• Өнөөдөр 2026-11-05

УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ

Нийслэлийн иргэд өвлийн идшээ бэлтгэхээр махны эрэлд хэдийнэ гаргасан билээ. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр шүлхий өвчтэй малын махыг малчид  портер, портероор нь ачиж хот руу зөөж байгаа сурагтай. Тэр бүү хэл махны ченжүүдэд хямд өгч захуудаар тарааж байгаа гэнэ. Энэ жилийн хувьд Монгол Улсын хэд хэдэн аймагт шүлхий өвчин газар аваад байгаа билээ. Үүний эсрэг мал устгал, вакцин тариа хийх мэт арга хэмжээ авч байгаа ч шүлхий өвчин байсаар буй.

           Энэ жил Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэн. Харин Өвөрхангай аймгийн зургаан сум болон  Сэлэнгэ, Завхан аймгуудад бүртгэгдээд байгаа юм. Эдгээр нутгуудаас мах, махан бүтээгдэхүүн нийслэл хот руу ачигдаж байна. Шүлхий туссан малын махаа малчид ченжид хямд өгч байгаа аж.  

           Ченжүүдийн гар дээрээс зах зээлийн үнээс хэт хямд үнээр мах худалдан авах нь таны болон гэр бүлийн тань эрүүл мэндэд маш том эрсдэл дагуулж болзошгүйг мэргэжилтнүүд сануулж байна. Хэдийгээр шүлхий өвчний вирус нь халуун боловсруулалтад тэсвэргүй, хүнд шууд халдварлах эрсдэл бага ч хамгийн аюултай нь өвчний голомтод байсан малд тарьсан вакцин болон антибиотикийн үлдэгдэл юм. Вакцин хийлгэснээс хойш 14-21 хоногийн хорионы хугацаа дуусаагүй байхад нядалсан малын махыг хэрэглэвэл хүний биед харшил өгөх, хордох, цаашлаад антибиотикийн дасал үүсэх өндөр эрсдэл үүсдэг байна.

Малын эмч нарын сануулж буйгаар, шүлхийн вакцин хийснээс хойш 14–21 хоногийн хугацаанд тухайн малын мах, сүүг хүнсэнд хэрэглэхийг хатуу хориглодог байна.

           Улаанбаатарчуудын хүнсний гол хэрэглээ болсон махны аюулгүй байдал дахиад л олны анхаарлын төвд орлоо. Орон нутагт малын гоц халдварт шүлхий өвчний гаралт намжихгүй байгаа энэ үед нийслэлчүүд маань мах авахдаа болгоомжтой хандахгүй бол таны эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсэж болохыг анхаарах хэрэгтэй.  Малын эмч нарын сануулж буйгаар, шүлхийн вакцин хийснээс хойш 14–21 хоногийн хугацаанд тухайн малын мах, сүүг хүнсэнд хэрэглэхийг хуулиар хатуу хориглодог. Учир нь вакцины химийн нэгдэл, үлдэгдэл маханд нь хадгалагдаж байдаг тул үүнийг идсэн хүний дархлааны систем унах, хүнд хэлбэрийн харшил өгөх, цаашлаад элэг, бөөрөнд хорт нөлөө үзүүлэх бодит эрсдэлтэй гэнэ.

           Харамсалтай нь, орон нутгийн зарим малчид болон ашиг хонжоо хайсан ченжүүд хуулиар тогтоосон энэхүү хүлээлгийн хугацааны хяналтыг уландаа гишгэж байна. Шүлхийн голомтоос малаа үнэгүйдүүлж алдахаас эмээсэн, эсвэл вакцины хугацааг хүлээж цаг алдахыг хүсээгүй хүмүүс малаа яаран төхөөрч, нийслэлийн зах зээл рүү нууцаар болон илээр нийлүүлсээр байгаа нь нууц биш юм.

