-“Тоонот” рекордсыг хэрхэн байгуулах болсон юм бэ. “Тоонот”-ын бусад продакшнаас ялгарах онцлог нь юу вэ?
-“Тоонот” рекордс бол Э.Дэлгэрмөрөн, Desant бид гурвын эхлүүлсэн ажил. Дээгийгийн ажилладаг байсан студид дуу бичүүлэх гэж очоод анх танилцаж байлаа. Тухайн үед Desant ч гэсэн тэнд дуугаа бичүүлдэг байж таарсан. Танилцаж, нөхөрлөснийхөө дараа хамтдаа продакшн байгуулахаар шийдэж, эхлүүлсэн ажил маань өнөөдрийн “Тоонот” рекордсыг бий болгосон. Бидний бусад продакшнаас ялгарах онцлог төрөл бүрээр уран бүтээлээ туурвидаг хүмүүс нэгдсэн нь юм болов уу.
-O.Z Trip нэрээр реп хийдэг байсан шүү дээ. Хип хоп урсгалаас поп хөгжим рүү ороход юу таныг хөтөлсөн бэ?
-Багаасаа л төрөл бүрийн дуу сонсож, дагаж дуулж өссөн. Тэгж сонсогчийн хувиар явсаар ахлах ангид орсныхоо дараа өөрөө дуу зохиох гэж оролддог болсон. Өөрийнхөө сонсдог шиг сайн хөгжим хийхийг зорьсоор дуу хөгжимд эргэлт буцалтгүй дурласан. Реппер байхдаа поп дуучдад дууны үг, ая зохиож өгдөг байсан юм. Тэгж байгаад энэ жанраар дуу зохиож үзмээр санагдсан. Миний уран бүтээлийг үргэлж сонсож, хамтран ажилладаг “B” продакшны хөгжмийн найруулагч М.Тэмүүжин найзынхаа санал болгосноор өөрөө дуулах поп дуу хийхээр болсон. Энэ төрлийн дуу хийх хүсэл байсан ч зориглож хийдэггүй байсан хүслээ биелүүлсэн л хэрэг.
-Хип хоп болон поп дууны ялгааг хэрхэн мэдэрч байна?
-Сэтгэл татам хэрнээ нийгмийн амьдралыг шүүмжилдэг хурц үгээрээ хип хоп жанр онцлогтой. Үргэлж өөрийгөө баталж байх ёстой салбар юм шиг санагддаг. Дан ганц хурдан үглэдэг байх нь хангалтгүй, тийм ч учраас өөрийгөө энэ чиглэлд бүрэн тэнцэх хүн гэж бодож байгаагүй. Уран бүтээлүүд минь надад ч бүрэн таалагддаггүй байсан. Өөрөө сайн байж чадаагүй учраас амжилттай яваа залуу уран бүтээлчдийг үнэхээр хүндэлдэг, чадлаараа дэмжихийг хүсдэг. Поп, R&B урсгалд аялгуу, хоолойны өнгө болон мэдрэмж чухал. Дуугаа зохиох үйл явц нь ч миний хувьд тун сонирхолтой өнгөрдөг.
-Юу нь тийм сонирхолтой өнгөрдөг юм бэ. Ямар үед уран бүтээл дээрээ хамгийн сайн ажилладаг вэ?
-Мэдрэмжийг үг болгож буулгана гэдэг амаргүй л дээ. Дууныхаа үгийг ихэвчлэн шөнө бичдэг. Заримдаа түгжрэлд, машиндаа санаанд орсон үгсээ марталгүйгээр тэмдэглэж авдаг. Ер нь дуу бичмээр санагдсан өдөр огт өөр эхэлдэг.
-Таны сэтгэлд хамгийн их дурсамж үлдээсэн тайз?
-“Тоонот 21х21” төслөөр эх орныхоо 21 аймагт аялан тоглолт хийсэн. Тайз бүр бидэнд өөр мэдрэмж өгч байсан. Хамгийн сайхан мэдрэмж, догдлолуудыг тэр аялан тоглолтоос мэдэрсэн дээ.
-“Хавтаст хэрэг 2” киноны дууны үгийг та бичсэн юм билээ. Тус уран бүтээлийн талаар яривал?
-Тийм ээ, бодит хэргүүдээс сэдэвлэсэн тун сонирхолтой киноны дууг хийх саналыг Jason тавьсан л даа. Уран бүтээлийг минь амилуулж, сонсогчдод хүргэсэн МУГЖ С.Болд-Эрдэнэ ах, Jason хоёртоо их баярласан. Миний хамгийн хайртай уран бүтээлүүдийн нэг. Мөр бүрийг нь залуустаа зориулж бичсэн.
