• Өнөөдөр 2024-04-24

ХАНУЙ ГОЛЫН ГАНГАН ХҮҮХНҮҮДТЭЙ ХАМТ “МАРТ”-ЛААД...-I

2023-03-08,   780

         Хөдөө очиж “Мартын 8”-ны баяр тэмдэглэх, хөдөөгийн эмэгтэйчүүд хэрхэн баярлаж байгааг сурвалжлахаар Арын сайхан хангай нутгийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зорин гарав. Хүрэх газар гэвэл хот, аймаг сумаас алс хол, уулсын бөглүүд орших Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг. Улаанбаатар хотоос 600 гаруй километрийн зайтай. Харин Архангай аймгаас 102, Өндөр-Улаан сумаас 90 гаруй километрийн зайд оршдог алслагдсан газар. Эрдэнэмандал, Чулуут сумын иргэд аймаг явахдаа дайран гарахаас өөр хөл хөдөлгөөн тэнд барагтай байхгүй. Бригадын төв дээр 40 гаруй айл аж төрдөг юм байна. Нутгийн иргэд Хануй баг гэж ярихаасаа илүүтэй Хануйн бригад гэнэ. Бага сургууль, цэцэрлэг, улаан булантай, 1000 хүн амтай, 400 орчим өрхтэй Монголын томоохон багуудын нэг. Архангай аймгийн төвөөс цасаар шуурч байхад Хануй руу хөдөллөө. Жолооч ““Шөнөд оройгүй, Шөлөнд дээжгүй” гэдэг биз дээ. Цасан шуурга намдаана” гээд бүрэнхий болсон хойно гарав. Ийн явсаар шөнө дундлаад Хануй бригадын төвд очлоо. Багийн төв гэж хуучны хөндлөн цагаан байшингууд, банзан хашаан дотор хүрэн дүнзэн байшинтай буйдхан газар харагдав. Бид багийн Засаг дарга А.Батдэлгэрийн гэрийг сурсаар хойд энгэрийн өвөлжөөнд нь очлоо.

“ХООЛ ХИЙЖ ӨГСӨН ГЭЖ ХҮНД БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ”

          Нүүр нүдгүй цасаар шуурч байсан тэнгэр цэлмээд хоножээ. Хаашаа л харна цав цагаан цас, цэв цэнхэр тэнгэр. Хануй голын бургасны захаас бараан морьтой хүн бригадын төвийг чиглэн ирж яваа нь холоос цагаан цаасан дээр хар цэг тавьчихсан юм шиг л бүртэлзэн үзэгдэнэ. Бригадын төвийнхөн өглөө эртлэн босжээ. Айл болгоны гэрийн яндангаар цагаан утаа суунаглана. Багийн дарга А.Батдэлгэр саравчиндаа орчихсон өвлийн уралдаанд уясан хурдан морьдынхоо тэжээлийг өгч байгаа харагдлаа. Харин саахалтын зайд өвөлжиж байгаа Ц.Болдбаатар үхрийнхээ хөлдүүсийг ганцаараа арилгаж байв. Мөн сургуулийн галч Д.Мөнхтөр ч өглөөнийхөө ажлыг хийж байгаа бололтой. Уулын суганд таран буусан айлуудын гадаа дандаа л эрчүүд өглөөнийхөө ажлыг амжуулж, малаа аялуулж байгаа нь “Хануй бригадын эрчүүд ямар ажилтай юм бэ” гэж бодогдохоор. Тэр өглөө нэг ч эмэгтэй хашаа хороогоо цэвэрлэж, хөлдүүс арилгаж харагдсангүй. “Мартын 8”-ны өглөө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн эрчүүд нь ажлаа хийж, эмэгтэйчүүд амралтын байдалтайгаар өглөөг угтаж байгаа нь энэ. Багийн төвийн эрчүүд эхнэр, охидоо баярлуулах гэж өглөөний уламжлалт ажлаа хурдан амжуулж, гарынхаа цай, хоолыг хийж эхэлсэн нь энэ аж.

