• Өнөөдөр 2026-11-03

ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна

              Ахмадын тэтгэвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор “Алтжин бөмбөгөр” худалдааны төв ахмадын хөлд дарагджээ. Гэвч гартаа барьсан эрээн тороо дүүргэж чадахгүй байгаа нь бараа бүтээгдхүүний үнийн өсөлттэй холбоотой гэж ахмадууд ярьж байна. Тэдний хувьд мах, дараа нь гурил, будаа, үлдвэл ногоо авна гэсэн дараалалтай байгаагаа хуваалцлаа. Анзаарвал амттан, чихэр жимс, цагаан идээ, ахуйн барааны хэсэг үйлчлүүлэгч цөөтэй байна.

         Олон янзын чихэр эгнүүлэн өрсөн лангууны ард зогсох эмэгтэйг Н.Цэцэгмаа гэдэг. Тэрбээр “Мах, ногооны үнэ тэнгэрт хадаад байна. Уг нь намрын цагт ногоо элбэг, шинэ ургац гараад үнэ нь ч буудаг байсан. Энэ жил л лав үнэ нь буугаагүй, ногоо их үнэтэй байна.” гэв.

    Ингээд бид тодруулахаар тус худалдааны төвийн ногооны тасгийн худалдагчтай ярилцлаа. “Ногооны үнэ нэмэгдээгүй ээ. Өнгөрсөн жил 2500 төгрөг байсан, энэ жил ч тэр үнээрээ л худалдаалж байгаа. Хүмүүсийг ногооны үнэ өссөн гэхэд гайхаад байна” хэмээн үнэ өссөн гэх иргэний үгийг няцаасан юм.

    Харин махны хэсгээр үйлчлүүлэх хүмүүс харьцангуй сийрэг ба ганц нэгээрээ ээлжлэн ирсээр байна. Даавуун тороо барьсан эмээ “үхрийн цул мах авъя жижгээс нь тавиарай эмээ нь дийлэхгүй” гэж инээгээд торондоо хийлгээд намс намс алхалсаар холдлоо. Худалдагч “Ер нь худалдан авалт муу байна. Дандаа жижиглэж авч байгаа. Ганц, хоёр кг-аас хэтрэхгүй. Махны үнэ өслөө гээд байх юм. Уг нь зуныхаасаа хамаагүй буучихсан байгаа шүү дээ. Хонины мах долоон сард 29 мянган төгрөг хүрсэн, одоо бол 24 мянга болсон байгаа. Үхрийн мах 34 мянгаас 28 мянга болсон.”

Махны хэсгээс цааш яваад чихэр, нарийн боов, ус, ундааны тасагт очвол хүний хөл сэлүүхэн байна. Харин сургуулийн насны охиноо хөтлөөд, цэцэрлэгийн насны хүүгээ тэвэрсэн эмэгтэй “Эгчтэйгээ хуваагаад уугаарай” гээд жижиг ундааг хүүдээ авч өгөөд цааш алхахтай таарсан юм.

     Түүний хувьд орон нутгийн суурьшилтай хотод ажлаар ирсэн бөгөөд үнийн өсөлтийн талаар хэлэхдээ “Хот газар үнийн хувьд арай л хямд юм. Дөнгөж хотоос 130 км-ийн зайтай суманд л өчнөөн нэмэгдэж ирж байна. Хөдөө орон нутгийн бараа бүтээгдэхүүн 30-35 хувийн үнийн зөрүүтэй байна. Яагаад нэмэгдэв гэхээр бензин, тосны үнэ нэмэгдсэн, шатахууны хүрэлцээгүй байдал нөлөөлж одоо бүр олдохгүй болчтихлоо” гэж ихэд бухимдан хэлсэн нь царайны хувирал, хоолойн өнгөнөөс мэдэгдэж байлаа.

Энэ үеэр бид ээжийнхээ захиасыг цуглуулан явах 16-н настай Б.Тэмүүлэн хүүтэй таарсан юм.

Тэрбээр “Үнийн өсөлт гэхээр сайн мэдэхгүй л байна. Гэхдээ яг өмнө нь өндгийг багцаар нь авдаг байсан бол одоо тав, арван ширхэгээр авч байгаа. 10 ширхэг өндөг л 7500 төгрөг болж байгаа болохоор үнийн өсөлт их байх шиг байна.”

        Энэ мэтчлэн илт мэдэгдэх эдгээр өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хөгшин залуугүй туйлдуулж байна. Иргэдийн худалдан авалт өдрөөс, өдөрт муудаж, өөрт байгаа мөнгөндөө тааруулан хүнс ногоогоогоо эрэмбэлж  авахад хүрээд байна.

Б.Наранцолмон


ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-03 19:36:46
    Алимаа: Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор, өр зээл, стресс бухимдал нэмэгдсээр л ...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188