Увсын цэнхэр хязгаарт цас ханзарч, хавар болжээ. Цавчим өндөр хадтай, мөнх цаст Хархираа уул алсаас дүнхийж, ачаатай хэдэн тэмээ хөтөлсөн эмэгтэй уулсын хаяанд зэрэглээтэн харагдана. Хаврын урь орсон энэ цагт малчид бууц сэлгэн, усны тунгалаг, өвсний соргогт хүрэхээр нүүдэллэж явдаг нь энэ. Ачаа тэнг нь тэнцүүлсэн тэмээн жингийн цувааны эхний тэмээнд монгол гэрийн хана, дээвэр, туургыг, хоёр дахь тэмээнд унь, тооно, авдар сав тэргүүтнээ ачсан нь нүүдлийн бараа наашлах тусам улам бүр тодорч байлаа. Сүүлийн гурван тэмээндээ гэрийн эд хогшлоо тэнцүүлэн ачиж, залуухан эмэгтэй хөтөлжээ.
Тэмээн жингийн цувааг дагуулаад, ачаагүй хэдэн тэмээ хөтөлснийг харахад хол газар нүүж яваа айл бололтой. Тэдний араас эзэндээ хань бараа болж яваа хоёр, гурван хоточ нохой нүүдэл даган шогшуулна. Гэрийн эзэд тал дүүрэн бэлчих таван хошуу малаа туусаар гарч ирэхтэй зэрэгцээд хөрш айлын эхнэр данхтай цай, өрөм тосоо барьсаар нүүдлийн зам тосохоор өөдөөс нь алхлаа.
НЭМЭХ 50 ХЭМИЙН ДУЛААНААС ХАСАХ 50 ХЭМИЙН ХҮЙТНИЙГ АЖРАХГҮЙ ДАВАХ МОНГОЛ УХААН

Гэрэл зургийн эх сурвалж: Д.Баттулга
Өвлийн хүйтэнд өтөг бууцтай дулаан өвөлжөөнд малаа онд мэнд оруулсан малчид хаврын дулаан өдрүүдэд уулын сүүдэр бараадан, өвсний соргог, усны тунгалагт хүрэхээр урт холын замд нүүдэг уламжлалтай. Тэмээн жингийн цувааг тэнцүүлэн нүүдэллэж яваа энэ айлыг Увс аймгийн Өмнөговь сумын малчин Н.Болдхүүгийнх гэнэ. Тэднийх өвөлдөө Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Өмнөговь сумын Хархираа уулын өвөр бэлд нутаглаж, зундаа Өмнөговь, Тариалан сумын заагт байх Увс нуурын хөвөө, Хар тарвагатайн шил гэх газарт нутагладаг ажээ. Хархираа уулын өвөр бэлээс Хар тарвагатайн шил хүртэл 150 гаруй километрийн зайтай. Зундаа 50 хэм хүрч халдаг, өвөлдөө хасах 50 хэм хүртлээ хүйтэрдэг тул Увс нутгийнхан зун нь мөнх цаст уулаа түшиж, газрын эхийг барааддаг бол өвөлдөө уулын өвөр бэлийнхээ дулааныг даган нутагладаг.
Энэ хол газарт Н.Болдхүүгийнх жилдээ хоёр удаа нүүнэ. Техник технологи хөгжсөн орчин цагт хөдөөгийн малчдын олонх нь машинаар нүүдэг болсон ч хад асга ихтэй, бартаатай Хар тарвагатайн шилд хэр баргийн техник хүрэхгүй. Тэгээд ч тэд нүүдэлчин өв соёлоо хадгалж үлдэхийн тулд уртаас урт замыг хоёр бөхтэй тэмээгээрээ туулж, байгалийн сайханд хүрч буй нь энэ. Нүүдлийн чөлөөнд амсхийж, холын зочидтой таарсан Н.Болдхүү зочдын амар мэндийг мэдэн хуучиллаа. Тэрбээр Увс аймгийн Өмнөговь сумын уугуул, удам дамжсан малчин. Аав, ээж нь мөн л тэмээгээр нүүж, нэгдлийн мал маллаж байжээ. 1980 онд Увс аймгийн Өмнөговь суманд Нямсүрэн гэх есөн хүүхэдтэй айлын зургаа дахь нь болж мэндэлсэн. Бага наснаасаа мал маллах дуртай байсан түүнийг “Малд нүдтэй” хэмээн нутгийн хөгшид магтаж, сумын сургуульд тавдугаар ангиа дүүргээд л хөдөө гарч, аав, ээждээ туслах болсон байна. Түүнээс хойш тасралтгүй 30 гаруй жил тэмээн жингээр нүүж, Увс нуурын хөвөөг уруудаж нэг, өгсөж нэг нутагласаар иржээ.
БОРОО, ЦАСАНД Ч ҮЛ ЗОГСОХ НҮҮДЛИЙН ЦУВАА

