• Өнөөдөр 2026-11-04

ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА

Төрийн албаны тухай хуульд “Монгол Улсын иргэн төрийн алба хаахад адил тэгш боломжоор хангах, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтлана”  хэмээн хуульчилсан байдаг.


           Гэвч, төрийн захиргааны хамгийн дээд ангилал болох тэргүүн түшмэл буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин улс төрд нөлөөтэй хэн нэгнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон асуудал өнөөдийг хүртэл байсаар байна.

      Цаашлаад Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой Төрийн албаны төв байгууллага нь хууль бус томилгоог мэдсээр байж зогсоох нь битгий хэл шийдвэрийн хэрэгжилтийг гацааж, илт хууль бус шийдвэрийг өөгшүүлсээр байгаа нь нууц биш юм. Үүний цаана ашиг сонирхолын ноцтой зөрчил байна гэх хардлага олны дунд байсаар байна.

          Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Баянбаатарыг жилийн өмнө томилсон. Хоёрдугаарт,  Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Батхуягийг томилсон. Харин эдгээр томилгоо нь хууль бус байсан талаарх Төрийн албаны зөвлөлийн тогтоол 2026 оны гуравдугаар сарын 25-нд гарч байлаа. Гэтэл нэр бүхий албан тушаалтнуудын томилгоог өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй, Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилтээ хангаагүй байна.

       Өөрөөр хэлбэл,  төрийн албан хаагчийн томилгоо, шийдвэртэй холбоотой зөрчилд Төрийн албаны зөвлөл нь тогтоол гаргасан байтал өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй, хяналт тавих ёстой байгууллага нь ажлаа хийхгүй байгааг олон нийт шүүмжилж байна. Нэг ёсондоо эдгээр албан тушаалтнуудын томилгоонд хяналт тавих үүрэг чиглэлийг тухайн үедээ Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Жавзанд даалгасан тогтоол шийдвэр бий. Мөн тус шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг хүлээсэн  Маргаан хариуцсан гишүүн Л.Золзаяа хариуцлагагүй хандаж байгааг ч шүүмжлэх хүн олон байна. 

        Улмаар тус зөвлөлийн Маргаан хянан шалгах газар ажлаа хийхгүй байгааг дээрх жишээ бэлэхнээ харуулж байна. Гэтэл олны дунд Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг  Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг Боловсролын яамны багаараа бүрдүүлсэн гэх шүүмжлэл ч яваад удлаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр 2000 оноос хойш боловсролын салбарт ажиллаж, салбарын сайдаар хүртэл ажиллаж байлаа.

         Төгсгөлд, гавьяат хуульчаар удирдуулсан Төрийн албаны төв байгууллага Төрийн албаны хуулиа хэрэгжүүлэхгүй байгааг  сануулъя. Цаашлаад хууль журам, шударга зарчмын төлөө ажиллаж хариуцлага тооцох механизмыг сайжруулна гэсэн Ерөнхий сайд Төрийн албаны зөвлөлд, төрд хууль бусаар томилогдсон дарга нарт ямар хариуцлага тооцох вэ.

 

 


ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188