• Өнөөдөр 2026-10-26

ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ

            Сүүлийн өдрүүдэд төв цэвэрлэх байгууламжийн дамжин өнгөрүүлэх цэгүүдэд малын гаралтай бохирдолтой ус их хэмжээгээр ирэх болжээ. Тодруулбал эмээлт орчмын мал нядалгаа, мах боловсруулах үйлдвэрүүд урьдчилан цэвэршүүлэх байгууламж бариагүйгээс үүдэн малын гаралтай сэг зэм, өөх, цус холилдсон усаа  бохир ус нөөцийн цэгүүдэд шууд нийлүүлж байгаагаас үүдэн Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд доголдол үүсэхэд хүрээд байна. Бид энэ талаар сурвалжиллаа.

ЭЗЭН НЬ ОЛДДОГГҮЙ ЭМЭЭЛТИЙН БОЙНУУД

    Улаанбаатар хотын баруун зах, эмээлт орчимд хөл толгой нь олдохгүй, тоо нь тодорхойгүй олон мал нядалгаа, мах боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Нийслэл хотод малын гаралтай үйлдвэрлэл эрхэлж, үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд цөм урьдчилан цэвэрлэх байгууламжтай байх ёстой гэнэ. Үүнийг 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын 73-р тогтоолд нарийвчлан заасан байдаг. Тодруулбал тус тогтоолын хоёр дахь хэсэгт “…Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шаардлагатай үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө хэрэгжүүлж ажиллах…” хэмээн заажээ. Тус тогтоол гараад долоон жил болж буй. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар эмээлт орчимд урьдчилан цэвэрлэх байгууламж бий болгосон аж ахуйн нэгж, албан байгууллага нэг ч байхгүй гэнэ.

    УСУГ-аас Төв цэвэрлэх байгууламжид малын гаралтай бойны ус тогтмол ирж, байгууллагын технологи, үйл ажиллагаанд хүндрэл учруулж буйтай холбогдуулан эмээлт орчмын үйлдвэрүүдэд хяналт шалгалтын ажлыг энэ сарын 22-26-ны өдөр зохион байгуулан ажиллалаа. Бид хэд хэдэн бойгоор орсон боловч “Хариуцсан эзэн нь байхгүй”, “Мэддэг хүн нь эзгүй байна”, “Бид зүгээр ажилтан, юу ч мэдэхгүй” зэрэг үгээр хаацайлаад өнгөрч байв. Харин эзэд нь байсан ч Гүний худгийн гэрчилгээ, бохир ус зөөвөрлөх гэрээ зэрэг бичиг баримтаа үзүүлэхээс хэтэрсэнгүй. Дийлэнх үйлдвэр бохирдол ус дамжуулах сувагтаа өөх тос, өвдөл цөвдөл, үс ноос, сэвс зэргийг ялгах хэд хэдэн шүүр (тор) байрлуулсан байх бөгөөд түүнийгээ урьдчилсан сэргийлэх байгууламж хэмээн нэрийдэх аж. Албаны хүний яриагаар дээрх шүүлтүүр нь бохир уснаас хаягдал, лагийг ялгах хамгийн анхан шатны бүтээн байгуулалт гэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх шүүлтүүрүүд том хаягдлыг шүүж чаддаг ч бүлэгнэж бөөгнөрсөн цус, цустай усыг цэвэршүүлдэггүй юм байна. Иймээс бойнуудын нийлүүлж буй ус нь бохирдлын стандартыг хэд дахин давсан, шаардлага хангахгүйн улмаас шинэ Төв цэвэрлэх байгууламжийн технологийн ажиллагаанд доголдол үүсгэх болжээ.

    Энэ талаар УСУГ-ын Бохирдол бууруулах нэгжийн инженер Б.Хадбаатар “УСУГ-аас гарсан удирдамжийн дагуу Нийслэлийн байгаль орчны газар, усны газар, болон Туул голын ай сав газрын мэргэжилтнүүдтэй хамтран хяналт, шалгалтын ажиллагаа явуулж байна. Мал нядалгааны газрууд нь Ус хангамжийн ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Усны тухай хуулийг зөрчиж урьдчилан сэргийлэх байгууламжгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тодорхой хэмжээнд цэвэршүүлээгүй, малын дайвар бүтээгдэхүүний хаягдал бүхий бохирыг зөөврийн цэгт хаяж байна гэсэн үг. Эдгээр байгууллага ариутгах татуургын шугам сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандарт (MNS6561)-ыг хангаж, бохирдлоо нийлүүлэх ёстой. Гэвч тус стандартыг зөрчсөнөөр их хэмжээний цустай ус Төв цэвэрлэх байгууламжид ирдэг. Улмаар тоног төхөөрөмж эвдрэх, шугам сүлжээ бөглөрөх зэргээр технологийн горим алдагдахад хүрээд байна. Иймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бойнууд нэн тэргүүнд урьдчилан сэргийлэх байгууламж байгуулах шаардлагатай байна” хэмээв.

Эмээлтийг эзэгнэсэн бойнуудаа эмх цэгцэд нь оруулж, долоон жилийн өмнө баталсан 73-р тогтоолынхоо хэрэгжилт, биелэлтэд анхаарч, төв цэвэрлэх байгууламжаа аврах шаардлага үүсээд байна.

 

     УСУГ-аас хуулийн хүрээнд олгогдсон эрх нь усны хангамжийг хязгаарлах буюу ус таслах арга хэмжээ авах гэнэ. Гэвч дийлэнх бой тус газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүйгээс гадна усны эх үүсвэрээ гүний худгаар шийдсэн байдаг. Иймээс тухайн байгууллагаас урьдчилан сэргийлэх байгууламж байгуулах албан шаардлагыг мал нядалгааны газруудад хүргүүлэхээс өөрөөр ямар нэгэн арга хэмжээ авах хууль эрх зүйн орчин байдаггүй аж. Өөрөөр хэлбэл эмээлтийг эзэгнэсэн бойнуудаа эмх цэгцэд нь оруулж, долоон жилийн өмнө баталсан 73-р тогтоолынхоо хэрэгжилт, биелэлтэд анхаарч, төв цэвэрлэх байгууламжаа аврах шаардлага үүсээд байна. Хэрэв энэ хэвээр бойнууд цус, малын гаралтай хаягдалтай усаа нийлүүлсээр байвал Төв цэвэрлэх байгууламж тун удахгүй бөглөрөх нь ээ.

 

МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ ЗӨӨВРИЙН КОМПАНИУД

       Угтаа бол бойнууд Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, Засгийн газраас баталсан холбогдох тогтоол, шийдвэрүүдийг баримталж урьдчилан сэргийлэх байгууламжаа байгуулчихвал хаана, хаанаа асуудал үүсэхгүй. Төв цэвэрлэх байгууламж стандартынхаа дагуу, элдэв доголдол гэмтэлгүй ажиллах боломжтой юм. Харамсалтай нь Эмээлт орчмын мал нядалгаа, малын гаралтай үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг томоохон байгууллагууд нь өөрсдийн гэсэн бохирын машинтай бөгөөд түүгээрээ өдөр, шөнөгүй цустай усаа зөөврийн цэгт цутгаж буй. Хэдийгээр тэд УСУГ-аас усны эх үүсвэр аваагүй боловч хаягдал усны зөөврийн цэгт хаягдал усаа нийлүүлэхдээ заавал хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёстой. Гэвч тэд дур зоргоороо лаг, бохирдолтой хаягдлаа хаяж, түүнийг нь цэвэршүүлэх гэж төв цэвэрлэх байгууламж бүх нөөцөө шавхан ажиллаж байна. Харин жижиг үйлдвэрүүд бохир ус зөөврийн компаниудтай гэрээгээр ажилладаг гэнэ. Тухайлбал аль нэгэн зөөврийн компанитай гэрээ байгуулсан бол УСУГ-тай ямар нэгэн шууд харилцаагүй ажиллаж болно гэдэг муйхар ойлголт тэдэнд байдаг аж. Тэд хаягдал, бохироо гэрээний дагуу нийлүүлж зохих төлбөрийг төлөх ёстой. Тус хураамж нь Төв цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын хэвийн ажиллагааг хангахад хөрөнгө оруулалт болох учиртай. Үүнээс гадна зөөврийн компаниуд ч хаягдал усны стандартад нийцсэн, урьдчилан сэргийлэх байгууламжаар дамжсан бохирыг зөөврийн цэгт нийлүүлэх үүрэгтэй байдаг аж. Гэвч зөөврийн компаниуд “Мөнгө л олж байвал болоо” гэсэн шиг ямар ч шүүлтүүргүй, бохирдлын түвшин давсан, стандартын бус хаягдлыг хаягаар нь очин авч, төв цэвэрлэх байгууллагын бохир зөөврийн цэгт шууд нийлүүлж байна.

