• Өнөөдөр 2026-10-27

“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ

    Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, “Чингис хаан” Үндэсний музей хамтран “Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Буддын судлалын хүрээлэнтэй хамтарсан “Цайны замаас Монголын "Шинэ Торгон зам"-ын коридор хүртэл түүхэн тусгал ба Орос, Монгол, Хятадын орчин үеийн хамтын ажиллагаа” (2024-2026) төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

    XVII зуунаас XX зууны эхэн хүртэл хоёр зуу гаруй жил хөгжсөн цайны замын худалдаа нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын харилцаанд гүнзгий ул мөрөө үлдээсэн төдийгүй, орчин үеийн харилцааг хөгжүүлэхэд ч ач холбогдлоо алдаагүй хэвээр байна.Цайны замын Монгол дахь хэсэг нь өнөөгийн Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл ойролцоогоор 1150 км үргэлжилж Их Хүрээ, Маймаа хот, Хиагтын олон улсын худалдааны сүлжээ болтлоо өргөжсөн билээ. Монголчуудын эртнээс жин тээх уламжлалд суурилсан туршлага нь цайны замын худалдааны аюулгүй байдал, тээвэрлэлт, түгээлтэд идэвхтэй оролцох, зах зээлийн хөгжил хийгээд соёлын солилцоог өргөжүүлэхэд чухал суурь болж байжээ.

    Их Хүрээ, Маймаа хот, Хиагтын худалдааны төвүүд нь Монголын нийгэм, соёл, хотжилт, гадаад худалдааны хөгжилд тодорхой нөлөө үзүүлж байсныг гэрчлэх гэрэл зураг болон эд өлгийн зүйлсийг тус үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байна. “Чингис хаан” Үндэсний музей, Үндэсний архивын газарт хадгалагдаж буй үзмэрүүд, мөн XIX-XX зууны үед Монгол нутгаар аялсан гадаадын аялагчдын аян замын тэмдэглэлдээ хавсаргасан гэрэл зургууд, Үндэсний архивын газарт хадгалагдаж буй дурсгалууд байлаа. Цайны замын худалдаа өргөжихийн хэрээр хилийн маргаан гаргахгүй байх үүднээс 1689 оны Нэрчүүгийн гэрээг улам тодотгон 1727 онд Хаант Орос улс, Манж Чин улсын хооронд байгуулсан Буурын гэрээний хуулбарыг тус үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байна.

    Мөн түүнчлэн цуглуулагч Ц.Батсайхан, ТУЗХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор А.Пунсаг нарын хувийн цуглуулгаас цайны сурталчилгааны бичиг, тэмээн жингийн хонх, цайны хунз, шахмал цай, уур нүдүүр, цайны талхи, цайны үнэлгээний мөнгөн тэмдэгт, модон болон мөнгөн аяга, цайны шаазан, Монгол нутагт ажиллаж амьдарч байсан болон аялан явсан Хаант Орос улс, Дани, Их Британи зэрэг улсын Д.А. Клеменц, Д.В.Иванов, Кристал Брае, Бинстид, Д.Э.Ухтомский, П.А.Смелов нарын авсан зургууд гэх зэрэг Цайны замын түүхэнд холбогдох сонирхолтой үзмэрүүд тус үзэсгэлэнд багтаж байна.


 

 


“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188