Зөвлөлтийн нэрт зохиолч Константин Паустовскийн “Цахилгаан утас” өгүүллэгийг орчуулагч Ц.Цэнгэлийн орчуулгаар хүргэж байна.
Дэлхийн од, Германы алдарт жүжигчин Марлен Дитрихийг ЗХУ-д ирэхэд нь: “Та Москвад юу үзмээр байна? Кремль үү, Их театр, мавзолей юү? гээ юм биз дээ. Гэтэл хүршгүй өндөрлөгт гарсан тэр хатагтай “Би уг нь зөвлөлтийн зохиолч Константин Паустовскийтай л уулзмаар байна. Энэ бол миний олон жилийн мөрөөдөл” гэсэн аж. Үүнийг сонссон улс мэл гайхаж, цэл хөхөрсөн гэхэд ч багадах анзааны юм болсон гэх. Дэлхийд алдартай од, хэн нь ч бүү мэд нэг Паустовский хоёр ямар хамаатай вэ? Ёстой солиотой юм?! Гээд яалтай, олох л болж, хүнд өвчтэй Паустовскийг олоод иржээ. Тэр оройн концертон дээр болсон явдал бол тэр чигээрээ домог болж. Өвгөн зохиолчийг үл мэдэг гуйвалсаар гарч ирэхэд нөгөө дэлхийн од, Ремарк, Хэмингвэйн найз нэг ч үг хэлэлгүй үнэт эрдэнийн чулуугаар чимсэн гоёлын бариу даашинзтайгаа шууд л сөхрөөд унахад даашинзных нь оёдол язарч, үнэт чулуунууд нь ч тайзаар нэг юм болсон юм байх. Харин Дитрих зохиолчийн гарыг үнэссэнээ огтоос киноны биш нулимстай нүүрэндээ наахад танхим тэр аяараа нам гүм болсоноо үзэгчид бие биеэдээ хяламхийцгээн, - юунаас ч юм зовсон байртай! - итгэл муутайхан босоцгоосноо алга нижигнүүлжээ.
Дараа нь Паустовскийг суулгаж, танхимд чимээ татарсан хойно Марлен Дитрих амьдралдаа уншсан хамгийн сайхан зохиол нь герман хэлээр орчуулагдсан нэгэн түүврээс санаандгүй олж уншсан, Константин Паустовскийн “Цахилгаан утас” гэдэг өгүүллэг байсныг яриад “Тэр цагаас хойш би үүнийг бичсэн зохиолчийн гарыг үнэсэх бол миний үүрэг гэж бодох болсон юм. Мөрөөдөл маань биеллээ. Би үүнийг амжиж гүйцэлдүүлсэндээ үнэхээр баяртай байна. Их баярлалаа!” гэсэн гэдэг.
Ташрамд хэлэхэд, амьд сэрүүндээ бүтээлээ зохих ёсоор үнэлүүлж чадаагүй түүний “Алтан сарнай” гэж алдартай ч, сайхан ч өгүүллэг байдгийг манайхан олж уншсан байх аа.
К. ПАУСТОВСКИЙ
Тэнгэр задарсан жихүүн хүйтэн намрын дунд сар. Хүрлийн харлах нимгэн банзан дээврүүд.
Цэцэрлэгт өндөр ургасан өвс ширэлдэн налж, хашааны тэрүүхэн дэх өнчин ганц муу наранцэцэг дэлбээгээ гөвж чадахгүй дохилзох.
Нугын тэртээд нүүгэлтэх бараан үүлс нүцгэрсэн моддын мөчирөөс зууран зууран бороон дусал хаялан голын цаанаас нүүмэглэнэ.
Зам гэж там, явахын эцэсгүй шавар шавхай, үхэр мал бэлчээрлэхээ больж, малчдын цуурын дуу хавар болтол нам гүм.
Катерина Петровна өглөөдөө өндийн босоход бүү хэл, өнөөх л галлаагүй удсан пийшингийн тортог үнэртсэн өрөөнүүд, тоосонд дарагдсан “Европын мэдээ” сэтгүүл, ширээн дээрх шарласан аяганууд, өнгөлөлгүй удсан самовар, хананд өлгөөтэй зургуудыг харах ч улам бүр уйтай хэцүүхэн байх болжээ. Өрөөнүүд дэндүү бүрий бүүдгэр болчихсон юмсан уу, үгүй бол Катерина Петровнагийн нүдэнд усан хүрээ ч татчихсан уу, бүр эсвэл ханан дахь зурагнууд цагийн уртад бүдгэрч бүүдийсэн ч юм уу, оноохын эцэсгүй болжээ. Катерина Петровнагийн мэдэхээр энэ бол эцгийнх нь хөрөг, харин тэр, алтан хүрээтэй жижиг нь Крамскойн бэлэглэсэн, түүний “Хамбан дээлтэй танихгүй эмэгтэй”-н хар ноорог.
Катерина Петровна бол нэрт зураач эцгийнхээ босгосон хуучин байшиндаа насаа үдэж суугаа нэгэн.
Зураач эцэг нь насны бөгсөнд Петербургээс төрөлх сууриндаа ирж амар жимэр суухдаа цэцэрлэгээ л тордох болсон нь гар хуруу нь салгалж, хараа нь ч муудаж, нүд нь өвддөг болсон болохоор зургаа зурж чадахаа больсных л доо.
Энэ байшин нь, Катерина Петровнагийн ярихаар, “дурсгалынх” гэх агаад мужийн музейн хамгаалалтад байдаг, гэвч сүүлчийн суугч нь үхчихээр юу болохыг Катерина Петровна эс мэднэ.
