• Өнөөдөр 2026-11-04

ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ

2026-11-04,   126

           Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” групптэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд 2027 онд Оюу толгой төслөөс хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тохиролцоонд хүрсэн. Улмаар Оюутолгон ногдол ашгийг хэрхэн зарцуулах вэ гэдэг дуулиан сонгууль угтсан төсвийн төсөлтэй хамт анхаарлын төвд ороод удлаа. Өөрөөр хэлбэл 2027 оны төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ Оюутолгойн ногдол ашиг буюу гурван их наяд төгрөгийн хоёр их наядыг нь дэд бүтэц, эрчим хүчний салбар тэр дундаа 10 аймгийн дулааны цахилгаан станцыг барьж байгуулах бүтээн байгуулалтад зарцуулах хуулийн төслийг оруулж ирсэн. Гэвч иргэд болон сөрөг хүчний зүгээс ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн хуулиа баримтлан, ногдол ашгийг хуримтлалын дансанд байршуулах нь зүйтэй  гэх санал гарч, Засгийн газар уг хуулиа эргүүлэн татсан.

       Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын төлөөлөл буюу Ерөнхий сайд, Сангийн сайд тэргүүтэй танхимын гишүүдтэй уулзалт хийж, Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараах асуудлыг ярьсан юм.

      Харин Н.Учралын Засгийн газар өнгөрсөн хугацаанд ногдол ашгийг бэлнээр тараах нь эдийн засагт сөрөг үр дагавартай, инфляц өсөж, талхны үнэ 10.000 төгрөгт хүрнэ гэх байр суурийг илэрхийлж байв. Ерөнхийлөгчийн ил мэдэгдэлтэй холбоотой УИХ-ын гишүүд, эдийн засагчид, иргэдийн зүгээс олон талын байр суурийг илэрхийд байна. Тухайлбал, энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан “Ерөнхийлөгч өчигдөр Засгийн газарт чиглэл өгч, "Оюутолгой" төслөөс анх удаа орж ирэх ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлэх бус, иргэдийн дансанд бэлнээр шууд олгох эрх зүйн зохицуулалтыг хийхийг үүрэг болгосон. Энэ асуудал нь "D-Parliament" цахим системээр дамжуулан 100 мянга гаруй иргэний гарын үсэг, дэмжлэгийг авсан саналд үндэслэсэн. Мөн өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, Төв банкны бодлогын хүү өссөнөөс шалтгаалан зах зээлд мөнгөний хомсдол үүссэн, иргэдийн бодит орлогыг хамгаалах шаардлага бий болсон зэрэг дотоод болон гадаад эдийн засгийн хүчин зүйлсийг харгалзан уг шийдвэрийг гаргасан. Зах зээлд нийт гурван их наяд төгрөгийн бэлэн мөнгө нийлүүлэгдэх нь инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэй гэх болгоомжлол байсан, өмнө нь Ерөнхий сайдын зүгээс ч үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх талаар сануулсан. Цалин, хөлс нэмэгдэхэд инфляц өсдөг жишгээр уг мөнгөн дүн зах зээлд ороход инфляцад тодорхой дарамт учрах нь тодорхой боловч, энэхүү эдийн засгийн хүндрэлтэй цаг үед иргэдийнхээ орлогыг дэмжих, уул уурхайн баялгийн өгөөжийг бодитоор хүртээх зорилгоор Засгийн газар холбогдох эрх зүйн шийдлийг гарган ажиллана. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу ногдол ашиг нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын санд шууд төвлөрч, улмаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд зарцуулагдах учиртай. Иймээс Засгийн газар өмнө нь өргөн мэдүүлсэн нэг удаагийн зохицуулалт бүхий хуулийн төслөө эргүүлэн татсан. Харин одоо төсөвт Хуримтлалын сангаас нэг их наяд төгрөгийг зарцуулах төсвийн орон зай тусгагдан, УИХ-аар дэмжигдээд явж байгаа. Харин хоёр их наяд төгрөгийг иргэдэд олгохын тулд нэг удаагийн хуулийн зохицуулалтыг шинээр батлах зайлшгүй шаардлага үүсэж байна” хэмээн мэдээлсэн.

