-“Сонгодог зохиол, тайзны том бүтээл уран бүтээлчдийг их өөр түвшинд хүргэдгийг “Амьтны ферм”-ийг найруулахдаа мэдэрсэн-

-“Амьтны ферм” зохиолыг яагаад тайзны бүтээл болгоё гэж бодсон бэ?
-Ёгт, ёжлол хэлбэрээр их сонирхолтой бичигдсэн зохиол. Тэр дундаа амьтад нийгэм байгуулж байна гэдэг нь энэ бүтээлийн бүтээлч тал нь байсан. Үүгээрээ бидний нийгмийн байдалтай их төстэй. Тиймдээ ч надад өмнө нь бид янз бүрийн нийгмийн хэлбэр байгууламжтай байж байгаад ардчиллын дараагаас, тэр дундаа ковидоос хойш нийгмийн сенсаци, хэвлэл мэдээллийн байдал, олонхийн сэтгэл зүй хурдацтайгаар өөрчлөгдсөн мэдрэмж илүүтэй төрж байсан. Иймээс энэхүү зохиолыг энэ цаг үед л тавих нь зөв юм байна гэж бодон, зоригтойгоор хийж эхэлсэн. Нөгөө талаар “Амьтны ферм” бол жүжиг болгоход найруулагч, жүжигчдэд их бүтээлч материал. Амьтад, ферм гэхээр бид яаж ч хувиргаж, задлан шинжилж, дүрд нь ажиллаж болох байсан учраас өгөөжтэй, мөнхүү сонирхолтой байсан. Тайзны бүтээл болгох санааны тухайд хүмүүс ажигласан бол манай “Тусгал” жүжигт энэхүү жүжгийн туршилтыг хийсэн байдаг. “Амьтны ферм” жүжгийг энэ жил л хийе гэж зорьсон юм биш ийм нэг сонгодог жүжигт ажиллахаар тав зургаан жилийн өмнөөс төлөвлөж байсан.
.jpg)
-Жүжгийн анхны төсөөлөл хэр биелсэн бэ. Та жүжгээ санасандаа хүртэл тавьж чадсан уу?
-“Амьтны ферм”-ийн эх зохиолыг жүжгийн зохиолын хэлбэрт оруулах бидний оролдлого боломжийн түвшинд болсон. Манай жүжгийн зохиолчоор сэтгэл зүйч Т.Мөнхбулган ажилласан байгаа. Театрт хайртай, бичих дуртай эмэгтэй бий. Бидэнтэй хамтран ажиллаж, зохиолыг жүжгийн зохиол болгон бичих саналыг их сайхан хүлээж авсан. Жүжгийн зохиол маань бодсоны дагуу сайхан болсонд найруулагчийн хувьд сэтгэл хангалуун байгаа. Харин олон бүрэлдэхүүн, олон дүртэй байсан учир жүжгээ тайзнаа бэлдэж эхлэхэд найруулагчийн хувьд их сорилт болсон. Гэхдээ театр өөрөө дахиад сайжруулж болох сайхан урлаг. Анх би их өндөрт зорилгоо тавьж байсан. Тэр зорилгодоо тодорхой хэмжээнд хүрсэн гэж бодож байна.
-Таны олон бүрэлдэхүүнтэй тавьж байгаа анхны тайзны бүтээл үү. Олон орны театрт амилсан байдаг байх. Таны найруулсан “Амьтны ферм” юугаараа онцлог вэ?
-Дэлхийн сонгодог зохиолыг тайзны бүтээл болгож байгаа гэдгээрээ анхны бүтээл. Өмнө нь бага тайзны, монгол зохиолчдын, орчин цагийн зохиолоос гэх мэтээр сонгон жүжиг тавьж байсан. “Амьтны ферм”-ийг дэлхийн 80 гаруй оронд өөр өөр хувибараар тавьсан байдаг. Ихэнхдээ модерн хэлбэрээр хийсэн байдаг юм билээ. Саяхан гэхэд, Австралын Канберра хотын театрт тавьсан байна. Ер энэ зохиолыг тайзнаа цомхон, бүрэн хэмжээний гэхчлэн ондоо байдлаар үзэгчдэд хүргэж иржээ. Бидний хувьд метадрам гэх төрлийг сонгоод зохиол дээр гараагүй зүйлийг илүү нээхийг хичээсэн. Мөн тайз болон хөгжмөөрөө орчин үед байгаа амьтдын тухай өгүүлэхийг зорьсон.
