• Өнөөдөр 2024-12-13

СГЗ, СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ: Сэтгүүлч болж, сэтгүүлчийн хувь тавилангаар амьдарч яваадаа би хэзээ ч харамсаж байгаагүй шүү

2023-01-03,   5768

    Сэтгүүлч бол үгээрээ бусдыг ирлэж, илчилж, аргадаж, уярааж байдаг үнэнийг эрэгч юм. Монголын сэтгүүл зүйд өөрийн өнгөөр гэрэлтэж буй сэтгүүлчдийн нэг бол “Ярилцлагын хатан” гэгддэг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Бадамдоржийн Ганчимэг. Сэтгүүлч Б.Ганчимэгийн гэх тодотголтой ярилцлага, бүтээлүүдийг хүлээх, уншиж хөглөгдөх уншигч олонҮргэлж хүний зүрх сэтгэлийн доторх олон өнгө, түмэн үймээнийг "уудалж" суудаг түүнийг бид ийн ярилцлагынхаа ширээнд зүрхлэн урьсан юм.

-Сэтгүүлч мэргэжлийг сонгосон түүхээсээ хуваалцахгүй юу? 

       ⁃Сэтгүүлч болно гэж дунд сургуульд байхдаа л шийдэж байсан. Ухамсартай сонголт байсан гэхээсээ илүү би өөрөө ухамсартай сонголт болгосон гэх үү дээ. Сонгосон тэр замаараа явсан. Амар хялбар байгаагүй. Ихэнх хүмүүс л чиглэсэн, сонгосондоо хүрэх гэж зүдэрдэг. Цахилгаан шатанд шууд суучихдаг хүмүүст л өөр байдаг байх. Надад тийм шат, кран байсангүй. Зам товчлоогүй болохоор одоо ч бүдэчсээр, урьдын л адил зовлон жаргалдаа түүртсээр л явж байна. Магадгүй энийг л амьдрал гэдэг байх л даа.

Сэтгүүлч болж, сэтгүүлчийн хувь тавилангаар амьдарч яваадаа би хэзээ ч харамсаж байгаагүй шүү.

-Та ажлын гараагаа "Ардын эрх" сониноос эхэлсэн юм билээ. Монголын анхдагч сониноос ажлын гараагаа эхэлсэн нь нэр төрийн хэрэг байсан байх даа?

        -Би сониноос замаа эхлүүлж, хаашаа ч холбиролгүй сонины сэтгүүлч явсаар энэ хүрлээ. Бас л бодож хийсэн сонголт. Би радиогийн сэтгүүлч болно гэж сурагч байхдаа боддог байсан. Оюутан болоод сониныг сонгож дадлагажсан. Хоёрдугаар курсээсээ төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины амралт чөлөөт цагийн “Ням гараг” сонинд ажилласан. Намайг “Ням гараг” руу манай Түмээ ах аваачсан л даа. Яруу найрагч Загдын Түмэнжаргал. Мэдээж тухайн үеийн хамгийн том хэвлэл. Одоо ч суурин дээр нь байгуулагдсан “Өдрийн сонин” тэргүүлэх сонин мөн биз дээ.  Сонин, тэр дундаа өдөр тутмын сонинд ажиллах бол сонгодог л доо. Шигшээ багийн л тамирчин болж байсан гэсэн үг. Мэдээж миний бахархлын нэг мөн.

-Таны ажлын талбарт гарч байсан үеийн сэтгүүл зүй одоогийн сэтгүүл зүй хэр их ялгаатай байна вэ. Монголын сэтгүүл зүйн урсгал хаашаа явж байна гэж та харж байгаа вэ?

    -Надаас сэтгүүл зүйг дүгнүүлэх гэж их асуух юм. Энэ судлаачдын ажил. Би сэтгүүл зүй судлаачаар мэргэшээгүй шүү дээ. Мэдээж олон жилийн өмнөх ажлын орчин нөхцөл тэнгэр газар шиг өөр болсон. Энэ ойлгомжтой. Нийгэм нь жам ёсоор хөгжиж байхад бүх зүйл хувьсан өөрчлөгдөж таарна. Цахим платформууд дээр суурилж зарим хэсэг нь явж л байна. Классик хэвлэлүүд ч оршдогоороо оршиж байна. Оршсоор ч байх болно. Үүнд ямар нэг эргэлзээ байх ёсгүй. Сошиал медиа бол миний ажиллаж байгаагүй төрөл. Одоо ажиллана. Яахав, зарим талаар хөнгөхөн нэг тийм шурт шурт хийсэн, ул суурьгүй, боловсруулалт байхгүй, хөнгөндүү урсгалаар нийгмийг бүхэлд нь хулдаж байгаа нь нэг талаас гунигтай.

Цагийн аяс бол байнга л хөрсийг хуулж, шинэчилж, өөрчилж явдаг. Дандаа ийм байхгүй. Давлагаа намжина.  

    Сэтгүүлч хүн үндэс бөхтэй мод шиг л байх ёстой байх. Би хувь хүнийхээ хувьд өөрөө нэг тийм хөнгөн савсаг, год шод, ам хэл болсон сагсуудуу төрлийн бүх юманд дургүй. Анхнаасаа явдаг, сонсдог, тэгээд суудаг, боддог, боловсруулдаг дадлаар явчихсан хүн байх. Хүний амьдралаас олж авсан хэвшил, дадал, арга барил энэ бүхэн нь тухайн хүнийхээ суурь зан төлөвтэй нийцэж хөгжих нь их зөв цулыг бий болгодог гэж би хардаг. Сайн хүн атлаа бүх юмаа баллаж хаядаг савсаг, түргэн түүхий, үргэлж өөрийгөө буруу эргүүлэг рүү хийчихдэг зан төлөвтэй хүн байдаг даа. Бараг тэр чигээрээ өтөлж яваа нь ч олон. Сэтгүүлчид бол бүх юманд нийлэмжтэй, юуны ч цогцод багтаад явж чаддаг хүн байдаг. Учир нь бүр тэр цаана байгаа хувийн гэх зан чанар мэтээ гаргаж ирээд холилдуулаад байх ёсгүй мэргэжил байхгүй дээ. 

-Таны ажлын ихэнх хугацаа сонинтой салшгүй холбоотой байсан. Бусад мэдээллийн хэрэгслээс өдөр тутмын сонины ялгарах онцлог юунд байдаг вэ?

     -Сонин сэтгүүлчийг ул суурьтай төлөвшүүлдэг газар. Редакцын соёл нь өөрөө тийм. Алдвал дэлгэцэн дээрх шиг арчаад л залруулчих боломжгүй. Шууд дамжуулдаг мэдээллийн хэрэгслүүдээс давуу нь илүү олон талаас нягталж, баяжуулж, баталгаажуулж бичих цаг хугацааны боломж олддог. Тэр хэрээрээ үлддэг. Хадгалагддаг. Найруулга зүй, логик, статистик, этик гээд олон зүйлийн цогц дээр сууж ажиллах боломжоороо давуу л даа. Бүгд л довтолгодог. Мэдээж хурд чухал. Маш чухал. Гэхдээ үлдсэн зүйлсийн ар руу явах, гүн рүү явах, эрж олоод сайхан гүйцээж ажиллахын кайф бол гоё кайф шүү дээ.

-Сэтгүүлч мэргэжлийн үнэ цэн нь юунд оршдог гэж боддог вэ?

      -Сайхан монгол үгээр хэлэхэд олны төлөө оломгүй сэтгэлээр л явдаг ажил шүү дээ. Бүх үр дүнгийнх нь шууд тусгал нийгэмд, хүмүүст л ач тус болж бууж байдаг. Нүд цоргим, хамар сэтлэм үнэн гэгчтэй хамгийн түрүүнд нүүр тулдаг л ажил.

-Та хэзээ сэтгүүл зүйн салбарт эргэлт буцалтгүй дурласан бэ?

      -Оюутан байхаас л …

-“Сэтгүүл зүй бол миний амь амьдрал” гэж та нэг удаа хэлсэн байсан. Сэтгүүл зүйн салбар танд юуг өгөв бас авав?

      -Сэтгүүлчийн амьдрал өөрөө эрэл. Зогсолтгүй ийм процесс юм чинь юу олоод юу алдаад гэж ярих вэ дээ. Өдөр бүхэн л олз. Эрсэн, судалснаа олох нэг баяр байдаг ч эргээд нөгөөхөө баталгаажуулах, ахин шалгах ажил ар дээр нь зогсож байдаг. Жаахан хэцүү тал нь дайсангүй явах боломж байхгүй нь. Адлуулж, хараалгуулж, өс хонзон дагуулж явдаг нь гуниглуулах үе байдаг. Гуниглаад ч яах юм билээ. 

