• Өнөөдөр 2026-11-04

Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Чингэлтэй дүүргийн зарим сурагчдын хувьд нэмэлт хичээлийн давтлага болон сургалт, дугуйланд хамрагдаж завгүй өнгөрөөж байгааг бид сурвалжилсан юм. Энэ үеэр сурагчид өөрсдийн сонирхлоо хөгжүүлэн идэвхтэй амарч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Нөгөө талаас гэртээ дүү нараа харах гэхчлэн гэрийнхээ ажилд тусалж байгаа хүүхдүүд ч цөөнгүй. Ихэнх эцэг эхчүүдийн хувьд хүйтний эрч чангараагүй байгаа энэ үед амралтыг нь аль болох бүтээлч өнгөрүүлэхэд нь анхаарч байгаа бол зарим нь гэртээ байхыг нь илүүд үзэж байна. Манай сурвалжлах баг хүүхдүүдээс амралтаа хэрхэн өнгөрөөж байгаа талаар нь тодрууллаа.

Гуравдугаар сургуулийн долдугаар ангийн сурагч “Манай сургуулийн урлагийн үзлэг ирэх долоо хоногт болно. Одоогоор урлагийн үзлэгтээ бэлдэж байна. Чөлөөт цагаараа төгөлдөр хуурын дугуйланд явдаг.”

Дөчин долдугаар сургуулийн 10-р ангийн сурагч “Амралтаараа Хүүхдийн урлан бүтээх төвийн сургалтад явж байгаа. Урлан бүтээх төвд уран зургийн галерей үзэх, өөр олон гоё хөтөлбөр их болдог болохоор явах дуртай байдаг. Манай дүү бас явдаг болохоор бид хоёр хамтдаа явахад амар байдаг.

Гуравдугаар сургуулийн 11-р ангийн хүүхдүүд “Амралтаараа сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг дуртай спортоо хөгжүүлэнгээ хөдөлгөөнтэй байвал эрүүл мэндэд хэрэгтэй байдаг.  Бид одоо зааланд тоглох гээд цуглаж байна.”

Сургуулийн орчин тойрон энгийн үеийнхээс бага хүнтэй, харин гудамжаар бага насны хүүхдээ дагуулан алхах ээж, аавууд нэлээд харагдаж байлаа. Ээжийнхээ хурдан хурдан алхахыг гүйцэж ядан яваа хүү “Ээж, ээж...” гэж дахин, дахин дуудна. Ээж нь хүүгээ ард хоцорсныг мэдээд хүлээж зогсонгоо “Хоцорлоо, хурдлаарай” гэж хэлээд түүнийг яаруулна. Тэрбээр “Би хүүгийнхээ шүдийг эмчлүүлэхээр хөдөөнөөс ирсэн. Амралтаар нь л амжуулахгүй бол цаг зав муу. Өдөр болгон л шүдний эмнэлэгт ирдэг ажилтай боллоо. Манай хүү гуравдугаар ангийн сурагч. Бид хоёрын хувьд хичээлийн давтлага, сургалтад хамрагдаагүй. Одоо шүдээ эмчлүүлэх цаг нь тулаад яараад явж байна.” гэв.

 

Тэднийг цааш яваад удаагүй байтал нэг охин ээжтэйгээ хөтлөлцөөд гарцаар гарч яваа харагдлаа. Инээмсэглэл тодруулан ээжтэйгээ  ярилцах тэр охин одоо дөрөвдүгээр ангийн сурагч бөгөөд англи хэлний сургалтаа тараад явж байгаа нь энэ байж.

Охины ээж “Манай охин амралтаараа хоёр дугуйланд явж байгаа. Англи хэл болон гар бөмбөг. Заримдаа хүүхэд харах хүнгүй үед гадуур дандаа дагуулаад л явж байна.” хэмээн хэлэв. 

Түүнчлэн бид ойролцоох сандал дээр амарч суусан эмээтэй ярилцсан юм. Эмээ олон ач, зээтэй боловч хичээлийнх нь амралтаар тэдэнтэйгээ уулзаж чадахгүй санаж байгаагаа хэлсэн юм. Эмээ “Амралт эхэлсэн ч гэсэн манай ач, зээ нар өвөө, эмээ дээрээ ирээгүй л байна. Олимпиад, уралдааны бэлтгэл гээд завгүй байгаа гэж байсан. Аав, ээж нь амралтын хугацааг нь үр бүтээлтэй байлгах гээд л олон давтлагад явуулдаг байх.” хэмээн санаа алдав.

Б. Наранцолмон

 


Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188