-Найруулагч бүтээл найруулах бүрдээ суралцаж байдаг байх. Энэ удаагийн бүтээл ч мөн танд илүү их зүйл сургаж, ойлгуулсан байх?
-Тийм ээ. Их зүйл сурлаа. Нэгдүгээрт, бүрэн хэмжээний тайзны бүтээлд үндсэн нэг консепц гэх зүйл их чухал байдаг юм байна. Тэр нь сошиал медиа, тайз, хувцас гэхчлэн бүх зүйл дээр нэг хэлээр ярьж чадаж байна уу гэдгийг зөв ойлгох их чухал байлаа. Түүнээс гадна энэ жүжигт үндсэн 13 дүрээс гадна 20 орчим масс тайзнаа гарч байгаа юм. Эдгээр хүмүүсийг нэг уур амьсгалд зангидана гэдэг надад хоёр дахь сорилт байсан. Гуравт нь, урьд нь дандаа өөрийн ажилладаг жүжигчидтэй ажиллаж байсан бол энэ удаад олон өөр жанрын жүжигчдийг цуглуулсан. Энэ нь мөн нэгэн хүнд даваа байсан. Эцэст нь том тайзны бүтээл хүнийг их өөр түвшинд аваачдаг юм байна. Ялангуяа сонгодог зохиол. Тухайн зохиолын задлан шинжилж, ойлгохоос авахуулаад, бүтээн боловсруулах явц, өнөөдөр ч би өөрчлөлтийг хийгээд явж байгаа. Театрын нэг гоё юм нь лаборатори байж болдог, мөн амьд учраас өөрчлөгдөж, хувьсаж болдгоороо энэ урлагийн нэг амттай зүйл нь юм бол уу гэж бодож байна даа.

-Дүрүүдээ хэрхэн сонгосон бэ?
-Анхны зорилго маань жүжгээрээ дамжуулан бидний хэлэх гэсэн санаа, эмзэглэлийг хүргэж чадах оюун, сэтгэлийн чадамжтай хүмүүсийг сонгохыг эрмэлзсэн. Тийм ч учраас тэр хэмжээний жүжигчдийг цуглуулахыг хичээсэн. Тухайлбал, жүжигчин Д.Батцэцэг эгчийн хувьд жүжигчнийх нь эр зориг “Амьтны ферм” зохиолын Кловер гэх гүүний эр зоригтой төстэй байсан. Энэ ч үүднээс дүрүүдээ сонгосон. Хоёрдугаарт, залуу жүжигчдийг гаргаж ирэхийг хүссэн. Монголд байгаа цөөн хэдэн театрт нэг жүжигчин ээлжлээд тоглоод байдаг үйл явц ажиглагддаг. Энэ байдлаас өөрөөр аль болох урьд нь тайзнаа гараагүй, өөрийгөө харуулах, эвдэхийг хүссэн жүжигчдийг сонгосон. Ингээд ямар ч байсан эргээд харахад эерэг, зөв уур амьсгалтай хүмүүсийг бүрдүүлж чадсандаа баяртай байгаа.
Жорж Оруэллийн “Амьтны ферм” зохиол, мета театр биднийг их сурган хүмүүжүүллээ. Хагас жилийн хугацаанд бид Жорж Оруэллээр амьсгалж, өөрийгөө улам л сурах, боловсрох ёстой юм байна гэдгийг мэдэрсэн үйл явц болсон.
