• Өнөөдөр 2024-05-04

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИНГИЙН НҮҮРСНИЙ НУУЦ НОЁНТНУУДТАЙ СҮЛБЭЛДСЭН БАРИМТ

2023-06-08,   1506

УИХ-д нийтэд танигдаагүй, сул гишүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин юм.

Аймгийн Засаг даргын албыг дөрвөн жил хашихдаа Дорноговь аймгийн МАН-ын хороог давхар ахалж, тойргоо тордсоор Их хуралд гарч ирсэн овжин нэгэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд парламентад чимээгүй гишүүний үүрэг гүйцэтгэж суухдаа аажмаар шат ахиж, өдгөө Үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. 


677 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦ, 113 САЯ ТӨГРӨГИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 360 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ Т.ЭНХТҮВШИН ГЭЖ ХЭН БЭ

Хэзээнээс түүнийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хүн гэх нэр дагаж, 2020 оны ээлжит сонгуульд тэд дөрөө харшуулан нэр дэвшсэнээр парламентад дорноговьчуудыг төлөөлөх болсон. Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын газарт улсын ахлах байцаагчаас аймгийн мэргэжлийн хяналтын дарга, ЗДТГ-ын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий Санхүү хэлтэс, хяналтын газрын  дарга зэргээр төрийн албанд чамгүй олон жил ажилласан намтартай. Харин Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай хамт дорноговьчуудыг атгасан гэх нь бий. Өөрөөр хэлбэл, уул уурхайн томоохон орд газартай тус аймгийн хаана, хэнд, ашигт малтмалын ямар зөвшөөрөл өгөх вэ, хэнд нүүрс зөөх, тээвэрлэх эрх олгох вэ гэдгийг тэд мэддэг болтлоо эзэн суусан гэх яриа хүртэл олны дунд байдаг.

Түүний аав Төмөртогоо нутаг усандаа “Буурал” хэмээн танигдсан, төрийн албанд чамгүй олон жил зүтгэсэн нэгэн гэгдэг. Харин Т.Энхтүвшин гишүүн эхээс долуулаа,  таван ах, нэг эгчтэй, айлын бага хэмээн хэвлэлд ярилцлага өгч байжээ. Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа хөрөнгө орлогын мэдүүлэг нь огцом өсөж, огцом буурсан хачирхалтай ч гэмээр сонирхолтой баримт байна. Харин УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа хөрөнгө орлого нь тогтмол өсөж, хадгаламжийн данс нь чамгүй зузаарсан байх.

Тодруулбал, 2015 онд Засаг даргаар ажиллаж эхлэхдээ нийт 192 сая төгрөгийн орлоготой гэр бүлийн орлого нь 4,6 сая, 140 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, 90 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй, 421 сая төгрөгийн хадгаламж, тусгай зөвшөөрлийн гурван компанитай хэмээн мэдүүлж байжээ.

 Харин 2016 онд түүний нийт орлого огцом буурч, 69.8 сая төгрөг болсон бол гэр бүлийн орлого нь 9.8 сая болж, 140 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, 114 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй гэж мэдүүлжээ. Хадгаламжийн хэмжээ нь нэмэгдэж 440 сая болсон байна.

2017 онд хөрөнгө нийт хөрөнгө орлого нь буурч 71 сая болсон бөгөөд тээврийн хэрэгслийн үнэлгээ мөн буурч 24 сая төгрөгийн үнэлгээ бүхий RX330-1 загварын нэг машинтай гэж мэдүүлсэн байна.

2018 онд нийт хөрөнгө орлого нь огцом буурч, 22.4 сая төгрөг блосон бөгөөд хадгаламжийн хэмжээ мөн буурч, 64 сая болсон байна. Харин орон сууцны үнэлгээ нь өсөж, 675 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай хэмээн мэдүүлжээ.

 

Ингэж явсаар 2021 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсноо хойш хөрөнгө орлогын мэдүүлэг нь дахин огцом өсөж, нийт хөрөнгө орлого нь 115 сая гэр бүлийн орлого нь 79 сая болсон байна. Улмаар 677 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 134 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэл, 99 сая төгрөгөөр үнэлэгдэх 36 хурдан удмын адуутай болсон гэж мэдүүлжээ. Мөн буурч байсан хадгаламжийн хэмжээ өсөж, 360 сая төгрөгийн хадгаламжтай болсон гэж мэдүүлсэн байна.

Хэдийгээр тэрбээр УИХ-д сул гишүүний үүрэг гүйцэтгэж байгаа ч төрд байх хугацаандаа хийхээ хийж, хүртэхээ хүртэж байгаагийн тод жишээ нь түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс илэрхий харагдаж байна.

Т.ЭНХТҮВШИН БА ДОРНОГОВИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН НҮҮРСНИЙ КОМПАНИУД

Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн нүүрсний нууц ноёнтнуудтай сүлбэлдсэн байж болзошгүй хэд хэдэн баримт бий. Угтаа бол одоогийн Дорноговь аймгийн Засаг дарга болон ИТХ-ын төлөөлөгч нар хоорондоо бизнесийн ашиг сонирхлоороо нэгдэж, нүүрсний компаниудын "нууц ноёд” болсон гэж хэлж болохоор баримтууд байна.

Т.Энхтүвшин 2016 онд Махбариадын Баярмагнай, Лувсандоржийн Бүрэндэлгэр, Ням-Осорын Бүрэнбат, Нарангэрэлийн Гантөмөр, Очирпүрэвийн Батжаргал, Гончигжавын Алтангэрэл, Галсандоржийн Батхүрэл, Пүрэвжавын Бямбанаранжав, Батцэнгэлийн Ганзориг, Болдын Ариунболд, Баттогтохын Балдорж, Гандираагийн Оюунгэрэл нартай хамтарч “Дорноговь Их Хөгжил Сан” НҮТББ-ыг байгуулж байжээ.

Үндсэндээ тус ТББ-ын ТУЗ-ын гишүүдийн олонх нь өнөөдөр Дорноговьд ИТХ-ын төлөөлагчөөр ажиллаж байгаа бөгөөд дор бүрнээ нүүрсний компанитай байна.

Тодруулбал,  Очирпүрэвийн Батжаргал нь Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Түүнчлэн “Ластимайнинг” гэх нүүрс тээврийн компанид хувь эзэмшдэг аж.

Тэрбээр “Ханги далай” ХХК-ийг 2017 онд Лувсандоржийн Бүрэндэлгэр, Очирбатын Энхмэнд, БНХАУ-ын иргэн Zhang Qiang-тай хамтран байгуулсан бөгөөд удалгүй бүртгэлээ хасуулсан байдаг.

 Тус компанийн эцсийн өмчлөгчөөр Очирбатын Энхмэнд бүртгэлтэй бол БНХАУ-ын иргэн Zhang Qiang хамтран эзэмшигчээр бүртгүүлжээ. “Ханги далай” ХХК нь өдгөө Дорноговь аймгийн Хатанбулаг суманд гадаад худалдаа, ачаа тээвэр, мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.  О.Энхмэнд нь Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд мөн “Даншиг транс” гэх компанийг эзэмшдэг. Тус компани нь мөн ачаа тээврийн үйлчилгээ явуулдаг аж.

БНХАУ-ын иргэн Zhang Qiang судлаад үзвэл 2008 онд байгуулсан нүүрс тээврийн “Эл Юу Зэт Кью” компанийн захирлаар ажилладаг бол тус компанид БНХАУ-ын иргэн Li Jianxin, Li Jianzong, Wang Cheng, Монгол Улсын иргэн Пунцагхорлоогийн Төмөртогоо нар тус кампанид хувь эзэмшдэг ажээ.

Махбариадын Баярмагнай нь “Эгнэгт”, “Эгнэгт транс”, “Эгнэгт индарсриал”, “Эн эф ай” зэрэг нүүрс тээврийн компаниудтай. Өдгөө нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, интерполоор эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн нэг юм. Түүний аав Махбариад нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, хошууч, генериал юм.

Харин Пүрэвжавын Бямбанаранжав нь мөн л тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч. “Их дэлгэрэх хэт”, “Чуа жиа дайяамондо куссаку”, “Ханхэнтий Стил”, “Замтын длан”, “Говь консолтинг” зэрэг компаниудын үүсгэн байгуулагч бөгөөд “Д клуб” ГҮТББ-ыг үүсгэн байгуулагчдын нэг. Тус клубын ТУЗ-д УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Цагаан өвгөний Жадамбаа зэрэг улстөрчид багтдаг.

Мөн П.Бямбанаранжав нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг “Их дэлгэр хэт” ХХК-ийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы төрсөн дүү Б.Ганхуягтай хамтран эзэмшдэг. Бүүр тодруулбал, Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар “халаас” нэгтэй бизнесийн хамтрагчид гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

Харин Дорноговь Их Хөгжил Санг үүсгэн байгуулагчдын нэг Лувсандоржийн Бүрэндэлгэрэх нь Сайншанд хотын нутгийн зөвлөлийн гишүүн “Ханги далай” ХХК-ийн хамтран эзэмшигчээс гадна АТАТ гэх нүүрс тээврийн компанитай юм байна. Мөн "Женерал Фүүдс" компанийг БНХАУ-ын Mo Goubin гэх иргэнтэй эзэмшиж, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Мөн тус ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Б.Ариунболд нь “Чингисийн хар алт” ХХК-ийн захирал. Дорнод аймгийн Даланжаргалан суманд байх Баруун далан, Алагтолгод гэх хоёр нүүрсний уурхайтай бөгөөд тэндээ нүүрс угаах үйлдвэр барьж эхэлсэн гэх нь бий.

Эндээс харахад УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Дорноговь аймгийн ИТХ, Засаг дарга нараар дамжуулан, өөрөө “нууц” ноёнтны дүрээр нүүрсний томоохон компаниудад “эзэн” суусан нь баримтаар нотлогдож байна.

 


УИХ-ЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИНГИЙН НҮҮРСНИЙ НУУЦ НОЁНТНУУДТАЙ СҮЛБЭЛДСЭН БАРИМТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 16:50:29
    ЧИНБАТ ГОМБОЖАВ: ДОРНОГОВИЙН АРД ТҮМЭН БҮГД МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ЯМАР ТОМ МАФИЙН СҮЛЖЭЭТЭЙ БОЛСНИЙГ ХЭЛСЭН ЯРЬСАН НЬ АД БОЛЖ АМЬ НАСААРАА ДЭНЧИН ТАВЬЖ ЯЬЖ БАЙГАА НЬ НУУЦ БИШЭЭ НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ ГАРАХ БАЙХАА ДАНДАА ХОХЬ ЧИНЬ ШҮҮ ГЭДЭГ ҮГИЙГ БАЙНГА ХЭЛЖ АЛЖ ХЯДАЖ БАЙГААШҮҮ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 14:25:59
    Сүхээ: Сайхан худал мэдээлэл явуулах юмаа. Харин ч нүүрсний холбоогүй төрийн хүн шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 14:25:58
    Сүхээ: Сайхан худал мэдээлэл явуулах юмаа. Харин ч нүүрсний холбоогүй төрийн хүн шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 14:25:57
    Сүхээ: Сайхан худал мэдээлэл явуулах юмаа. Харин ч нүүрсний холбоогүй төрийн хүн шүү дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188