• Өнөөдөр 2026-11-05

Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно

2026-11-05,   317

Хүлээлтээс давсан хүлээлт

        Нийслэл хот дахь театруудаас ч хараагүй нэн шинэлэг, чинхүү сэтгэл шингэсэн жүжгийн цахим урилга хүлээн авснаас хойш “Домгийн шар арслан” жүжгийн нээлтийн өдрийг догдлон тоолсон юм. Хамгийн чухал нь Говьсүмбэр аймгийн дуу бүжгийн “Боржигин” чуулгын уран бүтээлчид маань шинэ бүтээлээ гэр бүлийн үзэгчдэд зориулсан мюзикл жүжиг хэмээн давхар давхар тодотгосон нь анхаарлыг эрхгүй татлаа. Түүнчлэн жүжгийн мэдээллээс хүүхэд оролцоотой бүтээл болохыг мэдээд улам шимтсэн. Манай орон нутгийн театрууд дийлэнх нь хөгжимт драмын театр хэмээх тодотголтой ч бүрэн хэмжээний мюзикл жүжгийг орчин цагийн мэргэжлийн жишгийн дагуу хараахан амжилттай бүтээж хөгжүүлэх замдаа яваа билээ. Монголчууд бид дуулалт, хөгжимт, аялгуут жүжгийн ардын уламжлалт арвин өв сантай бөгөөд үндэсний үлгэр туульс, домог түүхийн цаглашгүй баялаг уран сайхны сэтгэлгээний ертөнцтэй. Үүндээ тулгуурлан орчин цагийн театрын шинэ хэлбэр, шинэлэг хэв маягуудыг хослуулан нутагшуулах учиртайг “Боржигин” чуулгын уран бүтээлчид гярхай олзолж авсанд талархууштай.

Домгийн бэлгэдэл болон үндэсний сэтгэлгээ нэгэн тайзнаа

Энэхүү мюзикл жүжгийн “Домгийн шар арслан” хэмээх нэр өөрөө уран сайхны маш өвөрмөц агаад гүн гүнзгий сэтгэлгээний орон зайг нээж өгч байна. Аливаа улс үндэстэнд язгуурын домог зүйн ойлголт гэдэг ард түмний түүхэн ой санамж, үндэсний ялгамжит мэдрэхүй, ертөнцийг үзэх уламжлалт үзэл хандлагын хязгааргүй төсөөллийн үеэс үед дамжин ирсэн үнэт зүйлсийн чинад нэгдэл байдаг билээ.

Харин арслан бол дэлхийн олон соёлд хүч чадал, сүр жавхлан, хамгаалал, эрхэм чанарын бэлгэдэл болон дүрслэгддэг амьтан. Монгол орны байгаль, түүх домгийн өлгий болсон Чойрын Богд уулын орой дахь арслангийн дүрст хаднаас санаа авсан энэхүү жүжигт Шар арслан эх нутгийнхаа уул ус, амьтан ургамал, байгалийн тэнцвэрийг хамгаалагч домгийн баатраар дүрслэн илэрхийлжээ.

Жүжгийн зохиолч, найруулагч Т.Батсэрээтэр энэ хоёр ойлголтыг нэгтгэсэн бүтээлийн нэршлээс тодрох агуулгаараа хүүхэд залуус, гэр бүлийн үзэгчдэд домгийн ертөнцийг нэн сонирхолтой хэлбэрээр нээн харуулах боломжийг бүрдүүлсэн байна. Ялангуяа гэр бүлийн үзэгчдэд зориулсан мюзикл бүтээлд домгийн дүрслэлийг зөвхөн үлгэрийн сонин содон үйл явдал төдийгүй хүмүүжлийн болон танин мэдэхүйн эрхэм агуулгатай холбох нь чухал гэдгийг баримталж чаджээ. Драматургийн бүтцийн хувьд домгийн өгүүлэмжийг давхар нутаг усныхаа зан үйл, эрхэм бэлгэдэлтэй уялдуулан тайзны үйл явдал болон хувиргахдаа шалтгаан, үр дагаврын холбоог сайн хадгалж бичжээ. Ялангуяа зохиолынхоо тайллыг бяцхан баатар хөвүүдээр буюу арван хүлэг морьтон сурагчдаар шийдсэн нь ирээдүйн баатрууд маань үр хойчис минь юм шүү гэдгийг уран шигтгэсэнээрээ найруулагч хүний хараагаар бичсэн болохыг гэрчлэх мэт уртай байлаа.

Мюзикл жанрын боломжийг тайзны хэлнээ

Мюзикл хэмээх төрөл жүжиг, хөгжим, дуу, бүжиг, хөдөлгөөний урлагийг нэгэн цогц зохиомжид нэгтгэдэг тайзны орчин цагийн онцгой нийлмэл төрөл. Уламжлалт жүжгийн өгүүлэмжээс ялгаатай нь бие даасан цогц үзүүлбэрүүдийг сэтгэл хөдлөлийн өндөр түвшинд буюу нарийн нягт хэм хэмнэлд хамтатган урлаж зохирооход оршино. Ийм бүтээлийн чанарыг зөвхөн хөгжмийн сайхан аялгуу, бүжгийн ур чадвараар тус тусад нь хэмжих ямар ч боломжгүй байдаг. Дуу, хөгжим, бүжиг нь үйл явдлыг урагшлуулан тэлж, дүрийн дотоод сэтгэлзүйг нээж, зөрчил тэмцлийг харилцан нөхцөлдөхөөр илэрхийлж чадсан эсэхээр тодорхойлогдоно.

Хөшиг нээгдэх даруйд жүжгийн тайзны уран зургийн урлал үнэхээр хараа булааж байв. Тайзны зураач Б.Дагвадоржийн тал талаасаа бие даасан дүр болж уншигдах, мэдрэгдэх амьд хөдөлгөөнтэй, жүжгийн өгүүлэмжтэйгээ нягт харилцан уялдаатай, тоглолтын үндсэн уур амьсгалын хэм хэмнэлийг тасралтгүй хадгалсан тайзны хэлийг магтахгүй байхын аргагүй байсан. Домгийн орон зайг бодит болон хийсвэр дүрслэлийн зохистой хослуулсан уг ертөнцийг бүтээн хүргэхэд хувцас дизайн шууд нөлөөтэй. Жүжгийн дүрүүдийн хувцасны зураг, дизайныг З.Билэгбаяр тэргүүтэй баг хамт олон урлахдаа эдүгээ цагийн үзэгчдийн өнгө төрх, үзэл сэтгэлгээнд бүхэлд нь баримталсан нь тун оновчтой, үзэмжтэй болжээ.

Дүрүүдийн ганцаарчилсан болон харилцсан үйлдэлт хөдөлгөөн, олны хэсгийн бүжиг, хоор дууны хэсгүүдийн давтамж, жигдрэлийн уран сайхан онцгой гүйцэтгэлтэй байв. Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч З.Дашнямын дүрүүдийн зан төрхийг тодотгон харуулж, хөгжмийнхөө санаа аясыг сайтар задалж тавьсан хөдөлгөөн хүчтэй өгүүлэмжээр жүжгээ тэтгэн нэтгэж байсан. Гоёж чамирхсан хэлбэр үзэмжинд бус үйл явдлын илэрхийллийн нэг хэл болгохыг зорьсон нь танигдаж байв.

Хөгжмийн зохиолч Р.Билигтийн хөгжмийн драматургийг мөн онцлог тэмдэглэхийг хүсэж байна. дүрүүдийн ганцаарчилсан, харилцсан, олны хэсгийн өөр үйл явдал бүхий өгүүлэмжийг аялуу болоод дуунуудын харилцаагаар өөр хооронд нь уялдуулж уран сайхныг цогцлоожээ. Дуу бүр дүрийн сэтгэл хөдлөл, үйл явдлын эргэлт, жүжгийн утга санаанд нөлөөлөхүйц үүрэг гүйцэтгэсэн.

Жүжгийн гол болон туслах дүрүүд бие даасан зан чанар, хүсэл зорилго, зөрчилтэй болж хөгжсөн нь дүрийн тогтолцоог хангасныг таниулахын зэрэгцээ дүр сонголт, түүнээ амилуулан тоглох ур чадварууд ялгарч чадсны илрэл юм. Жишээ нь Шар арслангийн дүрийг бүтээсэн жүжигчин Э.Энхбилгүүний зөвхөн бүжгийн хэлээр илэрхийлсэн монолог үзүүлбэр тун шинэлэг тогтлолтыг мэдрүүллээ. Цагаан өвгөний дүрийг бүтээсэн Р.Батболд, тас шувууны дүрд тоглосон З.Батзориг тэргүүтэй уран бүтээлчдийн тоглолтын мэдрэмжийг үнэлмээр байна. Жүжигчдийн тоглолтын нэгэн онцлог нь тайзнаа нэгэн цогц бүрэлдэхүүн болж нэгдэж ажиллаж чадсанд оршино. Гоцлон тоглож, ганцаар ялгарч тодрох, өөрийгөө л харуулах гэхээс илүү ямагт хамтын, харилцан хандсан, олны оролцоотой мэргэжлийн гүйцэтгэлийг анхаарсан нь сайшаалтай.

Орон нутгийн театрын уран бүтээлийн үнэ цэнэ

“Домгийн шар арслан” мюзикл орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлийн эрэл хайгуулын онцгой манлайллын жишээ болгон авч үзэх ёстой гэдгийг нээлтийн тоглолтоос мэдэрч суулаа. Орон нутгийн театр, чуулгууд үндэсний урлагийн уламжлалыг хадгалан хамгаалахын зэрэгцээ орчин үеийн үзэгчдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн шинэ хэлбэр, жанрын эрэл хийх шаардлага зүй ёсоор тулгардаг нь үнэн. Ц.Цэнджавын удирдсан “Боржигин” чуулга энэ чиглэлд түүчээлж мюзикл жанраар дамжуулан хүүхэд, гэр бүлийн үзэгчдэд хүрэхийг зорьж буй нь анхаарал татахуйц байна. Жүжиг эхлэхийн өмнөх угтах хэсэг, үзэгчдийн оролцоог хангасан байдал, шинэ технологиуд ашиглаж сурталчилгаа таниулгаа хийх шийдлүүд зэргийг харахад цаг үетэйгээ хөл нийлүүлж орон нутагтаа оюуны соёл түгээж буйд биеэр үзсэн хүний хувьд дахин талархмаар байна. Эцсийн дүндээ домог тайзан дээр дахин өгүүлэхэд агшинд бус тухайн цаг үеийн үзэгчдэд дахин утга учиртайгаар ойлгогдож мэдрэгдэх үедээ амилдаг билээ. Чойрын богд уулын амин сүнс ирэх цагийн бяцхан баатруудын цээжинд цохилно оо.

Бичсэн: Утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц

 

 

 

 


Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-05 17:47:49
    есөнжин: Дуу бүжгийн боржигин чуулгын нийт хамт олондоо болон 10 баатар хөвгүүддээ халуун баярыг хүргэе амжилт бүхний дээдийг хүсэе
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188