• Өнөөдөр 2026-10-27

АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”

2026-10-27,   24

   Асашёорюү Д.Дагвадорж арлын японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд ид хаваа гайхуулан, мандах явсан сайхан аварга. Түүнийг менежментийн гэрээний хувьчиллаар Улсын циркийг авах үед монголчууд баярласан. Гэтэл түүнд мэргэжлийн циркийн урлагийн байгууллагын авьяаслаг жүжигчид биш, циркийн дугуй байшин л хэрэгтэй л байж. Сэтгэл, зүтгэлгүй хүн мэргэжлийн урлагийг хэрхэн сэглэж, сүйрүүлдэг сонгодог жишээг Аса аварга маань үлгэрлэн харуулсан. Тэрбээр хэдэн жилийн өмнө “Энэ цирк чинь миний юм. Би өөрийн эд хөрөнгөө хэрхэн зарцуулж, үрэн таран хийх нь та нарт ямар хамаатай юм” хэмээн хэгжүүрхэж, “Хуурай агсан” тавьж байв. Тэрбээр ард түмний хайр хүндэтгэлийн өмнөөс, хар ус цацах дайны үйлдлийг гаргасан билээ. Тэр цагаас хойш улсын циркийн дугуй байшинг нураан, сэргээж, нэлээдгүй олон жилийг өнгөрөөсөн нь ч Монголын мэргэжлийн циркийн урлаг сэхэж сэргэхгүй, “сэхээний тасагтай” хэвтсэн хэвээр л байна.

    Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж 2008 онд циркийн барилгыг хувьчлан аваад, Улсын циркийн нэрийг “АСА” групп болгон өөрчилсөн. Харин өнөөдөр циркийн байрыг  "Аса арена" болгон өөрчилсөн байна.  Менежментийн хувьчлал явагдсан үеэс хойш Монголын циркийн урлагийн жүжигчид болон олон нийтийн шүүмжлэлийг Аса аварга хүртсэн ч тэр бүхэнд огтхон ч эмзэглэхгүйгээр өдийг хүрсэн. Бүхэл бүтэн 85 жилийн түүхтэй Монголын цирк урлагийн байгууллага сүйрч , зориулалтын байргүйгээс циркчид гудамжинд гарсан.  Циркчид “Монгол бөхийн өргөө”, “Буянт-Ухаа” спортын ордонг царайчлан Сүхбаатарын талбайд асар барьж тоглолтоо хийх болсон нь өрөвдөлтэй. Циркийн зориулалтын байр, манежгүй болсон мэргэжлийн циркчид амьдралын эрхээр гадаадын улс орны цирк рүү дайжих болсон. Үүнд циркийн байрыг хувьчилж авсан Аса аварга буруутай юу. Менежментийн өмч хувьчлалыг буруу, алдаатай явуулсан албан тушаалтан нарын ажлын хариуцлагагүй байдал уу гэдэгт хэн ч хариулж чадахгүй, хэн ч хариуцлага хүлээхгүй өнөөдрийг хүрлээ.

     Монголын циркчид хүндийн өргөлт, шидэх тэнцвэр,  уран нугаралтаараа дэлхийн циркийн урлагт алдартай. Монгол Улсад 1941 онд анхны циркчин Ж.Раднаабазар, зөвлөлтийн мэргэжилтэн А.М.Волошин нар монголын циркийн үндсийг тавьжээ. Түүнээс өмнө 1935 онд МХЗЭ-ийн Төв Хорооны дэргэд байгуулагдсан “Уран биеийн тамирын сургууль”, 1939 онд Улсын хөгжимт драмын театрт нээгдсэн циркийн анги, 1940 оноос хичээллэж эхэлсэн Циркийн сургууль зэрэг нь Монголд үндэсний цирк бий болох үндэс суурь нь болжээ. Улсын циркийн барилгыг 1971 онд Румын Улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулж байж. Энэ циркийн байр нь архитектур урлагийн өвөрмөц хэлбэртэй барилга юм.

     Монголын циркчид дэлхийн залуучууд оюутны наадам, Монакогийн Вант Улсын “Монте Карло”, Кубын Гавана, БНАСАУ, БНХАУ, Швед Улсад болдог олон улсын циркийн наадмуудад амжилттай оролцдог байлаа. Тус наадмуудаас шилдэг үзүүлбэрүүд нь алт, мөнгө, хүрэл медаль, тусгай шагнал олныг хүртэж байсан. Монголын циркчид дан ба хос акробат, шидэх тэнцвэр, газрын ба агаарын гимнастик, агаарын нислэг, илбийн үзүүлбэр, тэмээтэй жонглёр, уран нугаралт, алиалагчийн үзүүлбэр, хүнд жингийн гайхамшиг, сургуультай амьтдын үзүүлбэр, морьтны гайхамшиг, дээстэй үсрэлт зэрэг гайхалтай сайхан тоглолтуудыг үзэгч түмэндээ толилуулж байв.

   Одоо "Аса арена" болгон өөрчлөгдсөн циркийн байрны нэг өдрийн түрээс нь 55-75 сая төгрөг гэсэн. Бор зүрхээрээ циркийн урлагийнхаа гал голомтыг сахин хамгаалж яваа жүжигчид түүнийг яагаад ч дийлэхгүй. Циркийн урлагийг хамгаалж, хөгжүүлэх, Соёлын яамны нэгдсэн бодлого, төрийн дэмжлэг гэж огтхон ч алга. Бүхэл бүтэн Монгол Улс байж Үндэсний циркийн урлагаа дэмждэггүй, 18 жил циркийн зориулалтын барилга байгууламжгүй явсаар л байна. Монгол Улс циркийн урлагт анхаарал хандуулахгүй байхад циркийн байрыг хувьчилж авсан Д.Дагвадорж, түүний төрсөн ах хотын дарга асан Д.Сумъяабазар, Долгорсүрэн зааны гэр бүл сэтгэл гаргахгүй байх нь аргагүй бизээ. Баян хүн “Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү” ямар хамаатай гэдэг шиг Монголын төр засагт циркийн барилга, байр  ямар ч хамааралгүй зүйл болжээ.

Циркийн байрыг менежментийн гэрээгээр хувьчилж авсан Д.Дагвадорж аваргыг буруутгах албагүй. Төрийн өмчийн хорооны 2008 оны долдугаар сарын 7-ны өдрийн 352 дугаар бүхий тогтоолын дагуу менежментийн гэрээний хувьчлал ямар нэгэн маргаангүй явагджээ. Харин Монголд ганцхан байсан стандарт шаардлага хангасан циркийн барилгыг яагаад, ямар учраас хувьчлах болов гэдэг нь анхаарал татна. Монгол Улс ирээдүйгээ харсан  төрийн нэгдсэн цогц бодлогогүй яваад байх шиг харагдах юм. Монголын төр засагт ажиллах байгаа хүмүүс, УИХ-ын боловсрол мэдлэг, сул, эх орон ч сэтгэлгүй хүмүүсээр дүүрчээ. Тэдний буруу шийдвэрийн горыг ард түмэн олноороо хүртсэн нэг жишээ нь Улсын циркийн менежментийн хувьчлал болжээ.


АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188