Дуу өсгөгчийг нь намсгаж, дөрвөн ятгын дууг нэмж байж танхимд хоолойг нь багтаадаг байсан түүнийг бид дурсаж, “Чандмань эрдэнэ”, “Сайн байна уу, ээж ээ” дууг нь нэхэн сонсож сууна. Сонсох бүрдээ түүний онцгой авьяас, хоолойных нь сайхныг биширч, дахиад л эхлүүлэх юм. Тэр хүмүүний сэтгэлд ингэж л үргэлжилж, оршдог биз ээ. “Бор торгон хантааз”, “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Учралын дуу”, Мөнгөн бороо”, “Ухаантай ээж минь”, “Уйдах завгүй цэргийн хугацаа”, “Хань минь”, “Тогоруун цуваа”, “Халтар манан хөөрөг” гээд 200 гаруй дууг монголчуудын хайртай бүтээл болгож чадсан Гүндсамбуугийн Мөнхбаярын амьдралын түүхээс эгч Г.Энх-Амгалантай нь хуваалцлаа.
-18 настай байлдагч Бүх ард түмний урлагийн наадамд түрүүлж, алтан медаль зүүчихээд тоглолтоо хийж байсан гэрэлт мөчөөс хоёулаа ярилцлагаа эхлүүлье?
-Дүү аравдугаар ангиа төгсөөд Өмнөговь аймгийн 0167 дугаар ангид алба хаахаар явсан юм.Тухайн үед нь аав, ээж түүнийг цэрэгт явуулах дургүй байв. Харин өөрөө цэрэгт явах дуртай байсан болохоор тэд хориглоод дийлээгүй. Аав минь хүүгээ явсан хойно нь “Ганц хүүгээ арай л хол явуулчихлаа. Ядаж хотод цэргийн алба хаалгамаар байна” гээд “Алдар” нийгэмлэгт ажилладаг хамаатны ах нарт хэлсэн ч тэд тоогоогүй юм билээ. Тэгээд аав минь дүүг явснаас гурван сарын дараа бурхан болсон. Түүний дараахан дүү Бүх ард түмний урлагийн наадамд орж, алтан медаль авч байсан юм. Дүүгийнхээ тоглолтод очихгүй байж болохгүй учир ажлаасаа чөлөө аваад ээжийгээ дагуулаад явсан. Аав бурхан болоод удаагүй байсан болохоор ээжийг хямарч мэднэ гэж бодоод “За, ээж минь очоод олны дунд уйлаад байв. Дуулна л биз яах вэ. Та ямар дуулахыг нь сонсоогүй биш” гээд зоригжуулаад явсан. Гэтэл Мөнхбаярыг дуулсан чинь ээж биш, би уйлаад болдоггүй. “Чандмань эрдэнэ”-ийг тийм гоё дуулна гэж санаагүй. Түүний дараа
“Сайн байна уу, ээж ээ
Саравчилж харсаар сууна уу
Сайхан цайныхаа дээжээр
Цацлаа өргөсөөр байна уу” гэж дуулахад нь сэтгэл үймрээд, нулимс тогтоогүй. Дүүгээ би тэгэхэд “Миний дүү чинь ийм сайхан дуулдаг юм байна шүү дээ” гэж анх удаа бахархаж билээ. Гэртээ дэмий дуулаад байна л гэж боддог байснаас тайзан дээр дуулж, намайг уйлуулна гэж яаж мэдэх билээ дээ. Анхны тоглолт нь тэгж л эхэлж байсан юм даа.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Дүүгийнхээ бага насны тухай ярьж өгөөч?
-Би эцэг, эхээс зургуулаа. Хамгийн том нь би. Миний дүү гурван эгч, хоёр охин дүүтэй. Улаанбаатар хотод төрж, өссөн. Түүнийг төрөхөд манайх Баянбүрдийн хойно тухайн үеийн нэршлээр хятад ажилчдын есөн гудамжны хамгийн арын гудамд амьдардаг байсан. Тэр гудамд дан монгол хүн амьдардаг байлаа. Манай хамаатнууд ихэвчлэн байсан болов уу даа. Бид хашааныхаа, гудамныхаа хүүхдүүдтэй тоглож өсөцгөөсөн. Мөнхбаяр ой хүрээгүй байхдаа айхтар өвдөж, Гандангийн хүүхдийн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлсэн. Айхтар хүчтэй тариагаар дүүг минь тарьсаны улмаас дүүгийн сонсгол, хараа нь муудсан юм.
