• Өнөөдөр 2026-10-26

"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ

Академич Д.Цэрэнсодномын "Хүрэлбаатар хүү" ном дахин хэвлэгдлээ

                 Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Далантайн Цэрэнсодном агсны номын нээлт өнгөрсөн баасан гаригт эрдэмтний нэрэмжит "Дуун ухааны өргөө"-нд боллоо. Энэ үеэр академичийн хамгийн анхны ном болох "Хүрэлбаатар хүү" үлгэрийг анх хэвлэгдсэнээс хойш яг 65 жилийн дараа дахин хэвлэн уншигчдад толилууллаа. 1937 онд мэндэлсэн академич Д.Цэрэнсодном агсаны 90 насны ой ирэх онд тохиох юм.

Нээлтэд академичийн багш, нэрт эрдэмтэн Ш.Лувсанвандангийн охин, профессор Л.Маналжав, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд, Багшийн их сургууль болон бусад их, дээд сургуулийн багш нар оролцов. Мөн эрдэмтний шавь нар, үр хүүхэд, гэр бүлийнхэн нь хүрэлцэн ирж, түүний эрдэм судлалын өвийг дурсан хүндэтгэл үзүүллээ.

Дуу хураагуурт үлдсэн үлгэр

Номын түүх 1959 оны намраас эхэлдэг. Тэр жилийн аравдугаар сард Өвөр Монголын уран сайханчид Улаанбаатарт айлчлахад тэдний дунд алдарт хуурч, үлгэрч Муу-Охин ирсэн байна. Их сургуулийн хоёрдугаар курсын оюутан Д.Цэрэнсодном түүнтэй танилцаж, хуурчийн хуурдан хэлсэн "Хүрэлбаатар" үлгэрийг “Grundig” дуу хураагуураар соронзон хальсанд бичиж авчээ. Бичлэгийн үеэр профессор Ц.Дамдинсүрэн, багш Д.Чойжилсүрэн, Т.Дашцэдэн нар хамт байжээ.

Залуу оюутан үлгэрийг цаасан дээр буулгахад их цаг хөдөлмөр зарцуулсан бөгөөд ойлгомжгүй үгсийн утгыг хуурчаас тухай бүр асууж тодруулсан нь хожим ихэд хэрэг болжээ. Ийнхүү бэлтгэсэн бүтээл 1961 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн "Аман зохиол судлал" цувралын III ботид хэвлэгдэж, ирээдүйн академичийн анхны ном болсон юм. Номд үлгэрийн хамт Муу-Охины хэлж бичүүлсэн "Морь эмээллэх ёсон", "Сумны магтаал" хоёр магтаалыг хавсаргасан байна.

Хуурын үлгэр нь хорчин, баарин зэрэг Өвөр Монголын нутагт дэлгэрсэн, хуурын аялгуунд шүлэглэн хэлдэг аман зохиолын өвөрмөц төрөл юм. Муу-Охин 1906 онд Зарууд хошууны ядуу малчин Санжийн гэрт төрж, арван зургаан наснаасаа хуурдаж сурсан. Тэрбээр үлгэрээ товч байдлаар ч, дэлгэрүүлсэн байдлаар ч хэлж чаддаг, үйл явдлын баяр, гунигт тааруулан аялгуугаа сольдог онцлогтой байжээ. "Хүрэлбаатар" үлгэр нь Цогнараны "Алтан бүргэд" жүжгийн үйл явдлаас сэдэвлэсэн, уран сэтгэмжийн шинжтэй бүтээл юм.

Монголын аман өв солонгын долоон өнгө шиг

Энэ номыг яагаад унших ёстой тухай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Баясгалан “XVIII зууны сүүлээс XX зууны эх хүртэл монголчуудын оюуны амьдралд нэгэн том дэвшил гарсан. Хятадын сонгодог роман, Монголын эртний бичгийн зохиолуудыг аман хэлбэрт оруулж, хуурын аялгуунд хуурдан хэлдэг болсон нь тухайн үеийн монголчуудын үзэх жүжиг, сонсох хөгжим нь байсан юм. Эрэлхэг баатарлаг түүх, бахархан дурсах ёстой баатруудаа үлгэрийн хэлээр алдаршуулсан ийм зохиолоос 150–200 жилийн өмнө монголчууд юуг сонирхож байсныг мэдэж болно.”

Тэрбээр мөн үлгэрийн хэл эртний уламжлалаа хадгалсан тул өдгөө мартагдсан олон үг хэллэг, монгол аман бичгийн хэлний уран яруу байдал, дүр дүрслэлийн гайхамшигтай танилцах боломжтойг онцолсон. "Бид тууль гэж, үлгэр гэж ярьдаг. Тэгвэл бэнсний үлгэр гэж юу вэ? Монголын утга зохиол, аман өв соёл гэдэг солонгын долоон өнгө шиг олон төрхтэй гэдгийг эндээс мэдэж авна. Монгол хэл, уран зохиолоор суралцаж буй залуу судлаачдад энэ ном цааш гүнзгийрүүлэн судлах үүд хаалгыг нээж өгнө" гэлээ.

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Байгальсайхан нь номын судалгааны ач холбогдлыг онцлов. Тэрбээр "Монгол, Хятадын уран зохиолын харилцаа холбоог судлахад бичгийн уран зохиол, бэнсний үлгэр, хуурын үлгэр хамгийн их холбогддог. Цэрэнсодном гуай өөрөө энэ харилцаанд хуурын үлгэр бие биедээ нөлөөлж, шингэсэн байдгийг судалгааныхаа бүтээлд "Хүрэлбаатар хүү"-гээс жишээ авч бичсэн байдаг. Тиймээс энэ чиглэлээр ажилладаг залуу судлаачид, магистр, докторант нарт уг бүтээл бүтэн эхээрээ дахин хүрч байгаа нь их ач холбогдолтой.” гэв.

Дуун ухааны өргөө

Академичийн бага хүү Ц.Сүмбэрийн хэлснээр эцэг нь 1990-ээд оноос хойш номын өргөө байгуулахыг ихэд эрмэлзэж байжээ. "Дуун ухааны өргөө" 2025 оны тавдугаар сарын 14-нд нээгдэж, анхны бүтээл болох "Өглөө" номоо хэвлүүлсэн. Өргөө нь уран зохиол, хэл, түүх гэсэн гурван танхимтай бөгөөд "Хүрэлбаатар хүү" ном уран зохиолын танхимаас эрхлэн гаргасан бүтээл болж байна.

Номыг Ц.Сүмбэр эрхлэн гаргаж, Д.Өлзийбүрэн, Б.Хонгорзул, С.Номудай нар эх бэлтгэсэн бөгөөд "Тод бичиг" ХХК-д хэвлэжээ. Номын өмнөтгөлийг академичийн бага насны анд, академич Д.Төмөртогоо бичсэн. Тэрбээр оюутны байрандаа уг бичлэгийг дахин дахин сонсож, заримдаа хамт аялгуулан дуулдаг байснаа өмнөтгөлдөө дурсжээ.

Ц.Сүмбэр "Аав маань цэвэр ардын малчны хүү. Өвөө, эмээгийнхээ хайр энэрлээр хүн хүнээ хайрлах, ард түмнээ хайрлах гэсэн юугаар ч ганхахгүй бат бэх хүмүүжил олсон хүн. Сурч мэдсэн бүхнээ ард түмэндээ харамгүй хүртээх нь түүний амьдралын жанжин шугам байсан бөгөөд энэ үгээ бидэнд гэгээн сургаал болгон үлдээсэн." хэмээв.

Тэрбээр академичийн эмхэтгэсэн 400 гаруй үлгэрийг багтаасан "Монгол ардын үлгэр", "Монгол ардын домог үлгэр" номууд 1982–1989 онд нийт 100 мянга гаруй хувиар хэвлэгдэж, Япон, Солонгос зэрэг олон оронд орчуулагдсаныг онцлов. Мөн академич дээд сургуулиудыг "Монголын эртний уран зохиол" сурах бичигтэй болгосныг дурдав. "Намайг оюутан байхад нэрт зохиолчид маань аавынхаа гарын үсэгтэй номыг бэлэглээч гэж гуйдаг байсан нь гэнэт санаанд орлоо" хэмээн тэрбээр дурсав.

Залуу наснаасаа судалгааны замаа олсон хүн

Профессор, гавьяат багш Л.Маналжав: "Бид нэг үеийнхэн учраас түүнийг залуугаас нь мэднэ. Хамгийн гол нь Цэрэнсодном залуу наснаасаа өөрийн судалгааны чиг замаа олсон хүн. Монголын шашин соёл, шашны уран зохиолтой холбоотой маш чухал бүтээлүүдийг гаргасан" гэлээ.

Хэл бичгийн ухааны доктор, профессор Ч.Дагвадорж: "Монголын эртний уран зохиол, аман зохиолыг дагнан судалсан, шинжлэх ухааны олон салбарт хүрсэн том эрдэмтэн бол манай Цэрэнсодном. Бид уран бүтээл, эрдэм шинжилгээний ажлаараа насаараа холбоотой явсан. Өнөөдөр түүний номын өргөөнд эрдмийн хамт олонтойгоо уулзаж суухад сэтгэл их уярч, нөхрөө санаж байна. Эрдэмтэн нөхрийн минь үйлс, энэ Дуун ухааны өргөөний үйлс улам дэлгэрч байх болтугай" хэмээн ерөөл өргөв.

Эх хэлний ертөнцөд босгосон суварга

Академичийн шавь, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Сумъяа багштайгаа хамт ШУА-ийн "Эх хэл бичиг" сэтгүүлийг бүтэн арван жил эрхэлж, 40 дугаар гаргасан байна. "Сэтгүүл гарахад сэтгүүл зүйн талын хүн хэрэгтэй гэж багш маань бодсон байх. Монгол хэл судлалын түүхэн эхнээс өнөөг хүртэлх эрдэмтэн судлаачдын бүтээлийг багтаасан энэ сэтгүүл дугаар бүр нь доод тал нь мянган хувиар хэвлэгддэг байсан нь тухайн үедээ ховор үзэгдэл. Багш маань эх хэлнийхээ ертөнцөд дөчин сайхан суварга бүтээжээ гэж би боддог. Эх хэл бол ямар ч мэргэжил, боловсролтой монгол хүний гол тулгуур гэдгийг би багшаасаа олж харсан" хэмээн тэрбээр дурслаа.

Оюутан байхдаа анхны номоо хэвлүүлсэн Д.Цэрэнсодном агсан 1962 онд их сургуулиа төгсөөд Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар шууд томилогдсон юм. Түүний эрдмийн урт замнал 65 жилийн өмнө соронзон хальсанд буулгасан нэгэн хуурчийн үлгэрээс эхэлжээ. Ирэх онд түүний мэндэлсний 90 жилийн ой тохиох юм.

 


"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188