• Өнөөдөр 2026-02-26

ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА

2026-02-26,   103

           УИХ-ын гишүүн Б.Найдалаа хорихын хаалга татахад тун ойрхон яваа нэгэн. Тэрбээр найман жил Төрийн ордон руу “зүтгэж”, сонгууль бүрд уйгагүй дэвшсэний хүчинд ХҮН намын жагсаалтаар сонгогдоод байгаа. “Б.Найдалаад ялах, ялагдах чухал биш. Дэвшиж л байвал санаа нь амарна” гэдэг яриа хүртэл улс төрийн хүрээнийхнээс гарч байсан. Хэрэв өнгөрсөн сонгуулиар жагсаалт гэж “жалганыхан” байсан ч сонгогддог “солиотой” тогтолцоо гараагүй бол Б.Найдалаад найдвар байгаагүй.
 
        УИХ-ын гишүүн Б.Найдалаад хориход “очих” хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, П.Наранбаярыг зодож, халдашгүй эрхэд нь халдсан “хэрэг”. Тодруулбал, ХҮН намынхан хөлөө чийлцэж, Б.Найдалаа, П.Наранбаярыг нүдний шилтэй нь хавсарч, хөмсгийг нь “задаллаа”, Төрийн ордонд. Үнэндээ, Боловсролын сайд П.Наранбаяр “Б.Найдалаа намайг санамсаргүй цохисон, би жижигхэн хоёр оёдол тавиулсан. Харилцан зодоон болоогүй, ажил хэргийн маргаан болсон” гэж байгаа ч энэ асуудал нь цагдаад бүртгэгдэж, шалгагдаж байна. П.Наранбаяр ч гэж Наранбаяр.
 
          Зодуулчихаад, замдуулж цохиулчихаад, Б.Найдалаагаа өмөөрөөд зогсож байна. Санамсаргүй маргаан, шальтай зодоон биш байсныг эвдэрсэн нүдний шил нь, хөх алаг болсон нүд нь, оёдол тавиулсан хөмсөг нь илтгэж байна. Гэхдээ П.Наранбаяр ганцхан Б.Найдалаад л өгөөмөр зан гаргалаа. Угтаа тэр хэдхэн сарын өмнө Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатараар өндөг шидүүлж, хацраа дараад зогсож байхдаа цагдаад дуудлага “өгчихсөн”. Тэгээд бүүр долоо хоног цагдан хориулж, ухамсарын ойлголт өгүүлж л явсан нэгэн. Нөгөө талаас ХҮН намын дарга Т.Доржханд “Манай намынхан зодолдоогүй, тэд зодолдож чадахгүй. Эхнэртээ л зодуулчих хүмүүс” гэж хүчирхийллийг хамгаалав. Т.Доржхандад Б.Найдалааг өмөөрөх шалтгаан олон бий. Нэг талаас намын гишүүн гэдэг утгаараа хамгаалж,  нөгөө талаас үеэл дүү нь учраас улаан цээжээрээ хамгаалж байгаа хэрэг. Тийм ч учраас Б.Найдалаа нам дотроо том байдаг юм гэнэ лээ.  Үнэндээ, “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” аяныг Төрийн ордонд, тэр дундаа ХҮН намынханд хэрэгжүүлмээр болжээ. 
 
       Хоёрдугаарт, Б.Найдалааг Хөгжлийн банкны хэрэг нь хүлээж байгаа. Тодруулбал, тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ын хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа буюу 2014 онд “Бэрэн групп”-т их хэмжээний зээл олгохыг зөвшөөрч, улсад хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Бүр тодруулбал, Хөгжлийн банк болон “Бэрэн групп” ХХК-ийн хооронд 2014 оны хоёрдугаар сарын 12-ны 3-АҮ-ХО 2014-11 дугаартай 22.700.000 ам.долларыг жилийн найман хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай, 2017 оны арваннэгдүгээр сарын 5-нд эргэн төлөх нөхцөлтэй “Зээлийн гэрээ” байгуулсан байдаг. Хөгжлийн банкнаас 44 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Ингээд зээлээ эргэн төлөөгүй, хар жагсаалтад багтсан учир “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөр болон Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагууд, ТУЗ-ын гишүүн асан Б.Найдалааг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн юм. Хачирхалтай нь, “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг 37 сая төгрөгөөр торгож, эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж зээл олгохыг зөвшөөрсөн Б.Найдалаа тэргүүтнийг анхан шатны шүүхээс цагаатгах шийдвэр гарсан байдаг. 
 
       Б.Найдалааг “Шүүх шийдвэрээ гаргасан, би буруугүй, намайг цагаатгасан, халдашгүй эрхээр хамгаалагдсан” гэж хөөрч, УИХ-ын гишүүн болоод удаагүй байхад нь буюу 2024 оны арванхоёрдугаар сард Дээд шүүх уг хэргийг дахин хянан хэлэлцсэн. Ингэхдээ Дээд шүүхээс анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хянах шаардлагатай гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, Б.Найдалаа тэргүүтнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, хилийн хориг тавьсан. Одоо Б.Найдалаа хилийн дээс алхах, Хөгжлийн банкны “хамсаатан”-уудтайгаа уулзах нь хүртэл хориотой байгаа. Өөрөөр хэлбэл, хэзээ мөдгүй “аавын хаалга” татаж, бүрэн эрхээсээ “бүдэрч” болзошгүй гэсэн үг. Ингэхээр энэ парламентад эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд цөөнгүй “нуугдаж” буйн нэг нь Б.Найдалаа гэсэн үг. Дээрээс нь, нанчилдааны хэрэг нь нэмэгдлээ. 

         Сонирхуулахад, үүнээс ч өмнө Б.Найдалаа хууль хяналтын байгууллагын хаалга татаж, шүүхийн танхимд очиж байсан туршлагатай нэгэн. Гэхдээ энэ нь залилангийн хохирогч болж очсоноороо өөр. Өөрөөр хэлбэл, Б.Найдалаа хохирогчоор ч, яллагдагчаар ч шүүхийн танхимд заларч байсан туршлагатай. Тодруулбал, 2017 онд Б.Найдалаагийн охин Т АНУ-д суралцахаар нэгэн ТББ-т 12 сая төгрөгийн төлбөр төлсөн ч хулхидуулжээ. Ингээд түүний эхнэр Т.Хулан гомдол гаргаж, зарга үүсгэсэн байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс Б.Найдалаагийн гэр бүлийн гомдлыг хангаж, охин Т-д сургалтын төлбөрийг нь буцаан олгох шийдвэр гарч байжээ. 

 
       УИХ-ын гишүүн Б.Найдалаа жилийн орлогоо 16 сая, гэр бүлийн орлогоо 68 сая гэж хөрөнгө орлоготоо мэдүүлжээ. Мөн тэрбээр “Лексус-570”, “Ниссан” загварын хоёр автомашинаа 90 сая төгрөгөөр үнэлжээ. Түүнчлэн 620 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, зуслангийн байшинтай гэнэ. Эзэмших эрхийн хоёр газраа 10 сая, үнэт эдлэлээ 180 сая төгрөгөөр үнэлжээ. Дотоодын хадгаламжиндаа 5.6 сая төгрөгтэй, арилжааны банканд 302 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна. Мөн тэрбээр нийгмийн ухаан, эдийн засаг, бизнесийн судалгаа шинжилгээ хийх, санхүү, менежментийн зөвлөгөө өгөх “Эс Ди Би” ХХК-ийг эзэмшдэг.  

ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188