• Өнөөдөр 2024-04-30

“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ

2024-04-13,   1047

Монголын сагсан бөмбөгийн “Дээд” лигийн 1998-1999 оны улирлын тоглолт. “Бизнесийн чөтгөрүүд” баг “Монрудын торнадо” багтай тоглож, 206:97 онооны харьцаатайгаар буулгаж авахад “Чөтгөрүүд”-ийн тоглогч Б.Ариунболд 158 оноо авч, үндэсний лигийн хүрээнд нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан рекорд тогтоож байв. Ингэхдээ 158 онооныхоо 120-ийг нь гурвын шугамын араас буюу алсын зайнаас 40 шидэлт амжилттай болгосон байдаг. Тэрбээр сагсан бөмбөг үзэгч, сонирхогчдодоо “Ноён 158”, “Солгой Ариунболд” хэмээн алдаршсан Монголын сагсны амьд домгуудын нэг билээ.

                                  Эргэлт.мн мэдээллийн сайт “Сураг алдарсан зочин” булангаараа “Алтан гадас” одонт, сагсан бөмбөгийн ОУХМ, багш, дасгалжуулагч Б.Ариунболдыг уншигч тантай “уулзуулж” байна. Тэрбээр үндэсний сагсан бөмбөгийн нэг тоглолтод авсан онооны рекордыг эзэмшдэг төдийгүй Монголд сагсан бөмбөгийн лигийн тэмцээн эхлэхэд анхны оноог нь авч байсан “солгой” хэмээн алдарсан манай улсын 1990-ээд оны шилдэг сагсан бөмбөгчдийн нэг. Өдгөө “Ноён 158” буюу Б.Ариунболд нийслэлийн 31 дүгээр сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаа юм. Ингээд уншигч танд Монголын сагсан бөмбөгийн амьд домгуудын нэг Б.Ариунболдтой түүний нэг тоглолтод 158 оноо авсан түүхэн тоглолт, дурсамж, өнөө үеийн сагсан бөмбөг, "Дээд" лиг, шигшээ багийн тухай ярилцсанаа хүргэж байна.

-ГУДАМЖИНД ТОГЛОЖ БАЙГАА АХ НАРЫГ ХАРЖ, САГСАН ДУРЛАЖ, МОНГОЛЫН САГСНЫ ДОМГУУДАД БӨМБӨГ ЗӨӨЖ ӨГСӨӨР САГСЧИН БОЛЖ ӨССӨН ДӨӨ-

-Та “Дээд” лигийн нэг тоглолтод 158 оноо авсан рекордоо одоогоос 25 жилийн өмнө тогтоосон гэдэг. Гэсэн ч тоглолтын видео, дүрс бичлэг байхгүйгээс Монголын сагсан бөмбөг үзэгч, сонирхогчид дээр дурдсан таны тоглолтыг 20 гаруй жил ам дамжин ярьж ирсэн байдаг. Үндэсний лигийнхээ хүрээнд нэг тоглолтод хамгийн олон авч, “Ноён 158” болсон түүхээс тань хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

                                  -Монголд анхны лигийн тэмцээн эхлээд дөрвөн жил болж байлаа. “Дээд” лигийн 1998-1999 оны улирал юм уу даа. Тухайн үед би “Бизнесийн чөтгөрүүд” багт тоглодог байв. Харин миний олон оноо авдаг тоглолт болохоос хэдхэн тоглолтын өмнө манай Ц.Шаравжамц нэг тоглолтод 105 оноо авсан юм. Шараваа тэр үед манай эсрэг ривал багийн тоглогч. Гэтэл Шараваагийн араас О.Болор бас нэг тоглолтод 145 оноо авчихдаг юм байна. Гэхдээ Болорын 145 Шараваагийн 105 онооноос арай чанартай байсан гэж боддог юм. Дундын шидэлтээ бараг алдалгүй оруулж, оролт хийхдээ алдаатай довтолж байлаа. Улмаар “Дээд” лигийн рекордыг 105, 145 болгочихсон байсан тоглолтуудын араас манай “Бизнесийн чөтгөрүүд” баг “Монрудын торнадо”-гийн эсрэг хийсэн тоглолтоор би 158 оноо авч, гурваас 40 удаа унагасан юм даа. 1998-1999 оны лигийн тэр улиралд олон ч рекорд шинэчлэгдэж байсан шүү.

-Ид тоглож байх үедээ таныг их шартай байсан гэх юм билээ. Ц.Шарамжамц 105 оноо, О.Болор 145 оноо авсны дараа “Би заавал оноог давна” гэж байгаад л давсан гэж дуулж байсан юм байна. Үнэн үү?

                                  -Үгүй, нэг ч их хор, шарсаад байх юмгүй. “Монрудын торнадо”-гийн эсрэг хийсэн тоглолтын эхний үед би 20 гаруй оноо авчихсан байсан юм. Тэгсэн завсарлагаагаар дасгалжуулагч “Та хэд Ариука руу өгөөд бай. Оноо нь хэд хүрэхийг харъя” гэдэг юм байна. Би ч гараад бөмбөг өгөхөөр нь шидээд л байсан, унаад л байна шүү. Тэгээд нэг мэдэхэд л 40 удаа алсын зайн шидэлт амжилттай болгочихсон, оноо маань 158 болчихсон байсан даа. Одоо санахад, 158 оноо авсан тоглолтыг маань эсрэг багийн Б.Тамир, тоглолт үзэхээр ирсэн Улаан загалмайн америкчууд хувийн камераараа бичлэг хийсэн байдаг юм. Гэхдээ сүүлд сураг тавиад, хайгаад олж чадаагүй. Хэрэв олдоод, гаднынхан үзсэн бол Гиннесийн номонд ч бичигдэж магад. Миний нэг тоглолтод 158 оноо авсан рекорд чинь Монголдоо байтугай дэлхийд ганц шүү дээ.

-Монголын сагсан бөмбөг сонирхогчдын дунд нэг тоглолтод 158 оноо авсан, “Ноён 158” гэж танигдсан ч манай оронд лигийн тэмцээний эхлэхэд анхны оноог нь мөн авч байсан түүхтэй байх аа?

                                  -1994 онд Монголд анх удаа сагсан бөмбөгийн лиг эхлээд эхний тоглолтыг “Генералууд”, “Монсоник” гэсэн хоёр баг хийсэн юм. Тухайн үед би Биеийн тамирын дээд сургуулийнхаа “Генералууд” багаас тоглож, Монголын сагсны лигийн анхны оноог авсан. Тоглолт эхлээд л “Монсоник”-ийн Баярхүү, том Бадаа ах, жижиг Бадаа ах шидээд оруулдаггүй. Тэгээд би бөмбөг аваад шидтэл орчихсон юм. Лигийн анхны оноо гэсэндээ тухайн үед бай шагналтай. Намайг анхны оноог авсан гээд 20 мянган төгрөгөөр шагнаж байв шүү. Одоо ингээд бодохоор Монголынхоо лигийн анхны оноог аваад, нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан минь цаанаасаа л их хувь тохиолтой зүйл байж дээ.

-Ер нь таны удамд спортын хүн байв уу. Бага байхдаа ямар хүү байв. Их дэггүй хүү байсан уу?

                                  -Аав, ээж хоёр минь хоёул спортын хүмүүс. Би чинь спортын гэр бүлд өссөн хүн шүү дээ. Ээж минь улсдаа ойрын зайн гүйлтээрээ үнэлэгдэж, хүндлэгдсэн Цэрэнчимэд гэж хүн бий. Харин аав “Циркийн Бадаа” гэж алдаршсан циркийн хамаг л хүнд элементтэй үзүүлбэрийг торолгүй хийдэг басхүү бөхийн спортын хүн байсан юм. Би ч багадаа дэггүй гэхээсээ илүүтэй хөдөлгөөнтэй хүү байсан болов уу даа. Хэрэв дэггүй байсан бол нийгэм, цаг төр хэцүү тэр үед буруу зам сонгоод явахыг ч үгүйсгэхгүй (инээв). Харин сагсан бөмбөг хөөсөн минь миний амьдралын хамгийн зөв, тод сонголт байсан болов уу гэж боддог. Одоо сагсан бөмбөгийнхөө буянаар л хоёр идэж, хоосон хонохгүй, хүнээс дутахгүй л амьдарч байна даа.

-Анх хэрхэн сагсан бөмбөгтэй танилцаж, энэ спортод амьдралынхаа дийлэнх хугацааг зориулах болтлоо дурлах болов?