Заборье гэх энэ сууринд эл зураг хөргүүдийн тухай, Петербургийн амьдралын тухай, Катерина Петровнагийн эцэгтэйгээ Парист өнгөрүүлсэн тэр нэгэн зуны тухай, Виктор Хюгогийн оршуулгыг үзсэн тухай нь хуучилчих хүн нэгээхэн бээр ч үгүй.
Худгаас ус дөхүүлж, хог шүүрдэж, самовар галлаж өгөхөөр өдөр бүр ирдэг, хамтралын гутал занч хөршийн охин Манюшкатай ямар энэ тухай ярилтай биш.
Харин ойр зуурт гар хөл болдогт нь Катерина Петровна Манюшкад хуучирч үрчийсэн гарын бээлий, тэмээн хяруулын өд, хар жинжүү бүрх бэлэг болгож өгөхөд нь Манюшка:
-Би энүүгээр чинь яах юм? Би ямар хуучин даавуу шувуу авдаг авгай юм уу? -гэж сөөнгөтөөд нусаа татахад нь Катерина Петровна:
-Зарчих л үгүй юү дээ, хонгор минь. Чи зүгээр зарчих -хэмээн шивнэх. Тэрбээр насны доройтолд ороод чанга дуугарч чадахаа больсон юм.
-За, яахав, хуучин эд авдаг хүнд өгчихье дөө, -гээд Манюшка өгсөнийг нь авч одно.
Гал түймэр унтраах хувин сав, сүх жоотуухан хадгалпаг пингийн манаач Тихон хаа нэг орж ирнэ. Улбар үстэй, эцэнхий туранхай тэрбээр Катерина Петровнагийн эцэг Петербургээс ирж, энэ байшинг барьж, суурин сууж байсныг биеэр үзсэн нэгэн агаад эцгийнх нь зурсан зургуудыг харж зогсонгоо:
- Ёстой жинхэнэ юм шиг шүү, -хэмээн чангаар санаа алддагсан. Тихон өр нь өвдөхдөө дэмий нэг зовних нь голцуу ч, үхэж хатсан моднуудыг унагаж, хөрөөдөж хагалан түлээ бэлдэж хэрэндээ хөөрхөн нэмэр болно оо. Тэгээд явах тоолондоо хаалган тушаа эргэж харангаа:
-Катерина Петровна аа, Настя захиа занаа бичиж байх юм уу, сураг ажиг байна уу? -гэж ёс юм шиг асууна.
Бөгтийж бөртийсэн Катерина Петровна буйдан дээр суусан чигтээ хариу ч хэлэхгүй, улбар савхин цүнхэн дэх бичиг сачигаа эмхлээд ч байгаа юм уу, таг чиг, харин Тихон босгон тушаа нус нулимс болон хариу дуулалгүй удтал зогсож зогсож:
-За, тийм байж. Би ч явъя даа, Катерина Петровна -хэмээхэд Катерина Петровна:
-Тэг ээ, Тиша, яв аа, яв. Бурхан чамайг ивээг! -гэж шивнэнэ.
Тихон хаалгыг аяархан хаагаад гармагц Катерина Петровна чимээгүйхэн уйлж эхэлнэ. Салхи цонхны цаадтай нүцгэн мөчрүүдийг гуядан исгэрч, сүүлчийн навчийг нь туун одно. Ширээн дээрх гаржийн дэн анивалзан эзгүй энэ байшинд гагц тэр л амьд мэт агаад хариугүй энэ дөл үгүйсэн бол Катерина Петровна үүр хэрхэн цайлгахыг ёстой бүү мэд биз ээ.
Шөнө өнө урт, хулжсан нойр мэт хүнд, хэцүү. Үүр хаяарах нь бүүр ч их удаан хойрго, угаалгүй удсан цонхоор мөлхөх нь холгүй сүүмийх бөгөөд цонхон завсарх дулаалга хөвөн дээр нь өнгөрсөн намрын шар байсан навчнууд өдгөө илжирч хорчийгоод тас хар юмнууд болсон байх ажгуу.
Цорын ганц санаж сарвайх охин Настя нь тээр хол Ленинградад. Сүүлчийн удаа тэр гурван жилийн өмнө ирээд явсан.
Настя өдгөө юун эмгэн түүнтэй мантай гэдгийг Катерина Петровна мэднэ. Залуу улс өөрийн гэсэн ажил амьдралтай, ойлгомжгүй ондоо сонирхолтой, баяр баясал нь ч өөр. Төвөг удахгүй л бол барав. Тиймд Катерина Петровна Настяд хаа нэг л захиа бичихээс өөр ажилгүй хуучирч хонхойсон буйдан буландаж суухдаа цаг үргэлж охиноо л бодож чимээ амиагүй өнжих бөгөөд энэхүү аниргүйд нь хууртсан хулгана пийшингийн араас гарч ирээд хойд хоёр хөл дээрээ өндийн өрөөний нэгшсэн агаарыг удтал үнэрлэх ажаам.
Настя ч бас захиа бичих нь үгүй боловч хоёроос гурван сардаа хөгжилтэй залуухан шууданч Василий Катерина Петровнад 200 рублийн гуйвуулга авчирч өгөх бөгөөд Катерина Петровнаг буруу газар мутрын үсгээ зурчихаас сэргийлж гарыг нь болгоомжтой нь аргагүй түшиж өгдөг.
Василийг явсан хойно Катерина Петровна өгсөн мөнгийг гартаа барьсан чигтээ, хэрхэх учраа мэдэхгүй суусаар хоцорно. Тэгээд дараа нь нүдний шилээ зүүж, шуудангийн гуйвуулга дээрх цөөн хэдэн үгийг дахин дахин уншина. Тэр үгнүүд нь нэг л янз: эргэж тойрох байтугай аятайхан захиа ч бичих завдал болохгүй, ажил ихтэй тухай.
Катерина Петровна зузаан дэвсгэртүүдийг болгоомжтой нь аргагүй имрэх агаад хөгширснөөсөө болоод энэ мөнгө нь Настягийн гартаа барьж байсан мөнгө биш гэдгийг мартаж санан гарт нь байгаа энэ мөнгөнөөс Настягийн түрхдэг сүрчиг үнэртэж байгаа шиг санагдах.
Аравдугаар сарын сүүлчээр нэг шөнө хэн нэгэн цэцэрлэгийн цаадтайх, банз барьж хадаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа явган хаалгыг удтал нүджээ.
Катерина Петровна сандчин, толгойдоо дулаан алчуур удаан гэгч нь ороож, хуучин муу пальто эгэлдэргэлээд энэ он гарсаар анх удаагаа гадагшаа гарав. Тэрбээр тэмтчин их удаан явах. Хүйтэн агаарт гарснаас толгойгоор нь хатгуулна. Алин галавт мартагдсан одод газар дэлхийг цоонон ширтэнэ. Хөлд нь хөрмөг тээглэнэ.
Явган хаалганд дөхөж очсон Катерина Петровна:
-Хэн гээч нь балбаад байгаа юм бэ? -гэж шивнэх шахуу асуугаад хашааны цаанаас хариу дуугарсангүйд, -Хий юм сонсогджээ. -гэснээ гэдрэг гэлдэчив.
Тэрбээр бүр амьсгаадаж хоцроод өвгөн модны дэргэд зогсон нойтон хүйтэн мөчрөөс нь түшихдээ агч мод гэж таньжээ. Энэ модыг тэрбээр аль эрт алиа хонгорхон ааль ялдамхан бүсгүй байхдаа суулгаж байсан, гэтэл одоо тэр агч бээцийж бээрсэн юм хэрмэл салхитай энэ шөнөөс хаашаа ч зайлах аргагүйдэн байх ажээ. Катерина Петровна агчийг өрөвдөн, арзгар холтосыг нь алгаараа тэмтэрч илсэнээ байшингаадаа тэмтчин хүрээд тэр шөнөдөө Настяд захиа бичжээ.
“Хараад ханашгүй охин минь, би ч энэ өвлийг давахгүй нь шиг байна. Ганц өдрөөр ч бол ир ээ. Царайг чинь харж, гараас чинь барих минь. Нас дээр гарч, бие дор ороод босч явах бүү хэл, суух хэвтэх ч тэнхэлгүй боллоо. Үхэл намайг мартаа юм байлгүй. Цэцэрлэг маань хатаж гүйцэж, юун урьдынх, тэгээд ч миний нүд юм харах биш. Энэ жил тун тусгүй намар болж байна. Миний бүх амьдрал энэ намар шиг ийм урт байгаагүй шиг л санагдах юм”.
Манюшка аанай л нусаа татан татан захидлыг нь шууданд аваачаад шуудангийн хайрцаг руу шургуулах гэж мунгинах зуураа дотор нь юу байдагийг харах санаатай өнгөлзсөн ч тэнд нь юу ч байхгүй хоосон төмөр л байх.
Настя Урчуудын эвлэлд нарийн бичгийн дарга хийдэг, ажил нь ч барагдах гэж үгүй. Үзэсгэлэн гаргах, элдэв уралдаан энэ тэр зохион байгуулах гээд бүх л ажил түүний гараар дамжина.
Катерина Петровнагийн захиаг Настя ажил дээрээ байхдаа аваад уншилгүйгээр цүнхлэнгээ хариад уншъя гэж боджээ. Катерина Петровнагаас захиа ирэх тоолонд Настягийн сэтгэл амарч санаа алддагийн учир гэвэл эх нь захиа бичиж байна гэдэг чинь амьд л байгаа гэсэн үг. Хэдий тийм боловч тэр захидлуудаас бүгтхэн зовнил мэдрэгдэж эхэлдэг нь захиа бүр үггүй зэмлэл мэт байдгийнх аа.
Настя ажлаа тараад залуу барималч Тимофеевын урлангаар орж, амьдрал ахуйг нь хараад Эвлэлийнхээ удирдлагад тайлагнах ёстой байв. Тимофеев гэгч урлан нь хөлдүүс болсон, ер нь ч түүнийг шахаж хавчаад дээш нь гаргахгүй байгаад тувт гомдоллодог нэгэн.
Настя зам зуураа түр зогсож, жижиг толио гарган нүүрээ энгэсэгдээд жуумалзсан нь ингэчихээрээ өөрөө өөртөө таалагдагийнх билээ. Зураач урчууд түүнийг хонгор шаргал үс, хүйт даасан том нүдээр нь Сольвейг гэлцдэг юм.
Давжаа биетэй, эрс шийдмэг, уур унтуутай Тимофеев өөрөө түүнд хаалга тайлж өгөв. Тэр пальтотойгоо, уртаас урт ороолт хүзүүндээ ороожээ. Харин хөлдөө эмэгтэй хүний эсгий тогонцог угласныг Настя анзаарав. Тэр:
-Гадуур хувцсаа тайлах хэрэггүй, үстэй дээлтэй байлаа ч осгочихно гэж мэд, -гэж бувтнаснаа, -Морилж айлд! -хэмээв.
Тимофеев түүнийг дагуулан харанхуй хонгилоор явснаа дээшээ хэдэн гишгүүр шат өөд гарч урлангийнхаа умгар хаалгыг нээв.
Урлангаас нь хиншүү ханхалж байлаа. Нойтон шавартай торхны хажууд шалан дээр гаршийн тосон дэн асаажээ. Тавиур самбарууд дээгүүр чийгтэй алчуураар бүтээсэн баримлууд тавилсан байх. Өргөн том цонхон цаана цас ташуухан хийсч, Нева мөрөн дээгүүр манантаж, бараан мандалд нь хайлан байв. Цонхны хүрээгээр салхи сийгэж шалан дээр хөглөрөх хуучин сонингуудыг сэвнэ.
-Бурхан минь, яасан хүйтэн юм бэ? -Настя ийн хэлэхүйд энэ урлан нь ханаар нэг хайш яйш өлгөсөн цагаан гантиган туурганы товгор баримлуудаас ч хүйтэн санагдаж байлаа.
-За, болгоохтун! -гээд Тимофеев Настя руу шавар болсон буйдан сандал дөхүүлэнгээ, - Энэ ичээнд майжийчхалгүй би гэдэг амьтан яажшүү мэнд байгаад байгаа юм, чөтгөр бүү мэд. Першины урланд бол халаагуурынх нь дулаан Сахарын цөлд яваа шиг л үлээх юм билээ. -хэмээв.
-Та Першинд дургүй юм аа даа? -гэж Настяг болгоомжтой асуусанд Тимофеев:
-Биеэ тоогч! Бүдүүн бааз амьтан! Баримлуудынх нь мөр гэж хувцасны өлгүүр ээ. Тэрний хамтралчин эмэгтэй бол хормогчтой хүн чулуу л гэсэн үг. Ажилчин нь ч гэж неандертал хүн шиг. Баримлаа модон хүрзээр шавдаг юм. Гэхдээ, хонгор минь, заль ч гэж кардинал л гэсэн үг. –гэлээ.
Настя ярианы сэдвийг өөр тийш залах санаатай:
-Та нээрээ, өөрийнхөө нөгөө Гоголийг харуулаач! -гэсэнд барималч:
-Та тийшээгээ! -гээд дүнсгэр царайлснаа, - Биш дээ, ийшээ биш! Тэр өнцөг рүү. Аан-хаан! -гэлээ.
Тэрбээр хулдаатай баримлуудын нэгний нойтон алчуурыг хуулаад тал талаас нь өөнтөглөн харснаа гаршийн дэнгийн дэргэд явган суугаад гараа ээнгээ:
-За, Николай Васильевич гуай маань энэ байна даа! Та болгооно уу! -гэв.
Настя давхийлээ. Түүнийг нэвт шувт хараад доогтойгоор ширтэж байгаа шонхор хамартай бөгтөр хүний чамархайн гүрийсэн судас нүдэнд нь тусчээ.
«Цүнхэн дэх захидлаа задлаа ч үгүй л биз дээ. Чи ч дээ, шаазгай ч бол доо!». Гоголийн нүд түүнийг ийн цоо шөвөгдөж байх шиг санагдана.
-За, донжтой агаа байгаа биз? -гэж Тимофеев асуулаа. Настя:
-Гайхалтай! Үнэхээр гайхамшиг. -гэж арай ядан хэлэв.
Тимофеев гашуунаар инээжээ. Тэгээд:
-Үнэхээр сайхан болж -хэмээн давтсанаа цааш, -Бүгд л үнэхээр гайхалтай болж гэцгээдэг. Першин ч, Матьяш ч, нөгөө элдэв шалдав хороо морооных нь их мэдэгчид ч бүгдээрээ. Тэгээд яадаг юм? Энд ч яах вэ, үнэхээр сайхан байдаг байж. Харин тэнд, барималчийн минь хувьд миний хувь заяаг шийддэг газар нөгөө л Першин, юу гээд байгаа нь бүү мэд, хамраа нэг гудчихад л гүйцээ. Першин хамраа гудчисан л бол дуусаа гэсэн үг!.. Би гэдэг амьтан энд цурам ч хийхгүй мачийж байхад шүү! -гэж хашхирснаа Тимофеев тогонцогоороо шал дэвслэн урлан дотуураа нааш цааш үсчиснээ - Нойтон шавартай ноцолдсоор байгаад хоёр гар хэрэх өвчтэй боллоо. Бүтэн гурван жил Гоголийн талаар бичсэн болгоныг цээжилтлээ уншлаа. Муусайн гахайнууд! -гэнэ.
Тимофеев ширээн дээр давхарласан номуудыг авч сэгсэчсэнээ буцаагаад падхийтэл чулуудсанд гөлтгөний тоос пурхийв.
-Энд дандаа Гоголийн тухай! -гэснээ тэр гэнэт тайтгараад, - Яасан? Би таныг айлгачихав аа даа? Өршөөгөөрэй, хонгор минь, гэхдээ би нэгийгээ үзэж, нэхийгээ уралцахад ч бэлэн болчихоод байна, нээрээ шүү -гэлээ.
-Тэгвэл хамтдаа л үзэлцээд байж дээ -гээд Настя босов.
Тимофеев гарыг нь чанга гэгч нь атгаж, харин Настя авьяастай энэ хүнийг яадаг ч байсан энэ арчаагүй байдлаас нь гаргахаар хатуу шийдээд гарчээ.
Настя Эвлэл дээрээ эргэж ирээд даргатайгаа уулзаж, Тимофеевын бүтээлийн үзэсгэлэнг нэн даруй гаргах хэрэгтэйг нотлох гэж удтал ярилцжээ. Дарга нь харандааны бөгсөөр ширээгээ тоншин удтал эргэцүүлсэний эцэст сая нэг юм зөвшөөрчээ.
Настя Мойка гудамжин дахь алтадсан баримал хээтэй адар бүхий хуучны өрөөндөө харьж ирсний хойно сая Катерина Петровнагийн захиаг задлав.
-Юун ирэх барих вэ! Эндээс тийм амар сална гэж үү! -гээд бослоо.
Тэрбээр пиг хүнтэй галт тэрэг, нарийн төмөр зам руу шилжиж суух, морь тэргэн дээр сэгсчүүлэх, хатаж хоцорсон цэцэрлэг, эхийнхээ зайлбаргүй гаргах нулимс, хөдөөх тосгоны уйт өдрүүдийн тухай бодонгоо захидлыг ширээнийхээ шургуулганд хийжээ.
Настя Тимофеевын үзэсгэлэнг гаргах ажилтай хоёр долоо хоног зууралдав. Ингэхдээ хүнтэй таардаггүй хажиг зожиг барималчтай хэд хэдэн ч удаа муудаж сайдаад амжив. Тимофеев өөрийн баримлуудыг үзэсгэлэнд тавиулахаар явуулахдаа эгээ л устгалд оруулах гэж байгаа шиг авирлаж байлаа.
-Хонгор минь, таны наад санаа бүтэхгүй дээ -гэхдээ тэрбээр Настя түүний үзэсгэлэнг биш өөрийнхийгөө гаргах гэж байгаа аятай тавлангуй аашилж, - Шал дэмий цагаа барсан юм хийж байна даа, би -хэмээх.
Настя эхэндээ аргаа барж, гомдох ч энүүхэнд байсан ч энэ бүх ааш авир нь зориудын хиймэл, цаанаа бол Тимофеев үзэсгэлэн гаргах болсонд үнэнээсээ баярлаж байгааг ойлгожээ.
Үзэсгэлэнгийн нээлт үдэш оройхон эхлэв. Тимофеев ихэд цухалдан уран баримлыг цахилгаан гэрэлд үзэх боломжгүй хэмээн үглэх.
-Үхмэл гэрэл! Залхаж үхмээр уйтгартай! Гаршийн дэн хажууд нь хамаагүй дээр.
Настя ч тэсгэл алдан:
-Та чинь ямар ядаргаатай хүн бэ? Танд тэгээд ямар гэрэл хэрэгтэй юм? -гэж ч үзлээ.
-Лаа! Лаа, за юу! Гоголийг цахилгаан гэрэл дор тавьж яаж болдог юм! Утга алга! -хэмээн Тимофеев мөчөөгөө өгөхгүй нэг дуу тэнгэрт нөгөө дуу газарт юм болов.
Нээлтэд барималчид, зураачид иржээ. Учрыг сайн мэдэхгүй улс уран барималчдын яриаг чагнаад тэд Тимофеевын ажлыг магтаад байна уу, эсвэл матаад муулаад байгааг тэр бүр ухахгүй. Тимофеев өөрөө харин үзэсгэлэн нь сайн болсныг ойлгож байлаа.
Үс буурал, үсчүүр нэгэн зураач Настя руу ирж гарыг нь зөөлөн атгаснаа:
-Баярлалаа. Та л энэ Тимофеевыг гаргаж ирсэн гэж би дууллаа. Сайн байна. Манайхан ч уран бүтээлчдэд анхаарал халамж тавих, сэтгэл гаргах тухай хий дэмий чалчихаас хэтэрдэггүй улс даа. Хэрэг дээрээ худлаа мэлэрсэн л амьтад. Дахин талархъя, -гэжээ.
Хэлэлцүүлэг эхэлжээ. Олон үг нуршиж, магтан сайшааж, яриандаа халцгааж, хүнийг, хайхралгүй орхисон залуу барималчийг анхаарах тухай өвгөн зураачийн санааг хүн бүр л хэлсэн үгэндээ хавчуулж байлаа.
Тимофеев бүрсгэр царайлан шахмал царсан шал ширтэх авч үг хэлж буй улс руу хаа нэг хялам хийх мөрт тэдний ярьж байгаад итгэх, эсэн бол эртдэхийг эс мэднэ.
Эвлэлийн зарлага сайхан сэтгэлтэй ч салан далан Даша танхимын үүднээс Настя руу юу ч гээд байгаа юм дохиж зангаад байв. Настяг түүн рүү очиход Даша маасайх аядсанаа цахилгаан утас сарвайжээ.
Настя суудалдаа эргэж ирээд цахилгааныг сэмхэн уншаад юу ч ойлгосонгүй:
«Катя муудлаа. Тихон».
Настя «Юун Катя? Яасан Тихон? Энэ надад биш болж таарлаа» -хэмээн мэгджээ.
Тэрбээр хаягийг нягтлан хараад цахилгаан яалт ч үгүй өөрт нь ирсэн байсанд сая цаасан туузан дээрх цохимол үсгүүдийг анзаарвал: «Заборье» гэсэн байв.
