• Өнөөдөр 2026-11-05

НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ

2026-11-05,   352

        Нийслэлийн МАН-ыг Х.Нямбаатараас авах МАН-ын дахь улс төрийн дуулиан сүүлийн үед улам бүр эрчимжлээ. Энэ сарын 7-нд Нийслэлийн МАН-ын бага хурлаар дараачийн даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Тиймдээ ч Туулын хурдны замын асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж, Канад Улс руу “орогосон” гэгдэж буй хотын дарга асан Х.Нямбаатар улс төрд тогтож үлдэхийн тулд намынхантайгаа цахим орчинд “дайн” зарлаад байна.


         Гэвч нийслэлд тогтоосон Х.Нямбаатарын эрх мэдэл түүнийг хил даван зугтахтай зэрэгцэн хязгаарлагдаж, түүний томилгооноос нийслэлийн МАН-д дараачийн дарга нар нь “их цэвэрлэгээ” хийж эхэллээ.

        Нэг ёсондоо нийслэлийн МАН-аас эхлээд улс төрд шинэ баг бүрдүүлэхээр зэхэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаархал ч үеэл ахынх нь эрх мэдэлтэй хамтдаа нуран унаж байгаа нь сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явдлаас тодорхой харагдаж буй биз ээ. Өөрөөр хэлбэл, одоогийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нутгийн ахаасаа таван жилийн өмнө Ерөнхий сайдын тамга тэмдгийг хүлээж авмагцаа дараагийн үеэ бэлдэж, эрх баригч намынхаа “ах” нарынхаа замналыг үргэлжлүүлэх бэлтгэлээ аажим аажимаар базааж эхэлсэн.

        Ингэхдээ хамар хашааны үеэл ахтайгаа улс төрд дөрөө хоршуулж, эхлээд хуулийн салбарыг “атгаж”, хөгжлийн банк нүүрсний хулгайн хэргээс эхлээд газрын наймаа, төрийн тендерүүдийг хамсан улстөрчдийг айлгаж, хожим нийслэлийн МАН-аас эхлээд улс төрийн багаа бүрдүүлж эхэлсэн түүхтэй. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хотын даргаар Х.Нямбаатарыг томилох үедээ өөрийн биеэр Хотын захиргаанд “хөтлөн” хүргэж өгөөд, арслантай тамгыг нь атгуулаад буцсан удаатай. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар одооноос Хотын асуудалд хөндлөнгөөс биш шууд оролцоно.

       Тиймээс ч Х.Нямбаатарыг Хотын даргаар томилж байна. Тэр өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар дээд түвшний авлигын системүүдийг илрүүлж, илчилсэн. Харин одоо Хотын даргын хувиар дунд түвшний авлигын системыг илрүүлж, илчлэх даалгаврыг Засгийн газрын нэрийн өмнөөс түүнд өгсөн” гэх “сүрдүүлгийн” өнгө аястай үгс хэлж байлаа.

         Түүнээс хойш хотод Х.Нямбаатарын “хаанчлал” эхэлж, халаа сэлгээ, томилгоо түүний зөвлөх туслахаас нь эхлээд ойрын хүрээллийн улстөрчидөөр дүүрсэн гэхэд хилсдэхгүй. Орон нутгийн сонгуулиар ч Х.Нямбаатар одтой байж, нийслэл, дүүргийн ИТХ-д үнэмлэхүй олонхын санал авснаар хотынхон тэр чигтэй Х.Нямбаатарын улстөрд бойжуулсан улстөрчдөөр дүүрээд байгаа юм. Тиймдээ ч Х.Нямбаатар өнөөдрийг хүртэл нийслэлийн МАН-аа эрхэндээ байлгаж, Ерөнхий сайд Н.Учрал хотын дарга Б.Пүрэвдагва нар нийслэлийг авахын тулд Х.Нямбаатартай тохирохоос аргагүй болтлоо санал нь хайрцаглагдсан байгааг ч учир мэдэх хүмүүс гадарлах биз.

           Харин Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардсан иргэдийн жагсаал Хэнтийн ах дүүсийн улс төрийн замналд том тээг болж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар танхимаараа огцорсноор хотын дарга Х.Нямбаатарын эрх мэдэл ч ганхаж эхэлсэн.

       Одоо тэд нийслэлийн МАН-аа авч үлдэх гэж амь тавьж, сүүлчийн сумаа Ерөнхийлөгчийн баг руу чиглүүлээд байна. Үндсэндээ хотын дарга Х.Нямбаатарын улс төрд бэлдэж оруулсан “цэргүүд” нь тэдний сүүлчийн найдвар болсон ч эхнээсээ эрх мэдэл албан тушаалаасаа чөлөөлөгдөж эхэлсэн нь тэр. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт нийслэлд хэд хэдэн халаа сэлгээ хийсний олонх нь хотын дарга асан Х.Нямбаатарын томилгооныхон байв.

     Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөрийг чөлөөлж, тус дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө. Цаашлаад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулыг чөлөөлж, З.Төмөртөөмөөг түүний оронд томилсон.

     Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Баттөрийн улс төрийн замнал хотын дарга асан Х.Нямбаатартай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, Ц.Баттөр нь Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд СХД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар нь ажиллаж байсан. Улмаар 2017-2020 онд Х.Нямбаатарын зөвлөхөөр ажилласан. Харин 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаар давхар ажиллаж байдаг. Улмаар 2024 онд хотын дарга Х.Нямбаатарын захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилж байлаа.

       Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул ч мөн Ерөнхий сайд асан  Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга асан Х.Нямбаатар нарын үед МАН-ынхны урдаа барих улстөрч нь байлаа. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын суудалд суухтай зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирлаар томилогдож, 2020-2021 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал, 2021 онд Хөгжлийн банкны хэрэг эд мандаж байх үеэр Н.Мандуул гүйцэтгэх захирлаар нь очиж, “бөмбөг” тэсэлж байв. Ийн ШӨХТГ-ын даргаар ажиллаж, Хотын даргаар Х.Нямбаатар томилогдоход түүний орлогчоор томилогдон улс төрийн замналаа үргэлжлүүлсэн. Улмаар Х.Нямбаатарын томилгоогоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга болсон бол өнгөрсөн долоо хоногт албан тушуулаасаа чөлөөлөгдөөд байна.

         Ийн хотын дарга Х.Нямбаатарын нийслэлд бойжуулсан улс төрийн шинэ залуу үе, “цэргүүд” нь түүнийг намын даргын суудлаа хүлээлгэж өгөхтэй нь зэрэгцээд албан тушаалаасаа чөлөөлөгдөж эхэллээ. Эндээс нийслэл дэх Х.Нямбаатарын “цэргүүд” халаагаа өгч, МАН дахь Л.Оюун-Эрдэнийн багачууд бутарч эхэллээ.

 

 

 


НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188