         Эрчүүд хээр хоносон үхэр, адууныхаа сургийг гаргахаар бие биенийхээ гар утас руу залгах юм. “Адуундаа явсан уу. Манай хээрийн адуу харагдаж байна уу. Тарлан монголтой хэдэн үхэр голын бургасанд хоносон байна уу. Гол дээр үхсэн гурван сарлаг хэнийх вэ” гэх. Мөн “Яагаад малдаа явахгүй байгаа. Эхнэрээ баярлуулж байна уу” гэж нэгнээсээ асуухаар нөгөөх нь тас нэрэлхэх. “Мотоцикль асахгүй байна. Унтчихсан байна. Одоо ингээд явах гэж байна” гээд л янз бүрийн шалтаг олж хэлээд, гэргийгээ баярлуулж байгаагаа нуугаад байх юм. Харин гэрт нь шал өөр үйл явдал өрнөж байлаа. Ээжүүд үс зүсээ янзалж, тэр хавиархаа цэгцэлж, охид, хүүхдүүд цэвэрхэн хувцсаа өмсөж, аав нь орж гарахдаа зөөлөн зөөлөн дуугарах нь баярын бэлэгний нэг гэлтэй.

Хануйд ганцхан “Жи Мобайл”-ын сүлжээ барина. Жи-20-ын нэгжээр утсаа цэнэглэчихээр сүлжээндээ үнэгүй ярьдаг. Хануй бригадынхан хоорондоо үнэгүй ярина. Тийм болохоор бригадад болж байгаа үйл явдал нэгэндээ хурдан хүрнэ. Эрчүүд гэртээ хоол хийж байгааг, хоол хийх үйл явц хэрхэн өрнөж байгааг хүүхнүүд бие биедээ сонирхуулан гайхуулна. Сургуулийн захирал С.Монголмаад нөхөр Б.Гантөмөр нь банштай цай хийж өгсөн гэнэ. Харин бага ангийн багш Д.Буянхишигт нөхөр Д.Өлзий-Орших нь хуушуур хайрч өгсөн бол Д.Должинжавын нөхөр Г.Дамдиндорж мах шарж өгчээ. Багийн эмч Д.Батмөнхийн нөхөр Л.Тамир гараа гарган цуйван сэгсэрч байгаа сураг дуулдав. Хоолныхоо давсыг ихдүүлж шорвог болгочихоод дахиж хоол хийсэн хүн ч байгаа талаар инээд наргиантай зүйлс яригдав. Бригадын хүүхнүүд “Нөхөр хоол хийж байна. Ойрд гал тогоонд оролцоогүй юм. “Намайг хоол хийж байгааг хүнд битгий хэлээрэй” гээд байх юм. Хэнээсээ ичдэг байна аа” гээд л тас тас инээд алдах. Айл болгоны гэрт гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдэж, адуу мал гээд өглөө гараад орой ирдэг эрчүүд гэр бүлийн хүнээ баярлуулж байгаа нь цаанаа л сайхан санагдана. Хануй бригадын хүүнүүдийн баяр ингэж л эхэлдэг юм байна. Нөхрийнхөө гарын хоол, цайг зооглосон эмэгтэйчүүд өдөр нэгнийдээ цугларч, баяраа тэмдэглэх гэнэ. Харин залуус багийн улаан буланд болох цэнгээнт бүжигт орох гэнэ. Эмэгтэйчүүдийн баярын үйл ажиллагааны талаарх урьдчилсан мэдээлэл ийм.

ЧИН СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛЖ ХИЙСЭН БОЛГОН БУСДЫН ЗҮРХ СЭТГЭЛД ХҮРДЭГ БУЮУ ГАРААР УРЛАСАН МЭНДЧИЛГЭЭ

     Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд баасан гарагт охидоо баярлуулжээ. Цэцэрлэгийн хүүхдүүд ээждээ зориулж цаасан дээр зураг зурсан байна. Багш нь гараараа мэндчилгээ бичээд хүүхдүүдийн ээждээ зориулж хэлсэн үгийг нь цэвэрхэн, сайхан бичиж өгчээ. Хүүхдүүд “Аав шигээ машин унадаг хүн болно. Ах шигээ барилга барина. Хурдан морь унадаг хүн болно” гэж багшдаа хэлж бичүүлжээ. Цэцэрлэгийн багш нь хүүхдүүдийн мэндчилгээний цаасан дээр ихэд хичээнгүйлэн зураг зураад, хажууд нь жижигхэн хиймэл цэцэг наасан харагдлаа. Харин сургуулийн хүүхдүүд ээжүүддээ зориулан захиа бичжээ. Захиагаа баярынх нь өдрөөр эздэд нь бэлэглэсэн гэнэ. Сургуулийн багш нартаа зориулан 4А ангийнхан ханын самбар гаргажээ. Хүүхдүүд өнгийн харандаагаар “Багш нартаа “Мартын 8”-ны баярын мэнд хүргэе” хэмээн бичээд, сарнай цэцгийн баглаа барьсан дээлтэй охины зураг зурж, үлдсэн зайг нь тэнгэр болгон цэнхэр өнгөөр буджээ. Мөн багш болгонд сурагчид нь мэндчилгээ хийж бэлэглэжээ. Зарим нь дөрвөлжин шугамтай дэвтрийн гол цаасыг дөрөв хувааж нугалаад, өнгө өнгийн харандаагаар сэтгэлийн үгээ бичсэн байхад зарим нь тууш дэвтрийн хуудсан дээр дөрвөн мөрт зохиосон харагдав. Гэхдээ мэндчилгээ бүрийн буланд ваартай, эсвэл газраас ургасан цэцэг зурсан нь улам чимнэ. Хүүхдүүд ямар ч алдаагүй, цэвэр нямбай бичжээ. “Ээж ээ, таныг ганцааранг нь орхиод аавтай хамт наадамд явсанд уучлаарай” гэж нэгэн хүү бичсэн байхад хоёрдугаар ангийн охин “Багш аа, би таныг дуурайсан багш болно. Тэгээд сургуульдаа багшилна” гэж хүсэл мөрөөдлөө бичсэн байлаа. Чин сэтгэлээ зориулж хийсэн болгон бусдын зүрх сэтгэлд хүрдэг. Хануй бригадын ээж, багш нар хүүхэд, шавь нарынхаа өгсөн бэлгийг аваад зөндөө их баярлаж, зарим нь баярын нулимс унагасан гэнэ.

 

“МАРТ-8”-НЫГ ТЭМДЭГЛЭХЭЭР ДЭЛГҮҮР ЗОРИН ИРЭХ МАЛЧИН ЗАЛУУС

Хануй багт Б.Ганчулууных л дэлгүүр ажиллуулдаг. Мөн аймгийн төвөөс шатахуун, дизель зэргийг 200 литрийн поошигт хийж авчраад зардаг юм байна. Өөрөөр хэлбэл, багийнхаа иргэдийг шатахуун түгээх станц, хүнс, бусад бүтээгдэхүүнээр хангадаг ганц газар нь энэ аж. Дэлгүүр рүү яваад орлоо. Жижигхэн дэлгүүрийн лангуунд юм бүхэн өрөөтэй. Гэрийн эзэн Б.Ганчулуун дэлгүүртээ зогсож байна. “Манай багийн залуус өглөөнөөс хойш цувран ирж, эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх зүйлсээ худалдаж аваад явж байна” гэлээ. Айл саахалт өвөлжиж байгаа залуус нийлж, багийн дэлгүүрт ирэх ажээ. Ойролцоо өвөлжиж байгаа гурван залуу хонины бэлчээр дээр мотоцикльтой таарч, нэгнээрээ хонио харуулаад, хоёр нь ширээ засах зүйлс худалдан авахаар иржээ. Тэд чихэр, жигнэмэг, ундаа, дарс, шар айраг, хиам, өргөст хэмх зэргийг худалдаж аваад гарцгаав. Тэдний дараа үстэй дээлний гадуур хүрэм эгэлдэргэлж, ноосон малгайг баг болгоод өмсчихсөн хэн нь танигдахгүй залуус орж ирэв. Дэлгүүрийн худалдагч тэднийг хэдийнэ таньсан бололтой мэнд мэдэлцэхэд залуус малгайгаа авч “За нөгөө хэдийгээ баярлуулах гээд л явж байна. Өдөр нэгнийхээ гэрт цугларчихаад, орой хонио хотлуулчихаад бүжгэнд ирнэ” гэж тавгийн идээ, чихэр авах юм.