Настя цахилгаан утсыг базаад хөмсгөө зангидав. Першин үг хэлж байлаа. Тэрбээр нүдний шилээ байн байн засангаа хөлөө ээлжлэн сэлгэж ийн ярив:
- Өнөө үед хүнд анхаарал халамж тавих гэдэг бидэнд өсч дэвжих, үр бүтээлтэй ажиллахад маань ихээхэн тус дэм өгч байгаа бодитой сайхан боломж болжээ. Бидний хувьд, барималч зураачдын тухайд энэхүү халамж анхаарал илт мэдрэгдэж байгааг тэмдэглэхдээ би баяртай байна. Би нөхөр Тимофеевын бүтээлийн үзэсгэлэнг хэлж байна. Энэ үзэсгэлэнг зохион байгуулах ажлыг бүхэлд нь, – манай удирдлагууд эмзэглүүзэй, би тэднийг дайруулах гээгүй юм шүү, -манай эвлэлийн жирийн нэг ажилтан хонгорхон Анастасия Семеновна маань санаачилж хийснийг хэлэх хэрэгтэй.
Першин Настя руу мэхийхэд бүгд алга ташив. Удаан ч ташлаа. Настя ч ичсэндээ газар доогуур орох шахуу юм болов.
Хэн нэгэн араас нь түүний гарт хүрсэн нь мөнөөх үсчүүр өвгөн зураач. Тэр:
-Яасан? Муу юм болоогүй бид дээ? -гэж шивнээд Настягийн гартаа базсан тууз руу нүдээрээ дохив. Настя:
-Үгүй ээ, энэ юу... нэг танилаас маань... -гэлээ.
-Аан! -гээд өвгөн Першины үгийг анхаарав.
Цөм Першин рүү харах агаад хэн нэгний хүнд, нэвт шувт харц Настя дээр тусч байгааг тувт мэдэрсээр авч толгойгоо өндийлгөнө гэхээс нэг л бэрхшээгээд байлаа. Тэр: «Хэн байдаг билээ? Хэн нэг нь таамаглачихав уу? Ямар балай юм бэ? Мэдрэл гэж авах юм алга» хэмээн бодов.
Тэрбээр хүчлэн байж нүдээ өргөснөө харцаа даруй бурууллаа: Гоголь түүн рүү мушийн харж байв. Чамархайных нь хатуурсан нарийхан судас хүндээр лугшиж байх шиг. Гоголь шүдээ зуун аяархан «Чи ч дээ!» гэж байх шиг Настяд санагдлаа.
Настя тэр даруйд босоод үүдээр гарч, доор яаран хувцаслаад гадагшаа гүйхээрээ гарав.
Усархаг цас орж байлаа. Исаакийн дуганы оройд саарал цан буужээ. Бүрхэг тэнгэр хотын дээрээс, Настягийн дээрээс, Нева мөрний дээрээс улам бүр дарсаар.
«Хараад ханашгүй охин минь» -Настя захидлын тэр үгийг санана,- «Хараад ханашгүй!»
Настя Адмиралын ордоны /буюу Тэнгисийн цэргийн хэрэг эрхлэх газрын/ ойролцоох цэцэрлэгийн вандан сандалд суун тусаад гашуудан уйллаа. Цас нүүрэн дээр нь унаж хайлаад нулимстай нь нийлэн урсана.
Настя жихүүцэн давхийх мөрт уйтай тэр Заборьед харж хандах хүнгүй хаягдаж хоцорсон энэ хөгшин эмгэнээс өөр хэн ч өөрийг нь ингэтэл хайрлаж байгаагүйг гэв гэнэт ухаарчээ.
- Оройтсон! Ээжийгээ би дахиад амьд харж чадахгүй болж -гэж өөртөө хэлснээ хонгорхон хүүхэд насных нь «ээж ээ» гэх энэ элгэмсүү үгийг сүүлийн нэг жил анх удаа хэлж буйгаа анзаарав.
Тэрбээр ухасхийн босоод нүүр нүдгүй ороолгох цасыг сөрөн гүйх шахам алхлаа.
Настя өмнөх замаа ч харахгүй: «Юу болов оо, ээж минь? Яав? Ээж ээ! Яагаад ийм болов? Надад танаас өөр хэн ч байхгүй шүү дээ. Илүү ойр хүн үгүй, байх ч үгүй. Амжих л юмсан. Очихыг минь хүлээгээрэй, өршөөж уучлаарай» хэмээн бодсоор.
Настя Невын өргөн чөлөө, төмөр замын өртөө рүү гарч очив.
Хожимджээ. Тасалбар дууссан байлаа.
Настя тасалбар түгээгүүрийн дэргэд уруул нь чичивхийлэн нэг л үг хэлбэл эхэр татчих гээд байгаагаа мэдрэн яах ч тэнхэлгүй зогссоор.
Нүдний шилтэй, хижээл насны тасалбар түгээгч авгай цоолбор цонхоороо шагайгаад:
-Эмэгтэй, та зүгээр үү? -хэмээн төвөгшөөнгүй асуув.
-Зүгээр ээ, -гээд Настя Ээж маань... гэснээ огцом эргэж үүд рүү яаран алхлаа.
-Хүүе, та чинь хаачих нь вэ? Энийгээ эхнээсээ л шууд хэлэхгүй дээ, хүлээж бай -гэж түгээгч авгай араас нь хашхирав.
Настя тэр оройдоо гарчээ. «Улаан сум» шөнийн ойг зүсэн уураа савсуулж, дохиогоо хангинуулан хурдалсаар атал Настяд замын туршид арай чүү л гэлдчээд байх шиг санагдаж байлаа.
...Тихон шуудан дээр ирж, шуудан хүргэгч Василийтай юу ч юм шивнэлдсэнээ түүнээс цахилгаан утасны хэвлэмэл хуудас авч гартаа барилж байснаа ханцуйгаараа сахлаа үрчин байж мөнөөх хуудсан дээр хэдэн үг удаан гэгч нь сарийлган бичээд хэвлэмэл хуудсыг нямбайлан нугалж малгайндаа хийн Катерина Петровнагийнх руу бэдчив.
Катерина Петровна арав дахь хоногоо өндийлгүй өнжиж байлаа. Өвдөх юмгүй ч ухаан санааны сульдал, толгой цээж, гар хөлийг нь дарчихаад амьсгалахад нь ч хэцүү болжээ. Манюшка зургаа дахь хоногтоо Катерина Петровнагийн дэргэдээс холдсонгүй, шөнөд нь хонхорхой буйдан дээр хувцастайгаа унтана. Заримдаа Катерина Петровна амьсгалахаа больсон мэт санагдахад тэрбээр айсандаа гоншигнон:
-Эмээ? Эмээ л дээ? Та амьд уу? -гэж дуудах агаад Катерина Петровнаг хөнжил дороос гараа үл мэдэг хөдөлгөхөд нь тайвширах ажээ.
Өрөөнүүдийн буланд өглөөнөөс хойш өвлийн сүүл сарын бүдэг бүрэнхий хургасаар ч Манюшка пийшинг галлаж байгаа болохоор дулаахан байх аж. Дүнзэн хананууд галын дөлөнд гэрэлтэхэд Катерина Петровна сэмхэн санаа алдах агаад өрдсөн галанд өрөө нь тохьтой эзэнтэй, эгээ л Настягийн багын үе, аль эртнийх шигээ болох. Катерина Петровнаг нүдээ анихад өнчин ганц нулимс нүднийх нь аяганаас шүүрч шарласан чамархайг нь даган урсахдаа буурал санчиганд нь торох ажээ.
Тихон орж ирээд ханиалган нусаа нийх нь сэтгэл тавгүйтсэний шинж.
-Яагаа вэ, Тиша? -Катерина Петровна арайхийн ийн асуув.
-Катерина Петровна аа, гадаа ч тачигнаж байна шүү! -хэмээн Тихон цолгиун дуугараад малгай руугаа зовнингуй харав.
-Мөд цас ч орох нь. Тэр нь ч дээр, зам царцаатахвал ирж барих хүн хард аштай юу даа.
-Хэн ирэх гэж? -гээд Катерина Петровна нүдээ нээснээ хуурайшсан гараараа хөнжлөө татав татав илж эхлэв.
-Настасья Семеновна л байхгүй өөр хэн байх вэ, -гэж Тихон намуухан хэлээд муухан мушийснаа малгайнаасаа цахилгаан утсыг авч, - Өөр хэн байх вэ дээ. -гэв.
Катерина Петровна өндийх гэсэн боловч чадалгүй эргээд дэрэн дээрээ хэвтэв.
-Энэ! -гээд Тихон цахилгааныг болгоомжтой дэлгэснээ Катерина Петровна руу сарвайлаа.
Катерина Петровна харин цахилгааныг авсангүй боловч Тихон руу мөнөөх л аврал эрсэн харцаар харсаар байлаа.
-Өөрөө уншаад өг. Эмээ уншиж чадахаа больсон. Нүд нь муудаад, -гэж Манюшка сөөнгөтөв.
Тихон юунаас ч юм ширвээтсэн байртай ийш тийш харснаа хүрэмнийхээ захыг засаад, улбар хэдэн үсээ илж, итгэл муутай бүгт дуугаар ийн уншив: «Би гарлаа, хүлээж байгаарай. Үүрд хайртай таны охин Настя чинь».
-Хэрэггүй дээ, Тиша! Хонгор минь, хэрэггүй. Бурхан чамайг ивээг. Сайхан үг хэлсэнд чинь, сайн санасан чамд гялайлаа -гэж Катерина Петровна аяархан өгүүллээ.
Катерина Петровна их л зүдэн байж хана руу харж хэвтсэнээ унтчих шиг болжээ.
Тихон жавар сэнгэнэсэн үүдний өрөөнд вандан сандалд суугаад Манюшкаг гарч ирэн түүнийг Катерина Петровнагийн хэвтэж байгаа өрөө рүү зангатал тамхи татан, толгойгоо унжуулж, шүлсээ хаян санаа алдаж суужээ.
Тихон өлмий дээрээ гишгэсээр ороод алгаараа нүүрээ шудрав. Цонхийн цайж улам ч жижигхэн болсон Катерина Петровна амгалан нойронд автсан шиг байх ажээ.
-Хүлээж чадсангүй дээ, -гэж бувтнаад Тихон, -Ээ дээ, ингэж ч зовцрох гэж, үгүй мөн ч их гаслан юм аа даа! -гэснээ Манюшка руу их л уурсангуйгаар, -Тэнэг минь, чи хүний ачийг санаж яв, хоосон хонгирцог амьтан болчихов. Эндээ сууж бай, би тосгоны зөвлөл орж хэлчихээд ирье -гэлээ.
Тихон явж, Манюшка мухар сандалд хөлөө хавчин суух мөрт байдгаараа чичрэн Катерина Петровнагаас нүд салгалгүй ширтсээр байв.
Маргааш өдөр нь Катерина Петровнаг оршуулав. Нарийн ширхэгтэй цас орж, жавар чангарчээ. Цавцайсан өдөр, тэнгэр цэлмэг хуурай хэр нь толгой түрүүн дээгүүр угаагаад хөлдөөчихсөн зотон татсан мэт сааралтах. Голын тэртээх алсад хөхөмдөг туяа татах. Цасны тодхон цолгиун үнэр, эхний жавар зуусан удны холтос ханхийнэ.
