• Өнөөдөр 2026-11-04

“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо

2026-11-04,   117

    Хятад Улсад болсон “Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор М.Намхайринчэн оролцжээ. Монгол Улсын ногоон шилжилт, тойрог эдийн засгийг хөгжүүлэх бодлого, тулгамдаж буй асуудал, олон улсын хамтын ажиллагааны боломжийг танилцуулан, туршлага солилцсон байна. БНХАУ-ын Экологи, байгаль орчны яам болон Хонконгийн Байгаль орчин, экологийн товчоо хамтран зохион байгуулсан тус хуралд БНХАУ-ын Экологи, байгаль орчны сайд Хуан Рүньцю, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Байгалийн нөөц, байгаль орчны хамгааллын сайд У Хсан Оо, Хонгконгийн Засаг захиргааны тэргүүн Жон Ли тэргүүтэй өндөр түвшний албан тушаалтнууд, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, ногоон технологи, инновац, санхүүжилт болон тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ.

   Монгол Улсын зүгээс “Ногоон, нүүрстөрөгч багатай технологийн инновац болон үйлдвэрлэлийн уялдааг хамтран ахиулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт доктор М.Намхайринчэн панелистаар оролцож, Монгол Улсад тойрог эдийн засгийг хөгжүүлэхэд технологи, дэд бүтцийг сайжруулах, ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоо, тогтвортой хэрэглээг дэмжих нь чухал болохыг онцолжээ. Тэрбээр хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох, дахин боловсруулах үйлдвэрлэлийг өргөжүүлэх, барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлага байгааг дурдсан.

2

Мөн Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлт, ногоон зээлийн дэмжлэг, ногоон таксономи болон 2026 онд батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн талаар танилцуулж, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүй, эдийн засгийн орчныг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг тодотгосон байна. Хурлаар БНХАУ болон Дэлхийн өмнөдийн улс орнуудтай ногоон технологи дамжуулах, инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан судалгаа, инновацыг хөгжүүлэх, ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцжээ.

     Албан томилолтын хүрээнд доктор М.Намхайринчэн “Eco Expo Asia 2026” олон улсын байгаль орчны үзэсгэлэнгийн холбогдох арга хэмжээ, Засгийн газрын түвшний хэлэлцүүлэгт оролцож, хог хаягдал, бохир ус, лаг боловсруулах болон байгаль орчны хяналт-шинжилгээний дэвшилтэт технологийн шийдлүүдтэй танилцсан байна. Энэ үеэр Монгол орны цаг уур, газар зүйн онцлогт тохирсон, эдийн засгийн хувьд үр ашигтай технологийг нэвтрүүлэх, ялангуяа ойн түймэр болон зэрлэг амьтнаас үүдэлтэй эрсдэлийг эрт илрүүлэх, сэрэмжлүүлэх тогтолцоог хөгжүүлэх боломжийн талаар зохион байгуулагчидтай санал солилцсон аж. Мөн тэрбээр Хонконгийн “T·PARK” лаг боловсруулах байгууламжид ажиллаж, лагийг дулааны аргаар боловсруулан эрчим хүч гарган авах, бохирдлыг бууруулах, ус болон бусад нөөцийг дахин ашиглах технологи, үйл ажиллагааны туршлагыг судалмсан байна.

 

 

 


 

 


“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188