-Зохиол дээр гарч буй нэг санаа бол эрх мэдлийн тухай байгаа шүү дээ. Харин та жүжигтээ эрх мэдлийг ямар өнцгөөс гаргахыг зорьсон бэ?
-Эрх мэдэл хэнд байгаа вэ гэдгээс хамаарч өөр байдаг шүү дээ. Зөв хүндээ эрх мэдлийг өгч чадвал тодорхой хэмжээний эерэг өөрчлөлтийг авч чадна. Гэхдээ өнөөдрийн Монголын нөхцөлд хэн нь эрх мэдэлд очиж байгаа вэ гэдэг нь эмзэглүүштэй зүйл. Миний хувьд эрх мэдлийг буруу зүйл рүү эргүүлж, хүчийг өгөөд байгаа зүйл нь олонх өөрсдөө байна. Бид зөв хүнийг дэмжиж чадахгүй, өөрсдөө мэдээд байгаа мөртлөө дуугарч чадахгүй байгаа процесс бол буруу талын хүмүүсийг дээшээ гарахад хүчтэй нөлөөлж байгаа үйл явц болж байгаа юм. Эрх мэдлийг залруулж чадах хүч бол олонхид байгаа шүү. Эрх мэдэлд хүч биш олонхид хүч байгаа шүү гэдгийг энэ жүжгээрээ дуугарахыг хүсэж байлаа.
.jpg)
-Уран бүтээлчдээс танд ямар урмын үг, нөгөө талаар шүүмжлэл ирж байна вэ?
-Оюутан, залуучууд ирж үзээд, “Залуу хүний хувьд үнэхээр үзэх ёстой жүжиг байна” гээд сэтгэл хангалуун гарч байгааг харах сайхан байна. Үүгээрээ бид үр дүндээ хүрсэн гэж үзэж байгаа. Бүтээлийн чанарын тухайд сайжруулах алдаа оноотой зүйл мэдээж бий. Бидний нэгэн тулгарч байгаа асуудал бол өөрсдийн гэсэн тайзгүй театр учир бэлтгэл сургуулилалт их бага хийсэн. Гэхдээ бид чадлаараа хичээсэн. Энэ тал дээр жаахан санаа зовниж байсан ч үзэгчдийн зүгээс “Нийгэм цаг үеэ олсон, ансамбль их сайн бүрэлдсэн байна” гэхчлэн эерэг сэтгэгдэл хэлж байгаад урамтай байгаа. Бид энэ жүжгээ наанадаж 10 жил тоглохоор зорьж байгаа. Жил ахих бүрд санаа, жүжгийн тавилтаа улам сайжруулна.
-“Dolma” театрын цаашдын төлөвлөгөө, зорилго юу байгаа вэ?
-Театрын тухайд бид нүүдэлчин гэх утгаараа нүүгээд яваад байх ойлголт биш. Сэтгэлгээ маань шинэлэг, нүүж чадахуйц, өөрчлөлтөд дасан зохицно гэх утгыг илэрхийлж байгаа. Ямар ч байсан бид театрынхаа эхний таван жилийн төлөвлөгөөг гаргасан. 2027 ондоо хүүхэд, багачуудад чиглэсэн төслийг хийхээр төлөвлөөд, хамтрагч байгууллагаа олсон. Аль болох үндэсний хэмжээний бүтээл рүү орох бодолтой байгаа. Бидний барьж буй гол филисофи бол монгол хүн хэн бэ, монгол хүнд театрыг хэрхэн хийх тухай харуулахыг зорьж байгаа. Магадгүй энэ мөрөөдөл минь 10 жилийн дараа биелж, цаг үеэ олсон нэгэн сайхан бүтээл төрөхийг үгүйсгэхгүй.
-Анхны бүрэн хэмжээний сонгодог жүжгээ тайзнаа амилуулж байгаа энэ цаг үед Ардын жүжигчин, нэрт найруулагч Б.Мөнхдорж багш нь байсан бол танд юу гэж хэлэх байсан бол. Энэ тухай бодсон байх?
