• Өнөөдөр 2026-10-30

ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН

2026-10-30,   78

           Зургадугаар сарын өглөөний нар мандлаа. Аав, дүү, бид гурав Модон овоон дээр зогсож байлаа. Тэр үед дүү маань таван настай жаал хүү байв. Зэгстэй гол, Савын бүрд, Дулаан хайрхны бэлээр адуу, үхэр наранд алтран харагдана. Хун шувууд ганганан нисэж, тойром бүрдүүд мандаж, зэгсний найгах чимээ тод тодоос ер бусын хөгжимлөг сонсогдож байв. Бид өглөө эртлэн уулан дээр гарсны учир нь нэг гүү унагалах дөхсөн тул адуугаа харахаар явж буй нь энэ л дээ. Гэрээс гарахад төлийн дуу цангинаж, хоточ банхар хаяанд нойрмоглон үлдсэн юм. Тэр үед надад "Энэ бүхнийг бичих номын хүн болно доо" гэх бодол зурас хийн орж билээ. Аав, ээж хоёр маань хэдий малчин ч гэлээ сонин байнга захиалж уншина. Мөн бид оройн хоолоо идчихээд ширээ тойрон суугаад Ш.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” хэмээх шар хавтастай номыг уншдаг байсан нь сэтгэлээс ер гардаггүй юм. 

           Аав Модон овоо дээрээс ийш тийш дурандан хэсэг суулаа. Дүү минь номхон алаг дааган дээрээ эмээлийнхээ араар суугаад нойрмоглон байв. Алсын алсад дуран сунгаад ширтэж суутал адуу маань Сүвээгийн баруун захад налайн харагдлаа. Бид тоос татуулан, чулуу бутартал давхилаа. Морь унаж сурснаасаа хойш анх удаа ийн давхих дүү минь эмээл дээрээ дэнжигнэн харагдана. Биднийг адуун дээрээ очиход хээр алаг гүү дөнгөж унагалсан байв. Эхийнхээ хэвлийгээс унасан зүс нь үл мэдэгдэх унага гадуураа хальсан бүрхүүлтэй газар тийчигнэн байх нь мөн ч өхөөрдмөөр. Хээр алаг гүү унагаа долоож дуусахад зээрд зүстэй унага анх удаа дуугаа хадаан янцгааж билээ. Бид адуугаа тойрч яваад ирэхэд унага хэдийнэ эхийнхээ сүүг амталжээ. Хөл дээрээ дэнжигнэх унагыг хараад дүүгийн минь сэтгэл хөөрсөн бололтой. Гэр лүүгээ нүүр дүүрэн баясгалантай гэгч шогшино. Дүү гэртээ ороод л хоол эргүүлж эхлэв. Аяга дүүрэн цайнд ааруул дүрж идэхэд ээж “Миний хүү сайн ид. Өглөө эрт боссон. Нойр нь хүрч байвал эргээд унт” хэмээн дүүг өхөөрдөв. Гэтэл дүү “Ээжийн чанасан цай мөн ч сайхан юм” хэмээн эгээл том хүн шиг оочлон сууж байсан сан. Нээрээ ч ээжийн чанасан цай мөн ч сайхан шүү. Ээждээ очиж, сайхан цайг нь оочлон уух сан.

 

 


ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188