• Өнөөдөр 2026-10-20

ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО

2026-10-20,   87

        Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашиллаа. Анхны цас ормогц нийслэлийн авто замуудад халтиргаа гулгаа үүсэж, жолооч нарын хувьд өвлийн бэлтгэл хамгийн тулгамдсан асуудал болдог билээ. Цас орсон өдрөөс эхлэн дугуй засваруудын үүдэнд автомашинууд урт дараалал үүсгэж, зах худалдааны төвүүдийг зорих жолооч нарын хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг нууц биш. Тиймээс эргэлт.мн мэдээллийн сайт дугуйн худалдаа болон автомашины өвлийн үйлчилгээ хийхэд хэдэн төгрөг зарцуулах талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

        “Өгөөмөр” зах нам гүмхэн байх бөгөөд дугуйн худалдаачид “Ямар дугуй сонирхож байна. Төрөл бүрээрээ байна шүү. Хуучин, шинэ, япон, хятад, солонгос гээд байна. Алийг нь авах вэ” гэсээр биднийг угтсан юм. Уг нь түм түжигнэж, бум бужингаж байх ёстой захад худалдан авагчид нүдний гэм болжээ. Сүүлийн жилүүдэд амьжиргааны өртөг нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар муудсан нь авто захуудын борлуулалтад шууд цохилт болжээ. Дугуй импортлогчдын хэлж буйгаар тээвэрлэлтийн зардал болон валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж дугуйн татан авалтын өртөг нэмэгдсэн байна. Гэвч зах зээл дээр бэлэн мөнгөний эргэлт муу байгаа тул худалдаачид ашгаа хасан байж үнээ тогтвортой барихыг хичээж байгаа аж.

ширхэглэж авах хандлага эрс нэмэгджээ

        Зах дээр дугуй сонирхож зогсох жолооч Х.Баатар“Сарын цалингаараа дөрвөн дугуй авч хүрэхгүй байна. Тиймээс арга буюу урд талын хоёр дугуйгаа л Япон хуучин дугуйгаар солихоор хайж явна. Дөрвөн дугуйг нь зэрэг сольчихвол өвлийн бусад үйлчилгээгээ хийлгэж чадахгүйд хүрнэ” хэмээн өнөөгийн амьдралын бодит дүр зургийг хуваалцсан юм. Жолооч нарын санхүүгийн боломж хумигдсанаас үүдэн багцаар нь биш, зөвхөн урд хоёр дугуйгаа солих эсвэл  ширхэглэж авах хандлага эрс нэмэгджээ.

        Дугуйн худалдаа ямар байгаа талаар худалдагч Н.Батцэнгэл “Сүүлийн жилүүдэд жолооч нар хятад шинэ дугуй хэрэглэх хандлагатай байна. Үнэ өртгийн хувьд ч боломжийн юм. Өмнө нь Япон Улсад ашиглаж байсан дугуйг авахдаа иргэд үйлдвэрлэсэн оныг нь сайтар харах хэрэгтэй. Дугуйн дээр үйлдвэрлэсэн он болоод хэд дэх долоо хоногт үйлдвэрлэсэн бэ гэдгийг тэмдэглэсэн байдаг. Тиймээс таваас дээш жил хадгалсан дугуй авч хэрэглэхгүй байх нь зүйтэй гэдгийг зөвлөж байна. Би хүмүүс сайн дугуй аваасай гэж боддог. Сайн дугуй үнэтэй ч зорчих хөдөлгөөнд саадгүй, халтиргаа гулгаанаас сэргийлэх нь илүү байдаг” гэсэн юм.

Дугуй шинэ нь 120 мянга, хуучин нь 50 мянган төгрөг

        Захуудаар явж байхад хамгийн түрүүнд нүдэнд тусах нь чингэлэг бүрийн гадна эгнүүлэн өрж, усалж өнгө оруулсан хар дугуйнууд болон тэднийг тойрон зогсох жолооч нар. Үнийн хувьд өмнөх жилүүдээс тодорхой хэмжээгээр хэлбэлзэж, хэмжээ болон үйлдвэрлэсэн улсаасаа хамаарч янз бүр байна.

Борлуулагчдын хэлж буйгаар шинэ дугуй хамгийн хямд нь 120,000 төгрөгөөс эхэлж байгаа бол, хуучин буюу орж ирсэн дугуй 50,000 төгрөгөөс худалдаалагдаж байна.

  • Хуучин дугуй: "Prius" болон бусад суудлын автомашинд өргөн ашиглагддаг 195/65/R15 хэмжээтэй дугуй хээний хувиас хамаарч хуучин нь 60,000–90,000 төгрөг, харин арай бага хэмжээтэй 185/65/R15 нь 50,000 төгрөгийн үнэтэй байна.
  • Хятад дугуй: Жолооч нарын санхүүд хамгийн ойр тусдаг Хятадын Улсын үйлдвэрийн Lykeen, Glede гэх шинэ дугуйнууд хэмжээнээсээ хамаарч ширхэг нь 150,000–300,000 төгрөгийн хооронд байна.
  • Япон дугуй: Компаниудын албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг Япон шинэ дугуйнууд чанараа дагаад суудлын тэрэгнийх 120,000–500,000 төгрөг, харин жийп автомашиных 140,000-700,000 төгрөгийн дундаж үнэтэй аж.

               

Хээ нь элэгдээгүй ч олон жил хадгалагдсан дугуй резиний уян хатан чанараа алдаж, хатуурсан байдаг тул өвлийн хүйтэнд халтиргааг зогсоож чаддаггүй

       Дугуйн захуудаар явж байхад жолооч нар үнээс гадна хээний хувь гэдэг ойлголтыг ярьж байлаа. Гэвч дугуй засварын ажилчдын хэлж буйгаар зөвхөн хээ харахаас гадна дараах зүйлсийг анхаарах шаардлагатай байдаг аж. Энэ талаар дугуй засварчин н.Сүрэн “Хуучин дугуй худалдаж авахдаа дугуйн хажуу талын дөрвөн оронтой тоог заавал харах хэрэгтэй. Хээ нь элэгдээгүй ч олон жил хадгалагдсан дугуй резиний уян хатан чанараа алдаж, хатуурсан байдаг тул өвлийн хүйтэнд халтиргааг зогсоож чаддаггүй. Тиймээс дугуйн үйлдвэрлэсэн оныг маш сайн харах хэрэгтэй. Зарим онлайн худалдааны групп болон задгай захууд дээр хятад дугуйг япон нэрээр солих, хээг нь гараар ухаж гүнзгийрүүлсэн хуурамч дугуйнууд байдаг тул баталгаат дэлгүүр болон албан ёсны төвүүдийг сонгох нь зүйтэй байдаг юм” гэсэн юм. Гэвч монголчуудын амьдрал үнийн өсөлт тулгамдсан асуудал болж, баталгаат дэлгүүрээр биш зах худалдааны төвөөр аль болох хямд дугуй хайж явдаг нь нууц биш. Нэг үгээр монголчууд өвлийн дугуй солихын тулд ганц нэгээр ширхэглэж, ард хормойгоороо урд хормойгоо нөхөж байна.

        Бид “Өгөөмөр” захаас гарч дугуй завсруудаар явлаа. Оочир, дараалалтай байдаг дугуй засварууд ил, хулхан оргино. Зарим нь бүр үүдээ хаажээ. Халтиргаа гулгаа эхлэхээс өмнө амжиж дугуйгаа солиулдаг жолооч нарын хөл хөдөлгөөнөөр тасардаггүй байсан дугуй засварын газрууд ийнхүү нам гүм байгаа нь захын лангуунууд эзгүйрсэнтэй шууд холбоотой юм. Жолооч нар дугуй худалдаж авах нь багассан тул засварын газруудыг зорих шаардлага ч ховордсон аж. БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах дугуй засварын ажилтан н.Гэрэлт "Өмнөх жилийн яг өдийд өдрийн хоолоо ч идэж амжихгүй, шөнө дөл болтол автомашины дугуй сольдог байлаа. Гэтэл энэ жил цас орох сургаар хэд хоног ачаалал аваад л буцаад таг зогсчихлоо. Зарим өдөр ганц ч машин орж ирэхгүй байна” хэмээн ярьсан юм. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй хамгийн том бэрхшээл бол үйл ажиллагааны тогтвортой байдал юм. Зарим жижиг дугуй засварууд үүдээ хаасан шалтгаанаа тог цахилгааны гэнэтийн хязгаарлалт болон газрын түрээсийн өсөлттэй холбон тайлбарлаж байна. Борлуулалт унаж, орлого хумигдсан энэ үед сар бүрийн түрээсээ төлж чадахгүйд хүрсэн учраас үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн гэнэ.

       шөнө дөл болтол автомашины дугуй сольдог байлаа

 Жолооч нар зөвхөн дугуйгаа солиод өвлийг асуудалгүй давчихгүй. Хөдөлгүүрийн тос, хөлддөггүй шингэн /антифриз/, явдлын анги болон аккумлятор гээд бэлдэх зүйл чамгүй их байна. Захын дагуу байрлах авто үйлчилгээний төвүүдээр орж үнэ ханшийг тодрууллаа.

        Сайн чанарын хөдөлгүүрийн тос солиход тосны шүүрийн хамт дунджаар 140,000–220,000 төгрөг, кропны тос 180,000–280,000 төгрөг байна. Харин өвлийн хүйтэнд хөдөлгүүр хөлдөхөөс хамгаалах антифриз шингэн литр нь 10,000–25,000 төгрөгийн ханштай байна. Үүн дээр дугуй угсралт, тэнцвэржүүлэлтийн цаг үеийн үйлчилгээний хөлс болох 40,000–60,000 төгрөг нэмэгдэж байна. Харин хямд моторын тос 70 мянган төгрөгөөс эхэлж байна.

        Өнөөдрийн зах зээлийн ханшаар дундаж суудлын автомашиныг Prius гэхэд л өвлийн иж бүрэн үйлчилгээ хийхэд өвлийн дөрвөн шинэ дугуй авахад 400-1.000.000  төгрөг болох аж. Үүн дээр нэмээд тос, антифриз, хучлага зэрэг нэмэгдэнэ. Дунджаар Prius маркийн автамашинтай жолооч дунджаар 1.5 сая төгрөгөөр өвлийн үйлчилгээ бүрэн хийлгэх юм байна. Өвөлжилтийн бэлтгэл, тэр дундаа өвлийн дугуй бол авто тээврийн аюулгүй байдлын тулгуур билээ.  Гэтэл иргэд дөрвөн дугуйгаа багцаар нь сольж чадахгүй, зөвхөн урд хоёрыг нь хуучин дугуйгаар аргацаах, эсвэл бүр цас орж хальтиргаа үүсэх хүртэл өвлийн үйлчилгээ хийлгэхгүй хойшлуулж байна. Энэ нь авто замын ослын тоог нэмэгдүүлж болзошгүй гэдгийг худалдаачид хэлж байлаа. Үүнээс гадна, иргэд цаг зав үрэн захаар явахаас татгалзаж, урамшуулал, лизинг санал болгодог томоохон сүлжээ төвүүдийг сонгох үйлчлүүлэх болжээ. Ямартай ч бид цас орохоор зам дээр багшралдах биш, урьдчилаад өвлийн үйлчилгээгээ хийлгэвэл зохилтой биз ээ.

өвлийн дөрвөн шинэ дугуй авахад 400-1.000.000  төгрөг болох аж


ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188