• Өнөөдөр 2025-11-19

ТАЛЫН МАНХАТТЕН-ЭЭР ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ-III

2025-09-15,   5405

      ...Казахстаны энэ тал нутагт Зөвлөлт гүрний үед сансарын хөлөгийн “Байконур” хэмээх буудал байгуулж тэндээс олон арван Союз хөлөг хөөрч байсныг хүмүүс мэднэ дээ. Манай сансарын ганц нэрт нисэгч маань ч бас тэндээс сансарт анхлан дүүлсэн. Одоо ч сансарын хөлгүүд хөөрсөөр, бас буусаар л байгаа. “Байтерек” цамхагт тэрхүү билэгдлийг Ерөнхийлөгч Назарбаев бас тусгуулсан гэдэг таамаг байдаг аж... 
 
       Энэ өглөө “Байтерек” цамхаг ямар ч асуудалгүйгээр үзэгчдээ хүлээн авч байв. Гуравдахь удаагаа, гуравдахь өдрөө ирэн байж цамхаг руу сая л нэг оров. Цамхагийн тасалбар нь 700 тэнгэ буюу ойролцоогоор хоёр доллар юм. “Сөүл”,”Роппонги”,”Чикаго Уиллис” гээд миний жил гаруйн өмнөхөн аялаж үзсэн Солонгос, Япон, Америкийн хотуудын цамхагийнхтай харьцуулахад долоогоос арав дахин хямд аж. Дээшээ ч доошоо ч хараа алсалж болох бөөрөнхий шилэн орчин гэдгээрээ онцгой юм. Цамхагийн доод  хэсгийг нөгөө л эртний домгийнхтой уялдуулж аварга царс модны үндэс шиг ийш тийш салаалуулж заримд нь уран зургийн бага шиг үзэсгэлэн, далайн  аквариум, үйлчилгээний цэлгэр танхим байрлуулжээ. Тайлбарлагч бүсгүй, “Аварга царсны үндэс нь доод ертөнц, царс мод өөрөө энэ ертөнц, царсны тэнгэрт тэмүүлсэн титэм хэсэг нь дээд ертөнц буюу диваажин...” гэх утга билэгдлээр зохион бүтээгдсэн гэж тайлбарлав. Бид арван хэдэн хүний багтаамжтай хурдны хоёр цахилгаан шатны нэгэнд нь суугаад хоромхон зуур дээш хурдалж нөгөө дээд ертөнцийн алтан өндөг дотор ороод ирэв. Энэхүү домгийн “Алтан өндөг” нь 300 тонн шилэн хийцээс бүрдсэн 22 метрийн диаметртэй бөмбөрцөг аж. Дотор нь бас нэгэн гоё модон бөмбөрцөг байх. Энэ ч бас сонирхолтой үзмэр аж. Тайлбарлагч бүсгүйн ярих нь, энэхүү модон бөмбөрцөгийг казахстанчууд бүх шашинд хүндэтгэлтэй ханддагийн илэрхийлэл болгон бүтээж энд байршуулсан гэнэ. Модон бөмбөрцөгийн төв цэгээс 17 цацраг салаалуулан зормолджээ. “Байтерек” цамхаг ашиглалтад орсны нэг жилийн ойн үеэр дэлхийн шашны 17 томоохон сүм хийдийн төлөөлөгчдийн чуулга хуралдаан Астанад болж, чуулганы төлөөлөгчид “Байтерек”-ийн хөлийн танхимд нэгдсэн мөргөл үйлдэж ном хурсан түүхтэй юм байна. Ингээд шашны зүтгэлтнүүд “Байтерек” цамхагт зочилж, цамхагийг үзэж сонирхоод модон бөмбөрцгийн 17 цацрагт төлөөлөгчдийн 17 тэргүүн нь гарын үсгээ зурж үлдээсэн аж. 
 
