Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж түгжрэл саатал олон цагаар үргэлжлэхтэй холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөнд Офицеруудын ордны аюулгүйн тойргоос таван шарын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу “Чиглэлийн тээврийн хэрэгсэл”-ийн эгнээнд тавих хяналт шалгалтыг энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Цагдаагийн байгууллагаас эрчимжүүлж, ачаалал үүсэж байгаа цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулаж ажиллаж байгаа 100 гаруй алба хаагч дээр 400 гаруй алба хаагчдыг хоёр ээлжээр 200 гаруй хяналтын цэгт нэмэлтээр ажиллуулахаар төлөвлөөд байна. Ингэхдээ Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны болон тодорхой чиг үүргийг өрөө тасалгаанд гүйцэтгэдэг алба хаагчдыг хамруулан ажиллуулах юм байна.
Энхтайваны өргөн чөлөөнд таван шарын автобусны буудлаас Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэлх авто зам дагуу 14 уулзвар, зогсоол, хороолол, ШТС зэргээс төв замтай нийлсэн 155 гарц, 39 автобусны буудал, авто замын зорчих хэсэгтэй залгаа 25 зогсоол байдаг ба эдгээрээс хөдөлгөөн эхэлсэн болон орохоор яваа тээврийн хэрэгслүүдийг чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ буюу нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй байх, зорчсон тээврийн хэрэгсэлд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд цагдаагийн шалгах төхөөрөмж, иргэд ашиглах гар утаснаас торгууль илгээх боломжтой “Е-Police” аппликэйшн, гудамж замд байршуулсан хяналтын камераар зөрчил бүрт хариуцлага оногдуулахаар тооцож байна.
Энэ оны эхний 11 сарын байдлаар чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ буюу нэгдүгээр эгнээгээр Замын хөдөлгөөний дүрмийн 11.10 дахь зааснаар уг эгнээгээр байрлан явсан нийт 382374 тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-т зааснаар 20000 төгрөгөөр торгох хариуцлага оногдуусан хэдий ч тухайн эгнээгээр зорчих, бусдын хөдөлгөөнд саад учруулах, автобусны буудалд зогсох зөрчлүүд буурахгүй байна.
Нэгдүгээр эгнээгээр Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар бол нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси болон “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл”, “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зорчих ёстой.
Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр нийтийн тээрийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг нээн бөгөөд иргэдийг автомашинаасаа татгалзах, зорьсон газартаа цаг хугацааны хувьд хурдан очих нөхцөл бүрдэж, түгжрэлд саатаж зогсоход алдаж байгаа цагаа хэмнэх зэрэг бусад эерэг байдал үүснэ.
Иймд иргэн та Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээгээр чиглэлийн тээврийн хэрэгсэл болох автобусны хөдөлгөөнд саад болж зорчихгүй байхыг анхааруулж байна.
Офицеруудын ордноос таван шарын уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад автомашиныг маргаашнаас зорчуулахгүй |
|