• Өнөөдөр 2026-11-03

МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР

           Хотын дарга асан Х.Нямбаатар Канадаас өдөр бүр шууд дамжуулалт хийж, намынхаа ах нарыг айлгаж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд үеэл дүүтэйгээ хоршиж, Засгийн эрхийг атгахдаа тэрбээр ёстой л төрийн хар хайрцаг болтлоо томчуудын баримтыг цуглуулсан нь тодорхой байна.         


           Нэг ёсондоо Хэнтийн үеэл ах дүүс нэг нь улсад, нөгөө нь Улаанбаатарт ноёрхлоо тогтоож, төрийн эрхэнд түр биш бүр хаанчлах гэж “шунасан”-даа бүдэрч унаад, бачуурч явна. 

        Цагтаа Ардын нам, Ардчилсан намынхан дунд алдар суу нь түгсэн Т.Бадамжунайг АТГ-ын хоёр ажилтнаар сугадуулан “шувуу” ажиллагаагаар шүүрч авчирсан гол эзэн нь хотын дарга асан Х.Нямбаатар байлаа. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн хэрэг, газрын наймаа гээд улстөрчдийн, МАН-ынхны гар дүрсэн бүх хэргийн “хайрцаг” нь хотын дарга асан Х.Нямбаатар болсон.  Гэтэл намын ах нар нь сурсан зангаараа хадаг яндартай урьж, залаад хууль шүүхээр айлгаж, хамаг эрхийг нь хааснаар Х.Нямбаатар намынхаа ах нарын бүрэн баримтыг булааж, хилийн чанадыг зорих болов.  Удахгүй эрх баригч МАН-ын бага хурлаа хуралдуулж, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатарын тамгыг атгах дараагийн дарга тодорно. Хэрэв зээ хотын дарга асан Х.Нямбаатар нийслэлийн МАН-аа өгвөл нохой явган, гахай нүцгэрч, хууль хяналтын байгууллагын хаалга татахад ойрхон, амь тэмцэж явна. Тиймдээ ч нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөхөөсөө өмнө МАН-ынхны “дайсан” болж, “шүүгээндээ” хав дарсан баримтуудаараа МАН-ынхны айлгаж эхэллээ.

          Тэр тусмаа Төрийн тэргүүнийг, түүний багийнхантай нь онилж, улс төрийн дайралтуудыг удаа дараа хийж эхлэв. Тухайлбал, Х.Нямбаатар “Хууль засаглахгүй У.Хүрэлсүх засаглах гэж байна” хэмээн, амны уншлага болтлоо мэдээлэл хийсэн. Улмаар Ерөнхийлөгчийг Бага тэнгэрийн аманд байсан хороолол бариулж, тансаглаж байгаа хэмээн баахан хаус хотхоны зургууд цацсаныг нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас үгүйсгээд байна.

        Өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн лайвынхаа үеэр Ерөнхийлөгчийг өөрийнхөө хөшөөг Хятадад хийлгүүлсэн гэх мэдээлэл хийж, “У.Хүрэлсүх намайг улс төрд хөтөлж оруулсан гэж ярьдаг. 2016 онд бид жагсаж байж Ерөнхий сайд болгож байсан шүү. Шувуу ажиллагаагаар Т.Бадамжунайг авч ирэхэд У.Хүрэлсүх уурласан. Сүүлд мэдэхэд У.Хүрэлсүх өөрөө Т.Бадамжунайг 2018 онд зугтаалгасан юм байна” хэмээх ноцтой мэдээллүүдийг ч хийж амжлаа.

        Энэ мэтчлэн хотын дарга асан Х.Нямбаатар намынхаа ах нарыг мөн ч их айлгаж байна. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн бүхий л том хэргүүдийн олсны үзүүр хотын дарга асан Х.Нямбаатарын ой санамжинд багтаж буй аж. Хэрэв зээ тэр энэ эрчээрэй зангилааг тайлбал МАН задарч, өнгөрсөн хугацаанд төрийн эрхийг барьж эхэлсэн түүхүүд нь задарч мэдэх ноцтой нөхцөл байдал үүссэн учраас Х.Нямбаатар МАН-ынхны шүдний өвчин болж байна.

