“Азийн тэнгэр байвал даа Гочоо минь ээ хө
Ааваас бусдыг олно доо Гоогоо минь ээ хө”
хэмээн машиныхаа бүхээгт багтаж ядан дүүхэлзэх сагсуу эр, сумын наадамд зодоглохоор гарсан ч унаж явсан мотоцикл нь эвдэрч, дүүрч явсан ямаагаа алдаж, дээл, бүсээ дугуйныхаа завсар хийж шатаагаад хөглөдөг хэнэггүй эрийн дүрийг та бүхэн санаж байгаа биз ээ. Түүний бүтээсэн дүр ингэж л үзэгч түмний сэтгэлд тодоос тод үлдсэн байдаг. Магадгүй түүний дүрээр л үзэгчид тухайн жүжиг, киног эргэн санаж, ямар ч дүрийг том болгож чаддаг авьяастай жүжигчдийн нэг бол Ж.Дорлигжав буюу Доолио байлаа. Тэр бүтээсэн дүрээрээ төдийгүй таньж мэддэг хүн бүхэндээ инээд хөөр, баяр баясгалан бэлэглэдэг хошин хүн байсан гэдэг. Тэрбээр "Хүний төлөө" кинонд нударга Гэндэн, "Тэнгэрийн муухай арилдаг" Лантуу, "Тууврын замд" Хэнчбиш, "Тэмцлийн оч" Лутаа, "Ингэх гээд байсан юм" жолооч, "Ард Аюуш" хүрднээс хүүхэд олдог эр, "Мөнгөн буйл" Гочоо заан, "Галын урсгал" Нударга Ориг, "Харуул занги" Цэрэнжав занги, "Мандухай цэцэн хатан" дархан, "Бэрсүүт жүрж" Дорлиг, “Соёо” захирал, "Найрын ширээний ууц" Дорж, “Саятан”, "Жас өдөр", "Монголын гурван өдөр" малчин, "Жирийн хүмүүс", "Наймаачин" киноны Дампилын дүрийг бүтээж, кино урлагийн салбарт дүрээ мөнхөлсөн авьяаслаг жүжигчин Ж.Дорлигжав агсны эхнэр Д.Ичинхорлоотой ярилцлаа.
-Таны хань ард түмэнд Доолио нэрээрээ алдаршсан авьяаслаг жүжигчин байлаа. Ханийнх нь жүжигчин болсон замнал юунаас эхлэлтэй вэ?
-Ханийн минь монголын тайз, дэлгэцийн урлагт дүрээ мөнхөлсөн түүх нь декад буюу 1967 онд “Баянхонгор аймгийн Соёл урлагийн 10 хоног”-т Буянбулаг сумаас шалгаран ирж, Н.Ёндонсамбуугийн найруулсан “Хүргэн” жүжгийн болдоггүй Тогмидын дүрд тоглож, авьяас билгээ нээсэн түүхтэй юм билээ. Тухайн үед хань минь цэргээс ирээд удаагүй дэвхийсэн залуу байсан гэдэг. Түүнээс биш хань минь соёл урлагийн сургуульд суралцаж, жүжигчний мэргэжлийг албан ёсоор эзэмшээгүй, дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн байсан. Дээрх арга хэмжээнд амжилттай оролцсоноор аймгийн Соёлын ордны жүжигчин болсон юм шүү дээ.
-Хэдийгээр жүжигчний мэргэжил эзэмшээгүй ч гэлээ хэнээс ч илүү дүрээ гаргачихдаг, уран яруу, тод хэллэгтэй байсан гэдэг?
-Тухайн үед хамт ажиллаж байсан кино урлагийнхан ханийг минь хамт тоглож байгаа хүмүүсээ дагуулаад явчихдаг гэж ярьдаг байсан. Бас ой тогтоолт сайтай. Хэчнээн хуудас текст байсан дор нь л өөрийн болгочихдог. Тэр хэрээрээ дүрээ сайн гаргадаг байсан юм. 30-40 хуудас матеариалыг нэг гүйлгэж хараад л бэлтгэлдээ орчихдог байсан. Ханийн минь ой тогтоолт, авьяас чадварыг тухайн үеийн жүжигчид биширдэг байсан нь үнэн. Хувийн номероо ч сайхан үзүүлчихдэг байлаа. Тийм болохоор ханийн минь тоглосон дүр том, жижиг гэлтгүй сайхан байдаг юм. Ер нь төрөлхийн авьяастай, мундаг хүн байсан. Бас их сайхан уран уншдаг байлаа. Тэр дуу хоолой, дүрд хувирах чадвараараа монголын кино урлагт дархлагдсан жүжигчин дээ.
-Баянхонгорын театрт хэчнээн жил ажилласан бэ. Тухайн үедээ кинонд тоглоогүй байсан болохоор хараахан олны танил болоогүй байсан байх. Хэдэн оноос Улсын драмын эрдмийн театрт шилжиж ирсэн бэ?
-Аймгийн театрт 10-аад жил ажилласан. Бидний залуу нас Баянхонгор аймагт өнгөрсөн. Хань минь аймгийн театрт жүжигчнээр ажиллахаас гадна их сайхан дуулдаг байсан. Кинонд тоглоогүй байсан болохоор хараахан олны танил болоогүй байлаа. 1976 онд Драмын театрт жүжигчнээр ирсэн. Хотод ирмэгцээ найруулагч Д.Жигжид гуайн "Хүний төлөө" кинонд "Нударга Гэндэн" хэмээх жижигхэн дүрд тоглож, кино урлагийн жүжигчин болох замнал нь нээгдсэн юм. Тэр цагаас л кинонд тоглож, олны хайртай жүжигчдийн нэг болсон доо. Их амархан олны танил болсон санагддаг юм.
-Та хоёр хаана, хэрхэн танилцаж байсан бэ?
-Би Баянхонгор аймгийн Өлзийт сумынх. Хань минь Баянбулгийнх. 1962 онд Улаанбаатар хотод ирж, 1966 онд 18 настайдаа танилцаж байлаа. Тэгээд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд гэр бүл болж, тэндээ жил гаруй хугацаанд амьдарч байгаад аймаг руу шилжсэн. Манайх таван хүүхэдтэй, гурав нь аймагт төрсөн. Нэг нь хожуу бурхан болсон.
-Таны ханийг Драмын театраас хөөгдсөн гэх яриа байдаг юм билээ. Юунаас болсон юм бэ?
-“Найрын ширээний ууц” жүжгийн гол дүрд тоглох байсан юм билээ. Хотоос зайдуу нэг албан газарт тоглолт хийж байгаад дуустал ханийг минь хүргэж өгөх унаа олдоогүй гэдэг. Тэгээд хүргэж өгөх унаа хүлээж тайван суусаар байгаад шийтгэл хүлээсэн юм.
-Аавынхаа ажил, мэргэжлийг өвлөсөн хүн бий юү?
-“Шадар гурван цэрэг”, “Инээмтгий хүн” жүжигт тоглож байгаа Булган манай зээ хүү. Хүү минь л өвөөгийнхөө ажил, мэргэжлийг үргэлжлүүлж яваа. Түүний эхнэр нь мөн жүжигчин мэргэжилтэй.
-Ханийхаа бүтээсэн дүрийг дэлгэцээр үзэхэд ямар санагдаж байсан бэ?
-Тухайн үед залуу байсан болохоор ханийгаа ажлаа хийж байна гэж ойлгодог байснаас төдийлөн ач холбогдол өгч үздэггүй байжээ. Урлагийн хүний гэр бүл байна гэдэг их сайхан. Бид тэдний ар гэрийнх нь асуудлыг бүрэн хариуцаж байх үүрэгтэй. Тэр үүргээ дажгүй биелүүлсэн гэж боддог. Манай хүн жилийн дөрвөн улирлын турш кино, жүжгийн ажилдаа ээлжлээд явчихдаг байсан. Цөөхөн хоногт нь л гэртээ байсан даа, хөөрхий. Сүүлийн үед “Ханийн минь тоглосон монгол кинонууд гараасай. Үзэх юм сан” гэж боддог. Түүний минь тоглосон кино телевизээр гарч байх юм бол таньж, мэддэг хүмүүс залгаад хэлэх нь хүртэл сайхан санагддаг болсон байна даа.
-Таныг ханийг хошин шогийн мэдрэмжтэй, хүмүүсийг байнга инээлгэд хүн байсан гэж уншсан. Чухам ямар зан чанартай хүн байсан тухай нь та ярьж өгөөч?