-Та жирийн нэгэн дадлагажигч оюутнаас "Монцамэ" агентлагийг удирдах хүртлээ шаргуу хөдөлмөрлөсөн шүү дээ. Энэ хугацаанд юу танд урагшлах хүч, түших тулгуур болсон бэ?

       -Энэ мэргэжилдээ зүрх сэтгэлээ олон тийш гуйвуулж дайвуулахгүйгээр өгсөн маань. Гарч орж, ийш тийш гүйх тухай ямар ч бодол надад орж ирж байгаагүй.

-Таныг асуултаараа зочноо өдөөж, өөрийгөө дарж чаддаг сэтгүүлч гэж хардаг. Маш чухал чанар гэж боддог?

        -Асуулт бол би, асуултаар би бүтнээрээ харагдана гэх ойлголт байхгүй. Асуулт өөрийн үүрэгтэй. Сайн хариулт авах. Хариулт ирэхгүй тойрсон, зугтсан сөрөг үед хэлбэрийг нь өөрчлөөд ахин ойртох… Энэ тактикийн явц дунд янз бүрээр хувиран тавигдаж байгаа асуултыг хүмүүс харахдаа тухайн сэтгүүлчийн өөрийнх нь үзэл бодол юм шиг андуурч ойлгоод байдаг. Энэ нь жаахан төвөгтэй.

-Танд ярилцлага авахдаа эсвэл боловсруулахдаа хийдэг ямар нэгэн зуршил байдаг болов уу?

        -Өөрийнхөө архивд байгаа зочинтой холбоотой юмнуудыг эргэж нэг харах. Энэ бол байнгын зуршил.

-Ярилцлагын давуу тал нь нийтлэл сурвалжилгыг бодвол алдаа гаргах боломж бага санагддаг. Ингэхэд та алдаа гаргаж байсан уу?

         -Хатуу, хүнд асуултуудыг дараалан хэт их тавьсан алдаа гаргаж байсан.

-Сэтгүүлчээр ажиллаж байх хугацаандаа та ганц удаа ч болов "Өөр ажил хийе" гэж бодож байсан болов уу?

    -Өнгөрсөн нэг жилд хааяа хааяа ийм бодол орж ирж байсан.

-Сэтгүүлч мэргэжлийг сонгож, ажлын гараагаа тавьж байгаа залууст та юуг зөвлөх вэ?

       -Хувь хүнийхээ муухай чанарыг урдаа бариад дайрчихдаг сэтгүүлчид тэнэг харагддаг. Хонзонч, өсөрхүү. Тийм нэг хогийн чанараа ажилтайгаа хутгаад л, бүх юман дээр шүд зуучихсан заналтай юм үйлдвэрлээд л байх ямар муухай харагддаг гээч. Би л зөрүүд хүн, би л гөжүүд, би ер нь ухардаггүй ч гэж байх шиг. Уучлаарай, таны хувийн зан чанар ажилд чинь огт хамаагүй шүү дээ. Мэдээж дотор хүнээ зөв авч явах чухал. Сэтгүүлч хүн мэдээллийн хэрэглэгчидтэйгээ адилхан ханарч, шуугьж, шуурахаас дөлж явах хэрэгтэй. Сүр сар, салан палан, уулгамч, зүхэлч, өс хонзон тээгч, элдэв комплексоо ажилтайгаа хутгагч байж болохгүй. За, тэгээд багш нар зөндөө л заасан байлгүй дээ. Би насны хувьд бас тийм баялаг туршлага хураачихсан ахимаг этгээд биш. Гучаадхан жилийн туршлага, тавиадхан нас хоёроос тийм сүртэй мундаг юм гаргаж шидээд, сургаальч эх шиг царайлмааргүй байна. Бүгдэд тань амжилт хүсье, залуу найзууд аа. Миний найз нарын эгнээнд тавтай морил.

Би хорин хэдтэй, гучин хэдтэй, дөчтэй найзуудаар пиг дүүрэн хүн шүү.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

  -Баярлалаа.