      Нэг талаараа тэр үүгээрээ нийслэлийн МАН-д тогтоосон байр сууриа хамгаалж, нөгөө талаараа үеэл дүүгийнхээ улс төрийн замналыг удаан хугацаанд барих гэж ухаангүй мэдэгдлүүдийг ар араас нь хөврүүлж эхэлсэн бололтой.

   ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНЭ, ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР НАРЫН ХОЛБОО ХАМААРАЛ

         Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга асан Х.Нямбаатар нарын улс төрийн занмал нэг нэгтэй салшгүй холбоотойн дээр тэд бие биенээсээ өөр хэнд ч итгэж, эрх мэдлээ хуваалцдаггүй болтлоо ижилссэн. Тэд Хэнтийн Бэрх тосгонд төрж өссөн, хамар хашааны үеэл ах дүүс. Хожим нь, хамтдаа МАН-д элсэж, тэгээд болоогүй, хамтдаа компани байгуулж, халаасаараа ч нэгдсэн. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн эхнэр Б.Туул нь 2006 онд өрөмдлөгийн “Бест дрийлинг” ХХК-ийг байгуулж, Х.Нямбаатарын төрсөн дүү Х.Нямбаяртай хамтран эзэмшдэг болсон. Ингээд 2016 онд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр УИХ-д хамт нэр дэвшсэн тул хамааралтай гэдгээ нууцлахын тулд “Бест дрийлинг” ХХК-ийн эзэмшигчээс Л.Оюун-Эрдэнийн эхнэр Б.Туул нэрээ хасуулсан байдаг. Одоог хүртэл “Бест дрийлинг” ХХК-ийг Х.Нямбаатарын төрсөн дүү Х.Нямбаяр эзэмшиж байгаа.

          Хөхөө өвлийн хүйтэнд хөдсөн дээл, үнэгэн малгайтай таван улстөрч “Монголын улс төрд шудрага ёс тогтооно” хэмээн Төв талбайд гэр барьж, “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал” гэгчийг зохион байгуулж байлаа. Одоогоос дөрвөн жилийн өмнө Монголд М.Энхболд тэргүүтэй МАНАН гэх айхтар том бүлэглэл төрд эзэн суучихсан, түүнээс нь болж Монгол Улс хөгжихгүй, хууль хяналтынхан тэр чигтэй  МАНАН-гийн гар хөл болчихсон хэмээн тэмцэж байсан нь энэ. Тэр цагаас “Шудрага тав”-ын бүлэглэл гэгч хүчээ авч, М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагааж байсан. Тухайн үед “Шударга тав” бүлэглэлд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нар багтаж байв. Ингэж тэд улс төрд бүл болгон гарч, Хэнтийн үеэл ах дүүс улс төрд “Шударга тав”-ын дүрээр танигдаж байлаа. Хөдсөн дээлтэй, хөлөө хайруултлаа улс төрийн тэмцэл хийсэн ах дүүсийн нэг нь ЗГХЭГ-ын дарга болж, нөгөө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд хэмээх “шагналаа авсан”-аар тэд улс төрд дөрөө холбож, нэг нь Ерөнхий сайд нөгөө нь Хууль зүй, дотоод хэргийн яамыг толгойлох хүртлээ томорсон.

            Хожим “давхар дээлтэй”, Хууль зүй дотоод хэргийн сайдаа чөлөөлөн байж хотын даргад томилсон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн МАН-ыг түүнд өгснөөр МАН-ын анхан дунд шатныхныг тэр чигт нь Х.Нямбаатарын багийнхнаар дүүрчихсэн байгаа нь ч нууц биш юм. Тиймдээ ч хотын даргаар ажиллах хугацаандаа хамгийн өдөр төсөвтэй, төсвөө захиран зарцуулах эрхтэй 1.5 сая хүнтэй нийслэлийг удирдуулж, эрх мэдлийг нугалж өгсөн гэсэн үг.

        Иймд тэд эрх мэдлээ хамгаалж, улс төрд босгож ирсэн багийнхнаа авч үлдэхийн тулд төрийнхний оролцсон бүхий л том хэргүүд зардуулна гэж намынхантайгаа “дайн” зарлаж, ах нарынхаа толгойны өвчин болж эхэллээ.

         Тиймдээ ч одоогийн МАН-ын томчууд тийм ч амархан нийслэлийн МАН-аа авч чадахгүй Х.Нямбаатарын цахим орчинд түгээж эхэлсэн дуулианыг дарах гэж хэрэндээ хичээж байгаа бололтой.

 


МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188