Б.Батбилэг гээд 20 гаруй насын залуу эхнэр Л.Энхжаргалын хамт иржээ. Гадаа 20 гаруй хэмийн хүйтэн байсан ч баяраа тэмдэглэх зүйлс худалдан авахаар 30 гаруй километрийн цаанаас тэд мотоциклтой ирцгээжээ. Мөн Ц.Очирбат, Б.Отгонтуяа нар ч ирж таарав. Багийн дэлгүүрт байх хамгийн үнэтэй чихэр, дарс, шар айраг зэргийг худалдаж аваад, цаасан хайрцагт хийн мотоциклдоо ганзагалаад хөдөлцгөөв. Залуу хосууд их цасан дунд хүйтнийг үл ажран холоос дэлгүүрийг зорин ирж байгаа нь “Мартын 8”-ны баярыг гэр бүл, найз нөхдийн хүрээнд өргөн дэлгэр тэмдэглэдэг нь мэдэгдэнэ. Тэдний дараа гурван залуу орж ирлээ. Дэлгүүрийн Жи-Мобайлын нэгж дууссаныг сонсоод “Өө, ахиухан авчихгүй. Нэг дөхсөн дээрээ овоо хэдэн нэгжтэй болоод авъя гэж бодсон юм. Тэгсэн 1000 ч байхгүй шүү. Та утсандаа байгаа нэгжээ явуулчих аа. Ээж, эгч нар руугаа ярьж, баяр хүргэмээр байна шүү дээ” гэхэд худалдагч “Надад ч нэгж алга аа. Маргаашнаас ирнэ. Мөнгөө үлдээчих. Би чам руу залгаад кодыг нь хэлээд өгье” гэв. Залуус “Хотынхон шиг цэцэг, навч өгөөд байж чадах биш. Байгаагаараа л, тэрүүхэн тэндээ цомхон тэмдэглэж байна. Мал төллөхөөс өмнө найз, нөхөдтэйгөө уулзаж, нэг оройг инээж, баярлаж өнгөрөөх гэсэн юм” хэмээн ярьж байна. Мөн хиам худалдаж авахдаа “Яана аа, энэ хиамыг чинь нарийн хэрчиж чадахгүй байх. Идэх л юм чинь өөрийнхөөрөө хэрчээд л өгчихнө биз. Цаад гурав чинь анзаарахгүй ээ” гээд инээлдэв. Мөн “Өнгөрсөн жил цаадуул чинь “Эмэгтэйчүүдийн баяраар та нар баярласан. Та нарын баяр болсон” гэж гомдол мэдүүлээд байгаа шүү дээ. Уух юмаа бага авсан нь дээр байх. Дарсаа харин ахиухан авчих” гээд авсан зүйлсээ хайрцагт хийж аваад, гарч одов.

Их үдийн алдад Хануй бригадын хүүхнүүд тал талаас цугларав. Бүгд л торгон дээл өмсөж, цөөнгүй одон медаль зүүсэн харагдав. Бригадын төвийн хижээл насны хүүхнүүд жил бүрийн гуравдугаар сарын 8-нд нэгнийдээ цугларч, “март”-ладаг уламжлалтай аж. Д.Үрчгэр, Д.Батмөнх, Л.Чимгээ, Д.Одгэрэл гээд багийн хүүхнүүд цугларч эхэллээ. Торгон дээл өмссөн хүүхнүүд “Алдарт эхийн одонгоо зүүх газар олдохгүй юм. Төр засгаас өгсөн юм чинь ганц эрхийнхээ өдөр зүүе. Тэр болгон гангарч, гоё дээлээ өмсөөд байж чадахгүй юм. Нийллэгэнд ирэхдээ л үс гэзгээ будуулж, нүүрээ будаад ирж байна” хэмээн ярив. Хотоос ирсэн сонины сэтгүүлч нийллэгэнд орно гэдгийг дуулаад санаа зовж байгаа бололтой байлаа. Д.Оюунбилэг, Д.Сувдмаа, Т.Цэнд-Аюуш, Л.Цэрэнлхам, Д.Хажид нар ирцгээлээ. Ингээд Хануй бригадын эмэгтэйчүүдийн баярын нийллэг эхэллээ. Тэдний дундаас “1992 онд мартын баярыг ёстой мартагдахааргүй тэмдэглэж байсан шүү” гэх яриа сонсогдов. Тэр үед сургуулийн багш нар Мартын 8-ны баяраар хүрч ирээд саахалтын айлуудыг нэгнийд нь цуглуулж байгаад урлагийн тоглолт хийдэг байсан гэнэ. “Баасандолгор гэх багш гоё дуулдаг байлаа” хэмээн хүүхнүүд ярилцах ажээ.

Нийллэгт ирсэн хүүхнүүд дэлгүүрээс дарс, 300-400 грамм чихэр худалдаж авсан гэнэ. Хүн болгон энэ жишгээр явсаар арав гаруй шил дарс, чихэр, жигнэмэг нэжгээд цугларав. Мөн чихрийн цуглуулга ч төрөл төрлөөрөө цугларчээ. Гэрийн эзэд бууз жигнэж өглөө. Арав гаруй шил дарсны үйсэн бөглөөг задлах болов. Дарс онгойлгогч байхгүй тул тэнд байсан багийн дарга, дэлгүүрийн эзэн Ганчулуун дээр миний бие нэмэгдээд өнөөхийг нь онгойлгох юм болов. Уруулын будгаар онгойлгох гэсэн болохгүй юм. Хүчтэй дарах гэхээр шил нь хагарчих гээд бид гурав хэрэндээ л “юм” болж байж арай гэж хоёр дарс онгойлгож өглөө. Хаалганы бариул, автёрк зэргээр дарс онгойлгох багаж хийлээ. Дарс уусан эмэгтэйчүүд хууч хөөрч “Манай багт Нэгдэл дундын үйлдвэр, худалдаа бэлтгэлийн анги байхад мөн ч олон хүн байдаг байсан. Адилбиш захирал багийнхаа хүүхнүүдэд 1996 онд гараараа мэндчилгээ бичиж өгөөд уулздаг нийллэг их сайхан болсон шүү” хэмээн ярив. Тэгснээ түрүүчийн бид гурвын будилан байж онгойлгосон дарсны ижлийг аваад, бөглөөг ядах юмгүй түлхчихээд “Ингэдэг юмыг та нар яагаад байв аа, түрүүнд” гээд тэрүүгээр нэг инээд болгов.Төд удалгүй нийллэг дуу хуураар үргэлжилж,

“Хөөрхөн борлог мориороо хөндийг туулах сайхан сан

Хөгшин буурал ээжийгээ хүндлэн асрах сайхан даа” гээд хоолой нийлүүлэн дуулж гарлаа. Цомхон эхэлсэн нийллэг дэлгэр сайхан боллоо. “Хүрэн үнээгээ саах уу даа” гээд тас тас хөхрөлдөөд дэлгүүрээс 2.5 литрийн шар айраг нэмж авчруулав. Дэлгүүрийн агуулах буюу гадаах амбаарт хадгалаад хөлдчихсөн шар айргийг тэд савыг нь хагалж, доторхийг нь цагаан түмпэнд хийгээд гал дээр халааж, жаврыг нь гаргаад аягалж уух юм. Хөгжөөн наргиан, дуу хуураар дүүрэн Хануй бригадын хүүхнүүдийн нийллэг үдэш болтол үргэлжиллээ. “Хануй голын хүүхнүүд царайлгаараа алдартай шүү дээ. Ирсэн хүн хоргодоод байдаг сайхан нутаг шүү” гээд хүүхнүүд нь намжирдан биенээ тохойгоороо ёворч ирээд л хөхрөлдөх юм.

   Бүрий болж, одод түгжээ. Энд тэндээс гэрэл биднийг чиглэн тусаж байлаа. Багийн бүжигт орох залуус мотоциклтой, портертой гээд унаа унаагаа хөлөглөн ирж байгаа нь тэр.

 

 

 


ХАНУЙ ГОЛЫН ГАНГАН ХҮҮХНҮҮДТЭЙ ХАМТ “МАРТ”-ЛААД...-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188