 

-Би Долоон буудлын мухрын гүүртэй гудамжны гадаа шийдэн дээр бага насаа өнгөрөөсөн. Гудамжинд тоглож байгаа ах нарыг харсаар сагсан бөмбөгч болж өссөн дөө. Нөгөөтээгүүр спортын гэр бүлд төрж, өссөн минь нөлөөлсөн байх. Тухайн үеийн Оросын “ОРТ” телевизээр Оросын “Залгирис” гэж багийн тоглолтыг үзэж, дэмжинэ. Хаа нэг Европын аварга шалгаруулах тэмцээн болохоор нь хүлээж суугаад үзнэ. Тэр үед одоогийнх шиг олон суваг, интернэт сүлжээ гэж байсан ч биш дээ. Өнөө цагт шагшигдаад байгаа Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийг бүр хожуу үзсэн.

 

                                  Анх нийслэлийн 37 дугаар сургуульд сурч байгаад хоёрдугаар сургууль руу шилжиж очоод л сагсан бөмбөг сонирхож, тоглож эхэлсэн. Улмаар хоршоолол нийгэмлэгийн секцэд Д.Уртнасан багш, тавдугаар ангидаа Цэвэрээ багш, Биеийн тамирын дээд сургуульд Дамба багшийнхаа удирдлага дор тоглосон доо. Тухайн үед Цэврээ багш, Уртаа багш, Маагаа багш, Дамба багш, Давааням ах, Даваа ах, Гитлер Цогоо ах, Дарханы Хүүеэ атаман, том Бадрал ах, жижиг Бадрал ах зэрэг Монголын сагсны домгуудын бөмбөгийг зөөсөөр сагсан бөмбөгч болсон. Том тоглогчдын бөмбөг зөөгөөд хаа нэг шидэхээрээ баярладаг байсан даа. Домгуудын бөмбөгийн зөөж, хажууд нь ганц, нэг шидэж байгаа хүүхэд үеийнхнээсээ хамаагүй түрүүнд гоцгойроод гараад ирдэг юм билээ. Тэгээд л дүүрэг, сургуулийн тэмцээнүүдэд ороод туршлагажиж эхэлсэн дээ.

ТАЙЛБАР: "Дээд" лигийн хошой аварга "Бизнесийн чөтгөрүүд" баг 20 жилийн дараа

-Хэдий сайжирч байгаа ч томчуудад бөмбөг зөөж өгч, хааяа эсрэг болж тоглоно гэдэг их бэрх биз. Тэр олон гайхалтай багш нар дундаас таны сагсан бөмбөг, амьдралын замд хамгийн их нөлөөлсөн нь хэн байв?

                                  -Хүн сайн явахад олон багш гарч ирдэг шүү дээ. Анхны зам мөрийг нь тавьж өгсөн, өөр сургууль руу шилжихэд нь хүлээж авсан багш, их сургуулийн багш, клубт элсэхэд дасгалжуулагч гээд олон багштай болно. Харин би өөрийгөө их олон сайхан багштай учирсандаа азтай гэж боддог юм. Тэр дундаа намайг хамгийн сайн чиглүүлж, сагсан бөмбөгийн ч, амьдралын замд хөтөлсөн багш минь тухайн үеийн 37 дугаар сургуулийн биеийн тамирын багш Баяраа багшийг гэж боддог. Их ч хөдөлгөөнтэй, сахилгагүй намайг ангийн даргаар тавьж бас болоогүй өөрийнхөө дэргэд авч, дөрөвдүгээр ангиас минь эхлэн шилжин явтал амьдрал, спортдоо хандлах хандлага, зүг чигийг минь зөв тодорхойлж өгсөн буянтай багш минь юм.

-МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГТ “ҮҮР ЦАЙНА” ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА-

-Таныг ид тоглож байх үед олон багш, дасгалжуулагч, баг авах гэж хөөцөлдөж байсан гэдэг. Тэр дундаа таныг багтаа элсүүлэхээр байр авч өгч байсан гэх юм билээ?

                                  -Биеийн тамирын дээд сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа нэг удаа эсрэг баг “Азийн чононууд”-ын бэлтгэл дээр очиж тоглосон юм. Гэтэл тэр тухай яриа сургуулийн багш нарын чихэнд хүрчихэж. Тэгээд багш нар “Чи тэр багаас тоглох юм бол чамайг сургууль төгсгөхгүй” гэдэг юм байна. Би ч төгсөх курсийн оюутан байсан болохоор чимээгүй байж байгаад төгсөх санаатай “Генералууд” багтаа үлдсэн. Харин сургуулиа төгссөний дараа “Бизнесийн чөтгөрүүд” багаас тоглож эхэлсэн юм. Тэр үед намайг “1+11” багт элсэж, тоглоно гэх шуум гарах үеэр “Чөтгөрүүд” багийн маань эзэн “Ариука, чи эндээ тогло оо. Нөгөө баг чамд байр авч өгнө гэсэн үү. Тэгвэл тэр байрыг чинь манай баг аваад өгье” гээд надад хоёр сая төгрөг өгч байлаа. Тэр үеийн хоёр сая төгрөг гэдэг их мөнгө шүү. “Бизнесийн чөтгөрүүд” багийн маань эзний өгсөн мөнгөөр би Бичил хороололд нэг өрөө байр авч байсан тийм түүхтэй юм.

-Таны ид тоглож байсан үеийн тухай ярьсных шидэлтийн техникийг тань тухай асуумаар санагдлаа. Гарнаас бөмбөгөө хурдан гаргадаг, хамгаалахад хэцүү тэр өвөрмөц техникийг анх хэрхэн сурч байв. Хэн гэгч сагсан бөмбөгчийн харж сурч байсан бэ?

                                  -Миний шидэлтийн техник Уртаа багшийн маань л зааж өгсөн техник юм л даа. Анх үсрэлттэй шидэлт хийхдээ нэг хөлөө урагш явуулдаг байсан миний урд хаалт тавьж байгаад шидүүлж сургасан юм. Нэг алдартай бөхийн “Би 1000 мэх мэддэг хүнээс айхгүй. Нэг мэхээ 1000 давтсан хүнээс айна” гэх үг байдаг даа. Тэрний адил нэг зүйлээ 1000 давтвал өөрийн эрхгүй сурдаг юм билээ.

                                  Нэг сонин түүх хуваалцахад, Дарханы атаман халхын Хүүеэ багш “Би халхад шидэлт гэж хэлж болохоор гуравхан шидэлт харлаа. Нэг нь Ц.Цэвэрбалынх, нөгөө нь Д.Ганцогтынх, гурав дахь нь Б.Ариунболдын шидэлт байна” гэж хэлж байсан юм билээ. Залуу байхдаа сонсчихоод нэг ч их юм боддоггүй байж. Харин одоо эргээд санахад Цэврээ багш, Ганцогт бид гурвын шидэлт тохойгоо бүрэн тэнийлгэдэггүй, өндрөөс цацаж байгаа юм шиг шидэж, бөмбөгөө гарнаасаа хурдан гаргах шидэлтийн техник. Тэгээд бодож суух нь ээ, өөрөө харж зогсож байгаад заал бариулчихсан гэдэг түүхтэй Дарханы атаман Хүүеэ бид гурвын шидэлтийг онцолж харсан нь бас цаанаа учиртай байжээ.

-Тамирчин хүний хувьд зодог тайлах шийдвэр гаргах их хэцүү гэдэг. Та мэргэжлийн сагсан бөмбөгөөсөө зодог тайлж, тамирчнаа замналаа өндөрлүүлэх болсон шийдвэрээ хэрхэн гаргаж байсан талаараа яриа дэлгэхгүй юү?

                                  -“Дээд” лигийн 1999 оны улиралд түрүүлж, аварга болсныхоо дараа Солонгос очиж, ажиллаж, амьдарсан юм. Харин Солонгосоос ирээд 2007-2009 онд О.Баярцогтын маань дасгалжуулж байсан “Хасын хүлгүүд” багт тоглож, тоглогч, дасгалжуулагчийн хувиар хоёр аварга авсан. Бас болоогүй ээ, “Бүх одод”-ын тоглолтын алсын зайн шидэлтийн тэмцээнд дан шавь нар, дүү нартайгаа өрсөлдөөд аварга болж байв. Уг нь би тэр үед их бэлтгэлтэй байсан юм. Бэлтгэлээ ч сайн хийж байсан. Гэтэл Цогоо намайг “Харьж яваа” гээд гаргадаггүй юм. Тэгээд л бодож байгаад зодог тайлах шийдэлд хүрсэн. Одоо тоглоё гэвэл шүд зуугаад язайтал үзвэл үзэх тэнхээ байж л байна. Гэхдээ хүүхэд нохойн доог болох байлгүй (инээв). Ер нь сагсан бөмбөг залуу насны спорт гэдэг. Би ч одоо яах вэ, ахмадууд дундаа гялалзаж байхад л болно (инээв).

-Таны ид үе, тамирчны замналыг Сагсан бөмбөгийн холбоо, шигшээ багийн асуудал дуусгасан гэж ярих хүмүүс байдаг юм билээ. Энэ тухай яривал?

                                  -Яах вэ, гойд сайн тоглож, ид галзуурч байхдаа үедээ дандаа улсынхаа шигшээгээс хасагддаг байсан юм (инээв). Тухайн үед хэдий сайн тоглогч байсан ч гэсэн шигшээ баг “Шийдний хүмүүсээ авч явна” гээд дандаа 190 см-ээс дээш өндөртэй тоглогчдоо авч явна. Гэтэл авч явсан тоглогчид нь Азийн цом, тэмцээнүүдэд 210-220 см тоглогчидтой таараад шийднээсээ авч, оруулж байгаа ч зүйлгүй, алсаас шидээд ч орохгүй юм болсон. Анх “Аваргыг нь авна” гэж очоод хэд хожигдоод ирэхээрээ “Ядахнаа ганц хожлын төлөө” гэж тоглоод сагсан бөмбөг хөгжөөд дөнгөж гурван жил болж байсан Гуамтай тоглоод ялагдал хүлээж, Азийн тэмцээний сүүл мушгиад л ирж байсан. Миний тамирчны замналдаа ганц удаа улсынхаа нэрийн өмнөөс тоглосон нь 2002 оны Бусаны Азийн цом. Тухайн үед намайг шигшээ багаас албан ёсоор дуудаагүй л дээ. Харин Солонгост ажиллаж, амьдарч байсан би өөрөө Бусанд очоод тоглосон минь улсынхаа нэрийг төлөөлж, оролцсон анхны бөгөөд эцсийн олон улсын томоохон тэмцээн болсон доо.

                                  Гэхдээ би зөвхөн тамирчныхаа хувиар ч бус багш, сурган хүмүүжүүлэгч, дасгалжуулагчийнхаа хувиар сагсан бөмбөгтөө одоо ч амьдралаа зориулж яваа. “Дээд” лигээс завсарласан байх үедээ буюу 2004 онд Тайландад, 2009 онд Грект болсон дэлхийн өсвөрийн хүүхдийн наадамд шавь нараа дагуулж яваад хоёр ч хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн 21 аймгийн лигт “Архангай Алтан дорнын дайчид” багаа дасгалжуулж, хоёр удаа аварга, “Дээд” лигт “IHC” клубийг дасгалжуулж, хасагдах шат хүртэл явуулж байлаа даа.

-Таны сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчийн хувиар баримталдаг зарчим юу вэ?

                                  -Би сагсан бөмбөгт дуртай хүүхдүүдийг зөв зам мөрөөр оруулахыг л хүсдэг юм. Түүнээс биш миний багшилж байгаа хүүхдүүд, шавь нар маань заавал лигийн аварга болж, түрүүлэх алба байхгүй. Харин би тэр хүүхдүүдээ сагсан бөмбөгөөр өөрийгөө ойлгож, хамт олонтой болж, ах захаа хүндэлдэг, ёс зүйтэй байхад л болдгийг сурган хүмүүжүүлэгчийн мэргэжил эзэмшиж, энэ нэрийг авч яваагийнхаа хувьд заахыг хүсдэг юм.

-Одоо ид тоглож байгаа тоглогчдыг хэрхэн харж байгаа вэ. Орчин үеийн Монголын сагсан бөмбөг таны үеийнх сагснаас хэр их өөрчлөгдөж чадсан бэ?

                                  -Бид анхдагч гэдгээрээ маш том хувь заяанд төрсөн, азтай гэж боддог юм. Яах вэ, бидний одоо үеийн сагсчидтай харьцуулна гэж байхгүй. Хэрэв бидний үед одоогийнх шиг Европ дасгалжуулагчид ирж зааж, дасгалжуулах нь байтугай зурагтаар сагсан бөмбөг үзнэ гэдэг хүнд ажил байлаа. Бидний үед өнөө үеийнх шиг гадаад дасгалжуулагчид ирээд заасан бол хэчнээн сайхан. Эргээд залуу насандаа очмоор ч санагдаж байх шиг...

 

                                 Гэхдээ Монголын сагсан бөмбөг өөрчлөхдөө систем суулгана гээд ур чадвараа хаяж байна. Мянга системтэй байгаад суларч гарч ирээд ур чадвараар л оруулна шүү дээ. Гэтэл манай шигшээгийн удирдлагууд бүрэн систем яриад бүрэн дүүрэг ур чадвартай тоглогчдоо үлдээчихлээ. Систем гэж ярьж байгаа нь зөв. Гэхдээ систем ч гэсэн ур чадвар дээр суурилдаг. Тиймээс ч би хүмүүсийн “Систем суурилуулна гээд Т.Санчирыг шигшээ багаас хасчихлаа” гэж шүүмжилж байгаатай санал нэг байгаа.

-Өнгөрсөн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалт Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн хүрсэн хамгийн өдөр албан ёсны тэмцээн болсон. Гэсэн ч зарим гол тоглогч шигшээ багтаа дуудалгүй тоглосныг иргэд шүүмжилж байгаа. Харин энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

                                  -Монголын сагсан бөмбөг ямар байх ёстой вэ, яавал үр дүнд хүрдэг вэ гэдгийг харлаа. Нэг номер дээр зайлшгүй О.Сэргэлэн байх ёстой юм байна. Тулсан, хэцүү үед бөмбөг аваад ордог Т.Санчир шиг хүн байх ёстой гэдгийг ч харлаа. Т.Санчир шиг дайчин, өөртөө итгэлтэй тоглогч Монголд байхгүй. Гэхдээ монгол тоглогчдоо хэрхэн, яаж ашиглаж, хэнийг авч явж, тоглуулах гэдгийг тэр грек өвгөнөөс илүү О.Баярцогт нь мэднэ. Ядахнаа О.Баярцогтыг туслах дасгалжуулагчаар ч болтугай авсан бол үр дүн өөр байх байсан болов уу гэж итгэж байна.

                                  Гэхдээ хүнд цаг хугацаа гэж бий. Одоо бол Т.Санчир, “Томми” Б.Билгүүн хоёрын цаг хугацаа ухарч яваа. Харин тэдний ардаас шинэ залуу үе гарч ирнэ. Одоо М.Өлзий-Орших гэхэд багтаа хамгийн гол тоглогч, “Дээд” лигт галзуурдаг ч шигшээдээ муу үр дүн үзүүлж байгаа нь бас л цаг хугацаатай холбоотой. М.Өлзий-Орших болон бусад залуу тамирчнаас хүлээх хүлээлт их. Галзуурах, гангарах цаг нь арай болоогүй байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Харин одоогийн нөхцөл байдалд бол Азийн аваргын урьдчилсан шатны үлдсэн тоглолтууддаа Т.Санчир, О.Сэргэлэн нарын туршлагатай тамирчнаа шигшээдээ дуудаад тоглоосой гэж хүсэж байна. Дараагийн Т.Санчир, дараагийн Томми гарч иртэл удна шүү дээ. Гэхдээ л Монголын сагсан бөмбөгт үүр цайна гэдэгт итгэдэг.

 


“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 09:17:33
    З: Ээг үеийн сагсны түүх л юм даа.Тэр үеийн шигшээ лигийн сагсчид одоо үеийн их сургуулийн аваргаас дээрдэх юм алга биеэ бялдар ур чадвар хол дутуу байсан .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 08:48:47
    Guest: Солгой Ариунболд гэж 177 см өндөртэй хамгаалагч байлаа. Монрудын Торнадо багтай тоглосон тоглолтыг үзсэн цөөхөн хүний нэг нь байна, 158 биш 151 оноо авсан. Өмнөх нь Болор 149 оноо авсан байсан. Олон жил өнгөрөөд тоонуудаа жаахан андуурч яриад байх шиг байна. 151 оноогоо бол яалт ч үгүй чанартай авсаан, Торнадо-д байсан Жавхлантөгс, Оргил, Даяндэмид нар бариад дийлээгүй, бүр гурвын шидэлт хийхэд нь алдаа ч хийж байсан гээд бодохоор яаж хамгаалж байсан нь харагддаг даа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188