Аав минь насаараа тээврийн жолоочоор ажилласан. Тавдугаар баазад ажиллаж байгаад 1967 оноос авто сургуульд жолооны багш болсон. Бид аавыг жолооны багшаар ажилд орсны дараа авто сургуулийн аж ахуйн хашаа болох Ханын материалд амьдарч эхэлсэн. Тэнд л дүүгийн минь бага нас өнгөрч, тэндэхийн сургуульд аравдугаар ангиа төгссөн.
-Танайхан дүүгийнхээ дуулах авьяасыг хэзээнээс мэдсэн бэ. Багадаа юу сонирхдог хүүхэд байсан бол?
-Дүүгийн минь бусдаас ялгарах онцлог нь урлагийн их авьяас, мэдрэмж байсан. Түүнийг сурагч байхад нь “Инээмсэглэл” хамтлаг олонд танигдаж байсан үе. Дүү минь тэдний шүтэн бишрэгч болчихсон бүгдийг нь дуурайж дуулдаг, бүх дууг нь мэддэг байж билээ. Гэртээ байнга дуулдаг байсан болохоор би төвөгшөөгөөд “Чих амраахгүй юм. Дуугүй бай. Хичээл хийж байхад” гэж загнадаг байж билээ.
Бас шүлэг бичих их дуртай. Бичсэн шүлгээ “Ямар болсон байна” гэж надад үзүүлнэ. Тэр үед би уран зохиолд дуртай байсан болохоор төвөгшөөхгүй уншаад, хэлээд өгнө. Монголын радиогийн дэргэд яруу найрагч, хүүхдийн зохиолч Мөнгөний Чимид багшийн дугуйланд суралцдаг байсан. Тэр дугуйланд явсныхаа ачаар "Пионерийн үнэн” сонины гавшгай сурвалжлагч болж, шүлэг, мэдээгээ нийтэлдэг болсон. Тухайлбал, сургууль дээр болсон үйл явдал, арга хэмжээ болон “Хүү, хүлэг” хоёр хэмээх шүлгээ нийтлүүлж байсныг нь санаж байна. Багш нь дүүг их дэмждэг байсан болохоор Мөнхбаяр дугуйландаа явах дуртай байж дээ.
Тэр минь дуучин болох мөрөөдөлтэй байсан болохоор “Инээмсэглэл” хамтлагийн Р.Энхбазартай уулзсан байгаа юм. Тэгэхдээ “Би танай хамтлагийн дуунуудад их дуртай, дуулах дуртай. Би тэд нар шиг дуучин болмоор байна. Та намайг шалгаад өгөөч” гээд зохиосон шүлгээ болон дуулж үзүүлсэн байгаа юм. Гэтэл Р.Энхбазар “Чи эстрадын дуу дуулах хүн биш байна. Ардын болон зохиолын дуу дуулах юм бол их амжилтад хүрэхээр байна шүү” гэж зөвлөгөө өгөөд буцаасан байдаг.
-Айлын ганц хүү байсан юм байна шүү дээ. Гэрийнхэн нь их эрхлүүлдэг байв уу?
-Дүү минь айлын ганц хүү болохоор их эрх өссөн. Бид ч их эрхлүүлдэг байлаа. Эгч нар нь эрхлүүлнэ, аав, ээж нь эрхлүүлнэ, эмээ нь эрхлүүлнэ гээд эрхлүүлэхгүй ч хүнгүй. Дүү минь их зөөлөн сэтгэлтэй, тусархуу хүн байсан. Тийм ч учраа их дэврүүн, цагаан сэтгэлээр урлагтай амьдралаа холбосон юм. Урлагийн амьдрал их хэцүү, хатуу гэдгийг тоодоггүй байсан гэх юм уу даа.
-Хэрвээ цэрэгт явж, Бүх ард түмний урлагийн их наадамд оролцоогүй бол ...?
