• Өнөөдөр 2026-11-03

"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно

      Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жил, Улсын драмын эрдмийн театрын түүхт 95 жилийн ойд зориулсан “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг тайзнаа эргэн ирлээ.

     Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшингийн найруулгаар бүтсэн тус жүжиг анх 2016 онд  тайзнаа тавьж байжээ. Харин энэ жил их зохиолчийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан арван жилийн дараа дахин үзэгчдийн хүртээл болж буй юм.

     Сонирхуулахад, жүжгийн анхны нэр “Нар жаргасан ч хөхөө донгоддог” гэж байжээ. Зохиолч Ш.Гүрбазар 2016 онд өгсөн ярилцлагадаа уг бүтээлийг анх ийн нэрлэж байсан ч уран сайхны зөвлөлийн хэлэлцүүлгийн дараа “Жаргаагүй нар” болгон өөрчилсөн тухай дурдсан байна.

     Ердөө 31 насалсан их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн энэхүү жүжиг нь нэгэн хүний хувь заяагаар дамжуулан тухайн цаг үеийн нийгмийн нөхцөл байдал, хүний сэтгэлийн зөрчил, амьдралын гашуун үнэнийг өгүүлнэ. Түүний богинохон атлаа бүтээл туурвилаар арвин амьдрал, хайр дурлал, үзэл санаа, туулж өнгөрүүлсэн сорилтуудыг тайзны бүтээлээр дамжуулан үзэгчдэд хүргэхийг зорьжээ.

      Жүжгийн гол дүр болох Д.Нацагдоржид бидний мэдэх “Аав” уран сайхны киноны жүжигчин Ц.Цэрэнболдын залуу насны дүрээр сэтгэлд хоногшсон Соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр, Пагмадуламыг О.Хонгорзул, Нинаг М.Тогтохжаргал, Намдагийг Т.Сэргэлэн тэргүүтэй жүжигчид бүтээж байна. Түүнчлэн Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Гавьяат жүжигчин У.Уранчимэг тэргүүтэй ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид оролцож байгаа юм. Тус жүжгийн ерөнхий продюсероор Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байна.

    “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг арваннэгдүгээр сарын 5-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдох бөгөөд тасалбарыг Ticket.mn цахим хуудас болон театрын билетийн кассаар худалдаалж байна.

                                                                                                                    М.Сүндэр


"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188