-Манай хүн их нийтэч, илэн далангүй, хүнлэг, хээгүй, авьяастай, мэдрэмжтэй сайхан хүн байсан. Бүтээсэн дүр бүхэн нь гайхамшигтай сайхан шүү дээ. Намайг уурлах гэхээр өөдөөс инээдтэй юм яриад инээлгэчих жишээний. Хүүхэд байхдаа этгээд сонин хүүхэд байсан гэсэн. Тугал, бяруу зүгээр байлгахгүй сүүлдэж л байдаг цаанаа л нэг сахилгагүй хүүхэд байсан гэж ярьдаг юм. Уг нь их инээдэг хүн урт насалдаг юм гэсэн. Уудаг байсан болоод ч тэр үү 51-хэн настайдаа зүрхний өвчнөөр бурхан болчихсон юм. Би ханийгаа гавьяат авч чадаагүйд нь харамсдаг.
-Их алиа хошин зантай гэлээ. Та нэг жишээ хэлж өгөөч?
-Хань минь ханиад хүрээд улаан хамартай явж байхад нь Ардын жүжигчин А.Очирбат гуай таараад “За, Доолио хамар дээрээ гал улаан шүр наачихаад ямар догь явах юм бэ дээ” гэхэд нь “Та ямар их шуналтай болоов дээ. Нүдэндээ хоёрын хоёр оюу шигтгэчихээд хүний ганц шүрийг шохоорхоод байдаг” гэсэн байгаа юм. Энэ онигоог их олон хүн мэддэг юм даа. Бас манайд улсаас хоёр өрөө байр өгсөн юм. Уг нь 3-4 өрөө байр өгнө гэж байгаад түүнийг нь өөр хүнд өгчихсөн юм билээ. Түүнийг мэдсэн мань хүн намайг бэлээхэн нөгөө өрөөндөө байхад “Миний хань аль өрөөндөө байна даа” гэж цаашлуулж байх жишээний.
-Хамгийн сүүлд ямар уран бүтээлд тоглосон бэ?
-“Тууврын замд” киноны Хэнчбиш, “Мөнгөн буйл” киноны Гочоо заан гээд сайхан дүр олон бий. Хамгийн сүүлд дөрөвдүгээр цахилгаан станцын тухай кинонд тоглож байгаад дуусгаж чадалгүй нас барчихсан юм.
-Аав, ээж нь малчин хүмүүс байсан уу. Ардын урлаг, өв, соёлыг тээсэн урлагийн авьяастай хүмүүс байсан болов уу?
-Аав, ээж нь малчин хүмүүс байсан. Ээж нь их сайхан дуулдаг хүн байлаа. Хань минь эцэг, эхээс хоёулаа. Ах нь их сайхан хөгжим тоглодог хүн байсан. Ханиас минь хойшхон бурхан болсон доо.
-Урлагийн хүн гэр бүл байх бахархалтай сайхан гэлээ. Та ханиараа бахархаж байсан үеэ дурсан ярьж өгч болох уу?
“Тууврын замд” киног дэлгэцэнд харахаас нь өмнө гэрийнхэнд нь үзүүлсэн юм. Тэр үед ханийгаа дагаад явж байхдаа би урлагийн хүний гэр бүл гэдгээрээ, ханиараа их бахархаж байснаа санадаг юм. Бас нэг кинонд тоглож, цалингаа авчихаад 800 төгрөгөөр өнгөт телевиз авахаар явж байсан үе санаанаас огт гардаггүй юм. Телевизтэй болсон даруйд ойр хавийнхан цугларч, бөөн шуугиан болж билээ. Даанч хэдхэн хоног гараад эвдэрчихэж билээ. Худалдагч нь бид хоёрыг хулхидчихсан юм шиг байгаа юм.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Би хуульч мэргэжилтэй. ЦЕГ-ын дүн шинжилгээний албанд 10-аад жил ажиллаж байгаад Дотоод хэргийн их сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
-Доолио барилддаг байсан уу. Ямар хоббитой хүн байсан бэ?
-Сумын заан цолтой байсан. Хөдөө тоглолт, кино зураг авалтаар явахдаа янз бүрийн хэлбэртэй хөөрхөн, хөөрхөн мод, чулуу их цуглуулдаг байсан.
-Баянхонгор аймгийн театрыг ханийнх нь нэрэмжит болгосон гэдэг. Та жил бүр аймагтаа очдог уу?
-Баянхонгорынхон жил бүр "Инээдмийн дугараа" наадмыг инээдмийн баяраар зохион байгуулдаг юм. Энэ жил Дэлхийн театрын өдрийг тохиолдуулаад инээдмийн баяраас хэд хоногийн өмнө арга хэмжээгээ зохион байгуулж, шагналаа гардуулж өгчихөөд ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |