• Өнөөдөр 2026-11-03

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ

           Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг хэдэн жилийн өмнө уналтад ороод байсан гэхэд хилсдэхгүй. Дэмжих байгууллага, бэлтгэл хийх заалгүй тэвдэж явсан үе саяхан. Тэр утгаараа чөлөөт бөх сонирхогчдын хувьд муу ам, луу данстай байлаа. Энэ хэрээр бөх сонирхогчид сэтгэл дундуур байж, зарим нь “Монголын чөлөөт бөх эргэж сэргэхээс өнгөрлөө” хэмээн халаглаж байв. Гэвч цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдгийг чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид харууллаа. Саяхан болж өндөрлөсөн 2026 оны Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай эмэгтэй шигшээ баг дэлхийд долоодугаар байрт, эрэгтэй шигшээ баг есдүгээр байрт тус тус жагссан нь Монголын чөлөөт бөх дэлхийн элитүүдийн эгнээнд баттай зогсож буйн илрэл юм. Энэхүү амжилт нь зүгээр нэг тохиолдол биш, харин системийн чанартай томоохон шинэчлэлийн үр дүн гэж бөх сонирхогчид болон мэргэжилтнүүд дүгнэж байна.

манай эмэгтэй шигшээ баг дэлхийд долоодугаар байр

-МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЭХЛЭЛ-

          Анх 1958 онд ЗХУ-ын Днепропетровск хотын Төмөр замын дээд сургуулийг төгсч ирсэн инженер Д.Дамдинсүрэн 1960-аад оны сүүлээр техникумын сурагчид голлосон 16 хүнтэй чөлөөт бөхийн шинэ секцийг Төмөр замчдын соёлын ордны спортын танхимд анхныхаа хичээлийг хийснээр Монголын чөлөөт бөхийн түүх эхэлжээ. 1961 онд Б.Сүхбаатар, О.Цэрэндагва, Ж.Мөнхбат, Ч.Бээжин, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар Ц.Дамдин дасгалжуулагчаар удирдуулан Болгар улсад хамтарсан бэлтгэл оролцож чөлөөт бөхийн анхны цагаан толгойг заалгасан түүхтэй. Улмаар уг бэлтгэлийн дараа 16 хүний бүрэлдэхүүнтэй анхны нэг, хоёрдугаар шигшээ багийг байгуулж байсан юм. Тэгвэл 1963 онд Унгарын Будапешт хотоос анхны олон улсын медалиа хүртэж байв. Монголын чөлөөт бөх бол Жигжидийн Мөнхбат аваргаас эхлээд ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирч, Базаррагчаагийн Жамсран, Данзандаржаагийн Сэрээтэр, Мэгдийн Хойлогдорж, Дугарсүрэнгийн Оюунболд нарын домогт бөхчүүдээр буухиалсан урт түүхтэй. Дэлхийн дэвжээнд босоо байж, Монгол Улсын нэрийг дуурсгасан Зэвэгийн Ойдов, Хорлоогийн Баянмөнх нарын хошой болон дэлхийн аваргуудын дайчин уламжлал өнөөгийн том бахархал, урам зориг болдог билээ.

-2000 ОНООС ХОЙШИХ АМЖИЛТУУД-

          2000-аад оны сэргэлтийн үед Баяраагийн Наранбаатар дэлхийн дэвжээнээс медаль шүүрч, Очирбатын Насанбурмаа, Ганзоригийн Мандахнаран, Тунгалагийн Мөнхтуяа, Баатаржавын Шоовдор нар Монголын чөлөөт бөхийн нэрийг таслалгүй авч явсан түүхтэй. Түүнчлэн эмэгтэй чөлөөт бөхийн түүхийг шинээр бичсэн Соронзонболдын Батцэцэг, Сүхээгийн Цэрэнчимэд, Пүрэвдоржийн Орхон нарын дэлхийн аваргуудын алдар гавьяаг өнөөдөр Мөнхтөрийн Лхагвагэрэл, Долгоржавын Отгонжаргал, Бат-Очирын Болортуяа нарын шилдэг тамирчид залгамжлан үргэлжлүүлж байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнд олон жил яригдсан үе шилжилт амжилттай явагдаж, залуу халуун цустай, ялахын төлөө тэмүүлэлтэй шинэ үеийн тамирчид цахиур хагалан гарч ирлээ. Тэд өмнөх үеийнхээ агуу уламжлал, дайчин чанарыг хадгалахын зэрэгцээ орчин үеийн спортын шинжлэх ухаан, зөв хооллолт, сэргээлт болон тактикийн дүн шинжилгээг бэлтгэлдээ нягт нэвтрүүлж буй. Тэрхүү шинэ сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлага нь ч бодит үр дүнд хүрэж, манай залуу тамирчид дэлхийн дэвжээг цочроогоод байна. Үүний тод жишээ бол 2026 оны ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртлээ. Тэр дундаа Төмөр-Очирын Тулга таван удаа дэлхийн дэвжээнд барилдаж гурав дахь медалиа энгэртээ гялалзууллаа. Мөн хошой медальтан Энх-Амарын Даваанасан болон шинээр дэлхийн медалийн тавцанд гарсан Хүрэлхүүгийн Болортуяа нарын залуусыг хараад чөлөөт бөх эргэн сэргэж, монголын туг дэлхийн дэвжээнд мандаж буйг хараад баярын нулимс дусаагаагүй хүн үгүй биз ээ. Дэлхийн чөлөөт бөхийн тактик, хурд, техник манай тамирчдын уламжлалт байгалийн бяр, уран мэх дээр суурилан хурд, тэсвэр болон сэтгэл зүйн хатуужлыг шинэ шатанд гаргаж байна. Дасгалжуулалтын арга барилд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах болсноор тамирчдын бэртэл гэмтэл буурч, ачаалал даах чадвар нь эрс нэмэгдсэн хэмээн бөх сонирхогчид хэлж байна.

