мэдээлэл цуглуулж байгаа, ямар зорилгоор ашиглаж байгаа талаар ил тод мэдээлэх үүрэгтэй. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, тодорхой нөхцөлд мэдээллээ устгуулах, засуулах, ашиглалтыг хязгаарлуулах мэдээллийн эзний эрхээ эдлэх боломжийг хэрэглэгчид олгох ёстой.

Гэхдээ олон улсад тулгараад байгаа AI системтэй холбоотой нэг шийдэгдээгүй асуудлын нэг нь мэдээллийн эзэн эрхээ хамгаалуулах боломж. Энэ одоогоор тодорхойгүй байгаа. Яахав, нэгэнт хүний мэдээллийг цуглуулсан бол устгахад machine learning хийсэн зүйлээ буцаагаад Unlearning хийж болно. Гэхдээ энэ нь тухайн AI систем санал болгогчдод маш их ажилтай.

-AI технологийн тусламжтайгаар хүний зан төлөв, сонирхол, байршил, сэтгэл хөдлөлийг таамаглах, профайл үүсгэх боломж хэр хөгжсөн бэ. Энэ нь хүний эрх, хувийн орон зайд ямар эрсдэл үүсгэж байна вэ?

-Технологийн хувьд ийм боломж улам хөгжиж байгаа. Хүний үлдээсэн цахим ул мөр дээр үндэслэн тухайн хүний талаар тодорхой дүгнэлт хийх боломжтой болсон байна. ChatGPT-ээс “Чи намайг хэр сайн мэдэх вэ” гэсэн асуулт асуухад хүмүүсийг хэрхэн мэдэж байгаагаа зургаар дүрслэн үзүүлээд байгаа шүү дээ.

Тэгэхээр бидний үлдээсэн ширхэг мэдээлэл бүр тэнд хадгалагдаж байгаа. Энэ нь дан ганц ChatGPT-ийн асуудал бас биш. Бидний өдөр тутам ашиглаж байгаа бараг бүх дижитал үйлчилгээ тодорхой хэмжээнд хэрэглэгчийн талаар мэдээлэл цуглуулж, боловсруулж байгаа. Харин ийм профайлчлал нь хяналтгүй болоод их хэмжээний хүний мэдээллийг ашиглаж, өргөн хүрээнд хэрэглэгдсэн тохиолдолд хувийн орон зайд халдах эрсдэл дагуулж болзошгүй.

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХАД ЕВРОП ЮУГ ЧУХАЛЧИЛДАГ ВЭ?

-Европын Холбооны GDPR болон AI Act зохицуулалтууд технологийн компаниудын үйл ажиллагаанд ямар шаардлага тавьж байна вэ. Эдгээр зохицуулалтын гол ач холбогдол юу вэ?

-Эдгээр зохицуулалтын гол зорилго нь технологийн хөгжлийг хүний эрхийн хамгаалалттай уялдуулах. Жишээ нь GDPR хүний хувийн мэдээллийг хамгаалахад чиглэдэг бол AI Act нь өндөр эрсдэлтэй AI системүүдэд нэмэлт хяналт, хариуцлага тогтоож байгаа. Өөрөөр хэлбэл технологийг хөгжүүлэхээс гадна үүнд өртөж байгаа хүний эрхийг нь хамгаалах шаардлага өндөр тавигдаж байна.

-Европын орнуудад AI болон хувийн мэдээлэл хамгаалах асуудалд төр, хувийн хэвшил, хэрэглэгчид хэрхэн хандаж байна вэ?

-Европт энэ асуудлыг зөвхөн технологийн биш, хүний эрхийн асуудал гэж хардаг. Иргэд нь өөрсдийн мэдээлэлтэй холбоотой эрхээ маш сайн мэддэг. Мөн байгууллагууд ч гэсэн мэдээллийн хамгаалалт, хууль нийцлийг үйл ажиллагааныхаа салшгүй нэг хэсэг гэж үздэг. Төр нь энэ процессыг дэмжиж ажилладаг. Энэ бол манай улсад хэрэгжих ёстой маш хамгийн чухал зүйл гэж хардаг.

МОНГОЛД ХУУЛЬ БАЙГАА Ч МЭДЭЭЛЛИЙН ХАМГААЛАЛТЫН СОЁЛ ДУТАГДАЖ БАЙНА

-Монгол Улсын хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчин, AI хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн үнэлж байна вэ?

-Монгол Улс хувийн мэдээлэл хамгаалах хуультай болсон нь чухал алхам. Гэхдээ хууль хэрэгжих соёл, мэдээллийн боловсрол, байгууллагуудын практик хэрэглээний түвшин цаашид сайжрах шаардлагатай байна. AI хэрэглээ маш хурдан нэмэгдэж байна. Гэхдээ аюулгүй байдал, эрсдэлийн талаарх ойлголт тэр хэмжээнд хүрээгүй байна.

-Монголын хэрэглэгчид болон байгууллагууд AI ашиглахдаа ямар нийтлэг алдаа, эрсдэлээс сэрэмжлэх хэрэгтэй вэ?

-Хамгийн түгээмэл алдаа нь AI-д мэдээлэл оруулахдаа ямар мэдээлэл хуваалцаж байгаагаа анзаардаггүй явдал юм болов уу. Мөн AI-ийн өгсөн хариултыг шалгахгүйгээр ашиглах эрсдэл бас байна. Байгууллагуудын хувьд ажилтан бүр AI-г ямар нөхцөлд ашиглаж болох талаар тодорхой дотоод журамтай байх шаардлагатай гэж харж байна.

-Цаашид хиймэл оюун ухааны хөгжил хүний эрх, хөдөлмөрийн зах зээл, боловсрол, мэдээллийн аюулгүй байдалд ямар өөрчлөлт авчрах бол?

-Зарим ажил үүрэг автоматжиж, эдгээр хүний хийдэг байсан ажлууд ирээдүйд байхгүй болж болох ч дээр хэлсэнчлэн шинэ төрлийн ажлын байрууд ч үүнийг дагаад болсоор байна. Мөн боловсролын салбар ч гэсэн технологийн хөгжлийг дагаад хөгжиж байна. Харин мэдээллийн аюулгүй байдал, худал мэдээлэл, хүний эрхийн хамгаалалттай холбоотой шинэ сорилтууд цаашид улам бүр нэмэгдэх учраас зохицуулалт, үүнийг тойрсон боловсрол хоёр илүү чухал болно.

“ӨӨРИЙН МЭДЭЭЛЛИЙН ЭЗЭН НЬ БИ ӨӨРӨӨ” ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ ХЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

-AI-тай зэрэгцэн амьдрах шинэ цаг үед иргэд өөрсдийн мэдээлэл, эрх, аюулгүй байдлаа хамгаалахын тулд юуг хамгийн түрүүнд мэдэж, хэвшүүлэх шаардлагатай вэ?

-Миний бодлоор хамгийн түрүүнд хэвшүүлэх зүйл бол “өөрийн мэдээллийн эзэн нь би өөрөө” гэсэн ойлголт. Хүн ямар мэдээллээ хаана, хэнд өгч байгаагаа анзаардаг, тоодог байх хэрэгтэй байна. AI ч бай, сошиал медиа ч бай, хамгийн сайн хамгаалалт бол мэдээлэлдээ хариуцлагатай байх хэрэглэгчийн өөрсдийн дадал зуршил болоод байна.

 

С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188