Ажил явдалд оролцохоор эмгэд, харчуул цуглажээ. Тихон, Василий болон олсны цэвэр үлтэс мэт сахалтай ах дүү хоёр Малявин авсыг мөрлөж, Манюшка, Володька дүүтэйгээ тагийг нь дамжлан оршоох газар руу явах агаад Манюшка урдах мөрөө нүд цавчилгүй ширтэнэ.
Оршуулгын газар тосгоны цаадтай, голын дээд биед байх агаад тэнд хаг өвсөнд шарласан бургаас их өндөр ургажээ.
Тэдний замд багш бүсгүй таарав. Тэрбээр мужийн нэг хотоос ирээд удаагүй тул Заборье тосгоныхныг сайн танихгүй. Хөвгүүд хоорондоо:
-Багш явж байна, багш! -хэмээн шивнэлдэнэ.
Багш бүсгүй залуухан, бүрэг ичимхий, саарал нүдтэй, бараг хүүхдээрээ. Тэрбээр оршуулгын цувааг хараад зориг муутайхан зогсож, авсанд хэвтээ жижигхэн эмгэн өөд айсан нүдээр харна. Эмгэний нүүрэн дээр буух шөргөр цас эс хайлна. Мужийн тэр нэг хотод багш бүсгүйн ээж, - эгээ ийм жижигхэн буурал, охиныхоо төлөө үргэлжийн мөнхөд зовнигч эх нь үлдэж хоцорсон.
Багш бүсгүй хүлээзнэж зогссоноо авс мөрлөсөн улсын араас дагав. Эмгэчүүл эргэж харан их л номой номхон охин юм, нэг хэсэгтээ л эндхийн хүүхдүүдтэй үйлээ үзнэ вий, Заборье тосгоны хөвгүүд ч зоргоороо адтай моньднууд даа гэлцэн шивнэлдэх.
Багш бүсгүй сая нэг зориглож, эмгэчүүлийн нэг Матрена эмээгээс:
-Энэ эмгэн ганц бие хүн байсан юм уу? -гэж асуусанд тэрбээр: -Ий гэм дээ, хонгор минь, гон бие гозон толгой гээд л бодчих. Ямар эмгэмсүү, өөриймсөг хүн байсан гээ. Буйдан дээрээ суугаад л ганцаараа өдрийг бардаг, хоёр үг сольчих хүн ч байхгүй. Хачин өрөвсмөөр! Ленинградад охин нь байдаг юм гэсэн, уг нь. Бодвол их л чухал хайрхан болсон юм байгаа биз. Хөөрхий минь тэгээд л харж хандах хүнгүй, өөрийн гэх хэнчгүй гон бие талийлаа даа -хэмээн уйлан дуулав.
Оршуулгын газар ирээд авсыг шинэ ухсан нүхний дэргэд тавьжээ. Эмгэд харлаж борлосон гараараа газар шүүрэн авсны зүг бөхөлзөн мэхэлзэх. Багш бүсгүй авс руу дөхөж очоод тонгойж, Катерина Петровнагийн хатангир шар гарыг үнэссэнээ өндийн эргээд эвдэрч нурсан тоосгон хашааг зүглэв.
Хашааны ард хөнгөн сэвсэлзэх цаснаа ялигүй гунигтай, төрөлх, хайрт газар шороо үзэгдэх.
Багш бүсгүй ийн ширтэн, ар талд нь өвгөд хөгшид ярилцах, авсны таган дээр шороо унах хийгээд алсад айлуудын хашаанд эр тахианууд өөр өөрийнхөөр гооглон цэлмэг өдрүүд, хөнгөн жавар, нам жим өвлийг зөгнөн буйг чагнаж удаан зогслоо.
Настя Заборьед оршуулгын нөгөөдөр иржээ. Түүнийг шороо нь хэсэг хэсгээрээ барьцалдан хөлдсөн булшны шинэхэн овоо, амь амьдрал нь аль эрт дайжсан мэт Катерина Петровнагийн харанхуй хүйтэн өрөө л угтжээ.
Настя цонхон цаана бүүдгэр хүнд үүр алсад хөхрөн хаяартал энэ л өрөөнд шөнөжин уйллаа.
Настя хүн амьтантай тааралдахаас төвөгшөөн асууж шалгаахаас нь халшрахдаа Заборьегоос гэтэх мэт эртлэн явжээ. Катерина Петровнагаас өөр хэн ч түүний засаж залруулшгүй гэм буруу, тэсэж тэвчишгүй хүнд ачааг авч хаяж чадахгүй мэт түүнд санагдаж байлаа.
ЗӨВЛӨЛТИЙН НЭРТ ЗОХИОЛЧ КОНСТАНТИН ПАУСТОВСКИЙН “ЦАХИЛГААН УТАС” ӨГҮҮЛЛЭГ |
|
2024-12-13 15:24:45
2024-12-13 14:29:52
2024-12-13 11:03:15
2024-12-13 10:07:47
2024-12-13 09:13:29
2024-12-13 08:58:06
2024-12-13 07:00:00
2024-12-13 07:00:00
2024-12-13 07:00:00
2024-12-13 07:00:00
2024-12-13 07:00:00
2024-12-12 16:04:06
2024-12-12 15:31:31
2024-12-12 15:17:51
2024-12-12 12:55:54
2024-12-12 12:04:23
2024-12-12 11:50:04
2024-12-12 11:14:10
2024-12-12 08:26:00
2024-12-12 08:17:27
2024-12-12 07:00:56
2024-12-12 07:00:00
2024-12-12 07:00:00
2024-12-12 07:00:00
2024-12-12 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |