• Өнөөдөр 2026-11-03

ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ

2026-11-03,   123

        Хүний хөлд талхлагдалгүй үлдсэн, ховор амьтан, ургамлын өлгий нутаг Халх Нөмрөгийн дархан цаазат газрыг түймэрдсэн хэрэгт хэн хариуцлага хүлээх, хохирлыг нь хэрхэн төлүүлэх асуудал асуултын тэмдэгтэй байсаар байна. ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн сануулга авч, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгс тушаал буурч, Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга албан тушаалаасаа чөлөөлөгдсөн төдийхнөөр хариуцлагаас цэвэрхэн мултарсаар. Тэр тусмаа, хүссэн нь хөл тавиад байдаггүй Халх Нөмрөгт “Мобиком”-ын захирлуудыг замчилж очиж "зугаалуулсан", хамгийн хатуу ял асуулгаж, хариуцлага хүлээх ёстой Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга ажлаа өгөх төдийхнөөр түймрийн хэргээс сугарч буйд олон нийт эгдүүцэж байна. 
       Тэгвэл Халх Нөмрөгийг түймэрдэхэд хамт явсан Хилийн боомтын захиргааны дарга асан Энхболдын Гантулга гэж хэн болохыг судалж үзлээ. Намтрыг нь сөхвөл, Дорнод аймгийн уугуул, МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургууль болох Зүүн бүсийн сургуулийг Эдийг засагч мэргэжлээр төгссөн. Улмаар 2016 оноос Дорнод аймгийн ИТХ-ын Ажлын албанд мэргэжилтнээр, 2022 оноос Дорнод аймаг дахь Хилийн боомтын захиргааны даргаар ажиллаж байгаад 2026 оны тавдугаар сард Монгол Улсын Хилийн боомтын захиргааны даргаар томилогджээ. Гол нь, Э.Гантулга Дорнод аймагт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн асан Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн хоёрын хайртай хуурай дүү нь ажээ. Тиймдээ ч Э.Гантулгыг Ц.Сэргэлэн, М.Бадамсүрэн хоёрын “татаас”-аар Дорнод аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга, залгуулаад Монгол Улсын Хилийн боомтын захиргааны дарга болж дэвшсэн гэж Дорнодынхон дуу нэгтэй ярьцгаадаг юм байна. 
 
Э.ГАНТУЛГА БА УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.СЭРГЭЛЭН
 
       Э.Гантулга 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас Дорнод аймагт нэр дэвшсэн Ц.Сэргэлэнд хүчин зүтгэсэн. Тухайн үед Э.Гантулга “Ах маань нэр дэвшиж байна” гэж Ц.Сэргэлэнг сошиал сүлжээгээр сурталчилж явсан нь баримттайгаа бий.  Ингээд 2022 онд Э.Гантулга Дорнод аймаг дахь Хилийн боомтын захиргааны даргаар томилогдсон. Тухайн үед Э.Гантулгыг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн “шахаа”-гаар энэ албан тушаалд томилогдлоо гэж Дорнодынхон шүүмжилж байжээ. Учир нь, Ц.Сэргэлэн анх Дорнод аймгийн Хилийн төлөөлөгч байсан, хожим нь Хил хамгаалах ерөнхий газрын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагчаар хоёр удаа томилогдож, нийт найман жил ажиллаад УИХ-ын гишүүн болсон. Тиймдээ ч Ц.Сэргэлэн хилийн карьераа Э.Гантулгаар залгамжлуулахаар Хилийн боомтын захиргааны дарга болгосон гэж байжээ. 
       Илүү ноцтой нь, Э.Гантулгыг 2022 онд Дорнод аймаг дахь Хилийн боомтын захиргааны даргаар томилогдохтой яг зэрэг буюу дөрөвхөн хоногийн зайтайгаар эхнэр Т.Уянга нь “Бронз стронг” ХХК-ийг эзэмшдэг болсон. Улмаар тэр даруйдаа “Бронз стронг” ХХК-аараа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Дорнодын Тамсагийн газрын тосыг ховх сорж буй “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн харуул хамгаалалтыг хариуцаж эхэлсэн. Тухайн үед Э.Гантулга эхнэр Т.Уянгынхаа “Бронз стронг” ХХК-аараа “Петро чайна дачин тамсаг” ХХК-тай жилийн 400 мянган ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэх мэдээлэл бий. Гол нь, Э.Гантулгын “Бронз стронг” ХХК-ийг “Петро чайна дачин тамсаг” ХХК-д зуучилсан хүн нь мөн л УИХ-ын гишүүн асан Ц.Сэргэлэн гэгддэг. Тодруулбал, Ц.Сэргэлэн 2009-2013, 2016-2020 онд Хил хамгаалах ерөнхий газрын даргаар хоёр удаа томилогдож, найман жил ажилласан. Харин завсарт нь буюу 2013-2016 онд Хятадын “Чинхуа групп”-ийн газрын тос олборлолтын охин компани болох “Импайргаз монголиа” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирлаар ажилласан байдаг. Өөрөөр бол, Ц.Сэргэлэн Монголд газрын тос олборлодог Хятадын компаниудын дунд нэр нөлөөтэй, халаас нэгтэй явж ирсэн. Тиймдээ ч Ц.Сэргэлэн Э.Гантулгыг газрын тос олборлолтын хамгийн том компани болох “Петро чайна дачин тамсаг” ХХК-д зуучилж, харуул хамгаалалтыг нь хариуцуулсан гэгддэг ажээ. 
 
Сонирхуулахад, саяхан Хятад иргэдийг доромжилж, дарамталсан хэргээр хоригдсон “тэмцэгч” гэх Г.Солонго өнгөрсөн 2025 онд “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн хятад захирлуудтай уулзахаар очиход Э.Гантулгын “Бронз стронг” ХХК-ийн хамгаалагч нар уулзуулахгүй гэж улайран хамгаалж буй бичлэг нь одоо ч сошиалд бий.
Э.ГАНТУЛГА БА УИХ-ЫН ГИШҮҮН М.БАДАМСҮРЭН
 
        Э.Гантулга УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн хэл үг, хийсэн үйлдлийг өдөр шөнөгүй, баруун солгойгүй сошиалд түгээж суудаг. Судалж үзвэл, 2015 онд М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг дарга болохтой зэрэгцээд Э.Гантулга найзуудтайгаа “Дорнод аймгийн залуучуудын нэгдэл” ТББ-ыг байгуулсан. Улмаар “Дорнод аймгийн залуучуудын нэгдэл” ТББ-аараа оюутан, залуучуудын уулзалт зохион байгуулж, уулзалтдаа М.Бадамсүрэнг урьж оролцуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, Э.Гантулга М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг дарга болсон цагаас нь эхлээд УИХ-ын гишүүн болсных нь дараа ч залуучууд руу чиглэсэн “Пи-Ар” болон сошиал сурталчилгааг нь хийсээр иржээ. 
        Нөгөө талаас, Э.Гантулгын хадам аав Н.Төмөрчөдөр, хадам ээж Б.Оюунтуяа нар нь “ТОУУ” ХХК-ийг эзэмшдэг. “ТОУУ” ХХК нь Дорнод аймгийн төв, Хэрлэн голын эрэг дэх 25 га газарт MV-017191 дугаартай Баянтойрог ашиглалтын лицензээр элс хайрга олборлож, бетон зуурмаг үйлдвэрлэдэг. Мөн “ТОУУ” ХХК нь Дорнод аймгийн төвд “King apartment” орон сууцны хотхон, “Queen villa” хаус хотхоныг барьж худалдсан. Товчхондоо, Э.Гантулгын хадам аав, ээж нь Дорнод аймгийн барилгын салбарын “акул”-ууд. Гол нь, Э.Гантулгын хадам аав Н.Төмөрчөдөр, хадам ээж Б.Оюунтуяа нар нь УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнтэй тун дотно байдгийг доорх зурагнуудаас харж болно. 
         Нэгтгэвэл, Дорнод аймгийн ИТХ-ын Ажлын албанд жирийн нэг мэргэжилтэн байсан Э.Гантулга Дорнод аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга болж, залгуулаад Монгол Улсын Хилийн боомтын даргаар дэвшиж, тэгээд болоогүй “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн харуул хамгаалалтыг хариуцаж ирсний ард УИХ-ын гишүүн асан Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нар байж болзошгүй ажээ. 
 

ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188