Үүнээс гадна шигшээ багийн тамирчид зөвхөн дотооддоо түгжигдэлгүй, гадаад улс орнуудад тасралтгүй урт, богино хугацааны хамтарсан бэлтгэл хийж, олон улсын шилдэг бөхчүүдтэй өдөр тутамд тулж ажилласнаар барилдааны арга барил, өрсөлдөгчдийнхөө техникийг цаг алдалгүй судалж, дэвжээн дээр илүү давамгай, тактикийн уян хатан барилдаан үзүүлэх боломж бүрдэж буй хэрэг биз. Мөн бэлтгэлийн материаллаг бааз, заал танхимын асуудлыг үе шаттай шийдвэрлэж, тамирчдыг тогтвортой бэлтгэл хийх нөхцөлөөр хангаж эхэлсэн нь ийнхүү үр дүнгээ өгөөд байна.  Монголын чөлөөт бөхийн шигшээ баг мандаж байна. Тэдний энэхүү эрч хүч, шинэчлэлтийн салхи ирэх олимпын наадам, тив дэлхийн томоохон тэмцээнүүдэд алтан соёмбот тугаа хамгийн өндөрт мандуулах том амжилтын эхлэл гэдэгт спорт сонирхогчид бүрэн итгэлтэй байна. Өнгөрсөн хугацааны алдаа оноог дэнсэлж, зөв голдирлоор урагшилж буй чөлөөт бөхийн спорт улам бүр хүчирхэгжиж, Монголын хүчтэнүүд дэлхийн дэвжээг эзэгнэх цаг ирнэ гэдэгт эргэлзэл үгүй билээ.

ТӨМӨР-ОЧИРЫН ТУЛГА

Малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг эцэг Төмөр-Очирын хүү болж 1998 онд төржээ. Тэр бөхийн удамтай. Ээжийнх нь дүү Б.Болдоо нь сумын заан бол өвөөгийнх нь дүүгийн хүү нь аймгийн арслан цолтон байжээ.

2006-2016 онд Нийслэлийн СХД-ийн 104 дүгээр бүрэн дунд сургуулийг төгсжээ.

2008 онд “Тэмүүжин” спорт сургалтын төвд хашир мастер Ц.Гантөгс, олон улсын шүүгч И.Моломжамц нар хүлээн авч, бөхийн спортын А үсгийг анх заажээ. 2013 оны үеэс багш нарынхаа багш, нэртэй дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор бэлтгэл хийж эхэлжээ.

2019 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байр, 2015 оны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль,  2019 онд U23 насны Ази тивийн аварга, 2016 оны Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын Олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль, 2016 оны Коркины нэрэмжит насанд хүрэгчдийн гранпри тэмцээнээс хүрэл медаль, 2016 оны Борис Будаевын нэрэмжит залуучуудын Олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн. 2018 онд Испани гранпри Олон улсын тэмцээнээс Хүрэл медаль, 2018 оны Дмитрий Коркины нэрэмжит Олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн медаль, 2021 оны Дэлхийн чансаа олгох Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.

ХҮРЭЛХҮҮГИЙН БОЛОРТУЯА 

"Астана-2026" чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ын жинд Маниша түрүүлж, Энэтхэгийн анхны эмэгтэй дэлхийн аварга боллоо. Мөнхүү жинд манай тамирчин Хүрэлхүүгийн Болортуяа хүрэл медалийн эзнээр тодорсон юм.

"Астана-2026” ДАШТ-ий 59 кг-ын дүн:

1. Маниша Маниша (Энэтхэг

2. Абигайл Элизабет Нетте (АНУ)

3. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол)

3. Мария Винник (Украин)

ЭНХ-АМАРЫН ДАВААНАСАН

Энх-Амарын Даваанасан нь чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, Дэлхийн АШТ-ий хошой медальт Монголын тамирчин юм.

  • Төрсөн он, сар, өдөр: 1998 оны 4 дүгээр сарын 6
  • Төрсөн газар: Говь-Алтай аймгийн Цогт сум
  • Харьяалал: Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ баг
  • Спортын зэрэг: ОУХМ (Олон улсын хэмжээний мастер)

амжилтууд

  • Дэлхийн АШТ:
    • 2023 он (Серби, Белград) — 72 кг жинд мөнгөн медаль
    • 2026 он (Казахстан, Астана) — 76 кг жинд хүрэл медаль (жин өгсөж барилдан дэлхийн хошой медальтан болов)
  • Азийн АШТ:
  • 2022 он (Улаанбаатар) — хүрэл медаль
  • 2023 он (Астана) — хүрэл медаль
  • 2026 он — Азийн аварга
  • 2019 оны Цэргийн дэлхийн наадмын хүрэл медаль (68 кг)
  • 2024 оны Дэлхийн цэргийн АШT-ий хүрэл медаль (76 кг)
  • 2024 оны Зуны олимпын наадамд (Парис 2024) эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд оролцсон
  • Бусад тэмцээн:

Тэрээр улсын начин Л.Цэрэнтогтохын үеэл дүү бөгөөд спортын гараагаа хөнгөн атлетикийн төрлөөр эхлүүлж байжээ.

 

 


МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188