      Бөмбөрцгөөс холгүй Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын баруун гарын алганы алтан хэв агуулсан “Аялы алакан” хэмээх үзмэр байна. Казахаас нь үгчлэн орчуулбал “Бүхний төлөөх алга” гэсэн утгатай юм байх. Алтан хэвэнд цутгасан энэ алга, энэ гараараа Эрхэм Ерөнхийлөгч нь казах түмнийхээ төлөө зүтгэн хөдөлмөрлөсөн гэдгийг илэрхийлдэг чухал үзмэр гэж хөтөч бүсгүй тайлбарлаж байна лээ. Казах түмэн нь Ерөнхийлөгчийнхөө алганы энэ алтан хэвд өөрийн алгыг тавьж хүсэл мөрөөдлөө шивнэвэл тэр нь биелэх нигууртай гэж бас итгэн сүсэглэцгээдэг гэх.               
Шилэн бөмбөрцгийн дотроос Астана хот аль ч тал руугаа алган дээр тавьсан юм шиг ойрхон харагдах юм билээ.  Ерөнхийлөгчийн “Ак Орда” өргөө, удахгүй бидний зочлох Парламентын цэнхэр ордон ч энүүхэн дор. Хэдхэн сарын  дараа ашиглалтад оруулна гэцгээж буй Арабын Эмиратын “Буржа Халиф”-ын нэгэн хувилбар болох “Абу Даби Плаза”ч тэрүүхэнтэй тэнгэрт тэмүүлэн өндөрсөж байна. Төв Азидаа хамгийн өндөр барилга болох аж. Арабын шейхүүдийн хөрөнгө санхүүжилтээр бариулж буй гэнэ лээ гэж Баатарчулуун зөвлөх уржигдар бидэнд хот танилцуулж явахдаа ярьж байсан санагдана. Эрхэм Ерөнхийлөгч Н.Назарбаев ийнхүү Астана хотынхоо аль өнгөтэй өөдтэй барилга байгууламжуудыг өөрийн суу заль, өндөр нэр хүндээ ашиглаж байгаад гадныхнаар босгуулчихжээ гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй л болов уу. “Байтерек” цамхагийн зураг төслийг нөгөө л “Хан Шатыр”, “Абу Даби Плаза”, “Энх тайван найрамдлын Пирамид”, “Ерөнхийлөгчийн номын сан” гэх Астанагийн нэрийн хуудас болсон үзэсгэлэнт барилгуудын архитекторч Норман Фостер зохион бүтээсэн юм билээ. Түүний бүтээл болох тэнгэр баганадсан цамхагууд, нисэх онгоцны тохилог буудлууд, гол мөрөн дамнасан үзэсгэлэнт гүүрүүд Лондон, Дубай, Бостон, Хонконг, Берлин, Абу Даби, Франкфурт хотын нэрийн хуудас болон алдаршсаар буй аж. Москва, Санкт-Петрбург, Екатеринбург, Ханты-Мансийск хотод түүний хэд хэдэн бүтээл сүндэрлэж байдаг гэнэлээ.  Английн ажилчин гэр бүлээс гаралтай жирийн энэ архитектор дэлхийг гайхашруулсан өөрийн  бүтээлүүдээ үнэлүүлж Их Британы төрийн дээд шагнал “Рыцарийн алдар одон” хүртэж, мөн Английн Лордын танхимын гишүүнээр сонгогдож, 1999 онд Хатан Хаан Хоёрдугаар Элизабетагаас “Темза мөрний Лорд” хэмээх өндөр нэр хүндтэй цолоор шагнуулж байсан гэдэг. Казахстаны шинэ нийслэлийн бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Норман Фостерт Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Казахстаны төрийн дээд шагнал “Энх тайван, найрамдлын одон” гардуулсан аж. “Байтерек” цамхаг нь Казахстан үндэстний билэг тэмдэг болж мөнгөн тэмдэгт, шуудангийн марк, улс орных бүх сурталчилгаанд байр сууриа баттай эзэлсэн юм байх. Казахстаны Их Хурлын гишүүн асан ангийн даргын маань надад өгсөн бэлэг дурсгалын зэс таваг дээр “Байтерек” бас л ийнхүү байж байв. 
    ... Үдээс хойхонтоо Парламентын цэнхэр ордонд хүрч очив. Гульнара биднийг ордны гадна угтлаа. Гишүүний туслах нь дотор угтаж биднийг үзлэг шалгалт,  харуул хамгаалалтаар оруулж гишүүний өрөө рүү дагуулав. Бүс нутгийн хөгжил, эдийн засгийн шинэчлэлийн хорооны гишүүн Аскар Ермурзаевич Базарбаев гэх депутат биднийг хүлээн авч уулзахаар болсон юм. Тэрээр үүдэндээ нарийн бичигтэй, давхар өрөөнд суудаг юм байна. Өөрийнх нь суудаг бага шиг өрөөний хананд Ерөнхийлөгч Назарбаевын зураг, гишүүний суудаг ширээний арын буланд Казахстаны төрийн далбаа байна лээ. Эрхэм гишүүн Их Хурлын байгууллагынхаа