Бид Баянгол дүүргийн өмнөдийн (ф 1400 мм-ийн гол цуглуулах 28-р худаг) буюу Моносын бохир зөөврийн цэгт очиход бохир тээвэрлэсэн хоёр машин хаягдлаа юүлж байлаа. Тэдний тээвэрлэж ирсэн ус стандартын шаардлага хангасан бөгөөд ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй байв. Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр цустай ус, лаг ихтэй бохир ачсан машинууд хяналт, шалгалт хийж буй сураг сонссоноор бохир зөөврийн цэгт ирэхээ больсон гэнэ. Мөн шөнө оройн цагаар хулгайгаар юүлэх болжээ. Түүний хэлснээр жолооч нар цахим сүлжээнд групп чат нээн мэдээлэл солилцдог бөгөөд “Шалгалт ирсэн байна. Шууд очилгүй харзнаж байгаарай”, “Моносын зөөврийн цэгт хүмүүс байна, өөр цэг рүү очсон нь дээр шүү” зэргээр ярилцсан тухай ч хэлж байв.  

 

БОХИРДОЛТОЙ УС НИЙЛҮҮЛСНЭЭР ЮУ БОЛОХ ВЭ

     Төв цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын баруун урд зүгт байрладаг ба ахуйн, үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, бохир усыг төвийн, өмнөдийн гэх хоёр коллектороор  хүлээн авч дамжуулан цэвэрлэсний дараа Туул голд нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл хариуцлагагүй, урьдчилсан сэргийлэх байгууламж байгуулаагүй бойнуудын нийлүүлсэн цустай ус, лаг бохирдол ихтэй ус хэдий олон дамжлагаар шүүгдсэн ч туул голыг бохирдуулах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм. Төв цэвэрлэх байгууламж өдөр 250 мянган шоо метр хаягдал усыг дахин боловсруулдаг бөгөөд үүнээсээ 50 мянган шоо метр усыг хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт шилжүүлдэг гэнэ. Улаанбаатар хотын хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр төв цэвэрлэх байгууламжаас ирсэн 50 мянган шоо метр хаягдал усыг дахин боловсруулж гурав, дөрөвдүгээр Дулааны цахилгаан станцад нийлүүлдэг. Ингэснээр жилд 14–18 сая шоо метр орчим гүний цэнгэг усыг хэмнэдэг. Гэвч тухайн ДЦС-уудын хөргүүрийн тогоог ажиллуулах нэрмэл ус нь маш олон стандартад нийцсэн байх ёстой. Хэрэв эмээлтийн бойнуудын цустай ус нийлүүлсээр байх юм бол Туул гол бохирдохоос гадна Дулааны цахилгаан станцын нэрмэл усны нийлүүлэлт хомсдож, үйл ажиллагаанд доголдол үүсэх, техник технологийн механик гэмтлээс болж үйл ажиллагаа зогсох аюулд ч хүрч болзошгүй гэнэ. Тодруулбал, төв цэвэрлэх байгууламжаас ирэх ёстой 50 мянган шоо метр хаягдал ус тасарвал түүнийг мөн хэмжээний гүний цэнгэг усаар нөхөх шаардлага үүснэ. Цаашлаад нийслэлийн эрчим хүч, дулааны шугам сүлжээнд ч асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.

 

Иймээс Засгийн газрын тогтоолоо хэрэгжүүлдэггүй задарсан хэдэн бойны газраа, бохир зөөврийн компаниудаа эмх цэгцэнд нь оруулах зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Тэднийг бохир усаа шүүх урьдчилан цэвэршүүлэх байгууламжтай болтол нь үүдийг нь түгжиж, үйл ажиллагааг нь зогсоовол яасан юм бэ.

 

 


ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188