• Өнөөдөр 2026-10-26

ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ

АНУ-ын зуучлалаар Орос, Украины хэлэлцээг сэргээх оролдлого идэвхжиж, Ойрх Дорнодод Ирантай холбоотой мөргөлдөөн дахин хурцдах эрсдэл нэмэгдэв. Харин Францад өрнөсөн олон нийтийн эсэргүүцэл Европын дотоод улс төрийн эмзэг байдал ил болж байгааг судлаачид хэлж байна.

Дайныг зогсоох дипломат оролдлогууд эрчимжиж байгаа ч мөргөлдөөнийг өдөөж буй газар нутгийн маргаан, аюулгүй байдлын баталгаа, эдийн засгийн дарамтын аль нь ч шийдэгдээгүй хэвээр байна. Вашингтон нэг талаас энхийн хэлэлцээний зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, нөгөө талаас өөрийн улс төр, эдийн засгийн тооцоонд нийцүүлэн талуудад шахалт үзүүлж байна. Европын засгийн газрууд ч дайны үр дагавар, эрчим хүчний үнэ, дотоодын нийгмийн бухимдлыг зэрэг зохицуулах шаардлагатай тулгарчээ.

          Өнгөрсөн долоо хоногт Украины асуудлаар дахин хэлэлцээ хийх боломж нээгдсэн ч Ираны эргэн тойрон дахь хурцадмал байдал намжаагүй, Францад олон зуун мянган хүн гудамжинд гарсан нь олон улсын бодлогын цаана зөвхөн цэргийн болон дипломат тооцоо бус, улс орнуудын дотоод улс төрийн нөхцөл байдал шийдвэрлэх нөлөөтэйг харуулж байгаа гэнэ.

ОХУ-УКРАИНЫ ХЭЛЭЛЦВЭЛ АНУ-Д ЯМАР АШИГТАЙ БАЙХ ВЭ

Аравдугаар сарын 21-нд АНУ-ын тусгай элч Стив Уиткофф Санкт-Петербургт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй гурван цаг орчим уулзав. Үүний өмнөх өдөр Уиткофф Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Норвегийн Осло хотод уулзсан билээ. Москва ирэх арваннэгдүгээр сарын 10-наас хойш гурван талт хэлэлцээг сэргээхэд зарчмын хувьд бэлэн байгаагаа мэдэгдсэн тухай Кремлийн зөвлөх Юрий Ушаков мэдээлжээ.

          Гэвч хэлэлцээрийн ширээнд  суух нь тохиролцоонд хүрэхтэй адил биш. Талууд дайныг зогсоох нөхцөлийг өөр өөрөөр тавьж байгаа. Москва түр зуурын гал зогсоох тохиролцооноос илүүтэй дайны дараах аюулгүй байдлын тогтолцоог бүхэлд нь хэлэлцэх ёстой гэж үзэж буй. Путин аравдугаар сарын 22-нд ирээдүйн хэлэлцээ Орос, Украины аюулгүй байдал төдийгүй Европын аюулгүй байдлын өргөн хүрээг хамрах шаардлагатайг мэдэгдсэн. Харин Украины хувьд одоогийн фронтын шугам дагуу байлдааныг зогсоож, цаашдын халдлагаас хамгаалах баталгааг бүрдүүлэх нь чухал хэвээр байна. Москва Донбассын асуудлаар нутаг дэвсгэрийн шаардлага тавьж, Киев газар нутгаа өгөхийг эсэргүүцсээр байгаа юм.

Эндээс Вашингтоны өмнө тулгарч буй гол бэрхшээл харагдана. АНУ талуудыг нэг ширээний ард суулгаж чадлаа ч дайны эцсийн нөхцөлийг хэрхэн тохиролцуулах вэ. Украиныг газар нутгийн буулт хийхэд шахах нь богино хугацаанд хэлэлцээг урагшлуулж болох ч Киевийн аюулгүй байдлын баталгааг сулруулах эрсдэлтэй. Харин Оросын шаардлагыг хангахгүйгээр Москваг тохиролцоонд хүргэхэд бэрх.

АНУ-ын бодлогын өөр нэг хэмжүүр нь эрчим хүчний зах зээл юм. Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын дизель түлшний нийлүүлэлтэд тавьсан зарим хязгаарлалтыг зөөлрүүлж, Украины эрчим хүчний байгууламжуудтай холбоотой гал зогсоох тохиролцоог зарласан ч Киев Оросын довтолгоо үргэлжилж байгааг мэдэгдсэн. "Reuters"-ийн аравдугаар сарын 25-ны тоймд Украины Оросын нефть боловсруулах, түлшний дэд бүтцэд хийж буй цохилтыг зогсоох асуудлаар Трамп, Зеленский нарын харилцаа муудсан тухай өгүүлжээ.

Энэ нь Вашингтон дайныг зөвхөн аюулгүй байдлын асуудал гэж харахгүй байгааг илтгэнэ. Түлшний үнэ, дотоодын эдийн засгийн нөхцөл байдал, арваннэгдүгээр сарын завсрын сонгууль хүртэлх улс төрийн тооцоо гадаад бодлогын шийдвэрт нөлөөлж байна. Харин Киевийн хувьд Оросын эрчим хүчний салбарт цохилт өгөх нь дайныг үргэлжлүүлэх сонголт бус, Москвагийн цэргийн чадавхад дарамт учруулах арга гэж тайлбарлагдаж байна.

Тиймээс удахгүй болох хэлэлцээний амжилтыг зөвхөн уулзалт товлосноор хэмжих боломжгүй аж. Нутаг дэвсгэрийн асуудал, баталгаат аюулгүй байдал, гал зогсоох нөхцөлд бодит ахиц гарч чадах эсэх нь гол шалгуур болох гэнэ.

ИРАНЫ ХУРЦАДМАЛ БАЙДАЛ: ХЭЛЭЛЦЭЭРИЙН СУВАГ НЭЭЛТТЭЙ БАЙГАА Ч ИТГЭЛЦЭЛГҮЙ БАЙНА

Ойрх Дорнодод нөхцөл байдал үүнээс дутахгүй түгшүүртэй байна. Аравдугаар сарын 26-нд "Associated Press" агентлаг Иран, АНУ-ын хооронд зуучлагчаар дамжуулсан дипломат харилцаа үргэлжилж байгаа ч хэлэлцээ зогсонги байдалд орсныг мэдээлжээ. Тегеран Вашингтоны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн бол Трамп тухайн өдөр Иранд цохилт өгөхгүй гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Иранаас ирж болзошгүй халдлагын талаар анхааруулж, хариу арга хэмжээ хатуу байна гэдгийг мэдэгджээ.

Ийм нөхцөлд дипломат харилцаа үргэлжилж байгаа нь мөргөлдөөн намжиж буйг заавал илэрхийлэхгүй. Талууд хэлэлцээний сувгаа нээлттэй байлгахын зэрэгцээ дараагийн шатны сөргөлдөөнд бэлтгэж байгаа дүр зураг ажиглагдаж байна.

Аравдугаар сарын 23-нд Истанбулд уулзсан Европ, Ойрх Дорнодын найман улсын Гадаад хэргийн сайд АНУ, Израилийг Иранд шинээр цохилт өгөхгүй байхыг уриалсан. Турк, Египет, Пакистан, Саудын Араб, Франц, Их Британи, Герман, Италийн төлөөлөгчид мөргөлдөөн дахин өргөжвөл бүс нутгийн тогтворгүй байдал нэмэгдэж, газрын тосны үнэ өсөх эрсдэлтэйг анхааруулжээ. Мөн Йемений хуситуудын Саудын Араб руу чиглэсэн халдлагыг зогсоох, Ормузын хоолойн усан тээврийг хэвийн болгох асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ уулзалт анхаарал татах нэг шалтгаантай. Европын орнууд Ойрх Дорнодын мөргөлдөөнд шууд цэргийн оролцоогоо тэлэхээс илүүтэй дипломат нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг хязгаарлахыг оролдож байна. Гэхдээ тэдний нөлөө хэр хүрэлцэх вэ гэдэг асуулт нээлттэй хэвээр. АНУ, Израилийн цэргийн тооцоо болон Ираны байр суурь өөрчлөгдөхгүй бол Европын уриалга дангаараа мөргөлдөөнийг зогсоож чадахгүй.

          Энд эдийн засгийн асуудал ч цэргийн бодлогоос тусдаа биш. Газрын тосны нийлүүлэлтэд учрах эрсдэл дэлхийн зах зээлд шууд нөлөөлнө. Аравдугаар сарын 21-нд Brent төрлийн газрын тосны үнэ баррель нь 108.82 ам.долларт хүрч хаагдсан тухай "Reuters" мэдээлсэн. Тухайн өдөр хөрөнгө оруулагчид Орос, Украины хэлэлцээний боломж, АНУ-ын газрын тосны нөөцийн өөрчлөлт, Вашингтон-Тегераны харилцааг зэрэг ажиглаж байв.

Иймээс Ойрх Дорнодын асуудал бүс нутгийн хилийн хүрээнд үлдэхгүй. Тээвэр, шатахууны үнэ, үйлдвэрлэлийн зардал, хүнсний болон бусад барааны нийлүүлэлтээр дамжин олон улсын эдийн засагт дарамт үүсгэх боломжтой. Дайныг зогсоох дипломат оролдлого бүтэлгүйтвэл түүний өртгийг зөвхөн мөргөлдөөнд оролцогч улсууд бус, импортын эрчим хүчнээс хамааралтай олон орон үүрнэ.