талаар бага шиг танилцуулга хийв. Өтгөн хар кофе, хачир нь болох хар шоколад амтлангаа гишүүний танилцуулгыг сонсож суув. Эдний парламент нь хоёр танхимтай гэнэ. Дээд танхим буюу Сенат нь 49 гишүүнтэй, үүний 15-ыг нь Ерөнхийлөгч томилдог аж. Бусад депутатуудыг муж, томоохон хот бүрээс хоёр төлөөлөл байхаар тооцож тухайн орон нутгийн хурлаас нэр дэвшүүлэн илгээдэг байна. Сенатын гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил гэнэ. Мажалис буюу Доод танхим нь 107 гишүүнтэй, үүнээс 98 гишүүн нь улс төрийн намуудын нэрийн жагсаалтаар буюу тойрогт өрсөлдөж нууц санал хураалтаар таван жилийн хугацаатай  сонгогддог зарчимтай юм байна. Аскар Базарбаев эрхэмийн сонгогдсон зургаадахь удаагийн буюу 2016 оны сонгуульд улс төрийн зургаан нам оролцсоноос эрх баригч “Нур Отан” нам 82,20 хувь, Казахстаны Ардчилсан нам “Ак Жол” 7,18 хувь, Казахстаны ардын коммунист нам 7,14 хувийн санал тус тус авч сонгуулийн хуулиар тогтоосон 7 хувийн босгыг давж ялалт байгуулснаар төр засаг барих эрхтэй болсон аж. Парламентын 107 гишүүний 29 нь эмэгтэй юм. Дээд танхим буюу Сенатын даргыг Ерөнхийлөгч санал болгож Сенатын гишүүд нууц санал хураалтаар баталгаажуулдаг аж. Казахстан бол Ерөнхийлөгчийн засаглалтай тул Парламентынх нь эрх мэдэл манайхаас нилээд ялгаатай гэхээр юм. Аскар Базарбаев гэх энэ эрхэм хоёр дахь удаагаа депутатаар сонгогдон ажиллаж буй аж. Тус Парламентын олонхийн бүлгийг бүрдүүлдэг, эрх баригч нам буюу “Нур Отан” намын бүлгийн Дэд даргын сонгуультай нилээд нөлөө бүхий гишүүн юм байна. Талдыкорган гэх бага шиг хотод төрж өсөөд Алма-Ата нийслэлийн нэгэн үйлдвэрт слесариар ажлын гараагаа эхлэж тэндээ хэдэн жил ажиллаад Казахстаны Политехникийн дээд сургуульд элсэн суралцаж төгссөн гэнэ. Тэгээд л томоохон үйлдвэрийн газарт инженер, дарга даамлын ажил хийж байгаад нам улс төрийн ажилд томилогдсон юм билээ. Тэрээр биднийг Парламентын ордноор дагуулан явж Сенатын болон Мажалисын хуралдааны танхимтай танилцуулав. Парламентынх нь гэрэл зурагчин биднийг дагалдан явж зураг авч байлаа. Ордны гарах хаалга хавьд эдний Парламентын урилгаар зочилсон гадаадын Парламентынхны дурсгасан бэлэг сэлтийн зүйлээр нэг ханыг эрээлжтэл чимчихсэн байв. Том жижиг түмэн юман дунд Монголоо хайлаа, олсонгүй, дагалдаж яваа эрхэм гишүүн болон бусад нөхдийг хүлээлгээд байлтай биш “Дараа хайгаарай, олбол зургийг нь илгээгээрэй” гэж ангийн даргадаа хүсээд “Нур Отан” намын том зургийн өмнө эрхэм гишүүнтэй фото авахуулаад аялалаа энд өндөрлөв. Ордноос гараад Гульнартай хамт Назарбаев Ерөнхийлөгчийн ордон руу алхацгаав. Хажууханд нь зургаа авахуулчих санаатай. Дөхөж явтал хамгаалалтынх нь ажилтнууд гүйгээд ирлээ. Гульнар хатагтай үнэмлэхээ үзүүлж монгол анддаа “Ак Орда” ордонг ойроос харуулчих гэсэн юм аа гэж учирлаж байв. Хамгаалалтынхан нь үүнээс цааш алхуулах боломжгүй гэцгээв. Ингээд ангийн даргатайгаа тэрүүхэнд зогсож харуул хамгаалалтын тэр ажилтнаар нь зургаа даруулчихаад буцлаа. Эднийхэн энэ ордоноо “Ак Орда” хэмээн нэрлэж бичих юм билээ. “Ак ” гэдэг нь казакаар цагаан гэсэн үг юм билээ. “Орда” гэдэг нь манай орд, өргөө гэдгээс л гаралтай нэг язгуурын үг. Ингээд бодохоор казахууд Назарбаев Ерөнхийлөгчийн ордноо казахаараа “Цагаан орд” гэдэг байх нь.“Ак Орда”  нэр нь казахаар бас ч гэж гүн агуулга, билэгдэлтэй, “Цэнхэр тэнгэрийн доорх цагаан од” гэх утга буудаг гэнэ. Үнэхээр л  тэнгэрийн өнгөт цэнхэр бунхан дээрээ залсан цагаан гантиган ордон юм Назарбаевын ордон нь. 
              