СГЗ, СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ: Сэтгүүлч болж, сэтгүүлчийн хувь тавилангаар амьдарч яваадаа би хэзээ ч харамсаж байгаагүй шүү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-09-04 10:39:06
    зочин : Үнэхээр мундаг сэтгүүлч, авьяас мэдрэмж ёс зүй тэвчээр бүгд бүрдсэн гайхалтай эмэгтэй. Би нийтлэлүүдийг нь уншдаг, номыг нь авдаг. Ер нь миний хувьд сэтгүүл зүйг Ганчимэгийг үе ба түүнээс хойших гээд өөртөө ангилчихсан. Одоо ямар ч ёс зүйгүй, би гэсэн эго-д авсан, мэдлэггүй мэдрэмжгүй юм уншдаггүй хөгийн арилжааны шуналтай сэтгүүлч нэртэй хүүхнүүдээр сэтгүүл зүй хөглөрчээ. Ийм байдлыг харахаар л Ганчимэг бодогддог шүү. Эрүүл энх амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-15 15:09:01
    Сараана: ярилцлагыг нь унших дуртай гэснээс ярилцлагууд нь бүгд орж эмхэтгэгдсэн ном байдаг болов уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-15 22:20:45
    зочин: Үнэхээр ёс зүйтэй мундаг сэтгүүлч, ярилцлагууд нь гайхалтай. Одоо Ганаа шиг сэтгүүлч даанч алгаа, Өнөрцэцэг Мөнхбаясгалан мэтийн сэтгүүл гэж өөрийгөө нэрлэсэн эр эм мангасуудаар дүүрсэн. Хогийн ургамлууд сэтгүүлзүйг торложээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-15 22:20:14
    зочин: Үнэхээр ёс зүйтэй мундаг сэтгүүлч, ярилцлагууд нь гайхалтай. Одоо Ганаа шиг сэтгүүлч даанч алгаа, Өнөрцэцэг Мөнхбаясгалан мэтийн сэтгүүл гэж өөрийгөө нэрлэсэн эр эм мангасуудаар дүүрсэн. Хогийн ургамлууд сэтгүүлзүйг торложээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-05 14:01:20
    Д.Гантуяа: Сайхан ярилцлага уншлаа. Сэтгүүлч залууст бас сургаал болмоор ч юм байна шүү. Сэтгүүлч мэргэжлээ өндөрт өнргөж, "БИ" үзлээсээ ямагт татгалзах нь чухал гэдгийг хэлжээ. Ганаа сэтгүүчид АМЖИЛТ хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-04 12:18:36
    Сонины ажилтан: Түүний ямар ч нийтлэл үнэхээр л нэг аагтай цай шиг өег гэж . Жинхэнэ сэтгүүлч хүний идеал гэж хардаг дүр маань байгаан . Адилхан сонины салбарт ажиллаж явсан болохоор зүрхэндээ ойр мэдэрч, толгойгоо тохилзууланхан шиг уншив кк. Пээ энэ Мөөгий аймар удаан, бүтэхгүй ээ гээд л араар ярьдаг нөхдүүд байнга л таардагийн, удаандуу темпээ ч өөгшүүлэх гээгүй л дэ, сонинд 20 жил ажилласан хүн чинь нээрээ няхуур байхгүй гээд яахын, харин гараас нэг гаргасан, дуусгасан гэж үзсэн ажлууд минь хүнд нэмэртэй, дурсагдаад л бх болтой юм билээ. Үндэс бөхтэй мод байхыг илүүд үзнэ. Баярлалаа, урам өгсөн сайхан ярилцлага байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-04 11:09:39
    Б.Жамбал: Ёс зүйтэй чадварлаг сэтгүүлч дээ.Энэ хүний ярилцлага,нийтлэл ямагт нэгийг бодогдуулана шүү.Дараагийн нийтлэл,ярилцлага юу гарах бол гэж хүлээлгэсэн байдалтай бичнэ шүү.Одоо тийм сэтгүүлч харагдахгүй л байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-04 06:13:46
    Зочин: Шинэ оны мэнд хүргэе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-03 18:43:33
    Сүх: Эрүүл энхийг хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-03 16:36:05
    одсүрэн: шинэ онд улам их амжилт аз жаргал хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-03 13:15:50
    M.mandaxai.: Togs goe.taatai saixan. Amjilt.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-03 11:31:33
    Zochin: AMJILT hvsie mundag bvsgvi shv
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188