Гэрэл зургийг эх сурвалж: Д.Баттулга
Н.Болдхүүгийнх 1000 гаруй малтай. Үүнээс 800 гаруй нь хонь, ямаа, 40 гаруй адуутай, 100 орчим үхэр, үлдсэн нь тэмээ гэнэ. Увс аймаг говь, хангай хосолсон байгалийн онцлогтой нутаг тул таван хошуу мал өсгөхөд тун тохиромжтой. Зарим суманд сарлаг ч малладаг айл бий гэнэ. Хаврын цагт төл мал олон, мал тэвээрэг муутай бол 150-200 километр газрыг 10-аад хоног туулж байж зорьсон газраа хүрдэг байна. Энэ тухай тэрбээр “Хаврын хавсаргатай өдрүүдэд нүүдэл хийнэ гэдэг тун амаргүй. Өвлийн хатууг давсан мал тууврын зам даахгүй. Ширүүхэн туугаад явж болдоггүй юм. Тааваар нь туусаар өдөрт 10 хүрэхгүй км газар туулах өдрүүд ч бий. Байгаль дэлхий ганцхан янзаараа нар ээгээд, дулаахан байна гэж байхгүй шүү дээ. Нүүдлийн замд цас шуурч, бороо орно. Замын ая даахгүй нялх төл, тарга тэвээрэг муутай бог малаа ачих гээд тэмээгээ хөтөлчихсөн явааг харж байна уу” гээд ачаатай тэмээний араас дагуулсан хэдэн тэмээгээ заагаад, хээрийн цай оочлоо. Мөн “Харин энэ тэмээнд олон хоног нүүх учраас замын хоол, хүнсээ аччихсан яваа. Бас түлээ, түлшээ базааж хийсэн. Хаврын нүүдлээр ч хуурай хувцастай нүүнэ гэж бараг байхгүй шүү дээ” гээд цас туулсаар навсайтлаа норчихсон монгол хийцийн гутлаа хооронд нь гөвөх аядлаа.
Холын замд хээрийн цайгаар алжаал тайлсан гэрийн эзэн ачаатай тэмээнийхээ тэнг засангаа “Олон хоногийн нүүдэлд тэмээгээ ачаатай нь байнга хонуулна гэж байхгүй. Тэр тусмаа хаврын хатуу өдрүүдэд аль болох тэмээнийхээ нурууг амрааж, чилээг нь гаргаж байж газрын холыг товчилно шүү дээ. Шөнөдөө тэмээнийхээ ачааг буулгаж, өглөө эртлэн ачаад хөдлөх нь ч бий” хэмээн яриагаа үргэлжлүүллээ. Тэрбээр “Энэ хавар өвс багатай, газрын гарц тааруухан байна. Тиймдээ ч энэ нүүдэл чамгүй удаан үргэлжлэх нь. Нүүдлийн замд ч өвсний соргогоо дагаж, нүүдэг юм шүү дээ. Өвөлдөө бол дүнхийсэн цастай, цэлийсэн талаар тэмээгээ туугаад явна. Хаврын нүүдэл ачаа бараа багатай их таван ханатай нэг айл 3-5 тэмээнд багтчихдаг юм. Тэмээнийхээ ачаа тэнг тэнцүүхэн татах л холын нүүдлийн хамгийн чухал” гэлээ.

Гэрэл зургийг эх сурвалж: Д.Баттулга
Олон хоногийн нүүдэл даах ачаа тэнг ч сайтар бэлдэх ёстойг Н.Болдхүү санууллаа. Тиймдээ ч зуны дэлгэр цагт тэмээгээ ноосолж, адууны дэлээ засаад, түүгээр дээс томоод, бат бөх татлага хийдэг байна. Тэрбээр “Тэмээ гэдэг чинь тэсвэртэй гэж жигтэйхэн амьтан шүү дээ. Олон хоногийн нүүдлийг ийм их ачаатай ажрахгүй даваад гарчихна. Гэхдээ тэмээ нутгаасаа гарахаараа нутгаа хачин их үгүйлж, санадаг амьтан байна лээ” гээд санаа алдан, алсын бараа ширтлээ. Тэгснээ “Би чинь 2007 онд нутгаасаа гараад төв суурин бараадах гэж үзсэн хүн.
Нутгаасаа 2000 гаруй мал туугаад Төв аймгийн Жаргалант суманд очиж байлаа. Одоо нутаглаж байгаа газраас 1800 гаруй километрийн зайтай газар шүү дээ. Хүүхдүүд сургууль соёл бараадаад, төв газар суурьших санаатай яваа нь тэр. Олон ч хоног явсан. Сүүлдээ тэмээнүүд минь эргэж харж зогсчихоод нүүдлийн зам даахгүй заримыг нь замдаа үлдээлээ. Хэдэн долоо хоногийн дараа машинаар ачиж явахаар очиход хэвтсэн газраа эсэн мэнд байж л байсан шүү дээ, хөөрхий минь” гээд бодолхийлэв. Ингээд тэр нутаг руугаа таван жилийн дараа буцжээ. Учир нь, түүнээс илүү хэдэн тэмээ нь нутгаа санаад баларсан гэнэ. Хэд хэдэн удаа нутаг руугаа гүйгээд, сандаргажээ. Түүнээс хойш Н.Болдхүүгийнх Увс нуураасаа холдохгүй, мөнх цаст Хархираа уулынхаа өврөөр нутаглаж байгаа аж. Увсын цэнхэр хязгаарт таван хошуу малаа тааваар нь өсгөж, тал дүүрэн нүүдэллэж яваа нүүдэлчин монголчууд олон бий. Тэд өвлийн хүйтэн, зуны халуунд ч тэмээгээ хөлөглөн хүний хөл үл хүрэх газарт нутаг сэлгэн, байгалийн сайханд амар жимэр аж төрсөөр байна.
| МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |