• Өнөөдөр 2026-10-26

ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ

           Их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр Н.Учралын Засгийн газар төсвийн төсөл дээр тунчиг эмзэг байна. Ёстой л шинэ Засгийн газар бүрдэж, танхимаа төвхнүүлж амжилгүй ээлж дараалсан төсвийн асуудалтай нүүр тулсаар өнөөдрийг хүрэв.


        2026 оны төсвийн тодотголоо хийж дуусаагүй байтлаа 2027 оны төсөвтэй залгасан. Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль, түүний дараа жил УИХ-ын сонгууль болох учир сонгууль угтсан төсвөө батлах хүндхэн даалгавар авсан. Гэтэл савны хэмжээ нь чинээндээ тулж, жил жилийн төсвийн алдагдал нэмэгдсээр Монгол Улсын өрийн хэмжээ таазандаа тулж, гадны санхүүжилт ч горьдох эрхгүй болчихоод байна.

       Үнэндээ Ерөнхий сайд Н.Учрал ирэх оны төсвийг өндөр дүнтэй тавихгүй бол намынхандаа адлуулна. Цаад талдаа төсвийн орлогоо чинээнд нь тулгаж тавиад ч хэт өндөр төсөвтэй хөөсөрсөн хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэх хөрөнгөгүй болоод толгой гашилж явна. Харин хамгийн сүүлчийн арга болох Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгөөр дэд бүтцийн ажил хийхээр 2027 оны төсвийн төслөө өргөн мэдүүлсэн ч иргэдийн шүүмжлэлд өртөж, нэг удаагийн удаагийн хуулиа татаж авахаар боллоо.

        Гурван шатны хэлэлцүүлэг хүртэл явчихсан төсвийн төслөө буцаах дээрээ тулталаа олны эсэргүүцэлтэй нүүр тулж, эцэст нь Засгийн газар нэг удаагийн хуулиа татаж аваад төсвөө хэлэлцүүлэхээс өөр аргагүй болов. Ийн хэл амыг түр намжаасан ч хэт өөдрөг төсвөө хэрхэн зохицуулах вэ гээд ацан шалаанд орчихсон байна.

       Өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанд Засгийн газар 2027 оны төсвийн төслөө танилцуулж, улмаар ирэх оны төсвийн төслийн хөрөнгө оруулалтыг 10-20 хувиар танах шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, ирэх онд 10 аймгийн дулааны цахилгаан станцын төсөлд Оюутолгойн ногдол ашиг хоёр тэрбум төгрөг зарцуулах тооцоололтой сонгууль угтсан төсвөө боловсруулсан ч амжилт олсонгүй. Цаашлаад төсвийн орлогыг 41 их наяд, төсвийн зарлагыг 43 их наядаар тооцоолж, хоёр их наядын алдагдалтай төсөв оруулж ирсэн Засгийн газар төсвийн төсөл дээрээ дахин тохируулга хийхээс өөр гарцгүй болов.

      Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байх үеэр шинээр хөрөнгө оруулалт хийхгүй хэмээн ам гарч байсан ч төсвийн төслөө өргөн мэдүүлэхдээ 318 төсөл хөтөлбөр шинээр хэрэгжүүлэхээр тусгаж оруулж ирсэн. Цаашлаад төсвийн хөрөнгө оруулалт дунд үр ашиггүй, үрэлгэн хөрөнгө оруулалтууд олон байгааг төсвийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд шүүмжилж, сайд нар нь нүүр хийх газаргүй болов. Ийн сонгууль угтсан хэт өөдрөг төсөвтөө өөрсдөө бүдэрч, гарцгүй болсон нь тэр. Нэмээд гадаад, дотоод эдийн засгийн асуудал хүндхэн байна. Мэдээж ирэх онуудад хөрш орны геополитикийн асуудлаас шалтгаалж, шатахууны үнэ нэмэгдэх, түүнийгээ дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш тэнгэрт тулна.

      Иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээрх ачаа улам бүр хүндэрч, чангалсан бүс нь тасарч мэдэх тунчиг хариуцлагатай цаг үе ирчихсэн байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газраас 2027 оны төсвийн төслийг үндсэн шаардлагадаа нийцэж байгаа ч орлогоо хэт өөдрөг төсөөлж, Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэж байгааг удаа дараа сануулсан. Өөрөөр хэлбэл,  ирэх онд экспортын гол бүтээгдэхүүн нүүрсийг 110 сая тонн хүргэж экспорлоно хэмээн тооцоолсон. Гэтэл төсвийн орлого энэ хэмжээнд хүрч бүрдэх эсэх нь эргэлзээтэй. Нэмээд Монгол Улс олон улсаас авах хөнгөлөлттэй зээл авах эрхээ дуусгасан. Дараачийн жилүүдэд өндөр хүүтэй, богино хугацааны зээлүүд авах хэмжээнд хүртлээ өрийн тааз тулсан. Гэтэл өмнө нь авсан өр зээлүүдээ үр ашигтай зүйл зарцуулж чадсан эсэх дээр тун хангалтгүй дүн тавиулна. Цаашлаад энэ ирэх оны төсвийг үр ашигтай, үрэлгэн зардал багатай боловсруулж чадаагүйг учир мэдэх улстөрчид, эдийн засагчид удаа дараа сануулсаар байна.

        Нэг ёсондоо үр ашиггүй төсвүүдээ танаж, үрэлгэн зардлуудаа хасвал намынх нь гишүүд ч, сөрөг хүчин нь ч унагааж мэдэхээр ээдрээтэй цаг үед Н.Учралын Засгийн газар төсвийн хэлэлцүүлгээ өрнүүлж байна. Мэдээж сонгуулийн зардлаа санхүүжүүлэх хүндхэн үүрэг ч энэ удаагийн төсвийн төсөлд багтсан гэдгиййг олон нийт таамаглахтайгаа болсон. Гэтэл сөрөг хүчний гишүүд эхнээсээ төсвийн төслийн санхүүжилтийг ил тод болгож, нээлттэй,  дэлгэрэнгүй танилцуулдаг байх хариу арга хэмжээ авч Н.Учралын Засгийн газрыг сандаргаж байна.

Харамсалтай нь, энэ эмзэг цаг үед Н.Учралын танхимын сайд нар нь төсвийн төслөө ч хамгаалж чадахгүй чуулганы танхимд пээдэлзэж, Ерөнхий сайдынхаа чихийг мөн ч их халууцуулж байгаа харагдах. Энэ мэтчилэн Н.Учралын Засгийн газрын өргөн мэдүүлсэн ирэх оны төсөв мордохын хазгай гэгчээр улс төр, эдийн засгийн хүндхэн цаг үед хэлэлцүүлэгдэж байна. Үнэндээ төсвийн хэлэлцүүлгийг олны анхаарлаас холдуулах олон мэдээлэл гарч байгаа ч бодит үнэнээс бултаж чадахгүйд хүртлээ туйлдаж эхэллээ. Эцэст нь, зарлага нь тэлж, орлого нь сох тусан төсөвтөө Засгийн газар өөрөө бүдэрч унах нь холгүй байна.

 

 

 


ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188