         вакцины хугацааг зөрчих асуудлыг амьдрал дээр бүрэн хянаж чадахгүй байгаа бололтой

            Өнөөдөр Улаанбаатар хотын томоохон хүнсний зах, худалдааны төвүүд дээр борлуулагдаж буй махны гарал үүслийн гэрчилгээ зөвхөн хяналтын байгууллагыг хуурах "цаас" төдий байна уу гэх хардлага иргэдийн дунд бий. Малын цахим бүртгэлийн систем хөгжсөн гэх боловч хуурамчаар бичиг бүрдүүлэх, вакцины хугацааг зөрчих асуудлыг амьдрал дээр бүрэн хянаж чадахгүй байгаа бололтой.

           Хэрэглэгч бидний худалдан авч буй мах эрүүл бүсээс ирсэн үү, хэзээ вакцин хийлгэсэн бэ гэдгийг батлах бодит баталгаа хотын хүнсний захын лангуун дээр алга. Иргэд эрүүл мэндээрээ дэнчин тавьж мах худалдан авч байна.

ӨВЧТЭЙ МАЛЫН МАХЫГ ТАНИХ АРГА

           Хүнсний зах, дэлгүүрт зарагдаж буй шүлхийтэй малын махыг зөвхөн нүдээр хараад 100% таних боломжгүй бага байдаг аж. Гэвч шүлхий өвчний үндсэн шинж тэмдэг нь мах цавчихаас өмнө малын амны хөндий, хэл, буйл, туурайны завсар цэврүү үсрэх байдлаар илэрдэг байна. Гэсэн хэдий ч шүлхий тусаад нядлагдсан мах эсвэл шүлхийн эсрэг вакцин, тариа хийлгэсэн махыг дараах ерөнхий шинж тэмдгүүдээр баримжаалан таньж болдог байна.

1. Гадаад байдал:

  • Тарианы сорви, идээт үрэвсэл: Шүлхийн эсрэг вакцин эсвэл "цагаан тариа" (антибиотик)-г малын хүзүү, уут, гуяны мах руу тарьдаг. Хэрэв тарианы хугацаа дуусаагүй (мах болох болоогүй) байхад нядалсан бол махны гүнд тарианы үлдэгдэл цагаан цэг, эсвэл бөнжгөр идээт үрэвсэл, хөхрөлт үүссэн байдаг.
  • Махны өнгө өөрчлөгдөх: Шүлхий тусч, халуураад үхсэн буюу үхэж байхад нь яаран нядалсан малын мах хэт бараан улаан эсвэл хөх туяатай байдаг. Эрүүл малын мах шинэвтэр, тод улаан өнгөтэй байдаг.
  • Шүүс ихтэй байх: Өвчтэй малын мах бэржиж, хөвсхийхээс гадна зүсэхэд маш их хэмжээний цусархаг, шар туяатай шүүс гоождог.

2. Муудаж, чанараа алдсан байдал:

  • Уян хатан чанаргүй: Эрүүл махыг хуруугаараа дарахад буцаад хэвэндээ ордог бол өвчтэй, туйлдсан малын махыг дарахад хонхоорой хэвээрээ үлддэг.
  • Өөхний өнгө: Эрүүл малын өөх цагаан эсвэл шаргал байдаг бол шүлхийтэй малын өөх булчирхайлаг, усархаг, заримдаа цус хурсан мэт улаавтар туяатай харагддаг.

           Уг нь хотын баруун, зүүн талын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор шувуу ч нисэж гарахааргүй хяналт тавих ёстой баймаар. Гэтэл шүлхийтэй мах портер портероороо орж ирж, захуудын лангуун дээр үг дуугүй өрөгдөж байгаа нь харамсалтай. Малын гарал үүслийн цахим гэрчилгээ гэх цаас хуурамчаар үйлдэгдэж, лабораторийн шинжилгээгүй мах иргэдийн ходоодонд орж байна. Иймд ченжийн гар дээрээс болон гудамж талбайн ил задгай машинаас зах зээлийн үнээс хэт хямд мах худалдан авах нь гэр бүлийнхээ амиар дэнчин тавьж буй хэрэг болж мэднэ. Хямд үнийн цаана үхсэн малын, эсвэл вакцин хэтрүүлсэн шүлхийтэй мах нуугдаж буйг анхаараг цаг хэдийнэ иржээ.

 


УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188