• Өнөөдөр 2026-10-26

Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна

    Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар 10 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж буй. Энэхүү үзлэгийн гол онцлог нь хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээх бус харин хүүхдийн сурч, хөгжиж байгаа цэцэрлэг, сургуулийн орчинд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж, хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, илэрсэн эрсдэлийг эрт илрүүлэн шаардлагатай хүүхдийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбож хяналтыг үргэлжлүүлэхээр зорьж байна. Үүнд:

Цэцэрлэг болон сургуульд суурилж нас, хөгжлийн онцлогт тохирсон багц, үзлэг, үнэлгээнд хамруулах буюу 4 насыг сонгож үзлэг хийж байна (3, 6, 11, 15 настайд)

Сургууль болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын цахим системүүдийн интеграц, дата солилцоо

ЭМДҮЗ-ийн тогтоолоор үзлэгийн зардлын хэмжээг баталж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн

Эцэг эхчүүдэд хүүхдийн үзлэгийн дараах зөвлөгөөг ЕМонголиа-гаар дамжуулан хүргүүлнэ

Хоёр салбарын хамтарсан ажлын хэсэг, хамтарсан сургалтууд, мэдээллийн нэгдсэн урсгал

Нэг удаагийн арга хэмжээ бус, хүүхдэд ойр урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний тогтолцоо бүрдүүлнэ.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь төрийн бодлогын чухал зорилтын нэг юм. Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэр гаргасан.

     Үүний дагуу эрүүл мэнд, боловсролын салбар хамтран зорилтот насны хүүхдүүдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбох, хүүхэд, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. Хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна 3 настайд хүүхдийн хөгжил болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг, 6 настайд зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний эмгэгийн эрсдэлийг, 11 настайд нурууны муруйлт, хавтгай тавхайг, 15 настайд сэтгэл зүй болон бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлэх асуумж зэрэг насны онцлогт тохирсон үнэлгээ хийнэ. Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчид мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байна. Мөн хүүхдийн эрүүл мэндийн талаарх урьдчилан бөглөх асуумжийг ашигласнаар эмч үзлэг хийхдээ хүүхдийн эрсдэлийг илүү сайн тодорхойлох боломж бүрдэж буй. 15 настай хүүхдийн хувьд насны онцлогийг харгалзан зарим өөрийн үнэлгээний асуумжийг сурагч өөрөө бөглөж байна гэв.

     Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 198,302 хүүхдийн 69.4 хувь хүүхэд үзлэг хийлгэсэн эхэлсэн ба үүнээс 130,450 45.7 хувь нь хүүхэд эмчийн үзлэгт бүрэн үзүүлж дууссан байна. Улсын хэмжээнд үзлэгт бүрэн хамрагдсан хүүхдийг насны бүлгээр ангилвал 3 настай 37,648 хүүхдийн 56.6 хувь,  6 настай 32,226 хүүхдийн  42 хувь, 11 настай 36,085 хүүхдийн 44.4 хувь, 15 настай 24,491 хүүхдийн 39.1 хувь байна. Үзлэгт хамрагдсан хүүхдийн эрсдэл 26.3 хувь А буюу хэвийн үнэлгээтэй хүүхэд, 24.1 хувь В буюу ӨЭМТ түвшинд хяналт тавих шаардлагатай бага эрсдэлтэй хүүхэд, 41.2 хувь С буюу дунд эрсдэлтэй, нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай хүүхэд, 8.4 хувь нь D буюу эрсдэл өндөртэй үнэлэгдсэн байна. Хүүхдийн эрүүл мэнд эрсдэлтэй, нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай хүүхдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол эрсдэл өндөртэй үнэлэгдсэн хүүхдийн дунд хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт зонхилж байна.

     Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эхийн оролцоо маш чухал. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгт хамруулахад идэвхтэй оролцож, үзлэгийн дараа эмчийн өгсөн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалжээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 

Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188