-Хэрвээ бидний дэргэд байсан бол зохиолч, сэтгүүлч болох байсан байх. Зуны амралтаараа үсэг өрөгчөөр ажилладаг байсан. Хэрвээ дуучин болж чадахгүй бол бичгийн хүн болно гэж бэлддэг байсан юм шиг байна лээ. Дүүг Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ажиллуулж байгаад албыг нь хаалгаж байсан. Тэндээсээ тухайн үеийн нэршлээр Улсын ардын дуу бүжгийн чуулгад орж, МУГЖ Д.Банзрагч гуайн шавь болж, удалгүй гоцлол дуучин болж байлаа. Тухайн үед авьяасаараа шалгарч гарч ирнэ гэдэг хэцүү байлаа. Урлагийн зарим хүнд таатай байгаагүй нь үнэн. Тэр үед мэргэжлээрээ сурсан ч амжилтад хүрээгүй хүмүүс байсан. Тэд дүүг “Чи сургууль төгсөөгүй. Мэргэжлийн хүн биш. Сайн дурын уран бүтээлч” гэж дээрэлхдэг байсан гэдэг. Тэгэхэд Мөнхбаяр “Харин тийм ээ, дүү нь сургуульд сураагүй юм чинь та нар минь надад туслаарай” гэдэг байсан. Харин дүүг минь МУГЖ Т.Түмэндэмбэрэл гуай хамгийн ихээр дэмжиж байсан гэж ярьдаг байсан юм. Тэгээд дүүд “Хэт цагаан явж болдоггүй л юм даа, хүү минь” гэж байсан гэдэг. Дүү минь ч тухайн үед чухам сайн ойлгож байгаагүй л болов уу даа.
-Гэхдээ түүний жаргал нь ердөө л дуулах байсан биз дээ?
-Түүний жаргал ердөө л дуулах байсан. Тайзан дээр л байвал болно гэж боддог байсан байх. Дэврүүн сэтгэлтэй байсан болохоор хар буруу санаагүй урлагийг, урлагийн хүмүүсийг тайзан дээр байгаа шигээ төсөөлж байсан. Дургүйгээ хүрвэл дүлийгээрээ далимдуулаад сонсдоггүй, сонссон ч сонсоогүй царайлдаг байсан. Дүү минь урлагийн салбарынхан уналтад орсон хэцүү үед дуучдыг цуглуулж, Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, А.Долгор тэргүүтэй 25 шилдэг дуучны тоглолт хийж байлаа. Ер нь тоглолтын үндсийг нь дүү минь тавьсан гэхэд болно. Ганцаарчилсан болон хамтарсан нэлээд тоглолт хийсэн дээ.
-Таны дүүг нэг охинтой гэж сонссон. Гэр бүлийнх нь талаар та ярьж өгөөч?
-Дүүг Жанжин клубт тоглолт хийж байхад нь юм уу, гэрээгээр ажиллаж байхад нь тус клубын ажилтан манай дүүг 16 настай охинтой танилцуулсан юм билээ. Тэр цагаас тэд үерхэж, нөхөрлөж эхэлсэн. Бид тэр охинд дургүй байсан ч бүрэн эсэргүүцэж чадаагүй хуримыг нь хийж, Баянхошуунд гэр барьж өгсөн. Дүүгийн минь найранд ах, дүү, хамаатан садан ирэхээс гадна тухайн үеийн хөгжмийн зохиолчид, дуучид, яруу найрагчид цугларсан сайхан хурим болж байлаа. Тэд 10-аад жил ханилж, нэг охинтой болсон. Тэр дүүг минь ид мандаж байх үед тоглолтынх нь мөнгийг хурааж байгаад нэг өглөө ажилдаа явсан хойгуур нь хамаг хөрөнгийг нь аваад, гэрийнх нь хаалгыг дэлгэж орхиод гадаад явчихсан байсан. Түүнээс болж дүү минь сэтгэлээр их унаж, хямарсан. Дүүг минь тэгж их гомдоож, орхиж явсан болохоор би одоо ч түүнд гомддог. Гэхдээ бид тэр цагаас ямар ч харилцаа, холбоогүй болсон. Тэр дүүтэй минь нэр хүнд, мөнгө харж ханилснаас амьдралынх нь хань болох гэж ирээгүй юм билээ. Харин дүү минь эхнэр, охин хоёртоо байгаа бүхнээ зориулж, түүндээ маш их итгэдэг байсан даа. Дүү минь охиндоо ямар их хайртай байсан гэж санана.
-Охин нь хаана амьдардаг вэ. Тантай холбоотой юу?
-Францад амьдардаг. Гадаад хүнтэй гэр бүл болсон байна лээ. Сүүлийн жилүүдэд үеэлүүдтэйгээ цахимаар харилцдаг болсон. Бид дотно харилцаатай биш. Аавыгаа боддог, дурсдаг л юм шиг байна лээ. Түүнийг нь сонсоод хоолой зангирдаг юм.
-Хүмүүс таны дүүг алдарт дуучин П.Адарсүрэнтэй харьцуулж сонсдог, харьцуулж ярьдаг юм билээ. Дүү нь П.Адарсүрэнгийн дуунуудаас сонсдог байв уу?