-Тийм ээ. Энэ асуултыг би өөрөөсөө асуусан. Нэг талаасаа манай жүжиг гадна байдлаасаа их эффектний байгаад байгаа юм. Багш хэрэв харсан бол “Намайг их эффект хөөж байна” гэж загнах байх даа гэж нээлтийн эхний өдөр бодсон. Гэхдээ энэ жүжигт зөвхөн эффект байхгүй, агуулгыг илүү барих гэж өөрийнхөө хэмжээнд хичээсэн. Нөгөө талдаа багш маань зоригтой байна гэж магтах байсан болов уу. Манай багш өөрөө “Сахилгагүй, зоригтой бай” гэж их хэлдэг. Энэхүү жүжгийг бүтээж байх явцдаа “Багш минь байсан бол ирээд зөвлөх байхдаа” гэж бодож, багшийгаа санах үе гарч байлаа.
.jpeg)
-Аливаа юм руу зориглон орох хүчийг тэгэхээр танд багш нь өгсөн байх нь. Тиймдээ ч өнөөдөр таны найруулсан жүжиг тайзнаа амилж байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Мөн энэ бүтээлийг хийх хүчийг өгсөн өөр нэг хүн бол манай жүжгийн продюсер М.Ганди. Надад “Энэ зохиолыг амилуулж чадна” гэх итгэл, зорих зоригийг өгсөн. Бид “Тусгал” жүжгээс хойш хамтдаа театр байгуулья, том хэмжээний бүтээл хийе гэж зорьж, хамтдаа яваа. Зорилго маань эхнээсээ биелсэнд баяртай байна. Дахин хэлэхэд, “Амьтны ферм” жүжиг маань 10 жил тайзнаа амьдарна. Тэгэх бүрдээ бидний бүтээл улам сайжирсаар байх болно.
-Жүжиг найруулна гэж зориод л болчихдог амар зүйл биш байх. Шантрал, бэрхшээлээ хэрхэн даван туулсан бэ?
-Сүүлийн жилүүдэд театрын бүтээл олон боллоо. Уран бүтээлчийнхээ зүгээс эерэг зүйлийг нь ч харж байгаа байх, мөн шүүмжлэлттэй зүйл нь юу байна вэ?
-Хувийн театруудаар их бахархаж байна. Театрын хөгжилд ч тэдний хувь нэмэр их бий. Өрсөлдөхийн хэрээр театрын ийм хэлбэр байдаг гэдгийг үзэгчдийн түвшинд нээж өгч байгаа. Харин зөв сэдвээ сонгож аваасай гэж хүсдэг. Хувийн театр хийнэ гэдэг өөрөө их хэцүү гэдгийг өөрөө энэ бүхнийг хийж үзэж байж мэдэрсний хувьд энэ чиглэлд зорьж байгаа найруулагч, уран бүтээлчдэд баяр хүргэмээр байна. Үнэхээр их зориг, тэвчээр байдаг юм байна лээ шүү.
-Одоо бүтээлийн санал орж ирсэн үү. Бүтээлийн сонголтод хэрхэн ханддаг вэ?
-Дараагийн бүтээл хийх эхний санал орж ирсэн, 2028 онд хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт, жүжгийн зохиолын сонголт дээр нухацтай хандана. Мөн миний өөрийн мэргэжилдээ ханддаг үнэ цэн, хувь хүний үнэт зүйлд нийцсэн бүтээл байвал орж ажиллана.
-“Амтны ферм” жүжгээ 10 жил тайзнаа амилуулна гэлээ. Тэгэхээр та цаашид түлхүү театртаа ажиллаад явах зорилготой байгаа юм байна, тийм үү?
-Тийм ээ. Театр руугаа бол илүү чиглэн ажиллана. Кино руу бүр их боловсорч, уншиж хийхгүй бол кино хэзээ ч засаж болдоггүй. Театр бол мөнхийн лаборатори хийж болдог нь сайхан байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |