• Өнөөдөр 2024-04-25

"Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй"

2020-10-14,   5399

Эрин цагийг, маргаашийг, өнөөдрийг  бүтээлцэж буй уран бүтээлч, урлаг, соёлын зүтгэлтнүүдийг та бүхэнтэй уулзуулах, тэдний зорилго, мөрөөдөл, үйлсийг  танилцуулах “Бүтээгчийн хөрөг” буланд тавтай морилно уу. 

"Бүтээгчийн хөрөг" булангаар бид яруу найрагч, орчуулагч Амарбаатарын Урантогостой та бүхнийг уулзуулж байна. А.Урантогос нь ХУИС-ийг олон улсын харилцаа мэргэжлээр төгсөж, ӨМӨЗО-ны их сургуульд эдийн засгийн чиглэлээр докторантурт сурч байна. Тэрбээр “Өдөр бүхний элегия”, “Гуравдугаар сарын байшин”, “Эрсийн зуун” нэртэй яруу найргийн  түүврээ хэвлүүлсэн.

... Найман жилийн өмнө гарсан хуучин сэтгүүл өмнө минь байна. Их ажлаас, ерөөс ямар нэгэн юмнаас зүрхшээхдээ би ийм нэгэн хуучны дугаарыг нь дэлгээд эргүүлэн харж суух дуртай тэр сэтгүүл. Гэвч энэ удаад сэтгүүлээ  хойш тавьж, товчлууруудаа цохиж сууна. Уулзах бүртээ тэс өөрөөр олж хардаг, таньж нээдэг, тэглээ ч дахиад л асуулт, ямар нэгэн өөр, танихгүй мэт мэдрэмж үлдээчихдэг тэр хүнийг бүтээгч, яруу найрагчийн хувиар  уулзуулахыг хүсэж байна.

Долгисол

Орчуулсан шүлгүүдээсээ үе үе хуваалцдаг хуудастаа “Энэ өдрийн гуниглалд тэнцэх шүлэг олдсонгүй” гэж тэр  бичсэн байлаа. Ямар үед ямар шүлэг, ямар үгс хуваалцмаар байгаагаа бид яг таг мэддэг бил үү. Заримдаа гэнэт л хэн нэгний шүлгийг сандран хайж олоод уншдаг, түүндээ хэсэгтээ автчихдаг ч, заримдаа бид ор тас мартчихсан явдаг. Өөрийнх нь хэлснээр маш зоримог шүлгүүдтэй яруу найрагч эмэгтэйн бүтээлээр бидний яриа эхэлсэн юм.

Би ер нь багаасаа л ном, яруу найраг унших дуртай байлаа. Заримдаа цаг, зав хомс үед ч яаж ийгээд уншина. Хөх хотод амьдарсан он жилүүд минь их уйтай, ганцаардмал. Ийш тийш аялах, эсвэл өрөөндөө байхаас өөр олон сонголт байгаагүй. Тэр үеэс л өөрийнхөө хайртай зүйлийг илэрхийлэх, эрэх, олсон зүйлээ хуваалцах гэж номын дэлгүүр ордог, найз нөхдөөсөө сонссон уран бүтээлчийн бүтээлийг уншдаг байлаа. Гадаад хэл сурна гэдэг дуртай зүйлээ тэр хэлээрээ хайж олох, таних бас нэг боломж юм байна. Би утга зохиолын мэргэжлийн хүн биш. Хятадад ямар уран бүтээлч бүтээлээ туурвиж байна вэ гээд асууя гэлээ ч  хүн байсангүй. Тэгээд л өөрийнхөө дуртай зүйлийг эрж хайж олсон нь, түүнийгээ хуваалцах гэсэн хүсэл минь орчуулгад хөтөлсөн. Сүүлийн нэг жил орчуулгын ажилд төвлөрлөө.

Хэний, ямар шүлгийг орчуулах вэ гэдэг дээр өөрийнхөө олж нээсэн, сэтгэлд оч үсэргэж, долгисол үүсгэж байгаа яруу найрагчдын бүтээлийг өөрийнхөө чадал хүрэхээр сонгож орчуулсан. 1970-аад оноос хойших, Хятадын нийгэм, улс төр, соёл, утга зохиолд зоримог, залуу үе болон хүч түрэн орж ирсэн Манангийн үеийн яруу найрагчдыг түлхүү сонгосон байна. Жишээ нь, Чэндү хотоос гаралтай Жа Ю Мин гээд яруу найрагч эмэгтэй бий. Утга зохиолоос өөр мэргэжилтэй, лабораторид ажилладаг, “Эмэгтэй хүн” гээд бүлэг шүлэг бичсэн нь их нэрд гарсан бүтээлч л дээ. Анх уншчихаад ямар хэцүү үгтэй юм бэ гэж бодож байсан ч орчуулахаар өөрөө урсаад л явчихсан. Яруу найраг гэдэг  нэг эгшин, нэг үйлдэл, нэг төрөгдлөөр түмэн хүнд түмэн өөр мэдрэмж төрүүлэх чадалтай, амь цогоороо бидний сэтгэлийг доргиож, долгисуулж чаддаг. Тэр найрагч эмэгтэйн өөрийг нь бариад байгаа гэр бүлийн уламжлал, нийгмийн хүлээсийг тасар татах гэсэн, утга зохиолоос хахь хол мэргэжлээ давах гэсэн эрчим надад их ойр туссан хэрэг. Бас эмэгтэй хүн гэдэг утгаараа, энэ хорвоод, гэр бүлд, эргэн тойрондоо хандаж буйн хувиар Ши Мөрөн гуайн шүлгүүд намайг их татдаг. Амь халуун хэрнээ давж үл болох нэг гортигтой, түүн дээгүүр нь гарчихвал орхиж чаддаг, явж чадах тийм мэдрэмж төрүүлдэг. Өөрийнхөө өмнө хүчтэй байгаа нь, орхиж чадах хүч, хагацаж чадах хүч байна гэдэг агуу санагддаг.

Бяцхан сууринд хавар ирнэ

Хамгийн анхны шүлгээ санадаг уу гэж би түүнээс асуулаа. Найман настай охины бичсэн хоёр шад шүлгийг тэр одоо ч санадаг. Дараа нь илэрхийлж гаргасан, бичсэн шүлгүүдээ харин мартчихсан гэсэн. Аагим халууны дараа тэсгим хүйтэн өвөл ирдэг, хөдөө сумд өнгөрүүлсэн бага насныхаа дурсамжийг тэр ийн хуваалцсан.

Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд би өссөн. Уйтгартай, нэгэн хэвийн суурингийн амьдрал намайг ном унших дуртай болгосон байх. Сурагч байхдаа бичсэн шүлгүүдийнхээ сэдвийг нэг их санадаггүй юм. Бодвоос сум нутгийн тухай, ээж аавынхаа тухай л байсан биз ээ. Долдугаар ангид байхдаа  бичсэн шүлэг маань нийтлэгдсэн сонины хайчилбар саяхан олж үзсэн чинь “Хэн ч намайг гуниглуулж чадахгүй” гэсэн үгс байсан.  

Говь нутаг зун их халдаг, өвөл  их хүйтэн. Тэр хүйтэн өвлийн дараа эрт хавар ирэх мэдрэмжийг их тод санадаг. Яг л хадгалж хадгалсан даашинзаа гаргаж өмсөх шиг л... Бас  цас ханзрах, нялх ногооны үнэрийг одоо ч санагалзана. Миний шүлэгт говийн эрс тэс уур амьсгал ч, яг зөөлөн тэврэх шиг ирдэг хавар ч байх шиг санагддаг.

Бясалгал ба бүх юм

... Яагаад шүлэг бичдэг вэ гэдэг асуулт яагаад шүлэг уншдаг вэ гэдэгтэй адил сонсогддог, надад. Гэхдээ түүний хувьд яагаад амьдардаг вэ гэсэнтэй л дүйх болов уу.

Шүлэг надад нэг төрлийн бясалгал шиг санагддаг. Өөрийгөө ажиглах, хүлээн зөвшөөрөх, таних, тайвшрах үйл явц учраас.  Хэрэв би шүлэг бичдэггүй байсан бол өчүүхэн, бухимдалтай, ууртай нэгэн байх байсан болов уу. Миний дотор байгаа хүнийг анагаадаг, тэвэрдэг, өөрөөрөө байхыг зөвтгөдөг, хүлээн зөвшөөрдөг, хүлээн зөвшөөрөхүйн ид хавыг мэдрүүлдэг цор ганц зүйл бол яруу найраг. Бичсэн шүлгийг минь хүмүүс ойлгохгүй байхыг зөндөө л харсан.Тиймээс цөөн уншигчтай.

Үнэндээ шүлэг бичихдээ би бусдын тухай нэг их боддоггүй. Бусдад зориулж бичдэггүй гэдэг утгаараа л даа. Эсрэгээрээ, өөрөөрөө байх эрх чөлөөг мэдэрч, ямар ч хамгаалалт, хориг саадгүй, хашилтгүй, элдэв тодорхойлолтгүй цор ганц, үнэнээрээ байж чаддаг, өөртөө л хандаж бичдэг. Хэн гэдгээ мэдрэх ямар билээ дээ? Тайвшрах, салхинд үл цохигдох, төрхөмдөө буцах, ерөөс юунд ч гудайхгүй зэрэгтэй адил мэдрэмж шүү дээ. Хэн гэдгээсээ ичихгүй, шүүхгүй өөрийгөө тунхаглах цор ганц боломж бол миний хувьд яруу найраг болохоор тийм эрхэм, шижир. Нийгмээс, хүмүүсээс ирдэг тулгалт, цохилт, хувь миний мухардал, уналтын үед  дотоод биеийг, хүнийг минь хамгаалж, унагачихалгүй байлгадаг зүйл.

Ерөндөг

...Шүлэг бичиж байхдаа тэр бусдыг боддоггүй гэсэн. Харин шүлгийг нь уншихдаа би өөрийгөө, түүнийг, өрөөлийг боддог. Заримдаа санаа алддаг, ихэнхдээ л хэн нэгэнд тэврүүлсэн мэт болдог. Түүний хэлсэн шиг тулгалт, цохилт, хувь хүний мухардал, уналтын үед аврагч надад гараа сунгасан нь шүлгүүд байсан шиг санагддаг.

Яруу найраг гэдэг миний хувьд эдгэрэл. Гэхдээ хэн нэгнийг эдгээе гэж мэдээж бичихгүй. Шүлэг гэдэг төрмөл. Амьдралын үнэн, хүний үнэн, зовлонгийн үнэн, хайрын үнэнээс л төрдөг гэж би боддог. Тиймээс намайг анагаасан шигээ яг над шиг өвдөж буй нэгнийг анагаачихдаг ерөндөг байх. Тэр ерөндөг гэхдээ бүгдийг эдгээхгүй, таарахгүй ч байж мэднэ.

Зөрчил

... Түүнтэй би ахин дахин танилцдаг. Дөнгөж өчигдөр шүлгийг нь уншсан Урантогос, өнөөдөр миний өмнө суугаа энэ Урантогосоос өөр. Гэхдээ тэр ч, энэ ч бүгд үнэн Урантогос. Надад ингэж санагддаг. Тэр ч бас  ингэж боддог  байх нь.

Би их зөрчилтэй хүн. Магадгүй амьдрал дээрх Урантогос яруу найрагч Урантогосоос хувь илүү дорой, хэцүү.  Гадаад, дотоод хоёр нь ийм зөрчилтэй байхад энэ хоёрыг холбох нэг зүйл хэрэгтэй.  Хэдийгээр бид өөрчлөгдөж, цаг хугацаа явж, юмс хувирсаар байдаг ч миний энэ зөрчил, энэ зөрчлийг багасгах холбоос байсаар л байдаг.

Миний дотор байгаа хүн юутай ч тулахад бэлэн, юунд ч үл гудайхааргүй бол нөгөөх нь айдаг, мэгддэг, барьц алддаг, сайн хүн байх гэж хичээдэг Урантогос.  Энэ хоёрын зөрүү заримдаа ямар их гээч? Сонгино шиг олон хальстай өөрийгөө таних гэж хичээж явахад миний дотор Урантогосын дуу хоолой илүү тод гарч ирдэг. Тэгээд шүлэг бичнэ, тайвширна, амьдралд, өөртөө хайртай болно. Гадаад, дотоод нь нэгдээгүй над шиг хүнд амьдралын буулга заримдаа хүнд тусдаг. Зүрх донсолсон, багтарсан, хань эрсэн, ямар нэгэн юм хоолойд тээглэчихээд амьсгалж чадахгүй шиг, эсвэл халуунд үстэй дээл өмсчихөөд тайлж болохгүй мэт, хүв хүйтэн бороонд хөл нүцгэн, замын голд зогсож байх шиг үед шүлэг бичдэг. Шүлэг бичнэ гэдэг хэн нэгэнд тэврүүлэх, ус залгилах, сэрүүцэх, эсвэл усны гутал өмсөх гэсэн үг. Өөрөө өөрийгөө аварч чадаж байгаа нь тэр. Магадгүй энэ зөрчил арилбал, салхи шуурга шиг энэ үелзэл намдчихвал би шүлэг бичихгүй байх.

Амьдралд хайртай яруу найраг

...Түүний зүрх сэтгэлээс миний зүрх сэтгэл рүү шулуун, дөт хүрдэг, үнэн халуун зүйл юу гэдгийг оноож чадахгүй суулаа. Үнэн үгс нь үү, бүтнээрээ бүхлээрээ  мэдрэгддэг тэр уур амьсгал уу, хэнтэй ч харьцуулшгүй мөнөөх сонин, зөвхөн түүнд л байдаг тэр долгисол уу?

Зөн төрөгдөл, бүтээл хүний оюун ухаанаас түрүүлж явдаг. Чухам яагаад гэдгийг нь мэдэхгүй ч шүлэг биччихдэг. Түүнийг хүмүүс бүү хэл би өөрөө ч хожим ойлгох нь бий. Яруу найргийн гурван түүврээ гаргасан. Тэр түүврүүдэд багтсан шүлгүүд дотор  тэмцсэн, мэгдсэн жаахан охин, уужирч тайвширсан бүсгүй ч бий. Цэг таслалгүй, нэг амьсгаагаар унших ч  шүлгүүд байгаа. Алин нь сайн шүлэг гэдгийг  оноож хэлж чадахгүй ч би бүгдийг нь хүлээн авч, хайрладаг. Түрүүн хэлсэн дээ, миний гадаад хүн, дотоод хүн гэж? Тэгвэл гадаад Урантогос  өдөр бүр үрэгддэг, сүлбүүлдэг, алддаг байлаа ч би түүнийг хайрладаг. Тэр хайр л намайг шүлэг бичүүлдэг байх. Амьдралд хайртайгаас төрсөн шүлгүүд,  яруу найраг.

Хүмүүс ер нь хэн гэдгээ, хаана хүрэхээ бараг л мэддэг, мэдэрдэг гэж би боддог. Санаатай, санаагүй бид бусдыг, өөрсдийгөө  шүүдэг ч, амьдралд хайртай л байдаг. Өөртөө гишгэх газар үлдээхгүй болтлоо цөхөрсөн нэгэнд ч дулаан үг, хайр, тэврэлт хэрэгтэй шүү дээ. Амьдрал, нийгмийн цохилт хэцүү. Гэтэл хүний өөртөө өгсөн цохилт бүр  аймаар. Тийм үед ханьтай гэдгээ, өөрийгөө үгүйсгэлгүй, гишгэлгүй авч үлдэж болно. Шүлэг бичээд ч болов...

Өмнөх асуултын хариуг би олчихлоо. Өмнө минь өөртөө хайртай шигээ өрөөлийг хайрладаг тэр сууж байна. Өөрийнх нь хэлснээр өөр газар очих бүр тайвширдаг, эсвэл үймдэг хэсүүлч тэр бас байна. Гаднаасаа тийм ч амар танигдахгүй тэр... Ийм гүнээс, ийм олон зүйлийн цаанаас хайж зүрхлэхээргүй тэр яруу найрагч...

Дөрвөн жилийн шаналан энд хүрээд эцэслэв

Дөнгөж нэгийг нь туулаад нөгөөд хөл тавив

Энэ хорвоо хэнд ч зориудаар бэлдээгүй

Эцэст нь өөрөө л үзэх тэнгэрийн гүн дэх зураг.

Яагаад гунигтай явааг минь бүү асуу

Яаж өдий хүртэл тэссэндээ би өөрөө ч итгэдэггүй

Тэвчээр алдарч хөл бохирохын цагт

Тэнд ямар нэг зүйл намайг хүлээхийг мэддэг

Хайр дурлалын өмнө сөхрөн цөхрөн үедээ

Хайргүй эрсийн өмнө ч нулимс унагаж үзэхдээ

Хэзээ ч шүлэг шигээ байгаагүй юм аа би

Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй....


"Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-14 22:34:55
    Гэрэлээ: Амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-14 17:57:48
    Sarantsetseg: Urantogostoo amjiltiin deediig hvsiye. Mundag bna. Saihan bna.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-14 12:15:03
    н: ийм гоё ярилцлага ойрд уншсангүй. Найрагч охинд амжилт хүсье ээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188