• Өнөөдөр 2026-10-26

“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД

    Тэр "Хараал хүрсэн хот" киноны хотын даргад нэр дэвшиж буй Эрдэнэбатын бүх зүйлийг хийдэг, итгэлт гол хүн. Ерөөс хотын болохгүй, бүтэхгүй бүхэн түүнтэй, түүний сэдэж хийсэн бүхэнтэй холбоотой. Киноны эхэнд түүний дүр чухам юуны төлөө гэдэг нь үл мэдэгдэм, магадгүй "Ирээдүйн дараагийн хотын дарга болох гэж зорьж байна даа" гэхээс өөрөөр таамаггүй байсан бол харин кино төгсөх тийш хандахад хайр сэтгэлийнхээ төлөө Эрдэнэбатыг унагахаар төлөвлөж байсан нь илэрхий болдог. Гэхдээ тэр энэ удаад өмнөх шигээ зорьсноо санаснаараа хийж, бодсоноороо зугтаачихаж чадалгүй баригдсан. Ийм нэг зэвүүн дүрийг жүжигчин Б.Гарьд бүтээжээ.

     Ойрдоо түүнийг киноноос хараагүй бидэнд юу ч болоогүй мэт инээж байгаад ард нь бүгдийг төлөвлөчихсөн, хийчихсэн нэг тийм давхар санаатай аюултай дүр нь сонирхолтой содон байв. Өнөө цагт эрх мэдэлтнүүдийг юу хамгийн хүчирхэг, чадварлаг болгож байна вэ гэвэл мэдээж мөнгө, нөгөө нь сайн туслах. Арыг нь даадаг, бүх зүйлийг нь итгэлтэй найдвартай хийдэг сайн туслах, зөвлөх, өмгөөлөгч л тийм бардам, мөнхүү юунд ч санаа зовнихгүй сэтгэл амгалан байлгадаг гэдгийг Мөнх-Эрдэнийн дүр харуулж байлаа.

     Хүнд өвдсөний улмаас уран бүтээлээсээ завсарласан тэрбээр гурван жилийн дараа ийнхүү кинондоо эргэн орж, өөрийн бүтээснээс өөр, жүжигчнийхээ хувьд өөрийгөө өөрөөр харуулсан дүр бүтээж, идэвхтэйгээр ажиллаж байгаа нь үзэгчдийн хувьд сайхан, мөнхүү өөр ямар дүр гаргах бол гэсэн хүлээлттэй байгаа. Б.Гарьд эмчилгээнийхээ дараа "Эмч эмчилгээгээ хийсэн. Одоо харин миний өвчинтэйгээ тэмцэх цаг ирж байна. Хамгийн гол нь сэтгэл зүй. Ерөөсөө амьдарсан шиг амьдарья, уран бүтээлдээ орьё гэж шийдсэн. Аав минь олон сайхан бүтээл монголчууддаа хүргэсэн. Өнөөдөр олон хүн нэгдэн надад тусалсан нь аавын минь үйлийн үр ч юм шиг. Нэг тийм шидийн зүйл байгаа ч юм шиг санагдсан" хэмээж.

       Түүнийг бид "Шинэ үсгийн багш" киноны Тулгын дүрээс нь эхлэн мэдэх билээ. Хэрсүү сүрхий Тулга хүү уйлж, дуулж, аашилж, аргадаж байж аав, ээж, ахан дүүс, хөдөөнийхнөө бичиг үсэгтэй болгодог билээ дээ. Хэзээд ч үзэхэд уйдамгүй хөгжилтэй, бишгүй ухаарал, өгөөжтэй сэтгэлд тод дүр. Б.Бадрууган найруулагч түүнд эл дүрд ажиллахад их тусалсан гэдэг. Энэ тухай Б.Гарьд "Шинэ үсгийн багш" кинонд 15 настай тоглосон. Одоо 38 настай. Тухайн үед жижиг биетэй, туранхай хүүхэд байлаа. Б.Бадрууган найруулагч надад дүрдээ яаж орж, тоглох вэ гэдгийг үргэлж ойлгуулж, ухааруулж байсан. Тус кинонд тоглохоос өмнө аавынхаа найруулсан хоёр кинонд тоглож байв. Анх удаа өөр найруулагчийн кинонд тоглож байгаа болохоор “Би чадах болов уу, намайг загнах болов уу” гэж их айж байсан. Б.Бадрууган найруулагч хүүхдийн арга, эв сайн олдог хүн. Тийм ч учраас намайг аргадаж байгаад, өөрөөр минь тоглуулсан.  Манайхтай ойрхон байсан учир дандаа нэг нэгнийндээ орж, гардаг байлаа. “Шинэ үсгийн багш” киног би хоёр хүүхдэдээ “Сонирхох болов уу” гээд үзүүлтэл дуустал нь үзчихсэн шүү. Манай том охин найман настай. Намайг “Яасан хөөрхөн хүүхэд байсан юм” гээд эрхлүүлж байна лээ. Харин бага нь “Энэ аав юм уу” гээд инээж байсан. Тэгэхээр өөрөө үзэхээс илүү хүүхдүүддээ үзүүлж, тэдэнд ямар санагдаж байна вэ гэдгийг харах сонирхолтой санагддаг шүү" гэсэн байдаг.

   Мэдээж бусад дүр нь ч ялгаагүй үзэгчдийн сэтгэлд дотно дулаан оршдог.  Дүр бүтээх бүрдээ, уран бүтээлдээ хандах болгондоо нэрт найруулагч аав, сайхан жүжигчин ээжийгээ дурсаж, тэр сайхан хүмүүний авьяас билгээс өвлөсөндөө талархаж, чамбай чадварлаг гэгч нь дүрүүддээ ажиллаж, аль ч бүтээлд орсон жин дарж, тодорч харагддаг. Үзэгчид мэднэ дээ. Түүний тоглосон дүрүүдээс "Гэр" киноны нөхрийн дүр их ойр. Гэр бүлийн үнэ цэн, утга учрыг харуулсан сайхан бүтээл. Түүний аав Ж.Бунтар найруулагчийг бид "Цэц магнай", "Тод магнай", "Гарьд магнай" тэргүүүтэй олон сайхан бүтээлээр нь андахгүй мэднэ. Тэрбээр аавынхаа тухай "Би аавыгаа дуурайсан шударга зантай, таалагдахгүй зүйлээ шууд хэлдэг сул  талтай" гэсэн байна лээ. Тэгэхээр зан чанар, уран бүтээлд хандах хандлагын тухайд ч тэр аавыгаа дуурайж, мөнхүү үргэлжлүүлсээр яваа нь энэ ажээ.


“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188