         Тэгвэл Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараах нь эдийн засагт ямар эрсдэлтэй хийгээд нөхцөл боломж бүрдсэн эсэх талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо.

ЭДИЙН ЗАСАГЧ Р.ДАВААДОРЖ: НОГДОЛ АШГИЙГ БЭЛНЭЭР ТАРААВАЛ УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ ШУУД СҮЙРҮҮЛНЭ

             Энэ талаар эдийн засагч Р.Даваадорж “Юун түрүүнд бид нэг зүйлийг ойлгох ёстой. 2026 оны Оюутолгойн ногдол ашгийг тараана, тараахгүй гэж маргаад байна. Гэтэл үнэндээ 2026 оны санхүүгийн жил дуусаагүй байна. Гэтэл дөрвөн сарын өмнөөс ногдол ашиг тараах асуудлыг ярьж эхэлсэн. Оюутолгой шиг олон компани оролцсон, олон тэрбум долларын хөрөнгө оруулалттай, олон хүн ажилладаг компани байтугай хоёр хүн ажиллуулдаг жижиг бизнес эрхлэгч жилийн эцсээр манайх ашигтай ажиллаж байна уу, үгүй юү гэдгээ дүгнээд ногдол ашиг тараах эсэхээ шийдвэрлэдэг. Гэтэл Оюутолгойн ногдол ашгийг тараах компанийн санхүүгийн тайлан гараагүй байхад ногдол ашиг авах талаар ярьж байгаа нь компанийн тухай хуулиа зөрчиж байна. Энэ бодлого тодорхойлогчдын туйлын хариуцлагагүй байдал. Тооцоо судалгаагүйгээр нэг төсвийн төсөл рүү оруулж ирээд, буцааж татаад, дахиж тараана гэж яриад байна. Үнэндээ бид алаагүй баавгайн арьсыг 10 хуваах гээд улиараад байна. Жилийн эцсийн санхүүгийн тайлан гараагүй байхад ногдол ашгийн тухай ямар ч компани ярьдаггүй юм. Гэтэл бид улс даяараа ингэж яриад байж болохгүй.

        Хоёрдугаарт, ногдол ашгийг тооцоод иргэдэд тараахдаа хүрвэл инфляцийг шууд өрдөж өгнө. Гаднаас орж ирж байгаа мөнгийг иргэдэд тараавал валютын ханш өснө. Монголбанкнаас мөнгөний бодлогыг 12 хувьд хүрснийг зарласан. Зах зээлд шууд бэлэн мөнгө нийлүүлбэл, аж ахуйн нэгжүүд нь дампуурлаа зарлаж, улс орны эдийн засгийг шууд сүйрүүлэх эрсдэлтэй.

        2024 оны дөрөвдүгээр сард Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг УИХ-аар батласан. Энэ хуульд маш тодорхой заалт бий. Төрийн өмчит компанийн 34 хувиас орох нногдол ашгийг Хуримтлалын санд байршуулна. Үүнийг ямар нэг байдлаар гадагш нь дотогш нь зарж, борлуулахыг хориглоно гээд заачихсан байгаа. Гэтэл энэ хуулийнхаа дээр гишгэж, бэлэн мөнгө тараана гээд Сангийн яам нь төсөв рүү оруулж ирж, буцааж татаагаад байж болохгүй. Энэ бол сонгууль угтаж, ард иргэдээс оноо авах гэж улайрч байгаа хэлбэр.

      Эрдэнэс Тавантолгой ХК-д иргэн бүр 1072 хувьцаатай. Харин Оюутолгой дээр нэг ч иргэнд хувьцаа байхгүй. Тэгэхээр хууль зөрчиж байгаа гэсэн үг.

