• Өнөөдөр 2024-04-24

Мангасын амны “хар хумст” ажил олгогч болжээ

2020-10-12,   19715

ГУТАЛЧИН БОЛСОН НЬ

Гудамжинд согтож унасан, уранхай, ноорхой хувцастай нэгэнтэй та бишгүй л таараа байлгүй. Тэр хэн болох, юу хийж байсан, яагаад ингэж явах болов гэдгийг мэдэхийг бид хүсдэг бил үү. Х.Оюун-Эрдэнэ тэдний, өөрөөр хэлбэл гудамжинд архи уун амьдрагсдын нэг байсан юм. Цасаар шуурсан хүйтэн өдөр таних хүнгүй, халаасандаа сохор зоос ч үгүй тэрбээр хаана ирснээ ч мэдэхгүй Орхон аймагт хөл тавьж байсан гэдэг. Х.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул.

1992 онд наймдугаар анги төгсөж, Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн ч ороо бусгаа цаг байсан тул юун ажил олдох манатай. Нутгийнхаа ахынд амьдарч арга буюу Хүнсний 20-ийн ойролцоо хийжүүлсэн ундаа зарах болжээ. Хажууд нь аав, хүү хоёр гутал тосолно. Аав нь гутал тосолж олсон мөнгөөрөө архи ууж, согтохоор хүү нь үргэлжлүүлэн тослох ч олсон хэдээ кинонд зориулна. Хүүг кино үзэх хооронд гутлын тос, бас бус зүйлийг нь харж үлдсэн түүн дээр гутлаа тослуулах гэсэн хүмүүс ирж хоёр цагийн дотор өдрийн орлогоо олох болсон тул гутал тослохоор шийдсэн аж.

“Долоо хоног гутал тослоод Дэнжийн мянгын захаас өөрий гөө бүрэн хувцаслачихдаг байсан. Улаанбаатар хотын гудамжинд 5, 6 жил гутал тосолсондоо би харамсдаггүй. Харин ч миний амьдралын мартагдашгүй он жилүүд. Өдий зэрэгтэй амьдрах эхлэл болсон” хэмээн тэрбээр дурссан. Урагдсан гутлыг оёх санаа төрснөөр нэг см нь төдөн төгрөг гэх анхны үнэлгээг гаргаж, гутлын элэгдсэн өсгийнд тах хадаж, ойр зуурын засвар, оёдол хийсээр гуталчин болжээ.

“ХАР ХУМСТ”

Арьс, ширний үйлдвэрийн манаач танил нь Х.Оюун-Эрдэнэд үлдэгдэл будаг өгснөөр савхи будаж эхэлжээ. Хүнсний 20-ийнхон түүнийг “Хар хумст” гэнэ. Савхи будахдаа бээлий өмсдөггүйгээс гарынх нь будаг арилахаа больсон тул ийм хочтой болсон аж. Овоо хэдэн төгрөг олох ч ээжээсээ хол, ганц бие залуу архинд мөнгөө зориулах болжээ. Гутал тослогч олон болж, хотын төвд гутал тослох, савхи будахыг хориглосноор орлого нь эрс муудсан тул тэрбээр Сэлэнгэ аймагт очжээ.

Ажлаа бүтээгээд хот руу буцах замдаа хамт архи ууж явсан шинэхэн танил нь түүнийг Эрдэнэтэд оросууд их учир очиж савхи будахыг зөвлөхөд таньж, мэдэхгүй газар хэмээн татгалзсан байна. Согтож унасан түүнийг замын танил нь галт тэргэнд суулгаснаар тэрбээр огт хөл тавьж үзээгүй Эрдэнэтэд ирсэн байв. Зах дээр савхи будахад эхний өдөр орлого тааруухан байсан ч хоёр дахь өдрөөс нь оросууд савхи тэврэн ирэх болжээ.

ШИДЭТ ГАР

Ийн Эрдэнэтэд амьдрах болсон тэрбээр урт үсээ үсчнээр сүлжүүлнэ. Өдөртөө л задарчихдаг байсан үс нь хөдөөнөөс ирсэн бололтой дагалдан үсчин бүсгүйгээр сүлжүүлэхэд гурав хоногтоо яах ч үгүй. Гар нь жирийн биш, шидтэй санагдах түүнтэй болзож, эхнэрээ болгожээ. Тэд үсчний салон, гутал засварын байртай болохыг мөрөөдөн Эрдэнэтийн гудамжаар хэдэн удаа өөд уруу алхсаныг тэр хоёроос өөр хэн ч мэдэхгүй.

2000 онд анхны хүүхдээ өлгийдөн авч, Амарбаяр гэдэг нэр хайрласан нь өдгөө 13 настай. Гэвч Х.Оюун-Эрдэнэ тэр үед архи уух нь улам ихэссэн аж. “Чи архинд орж байна шүү” гэх хүмүүсийн үгийг үл тоон “Би өөрийгөө мэдэж байна. Архийг хүссэн үедээ уухгүй байж чадна” гэж хариу барина. Цаг хугацаа өнгөрөх бүр тэрбээр архинаас хамааралтай болж, барьсан тавьснаа мэдэхгүй болох нь тэр. Эхнэрээсээ зугтаж хүртэл ууна. Аргаа барсан эхнэр нь түүнээс салахад Х.Оюун-Эрдэнэ хүүгээ Хөвсгөлд ээждээ хүргэж өгөөд Өвөрхангай аймагт очин гутал загнаж, Өлтийн хөндийд алт хайж хүртэл үзжээ. “Алт гэдэг чинь гэдэс өлсгөдөггүй, гэрт хариулдаггүй юм билээ. Гэр рүүгээ буцаж чадалгүй, хорвоогоос буцагчид тэнд даанч олон байсан” хэмээн тэрбээр өгүүлэв.

“МАНГАСЫН АМ”

Х.Оюун-Эрдэнийг 2003 онд хотод ирэхэд найз нөхөд нь хүн гэж тоогоогүй тул очих газар байсангүй. Зуун айлын “Батхүлэг” авто сургуулийн арын траншейнд ах, дүү хоёртой хамт амьдрах болжээ. Хоол унд хийдэг, бүр усанд ордог траншей хүртэл байсан гэнэ. “Нарантуул захын баруун талд байх “Цогт тайж” дэлгүүр олон хүнийг архинд оруулсан газар даа. Бид сүүлдээ 650 төгрөгийн архинд согтохоо больж, 300 төгрөгийн үнэтэй 100 граммын шилтэй техникийн спирт уудаг боллоо. Яваандаа шил, толь угаадаг өмхий спиртэд орж, хорвоогоос одох зам руу зүглэнэ. Үхсэн хүний гэр бүл, хаягийг нь тогтоох гэж гурав хоног үзээд, болохгүй бол булдаг байсан. Хөшөөний чулуу гэж байхгүй, бөөнөөр нь булна. Олон хүн миний нүдэн дээр үхэж байсан учраас намайг ийм л хувь тавилан хүлээж байгаа гэж боддог байлаа. Архинаас гарах ёстой гэж бодсон хэрнээ л ууна. “Нарантуул” захын хойд талыг бид “Мангасын ам” гэж нэрлэдэг байсан. Одоогийнхоор бол хойд талынх нь хаалга. Тэнд 100 төгрөгт гурван ширхэг ирдэг нохойн махан хуушуур зардаг. АПУ-гийн эргэгддэг бөглөөтэй шил түүж, ширхгийг нь 120 төгрөгөөр зарна. Таван шил олоход л спирт, хуушуур, тамхи авчихдаг, зорилгогүй амьдралаар би багагүй хугацаанд амьдарсан. Архи уухаараа арслан, бар шиг болно. Архи гарахаас шар тайлах хүртэлх цаг хугацаа энэ хорвоогийн хамгийн хэцүү үе. Хэнийг ч хайрлах, бодох сөхөөгүй. Юун ээж, дүү нар, эхнэр, хүүхэд… Зөвхөн ямар нэг аргаар шараа тайлах юм сан л гэж бодно. Шараа тайлахад хувцас нь цоорхой, ясан хэдрэг болтлоо турчихсан, идээ бээрэндээ баригдчихсан байсан ч өөрийгөө хамгийн жаргалтайгаар боддог. Уусныхаа дараа харамсана. Даанч яав даа, эхнэрээсээ салчихсан, настай ээждээ хүүгээ үлдээгээд нэг ч удаа очоогүй, хэрэггүй амьтан юм даа гэж. Архи уух бол өвчин. Хүмүүс “Оюун-Эрдэнэ муудаа уугаад байна” гэж адалдаг. “Ингэж амьдрахаар үхэж далд ороосой” гэж хараадаг. Өвчнөө намдаахын тулд эм уудаг шиг архи уудаг гэдгийг ойлгодоггүй” хэмээн ярьсан нь тамын тэр амьдралыг туулсныг илтгэнэ.

Нэг удаа ууж, бусад үед шараа тайлсаар архичин болдог гэдэг. Архиа уун шараа тайлж, шараа тайлсан архиндаа согтож, гарахад нь дахин шараа тайлсан үхлийн тойрог шиг амьдрал хэмээн Х.Оюун-Эрдэнэ тодотгосон. Траншейнд орвол амьдрал дуусна гэдэг ойлголт хүн бүрийн сэтгэхүйд байдаг. Гэвч тэнд ч мөн хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, хүний амьдрал үргэлжилж байдаг юм билээ.

Нөхөр нь архи ууж, амьдралаа алдаж яваа тухай хэл чихэнд нь хүрснээр Д.Цэвээндулам 2005 онд түүнийг намаг балчигаас нь олж авчээ. Эхнэрийнхээ энэ сэтгэлийг хар усаар хариулахгүйг хичээн тэрбээр архинаас гарахаар шийдэв. “Архинаас гарах хэцүү. Өөрөө хүсэж, ойр дотнынхон нь дэмжихгүй юм бол хорьж цагдаад архинаас гарахгүй. Архи сэтгэхүйд нь хэдэн жил, сараар оршчихсон, хадгалагдчихсан учраас бие махбодь нэхдэг. Архинаас гарахаар шийдсэний дараах хоёр сард ингэж байхаар үхье гэж боддог байлаа. Юунаас ч юм мэдэхгүй айж, зүрх хүртэл хэн нэгэн барьчихсан аятай цохилж чадахгүй байх шиг санагддаг гээч. Гол нь архины орон зайг нөхөх хэрэгтэй. Архийг мартахын тулд би бясалгал хийж, ном, сонин уншиж, өдрийн тэмдэглэл хөтөлсөн. Эхнэр маань намайг ойлгож, уучилж, хамтдаа хичээсэн учраас би архи, тамхинаас гарч, 2011 онд Удвалдэлгэрэх гэдэг охинтой болсон. Жилийн дараа траншейнд хамт амьдарч байсан ах, дүү хоёр нас барсан дуулдсан. Би тэр үед архинаас гараагүй бол намайг ч мөн тийм хувь тавилан хүлээж байсан” гэж ярихыг нь сонсоход “Би тэднийг архинаас гаргасан бол…” гэсэн харуусал илрэх шиг санагдав.

БАЛАЙ ХҮН

Архинаас гарсан хавраа 17 мянган төгрөгөөр гутлын материал авч, гал тогооныхоо ширээг тавиад “Хангайн бүс” худалдааны төвийн үүдэнд гутал засаж эхэлжээ. Анхны өдрөө 10 мянган төгрөгийн орлого олж, баярласандаа гэртээ хашхирч орсон гэнэ. “Цуглуулсан мөнгөөрөө 21 инчийн өнгөт зурагт авч, бахиар чихийг нь эргүүлдэг хятад хар зурагтаа сольсон. Дараа нь подваль түрээслэн гутал засварын байртай болсон. Удалгүй нойлын өрөө авч, өөрийн гэсэн орох оронтой ч боллоо. 2007 онд нойлын өрөөгөө хоёр өрөө болгож, эхнэртээ үсчний газар түрээсэлж өгч мөрөөдлөө биелүүлсэн. Дараа жил нь үсчин, гоо сайхны салоныг тоног төхөөрөмжтэй нь худалдан авч, эхнэр маань “Оюу” салоноо ажиллуулж эхэлсэн. Харин одоогоос гурван жилийн өмнө гутал засварынхаа өрөөг сунган, салон болгож машин, тоног төхөөрөмж авлаа. Подвальд гутал засвар ажиллуулахад хүмүүс мэддэггүй учраас ордоггүй. Би хүмүүсийн анхаарлыг татахын тулд комиссын дэлгүүрээс авсан цагаан цамцаа өмсөөд гудамжинд “Хүмүүс ээ, гутлаа засуулаарай” гэж дуулж, бүжиглэдэг байлаа шүү дээ” гэж ярихад нүдэнд нь үл мэдэг инээмсэглэл тодорч харагдсан. Тэр их яаруу хүн шиг санагдсан. Салхинд туугдаж байгаа аятай хурдан ярина. Магадгүй алдсан хугацаагаа нөхөхийн тулд яарч амьдардаг юм болов уу. Гэсэн атлаа сэтгэл хөдлөл нь тэр бүр илрээд байхгүй. Гудамжинд өглөө бүр дуулж, бүжиглэх түүнийг харсан хүмүүс балай гэж боддог байсан гэнэ лээ. Гуталчин хүн яагаад цагаан цамцтай байж болохгүй гэж, тэр нь тэгээд хиртэй байх ёсгүй хэмээн тэрбээр өдөр бүр цамцаа угаана.

ҮХЛИЙГ СОНГОХ ЗОРИГ

Тэрбээр өлсөхийг, зодуулахыг, юу ч үгүй байхыг мэднэ. Харин хүүгээ өөр шигээ алдаа гаргуулахгүйн тулд юу гэж захидгийг сонирхоход “Амьдрал бол ерөөсөө хат. Хүн зовох тусмаа, ялангуяа эрэгтэй хүн хатууждаг юм. Би хөнжил нөмөрч үзээгүй 16 нас хүрсэн. Ээ дээ, зовлон л хүнийг хүн болгодог. Хүүгээ багаас нь амьдрал үзүүлэх гэж Хөх хотод сургаж байна. Донтвол хөдөлмөрт л донтоорой гэж захидаг” гэв.

Харин хэзээ нэгэн цагт архи уух эсэхийг асуухад “Би эргээд уух вий гэж айж амьдардаг. Хэчнээн сайн явсан ч хүнийг үргэлж буруу зүйл дагаж явдаг. Энэ яваа насандаа архи уухгүй, тамхи татахгүй гэж өөртөө байнга сануулдаг. Ууланд төөрөөд хөлдөж үхэх гээд явж байна гэж бодъё. Гэтэл цасан доороос нэг шил архи цухуйж байна. Уувал амьд гарах боломжтой. Ийм үе тохиолдлоо гэхэд би архийг биш, үхлийг сонгох юм шүү гэж өөртөө үргэлж сануулдаг. Би архи уух эрхгүй, алдах юмтай хүн. Ажилчид маань ажилгүй болж, амьдрал нь хэцүүднэ” хэмээн хариулсан.

“АРАВТ” БРЭНДИЙГ АЛДАРШУУЛАХ МӨРӨӨДӨЛ

Х.Оюун-Эрдэнийг Эрдэнэтийнхэн андахгүй. “Наалдан пад” гутлын салоны захирал, “Аравт” нэртэй арьс ширэн эдлэлийн цехтэй, Эрдэнэтийн “Шинэ мэдээ” сонины “Гуталчин ингэж хэлэв” буланд богино хэмжээний өгүүлэл бичдэг. Хорих ангид хүмүүжигчдэд архи, тамхины, оюутан, сурагчдад зан чанарын тухай ярьж өгдөг. “Би мундагтаа биш, зүгээр л амьдралдаа мэдэрсэн зүйлээ ярьдаг” хэмээн тэрбээр хэлсэн. Яг л түүнийг Эрдэнэтэд анх хөл тавьсан шиг цас орсон өдөр бид уулзсан юм. Эрдэнэт хотын гуравдугаар хорооллын 22 дугаар байрны подвальд байрлах “Наалдан пад” салондоо товлосон цагтаа намайг хүлээж байлаа. Үүдээр нь ороход шилэн хоргонд “Аравт” хэмээх бичигтэй гутал, цүнх, түрийвч, тэлээ, нурууны бүс байсан нь түүний бүтээл аж. Охиноо Харвардад сургаж, 21 аймагт гутал засварынхаа салбарыг нээж, гутлын засварчин бэлтгэх сургуультай болж, дэлхийн хэмжээнд танигдахуйц “Аравт” арьсан эдлэлийн брэндийг бий болгох нь түүний мөрөөдөл. Удахгүй сургалтын анги танхимаа бэлтгэж, Хөдөлмөрийн яамнаас зөвшөөрөл хүсэх гэнэ. Харин эхнэр нь “Оюу” үсчин, гоо сайхны салонтой бол, ээж нь түргэн хоолны газар ажиллуулдаг. Х.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Анх гэрээсээ гарснаасаа хойш хэдэн жилийн дараа буцаж очсон бэ?

-Дөрвөн жилийн дараа очсон. Сумын төвөөс 17 км-т байх гэр рүүгээ яаран чарган дээр гурил будаа чирээд явтал цасаар шуурлаа. Гэтэл ээж минь хүүгээ ирж явааг сонсоод хүний морь гуйж унаад тоссон. Дөрвөн жил уулзаагүй эх, хүү хоёр цасан шуурганаар тэврэлдэж уулзсан даа. Мориноосоо буухад ид өвлийн хүйтнээр ээжийн минь өмд урагдчихсан, хөл нь цухуйж байсан нь одоо ч нүдэнд харагддаг. “Ээж нь хүүдээ юм авсан” гээд өврөө ухсан чинь цайны печень. (Хэсэг чимээгүй болов). Үр хүүхдээ сайн яваасай гэж залбирдаг ээжийнхээ хүслийг одоо л биелүүлэх гэж байна даа, би.

-Та баян хүн үү?

-Би мөнгөөр биш сэтгэлээр баян хүн. Бусад хүнийг тэтгэж, тэнхрүүлж, сэтгэлийн дэм өгч чадах хүнийг баян гэж боддог. Түүнээс биш дансандаа мөнгөтэй, хэдэн давхар байшинтай, хар жийптэй хүн баян биш.

-Мөнгө зээлэх гэсэн хүмүүс тань дээр ирдэг үү?

-Ирнэ ээ. Би хүнд мөнгө өгдөг, хэзээ ч зээлдэггүй. “Энэ мөнгийг ав, битгий эргүүлж өгөөрэй” гэж хэлдэг. Хэрэв зээлбэл бидний хооронд өрийн холбоос үүснэ. Хүний нандин чанарыг өр устгадаг. Ер нь хүнээс мөнгө нэхдэг, гуйдаг бол маш том хүчирхийлэл. Хэрэв та боломжтой бол тэр мөнгийг зүгээр өгчих, битгий зээл. Зээлж болох ч итгэл, нандин харилцаа үгүй болдог.

-Архи хамт уудаг байсан найз нөхөд тань одоо танаас тусламж хүсдэг үү?

-Олонх нь бурхны орон руу явсан. Хоёр, гурван найздаа байр түрээслэн, ярих утас, өмсөх хувцас, идэх хоол хүнсийг нь авч өгсөн ч хэсэг хугацаанд сайхан амьдраад сүүлдээ надаас зугтаж, буцаад архинд орсон.

-Амьдралыг хүн бүр л өөрийнхөөрөө үнэлж, дүгнэдэг. Зарим нь нэг л амьдрах юм чинь хэмээхэд, нөгөө нь хэзээ ч үхэхгүй мэт амьдардаг. Харин таны хувьд амьдрал гэж юу вэ?

-Амьдрал их ойлгомжтой, богинохон шүү дээ. Нүцгэн ирээд нүцгэн буцна. Дахиж төрөхгүй. Алдсан цаг хугацааг хэн ч эргүүлж чадахгүй, дурсамж болоод үлдэнэ. Өнөөдөр бол миний үлдсэн амьдралын эхний өдөр гэж бодон өнөөдрөөрөө амьдрах хэрэгтэй.


Мангасын амны “хар хумст” ажил олгогч болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188