             “Ак Орда” ордноо эрхэм Ерөнхийлөгч Назарбаев бас л гадны тэргүүлэх архитекторуудаар зураг төслийг нь гаргуулж бариулсан юм билээ. Бас л гэхийн учир нь дээр нэгэнтээ миний үзэж харсан, танилцсан энэ Астана хотын нүүр царай болсон “Хан Шатыр”, “Хазрет Султан” сүм гэх мэтийн зураг төсөл, бүтээн байгуулалтыг Ази, Европ, Америкийн нэрд гарсан архитекторууд, барилгын топ компаниудаар Эрхэм Ерөнхийлөгч нь санаачлаад бариулчихсаныг нь нэгэнтээ дээр би дурдсан даа. Ерөнхийлөгчийн “Ак Орда” өргөөг барьж байгуулахад 26 орны тэргүүлэх мэргэжилтэн, барилгачид оролцсон түүхтэй аж. Сая бидний үзэж танилцаад гарч ирсэн Парламентын ордныг гэхэд л Саудын арабын буцалтгүй тусламжийн нэг тэр бум орчим долларын хөрөнгөөр Турк, Казахстаны барилгын компани хамтран барьж 2005 онд ашиглалтад оруулсан гэх юм билээ. Ер нь Ерөнхийлөгч Назарбаев өөрийн нүүлгэж ирсэн энэ нийслэлээ манайхны Булангийн орнууд гэх баян чинээлэг Арабууд, мөн Турк болон Европын зарим  орнуудын тус дэмийг авч байгаад байгуулчихаж байх шиг. Бидний өмнө нь зогсоод зураг даруулж буй Ерөнхийлөгчийн энэхүү “Ак Орда” өргөө нь доороо хоёр давхар, дээрээ таван давхар, гаднах фасад нь италийн цагаан гантигаар хулдсан, дээрх цэнхэр бунхант хэсэг нь 12 метр, нийтдээ 80 метр өндөртэй тансаг ордон юм. Энэ ордондоо Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 15 жил ээлж халаагүй ажиллаж амьдарч буй түүхтэй аж. Ерөнхийлөгчийн өргөөтэй гаднаас нь ийн танилцчихаад хатагтай Гульнар биднийг оройн зоогт урьж бид бага шиг ресторанд орцгоолоо. Тэнд орчихоод ойр зуурыг ярьж сууцгаатал миний и-мэйлд Парламентын ордонд хийсэн бидний аялалын зургууд ороод ирлээ. Хоолны ч, ярианы ч хачир юм даа эднүүд...  
 
Парламентын гишүүн Аскар Базарбаев, экс депутат Сейтмаганбетова Гульнартай чуулганы танхимд 
 
          Оройхондоо Каир нисэхээр Нурсултан Назарбаевын нэрэмжит онгоцны буудал руу давхицгаав. Бөглөө түгжрэл гэж энэ Астанад байхгүй болохоор хорь шахам км замыг хорин минут хүрэхгүй л туулцгаав. Цаг зав, эдийн засаг талдаа ч хэмнэлттэй. Ер нь Астанагийн хот байгуулалтын сайн жишиг дэлхийд өндөр үнэлэгдэх болоод буй. Өнгөрсөн жилийнх нь статистик мэдээллээс харахад Астана 1.078 мянган хүн амтай, 295 мянган машинтай юм байна. Астана шиг сая гаруй хүн амтай манай нийслэлийн машин тэрэг нь эднийхийг дахин нэг нугалчихаад буй болохоор замын түгжрэл, тэр тав зургаан зуун мянган сарампайны утаа угаар бүр их байх нь ч аргагүй дээ гэх бодол замд төрж байв. Астана гэх Азийн энэ хот дэлхийн хамгийн үзэсгэлэнт нийслэлээр нэрлэгдэж ЮНЕСКО-гийн медаль хүртэж “Энх тайваны хот” хэмээх хүндэт цолын эзэн болоод буй юм билээ. Акмола хэмээх бага шиг хотод нүүн ирж буурь сэлгэсэн Казахстаны нийслэл ийнхүү хөгжин цэцэглэж дэлхийн чихийг дэлдийлгээд байна. Эртний нийслэл Хар Хорум хотдоо буурь сэлгэх тухай олон жилийн өмнөөс ярьж хэлцэж байсан бидний нийслэл Улаанбаатар маань амьтан хүн амьдрах аргагүй болтол агаар усны бохирдолд автан багтарч, ард иргэд маань машин тэргэндээ хонох нь холгүй түгжирч, үүнээс үүдсэн хэрүүл уруул гудамж талбайгаар л  дүүрэн байна даа.
       Нийслэл нүүлгэх тухай яриа мөрөөдөл Элбэгээ Ерөнхийлөгчтэйгээ хамт завсарлага авчих шиг... Нийслэлээ нүүлгэж амжилтад хүрсэн улс орны сайхан жишээ дэлхийд бишгүй л байдаг аж. Миний аялаад ирсэн энэ Астана түүний ойрын л нэг үлгэр загвар юм даа. Ийм л бодол тээсээр Нурсултан Назарбаевын нэрэмжит онгоцны буудал руу оров. Ард түмнийхээ өмнө гавъяа байгуулсан энэ эзэнтэн өөрийн нэрээр олон ч юмыг нэршүүлэх буй заа. Хийсэн бүтээсэн юмтай хүнийг ард түмэн ч, түүх ч үнэлдэг байх.

ТАЛЫН МАНХАТТЕН-ЭЭР ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ-III
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188