         Та бүхэн анзаарсан бол 2026 оны мөнгөний бодлогыг хэлэлцүүлж байхад 7.5 их наядын өртэй. Үүнийгээ Засгийн газар жил бүр үнэт цаас гаргаж, дарна гэж яриад хэрүүл болсон. Энэ бол улстөрчид сонгуулийн өмнө улстөрчид оноо авах гэж хөнгөлөлттэй зээл олгох, бэлэн мөнгө тараах байдлаар амласаар явсаар 7.5 их наядын өрд орчихоод байгаа нь энэ. Үнэнийг хэлэхэд өрхийн орлого 4.9 хувиар буурчихаад байгаа учраас иргэд бэлэн мөнгө тараахыг дэмжээд байгаа юм. Гэтэл төрийн эрхийг 10 жил барьсан эрх баригч намынхан төрийн бодлогыг зөв тодорхойлсон бол иргэдийн амьдрал муудаж, бэлэн мөнгө авахыг хүсэхгүй байх байлаа. Хүмүүсийн амьдралыг доройтуулчихаад хууль зөрчих, улс орныхоо эдийн засгийг сүйрүүлэх зүйл яриад байж болохгүй” гэв.

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ЛАГШМИ: НОГДОЛ АШГИЙГ БАЯЛАГИЙН САНДАА ТӨВЛӨРҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ

        Оюутолгой ногдол ашгийг иргэдэд тараах нь зөв үү, буруу юу гэдэг асуудлыг ярих нь зүйтэй. Ногдол ашиг тараахаар бол өмнө нь бэлэн мөнгө тарааж байсан асуудлуудаасаа сургамж аваагүй байна гэж харж байна. Бэлэн мөнгө тараах нь эдийн засгийг хөөрөгдөх эрсдэлтэй. Мөнгө тараах нь ихэвчлэн худалдан авалт болж  хувирдаг учраас шууд инфляцид нөлөөлөх эрсдэлтэй. Иргэд хадгаламжиндаа хийхээс илүү худалдан авалт хийж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлдөг. Монгол Улсын зарим салбар дотоодын үйлвэрлэл, өрсөлдөх чадвараа алдах магадлалтай.

     Ер нь Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг тарааж ирсэн. Ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр тараагаад байвал ирээдүй хойчдоо юу ч үлдээж чадахгүй үрээд байх эрсдэлтэй байна. Тэгэхээр бэлэн мөнгөөр тараах асуудлаа эргэж хараад Баялагийн сандаа төвлөрүүлэх нь зүйтэй.

         Ногдол ашгийг дэд бүтцийн салбарт зарцуулах нь зүйтэй байдаг. Энэ нь урт хугацаандаа үр өгөөжөө өгдөг хийдий ч үр ашигтай. Тэр тусмаа манайх эрчим хүчний салбарт хөрш орноос хараат байдал бий болсон. Гэхдээ Их хурлын гишүүдийн тойрог рууаа татах гэсэн хөрөнгө оруулалт руу татаж болохгүй. Ихэнх улс орнууд ногдол ашгийг Баялагийн сандаа төвлөрүүлдэг. Тэр тусмаа уул уурхай давамгайлсан манайх шиг улсууд Баялагийн сангаа тотвортой төвлөрүүлж, улс орныхоо хөгжлийг дэмждэг жишээтэй. Тухайлбал, хамгийн тодорхой жишээ бол Норвегийн Баялгийн сан байна. Казкастан Улс гэгчлэн ногдол ашгийн орлогоо Баялгийн сандаа төвлөрүүлж, урт хугацаанд улсынхаа эдийн засаг, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Тэгэхээр манайх ч ийм жишгээр тодорхой хувийг нь ч болов Баялгийн сандаа төвлөрүүлэх нь зүйтэй” гэлээ.

 

 

 


ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188