“Сайн муугаар дүүрэн хорвоо дээр уужим амьсгалж л явах сан
Саатаж мордох энэ амьдралдаа сайныг бодож л амьдрах сан
Ааш араншин олон хүн төрөлхтөнд зөв нэгэнтэй л ханилах сан
Олон аавын хөвгүүд нь хазгай гишгэлгүй алхаасай”
-Аав, ээж тань ямар мэргэжилтэй вэ. Таныг урлагийн чиглэлээр явна гэхэд хэрхэн хүлээж авч байв?
-Аав цэргийн хүн, ээж минь нягтлан мэргэжилтэй. Анх дуучин болно гэхэд тийм ч дуртай байгаагүй, гэхдээ огт үгүйсгээгүй. Үгүйсгэж, урмыг минь мохоогоогүй нь л хамгийн чухал шүү дээ.
-Гэргийдээ зориулж уран бүтээл хийж байв уу?
-“Чам руу” цомогт багтсан “Everytime” гэх дууг гэргийдээ зориулж бичсэн. Мөн өөрөө дуулахаар зохиосон анхны поп дуу учраас надад тун онцгой бүтээл.
-Анхны цомгоо гар дээрээ авсан мөч ямар байсан бэ?
-Анхны цомог тэр чигтээ догдлол юм билээ, нандин байдаг юм билээ. Сайн ч дуу бий, тааруу нь ч байгаа байх. Гэхдээ сэтгэлээ шингээсэн учраас гар дээр ирэх мөч хамгийн сайхан нь байсан. “Тоонот”-ынхонтойгоо хамт цомгоо задалж үзсэн. Бодох төдийд сэтгэл догдлуулдаг үйл явдал.
-Продюсероор ажиллахдаа юун дээр хамгийн их анхаардаг вэ?
-Уран бүтээлчдэд дуу хийж өгөх ер нь хэцүү. Олон жил дуу хийж байгаа хэрнээ одоо ч айдастай байдаг. Надад итгээд уран бүтээлээ даатгаж байхад нь итгэлийг нь алдчихвал хэцүү шүү дээ. Дуучныхаа онцлогийг гаргасан, давуу талыг нь тодруулсан дуу хийж өгөхийг хичээдэг. Өөрийгөө сайн мэддэг учраас өөрийнхөө дуулах дууг зохиох нь хамаагүй амархан байдаг.
-Таныг хамгийн сайн илэрхийлэх уран бүтээл нэрлээч гэвэл аль дуугаа хэлэх вэ, яагаад?
-“Fall in love” дуунаас дуулах урам зориг авсан урчаас намайг илэрхийлэх дуугаар сонгоход буруудахгүй. Миний дуулах арга барилыг тодорхойлох уран бүтээл болсон.
-“Яг түүн шиг” шоуны талаар ярихгүй юу. O.Z-г хүмүүст шинээр таниулах сорилт байв уу?
-Огт харамсахааргүй зүйл байсан, тун сонирхолтой шоу болсон л доо. Өөрийнхөө чадах, чадахгүй зүйлүүдийг мэдэж авсан. Нэвтрүүлгийн санал ирэхэд итгэлгүй байсан ч зориглоод орсон. Олон гайхалтай уран бүтээлчийн дүрд хувирч, тэднийг мэдэрч дуурайх гэж хичээсэн.
-Сонсогчийн хувьд Э.Золбоо чимээгүй, даруу хүн шиг санагддаг юм. Та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?
-Хүмүүс намайг даруухан гэж боддог юм билээ. Үнэндээ тийм ч даруу хүн биш ээ. Анх уулзаж байгаа хүнтэйгээ шууд нээлттэй харилцаж чаддаггүй л дээ. Тодорхой хугацааг хамт өнгөрүүлж, нөхөрлөснийхөө дараа нээлттэй болдог төрлийн хүн. O.Z бол уран бүтээлээ хүргэх ёстой тайзан дээр л гардаг төрх.
-Чамлахааргүй хугацаанд уран бүтээл хийлээ шүү дээ. Энэ хугацаанд ямар уран бүтээлч байхыг хүсэв?
-Уран бүтээлүүдээрээ хүнд дурсамж үлдээхийг л хичээсэн. Амьдралынх нь жаргалтай, гунигтай, завгүй, шархалсан мөчүүдэд миний дуу хамт байж, хань болоосой гэж хүсдэг.
-Хийхийг хүссэн ч хийж чадахгүй байгаа эсвэл гаргах цаг нь арай болоогүй санагддаг дуу бий юү?
-Хийх гээд чадахгүй байгаа уран бүтээл бий. Гэхдээ хийсэн ч “Манайхан ийм дуу сонсдоггүй дээ” гээд цацаагүй нь олон байгаа. Хэдийгээр сонсогчдод өөр мэдрэмж төрүүлэх ч хүрэх хүрээ бага байгаа нь цаг хугацаа, санхүүтэй холбоотой учраас хүмүүст хүргэж чадахгүй л байна.
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |