• Өнөөдөр 2026-10-27

ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

Өглөө 08:00 минутад Хорооллоос такси барин ажил руугаа хөдөллөө. Таксины жолоочтой ойр зуур ярилцан явтал жолооч “Ээ баларлаа” хэмээн уулга алдаад явчихав. “Яасан бэ” гэвэл “Бензин дуусчихлаа. Ахын дүү өөр такси барчих” гэх нь тэр. Жолооч ахын машиныг замын хажуугийн зогсоол руу түрж оруулж өгөөд дахин гар өргөлөө. Нэлээд хэдэн минут өнгөрсний дараа нэг юм такси зогслоо. Түгжрэл ч нэмэгдэж, хөдөлгөөн саарч эхлэв. Хорооллоос Баянбүрд орох зам таг түгжрэх бөгөөд ихэнх нь ШТС-уудад оочирлож буй аж. Тиймээс Эргэлт.мн мэдээллийн сайт бензиний хомсдол ямар байгааг сурвалжиллаа.

        Хорооллоос Гандан явах замд бензин нь дуусан автомашин нэлээд хэд тааралдлаа. Бид ажил, гэр лүүгээ явахдаа түгжирдэг байсан бол бензин авах гэж, нэгнээсээ өрсөх гэж зам дээр бараг амьдардаг боллоо гэхэд хилсдэхгүй биз. Бензин нь дуусан автомашинууд түрэх эсвэл шагийн бензин дуудахаас өөр аргагүй болдог аж. Зарим нь хүн дуудаж, шатахуун түгээх станц руу чирүүлж байна. Гандан, Тасганы овоо орчмын ШТС-ууд урт цуваа үүсгэчихсэн байх. Ажилдаа явж хүмүүс дууд дохиогоо цуурай хадаан дарах нь аж.

Бензин нь дуусан автомашинууд түрэх эсвэл шагийн бензин дуудахаас өөр аргагүй болдог аж

        Монгол Улс, тэр дундаа нийслэл Улаанбаатар хот болон орон нутгуудад шатахууны хомсдол нүүрлээд багагүй хугацаа өнгөрч, ШТС-уудын гадна хэдэн зуун метрийн урт дараалал үүссэн хэвээр байна. Салбарын яам болон Шуурхай штабаас шатахууны импорт тасралтгүй орж ирж байгаа, сарын хэрэглээг хангах нөөц гэрээлсэн гэж мэдээлж буй ч, бодит байдал дээр иргэд ганц банк бензин авахын тулд 4-5 цаг, заримдаа шөнөжин дугаарлан хонож буй нь нууц биш.

Янз бүрийн л үнэтэй байна. Хамгийн багадаа долоон мянган төгрөг гэдэг

            Энэ талаар жолооч нараас тодруулахад “Бензин авна гэдэг алаан болжээ. Бараг л олдохгүй олдохоороо үнэтэй. Ихэнх ШТС евро 92 бензинээ л зарж байна. Тэр нь үнэтэй гэж жигтэйхэн. Нэн шаардлагтай үед шагийн бензин үнэтэй авахаас өөр арга болсон. Үнэндээ яаж амьдраад байгаагаа мэдэхгүй байна. Төр засаг олигтой арга хэмжээ авахгүй юм. Энэ байдал бараг хоёр сар үргэжиллээ шүү дээ” гэв. Жолооч нараас шагийн бензин ямар үнэтэй байгааг асуухад “Янз бүрийн л үнэтэй байна. Хамгийн багадаа долоон мянган төгрөг гэдэг. Хүргэлтээр дажгүй хурдан ирдэг. Гэвч байнга үнэтэй бензин авахаар амжиргаандаа хэрэглэх мөнгөгү болчих юм. Монголчуудын цалин хэд билээ. Өвөл яахыг, өвлийг хэрхэн давхаа мэдэхгүй л байна” гэсэн юм.  

Зарим жолооч нар бараг дүүрэн бензинтэй байж оочирлож байгаад 20-30 мянгад аваад дахин дүүргэдэг

        Нийслэл хотын зах болох Баянхошуу, Зурагт, Баруун салаа, Зүүн салаа мөн Баянбүрдийн тойрог орчмын ШТС-уудын гаднах автомашины цуваа аль хэдийн 800-900 метрт хүрсэн байна. Энэхүү урт дараалал нь замын нэгдүгээр эгнээг бүрэн хааж, нийслэлийн авто замын түгжрэлийг үүсгээд байгаа юм. Энэ талаар ШТС-ын түгээч нэрээ нууцлан дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Бид чадахаараа л бензин өгч байгаа шүү дээ. Зарим жолооч нар бараг дүүрэн бензинтэй байж оочирлож байгаад 20-30 мянгад аваад дахин дүүргэдэг. Энэ нь цуваа үргэжилсэн оочир үүсгэхэд нөлөөлөөд байна. Үүнээс гадна зарим нь оочир дайрч хэрүүл үүсгэнэ. Дуусчихсан байхад “Танайд бензин байгаа өг” гэж загних юм. Түгээч нар өөрсдийн хувийн бензинээ зараагүй шүү дээ” гэв.

        Түгээч нар өөрсдийн хувийн бензинээ зараагүй шүү дээ

           Шатахуун олгож буй зарим ШТС-ууд нэг машинд 50,000төгрөгөөс хэтрүүлэхгүй эсвэл зөвхөн аппликейшн, гэрээт картын хэрэглэгчдэд олгоно гэсэн шаардлага тавьж байгаа нь иргэдийн дунд маргаан, үл ойлголцол үүсгэж байлаа. Мөн зарим ШТС зөвхөн талоноор өгч бэлэн мөнгө болон картаар гүйлгээ хийхгүй байгаа юм байна. Бид шатахуун түгээх компаниудын агуулахад нэвтрэх боломжгүй учраас  шатахуун түгээх компаниудын Борлуулалтын менежертэй холбогдож шатахууны бөөний үнэ болон нөөцийн талаар тодруулсан юм. Борлуулалтын менежер “Манайх агуулахаас А92 бензин  ШТС-ууд руу хэвийн ачилт хийгдэж байгаа. Яагаад оочир, дараалал үүсээд байгааг мэдэхгүй юм” гэх хариултыг өгсөн юм. Шатахууны олдоц муудаж, үнэ нэмэгдсэнтэй зэрэгцэн тээвэрлэлтийн зардал өсөж, зах, худалдааны төвүүд дээрх өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ дагаад өсөж эхэлжээ. Монголчууд бид бензин олж авахын төлөө зам дээр амьдрах нь ээ.


ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188