ФРАНЦЫН ЖАГСААЛ БА МАКРОНЫ ЗАСАГЛАЛ

Европын улс төрийн өөр нэг томоохон үйл явдал Францад өрнөж байна. Тухайлбал, тус улсад амьжиргааны өртөг, эдийн засгийн тэгш бус байдал, Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаал болж байгаа. Францын Дотоод хэргийн яамны тооцоогоор жагсаалд улсын хэмжээнд 410 мянган хүн оролцсон бол үйлдвэрчний эвлэлүүд үүнээс хоёр дахин олон хүн жагсаж байгаа талаар мэдэгдсэн байна.

Жагсагчдын зүгээс арваннэгдүгээр сарын 5-нд улс даяар ажил хаялт зарлах уриалга гаргажээ. Цагдаагийн байгууллага 70 мянган алба хаагчийг дайчилж, 1,314 хүнийг баривчилсан бөгөөд 50 орчим цагдаа гэмтэж бэртсэн байна.

Эдгээр тоо нь зөвхөн жагсаалын цар хүрээг харуулахгүй. Францын улс төрд эдийн засгийн асуудал хэрхэн засаглалын хямралтай холбогдож байгааг илтгэнэ. Оюутнуудын эхлүүлсэн эсэргүүцэл ажилчид, багш нар, гал сөнөөгчид болон бусад бүлгийн оролцоотой өргөжсөн нь бухимдал нэг салбарын хүрээнээс хальсныг харуулж байна.

Ерөнхийлөгч Эммануэль Макроны хувьд асуудлыг хүндрүүлж буй зүйл нь төсвийн хязгаарлалт, парламент дахь олонхийн байр сууриа алдсан явдал юм. Нийгмийн шаардлагад хангалттай буулт хийх санхүүгийн боломж хязгаарлагдмал атлаа эсэргүүцлийг хүчээр намжаах нь улс төрийн зардлыг нэмэгдүүлж мэднэ. Засгийн газар үйлдвэрчний эвлэл, оюутны төлөөлөлтэй яриа хэлэлцээ эхлүүлсэн ч жагсагчид санал болгож буй арга хэмжээг хангалтгүй гэж үзэж байгаа аж.

Францын энэ нөхцөл байдал Европын бусад оронд ч хамааралтай. Дайны үр дагавар, эрчим хүчний үнэ, амьжиргааны өртөг өсөхийн хэрээр засгийн газрууд гадаад бодлогын амбиц, дотоодын иргэдийн бодит хэрэгцээ хоёрын хооронд сонголт хийх шаардлагатай тулгарч байна. Олон улсын тавцанд нөлөөгөө хадгалах нь дотооддоо улс төрийн дэмжлэгээ хадгалж чадсан тохиолдолд л боломжтой.

ОЛОН УЛСЫН БОДЛОГЫН ЗӨРЧИЛДӨӨН

Украины дайныг зогсоох оролдлого, Ирантай холбоотой хурцадмал байдал, Францын дотоодын эсэргүүцэл нь өөр өөр бүс нутагт өрнөж буй үйл явдлууд. Гэвч эдгээрийг холбож буй нэг нийтлэг зүйл бий. Засгийн газрууд олон улсын хямралыг зохицуулахыг хичээхдээ дотоодын улс төр, эдийн засгийн дарамтаас ангид шийдвэр гаргаж чадахгүй байна гэв.

АНУ-ын хувьд Украины асуудлаар хэлэлцээг сэргээх нь дайныг зогсоох дипломат зорилготой ч шатахууны үнэ, сонгуулийн тооцоо мөн нөлөөлж байна. Ойрх Дорнодод мөргөлдөөн өргөжихөөс сэргийлэхийг хүсэж буй Европын орнууд эрчим хүчний нийлүүлэлт болон худалдааны аюулгүй байдлаа хамгаалах сонирхолтой. Францад нийгмийн бухимдал өргөжсөн нь гадаад бодлогын шийдвэр дотоодын тогтвортой байдлаас салангид биш гэдгийг сануулж байна.

          Дипломат уулзалтууд нэмэгдэж байгаа ч тэдгээрийн үр дүнг зөвхөн хэлэлцээний тоо, талуудын мэдэгдлээр хэмжих боломжгүй. Украинд гал зогсоох нөхцөл бодитой болох уу, Ирантай холбоотой мөргөлдөөн дахин өргөжих үү, Европын засгийн газрууд нийгмийн бухимдлыг улс төрийн хямрал болгохгүй барьж чадах уу гэдэг нь ойрын өдрүүдийн гол асуулт хэвээр байна.

Өнөөдрийн дэлхийн улс төрд энхийн хэлэлцээ хийх хүсэл байна. Харин тэр энх тайвныг ямар нөхцөлөөр тогтоох, ямар буулт хийх, төлбөрийг нь хэн үүрэх талаар нийтлэг ойлголт хараахан бүрдээгүй байна. Энэ л дипломат идэвхжил нэмэгдсэн ч дэлхийн тогтворгүй байдал арилахгүй байгаагийн гол шалтгаан гэж шинжээчид үзэж байгаа аж.

 


ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188