-П.Адарсүрэнгийн дуунуудыг сонсож, түүний дуулсан дууны араас өөрийнхөө дуулсныг эвлүүлчихсэн “Аль нь би байна” гэж сонсгодог байсан. Гэхдээ тэдний дуу хоолойг, дуулах чадварыг харьцуулах шаардлагагүй, онцгой хүмүүс.
“Чандмань эрдэнэ”-ийг П.Адарсүрэнгээс эхлүүлээд маш олон хүн дуулсан боловч ард түмний сэтгэл, зүрхэнд хүртэл нь дуулж, “Ийм гоё дуу байдаг” гэдгийг мэдрүүлсэн хүн бол миний дүү. Дүүгийн минь дуулснаар л хүмүүс “Чандмань эрдэнэ”, “Сайн байна уу, ээж ээ”-д дуртай болсон юм шүү дээ. Урлагийнхан миний дүүг “Доод өнгөөр дуулж, доошлох тусмаа хамгийн сайхан өнгөөр дуулдаг. Тийм хоолойтой дуучин ховор” гэдэг байсан юм. “Чандмань эрдэнэ”-ийг тэгж доод өнгөөр дуулж байж л сайхан болж байгаа юм. Харин зүгээр дуулсан бол бусдаас ялгарах, онцгойрох зүйлгүй шүү дээ.
-Дүүг нь архинд ороод, архинаас гарч чадахаа болиод бурхан болсон гэж ярьдаг юм билээ. Тухайн үед юу болсон юм бэ?
-Дүү минь бурхан болохынхоо урд орой хөгжимчидтэйгөө, хувцсны хүмүүстэйгээ уулзаад явсан юм билээ. Уг нь тоглолт хийхээр бэлдэж байсан нь тэр.
Гэтэл маргааш өглөө нь цагдаа нар дүүгийн минь цогцсыг Туулын эргээс олж, намайг дуудсан. Очтол хамаг хувцсаа тайлаад тавьчихсан, шилтэй архи хугасалчихсан байсан. Нүүр, цээжин хэсэг нь хөхөрчихсөн байсан. Гэтэл шүүх шинжилгээний байгууллагаас дүүг минь “Архинд хордож бурхан болсон байна” гэж оношилсон. Би үхлийнх нь шалтгаанд эргэлзэж, учир битүүлгээр нас барсанд гомдолтой явдаг.
Есдүгээр сарын эхэн учир гол хөлдөөгүй байсан гэсэн үг. Хүмүүс дүүг минь голын усанд барьцалдаж хөлдөж, нас барсан гэж ярьдаг юм билээ. Дүү минь уг нь архи уудаггүй, тамхи татдаггүй байлаа. Бид ч түүнийг “Архи уув, тамхи татав” гэж анхааруулж, сануулдаг л байсан. Гэвч хүссэнээр болоогүй. Дүү минь маш богино хугацаанд архи уудаг болчихсон байсан. Ямар хамт ажиллаж байсан хүмүүсийг нь, монголчуудыг буруутгалтай нь биш дээ. Уг нь архи битгий хэл, айраг ч ууж чаддаггүй байсан шүү дээ. Гэхдээ дүү минь ээж, бид хоёр дээр согтуу ирж, зовоож байгаагүй. Дүү минь найр наадамд их уригддаг, тоглолтоор явахад нь хүмүүс их дайлж, цайлж, архи, дарсаар шахаж байгаад л уулгадаг болгочихсон юм даа, үнэндээ.
-Дүү нь хамтарсан болон ганцаарчилсан олон тоглолт хийж байсан байх. Түүнээс та алийг нь онцолж ярих вэ?
-Дүү минь С.Цэрэнчимэд, Н.Төмөрхуяг хоёртой “Уянгын гурван холбоо” гээд их сайхан тоглолт СТӨ-нд тоглож байсан. Хүүхдийн ордонд “Учран золгохын ерөөл” гээд ганцаарчилсан тоглолт хийж байсан.
Мөн би дүүтэйгээ “Хөх тэнгэрийн яргуй оршвой” хэмээх хамтарсан тоглолт хийж байлаа. Тэр үед ээж минь бидний тоглолтыг үзээд их баярласан. Ер нь бидний тоглолтыг ээж минь эхэлж үздэг, дүгнэдэг байлаа шүү дээ. Ээж минь сэтгэлийн хаттай сайныг ч саарыг ч үзсэн их мундаг эмэгтэй байсан.
Ганц хүүгээ алдах ээжид минь хорвоо хөмөрч байгаа юм шиг л байсан байх. Гэвч ээжийн минь ухаан санаа самуурч, биднийг зовоогоогүй жамаараа бурхан болсон доо, хөөрхий. Ээжийг минь тэр сайхан нутаг ус, уул нь түшдэг байсан байх.
-Аав, ээж нь та бүхнийг хэрхэн хүмүүжүүлдэг байсан бэ?
-Аав өвөл орон нутагт өвс, тэжээл хүргэж өгөхөөр явчихдаг, намар нь ургац хураахаар явчихдаг байсан. Аавыгаа хоёр, гурван сараар явахаар их санаж, хүлээдэг байлаа. Амьдрал болоод ахуйн бүх зүйлийг аав, ээж минь өөрсдийнхөө үйлдлээр үлгэрлэдэг байсан. Бид аавтайгаа мод хөрөөдөж, өвлийнхөө түлшийг бэлддэг, зун нь гэрийнхээ модыг угааж, буддаг байсан. Бүгдэд нь тохирсон ажлыг нь даалгаж хийлгэдэг байсан нь биднийг өсгөж, хүмүүжүүлэх хамгийн том ухаан байсан байх даа. Аав минь бөхөд их дуртай. Аавыгаа дуурайж бөх үзсээр байгаад би бөх үзэх дуртай болсон. Тухайн үед өнөөгийнх шиг эмэгтэйчүүд олноороо барилдаж байсан бол аав намайг бөх болгох байсан биз гэж боддог юм. Би одоо ч бөх үзэх дуртай.
Аав минь Завханы Тосонцэнгэлийнх, ээж Баян-Өлгий аймгийн Буянт сумынх. Аав минь нутаг руугаа явж ирчихээд удаагүй бурхан болчихсон учраас би ээжийгээ нутаг руу нь явуулахаас айдаг, дургүй байсан. Ээж минь нутгаа үзэх юм сан гэж нүдэнд харагдтал ярьдаг байсан болохоор би буйран дээр нь очсон. Урианхайнууд амьдардаг их сайхан нутаг байна лээ. Ээжийн минь хамаатнууд нутагтаа байдаг. Би энэ зун нутаг руу нь явахаар төлөвлөж байгаа. Хүн аав, ээжийнхээ нутагт очихоос өөр зам байдаггүй л юм билээ дээ. Хэдийгээр би тэр нутагт төрөөгүй ч гэлээ уг, удам минь тэнд байгаа болохоор заавал очих хэрэгтэй гэж боддог.
-Дүүгийнх нь дуу болсон шүлэг, аялгуу байдаг уу. Дуулахаас гадна олон авьяастай, элдэвтэй хүн байсан гэж сонссон?
-Дүү минь дуулсан дуу, зохиосон шүлэг, хийсэн аялгуу гээд тус тусад нь ангилаад хавтаслачихсан байдаг байсан. Тухайн үедээ ач холбогдол өгч анхаардаггүй байж дээ. Ер урлагийн авьяастай хүн байсан даа. Дуулна, ая зохионо, шүлэг бичнэ, шатар, даам тоглоно. Өөрийнх нь ая хийсэн дуу нь байдаг.
-Танай удамд урлагийн хүн бий юү. Аав, ээж нь дуулдаг хүмүүс байв уу?
-Аав минь их сайхан дуулдаг, урлагт хайртай хүн байсан. Жанжин клубэд “Учиртай гурав”-ын Юндэнд тоглодог, Загдсүрэн гуай Нансалмаад нь тоглодог байсан гэдэг. Тэгээд намайг “Д.Цэрэндулам шиг циркчин бол” гэж циркийн урлагт дурлуулж, оруулж байлаа. Би аавынхаа хэлснээр түүний уран бүтээлийг үргэлжлүүлэн хийж байсан. Миний дараагийн дүү их сайхан дуулдаг байсан юм. Харамсалтай нь, хүнд өвчний улмаас бурхан болчихсон. Мөнхбаяр тэр хоёр манай гол дуучид байлаа шүү дээ. Мөнхбаярын хуримын бичлэгээс тэр хоёрын хамт дуулсан бичлэг л үлдсэн байдаг юм. Харин урлагийн салбарт ажилласан нь Мөнхбаяр бид хоёр. Би дүүгээ "тэнгэрийн хүү байж дээ" гэж боддог" хэмээсээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |