• Өнөөдөр 2026-10-27

Зураач П.Байгалмаа: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ

2026-10-27,   25

      Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Дээд-эс” нэртэй уран зургийн үзэсгэлэн гарч буй талаар найзаасаа сонслоо. Зураачийн нэр болоод намтрыг ч асууж чадалгүй утсаа тасалж орхив. Гэсэн хэдий ч дээрх нэр толгойноос ер салдаггүй. Интернэтээс хайж үзвэл алдарт зураач Б.Пүрэвсүх агсны охин П.Байгалмаа зураачийн зургаа дахь бие даасан үзэсгэлэн болохыг нь мэдэв. Төрийн шагналт, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Батцэндийн Пүрэвсүх “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны ерөнхий зураачаар ажилласан байдаг. Харин П.Байгалмаа бол зураачаар зогсохгүй урлаг судлалын доктор, судлаач эрдэмтэн. Мөн Дүрслэх урлагийн музейн захирлаар ажилладаг нэгэн. Нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, хүний оршихуйн мөн чанар, бурхны хот мандлын бэлгэдлийг уран бүтээлдээ шигтгэдэг МУСТА, Монголын Урчуудын эвлэлийн шагналт зураач П.Байгалмаатай ийн ярилцлаа. 

-Яруу найрагч шүлэгтээ нэр өгөх, сэтгүүлч хүн бичвэртээ гарчиг олох тун хэцүү юм шиг санагддаг. Таны бүтээлүүдийн нэр маш сонирхолтой санагдлаа. “Дээд эс”, “Төгсгөлийн эхлэл” гээд яалтч үгүй анхаарал татна. Уран зургийнхаа нэрийг хэрхэн өгдөг вэ? 

-Тэр үнэн шүү. Уран бүтээлдээ нэр өгнө гэдэг зураачдын хувьд хамгийн хэцүү даваа. Зураг зурна гэдэг нэг ажил. Харин оноосон, оносон нэр олно гэдэг түүнээс ч амаргүй. Бүтээл туурвихдаа хэрхэн ач холбогдол өгдөг билээ дээ, түүнтэйгээ л ижил төвлөрнө. Тухайн зургийн сэдэл санаа, агуулгатай нягт холбогдсон, нэрээс нь эхлээд бүтээлдээ үзэгчдийг татаж оруулах оновчтой сонголт хийх нь чухал. Зургаа дахь үзэсгэлэнгээ дэлгэж байгаа хэр нь энэ удаагийн нэр сонголт хамгийн хэцүү байлаа. 

-Учир шалтгаан байсан болоод л хэцүү гэж байгаа байх?

-Үзэсгэлэн маань нэг агуулгад төвлөрсөн. Өөрөөр хэлбэл, нэг агуулгаас энэ бүх бүтээлийн санаа гарч байгаа болохоор тэр бүхэнд өөр нэр өгөх үнэхээр хэцүү байлаа. Таны харж байгаа зургуудыг зурж дууссаныхаа дараа бүгдийг нь өмнөө дэлгэж тавиад удаан бодсон. Нэг бүрчлэн эргэн харж, юуг илэрхийлэхийг зорьсон бэ гэдгээ дахин дахин эргэцүүлнэ. Бараг л энэ хэдтэйгээ ярилцах шиг болсон доо. 

-Яагаад заавал “Дээд-эс” гэж. Шинжлэх ухаанчаар харж, эсийн түвшинд ярьж байна гэж ойлгож болох уу? 

-Үзэсгэлэнгийн нэр өгөх хэд хэдэн хувилбар гаргаж үзсэн. Одоогоос долоон жилийн өмнө бие даасан үзэсгэлэн гаргахдаа “Дээд-Үүд” гэж нэрлэж байлаа. Энэ нь шууд утгаараа тэнгэрийн үүд гэсэн утга агуулга илэрхийлэх боловч хоёр үгээ нийлүүлбэл “Дээдүүд” хэмээн уншиж болно. Мөн л дээдсүүд гэсэн утга гарч ирнэ. Энэ хоёр үзэсгэлэн маань ямар нэгэн байдлаар хоорондоо холбогдож таарна. Иймээс “Дээд-эс” гэж нэрлэсэн. Хоёр үгийг нийлүүлбэл “Дээдэс” гэж уншигдаж байгаа биз. Ерөнхий агуулга нь бурхдын хот мандал дээр суурилсан. Бид бурхдын орон, диваажингийн орон гэж сэтгэлдээ дандаа төсөөлдөг. Монголчууд маань ямар нэгэн сайн сайхан зүйлийг төсөөлж, мөрөөдөж, ярихдаа үргэлж дээд тэнгэртэйгээ холбодог. Бурхан болсон буурлуудаа дурсахдаа ч “Тэнгэрт байгаа ээж, аав минь биднийг харж байгаа” хэмээж, өөд одсон нэгнээ “Тэр минь, энэ минь диваажингийн оронд төрөх болтугай” гэж дандаа тэнгэртэй холбож ярьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ бидний дунд тэр бурхдын орон, тэр диваажинг үзсэн нэг ч хүн байхгүй. Харин бидний сэтгэлд тэнгэрийн орон гэсэн маш хүчтэй төсөөлөл байдаг. Хүн бүхний сэтгэлд өөрийн гэсэн оршихуй бий. Тэр оршихуй бүхэн бурхны орон. Ингээд бодвол хэмжээлшгүй уудам оршихуйн нэгэн бичил хэсэг буюу дээдсийн эс нь бид юм. Үүнээс цааш ургуулан бодвол өнгөрсөн, ирээдүйг холбосон асар нандин хэлхээс ч байж болно. Өөрөөр хэлбэл дээдсээсээ өвлөж, хойчдоо өвлүүлдэг энэ их оршихуйн өчүүхэн нэгэн эд, эс нь бид юм шүү гэдэг санаагаар үзэсгэлэнгээ “Дээд-эс” гэж нэрлэсэн.

-Бурхны оронд очиж үзсэн нэг ч хүн байхгүй гэлээ. Гэтэл зургуудыг тань хархаар таныг тэнд очиж үзсэн болов уу гэмээр ч юм шиг. Магадгүй би хэт хийсвэр ярьж байгаа байх л даа. Ядах нь зүүд, зөнд тань үзэгдсэн байж ч мэдэх юм?

-Одоогоос 20 жилийн өмнө энэ бүтээлийнхээ анхны санааг ватум цаасан дээр зурж байснаа тод санаж байна. Орж ирсэн санаагаа тэмдэглэж байгаа нь тэр шүү дээ. Дутуу, хагас тэмдэглэсэн тэр зургаа нугалахдаа нугалж, багагүй зовлон үзүүлсэн байх. Зургийн хавтастаа хадгалсаар л байлаа. Хэдий тэнд хавчуулж орхисон ч сэтгэл санаа, оюун бодолдоо тээж явсаар 2026 онд бүтээл болгон дүүргэж байгаа нь энэ. Хэрвээ 2006 онд бүрэн дуусгасан бол магадгүй тэр үед би ганцхан ширхэг бүтээл гаргах байсан байх. Харин 20 жилийн дараа гарч ирж, нэг агуулгатай олон бүтээл болж байгаа нь “Одоо чиний бүтээл гарах цаг нь болсон шүү” гэж сануулаад байгаа юм шиг. Нөгөөтээгүүр үүнийг ойлгох үзэгчдийн ухамсар, сэтгэлгээ нь энэ цаг хугацаатай давхцаж байгаа ч юм шиг. Өөрийн тань асуугаад байгаа бурхны орон биш юм аа гэхэд өөр ямар нэгэн хүчин зүйл гал морин жил бүтээлээ гаргахад нөлөөлсөн ч байж мэдэх юм. Бүх зүйл цаг хугацаатай гэдэг нь л энэ байх. 

-Уран бүтээлч хүний хувьд цаг хугацаа дайсан уу, нөхөр үү? 

-Хүн хүний харах өнцөг, мэдрэх мэдрэмж. Миний хувьд цаг хугацаа дайсан гэхээсээ илүү нөхөр гэж боддог. Асар үнэтэй зүйл учраас түүнтэй дайсагнаж биш нөхөрлөж л байвал цаг хугацааны эрхээр биднээс бүтээл олон бүтээл төрнө. Хэрвээ дайсан гэж бодох л юм бол түүнтэй тулсаар байгаад цаг хугацаа, уран бүтээл, ер нь бүхнийг алдах байх. 

-Тэгвэл тантай нөхөрлөх цаг хугацаа аавыг тань яг энэ танхимд авч ирвэл охиныхоо аль бүтээлийг онцолж үзэх бол?  

-Яасан хэцүү асуулт вэ. Аав маань реалист зураач, тэр дундаа түүхийн сэдвээр дагнаж бүтээлээ туурвидаг уран бүтээлч байсан. Би “Мандухай сэцэн хатан” киноны натурт аавтай хамт явсан юм. Дэргэд нь байхаар яагаад ч юм зурж чадахаа больчихно. Угтаа бол дэргэд нь байхдаа л зураг зурж, мэдэхгүй, чадахгүйгээ асууж, заавар зөвлөгөөг нь сонсох ёстой шүү дээ. Тэгсэн хэр нь эзгүйд нь сайн зурна. Өөрийгөө уран бүтээлч болчихсон гэж төсөөлдөг ч юм уу, чөлөөтэй зурна. Яг л аавын дэргэд юу ч хийж чаддаггүй нь их сонин. Дүү нар маань надтай адил урлагийн хүмүүс. Миний дүү П.Батжав Дүрслэх урлагийн их сургуулийн арьсан урлагийн анги, П.Бэхээдэй уран зургийн анги, бага дүү П.Билгүүдэй маань Хөгжим бүжгийн коллежийн Лимбэ хөгжмийн ангийг төгссөн. Аав эрт өнгөрсөн болохоор үр хүүхдийнхээ хэнийх нь ч уран бүтээлийн үзэсгэлэн, тоглолтыг үзэж амжаагүй. Бидний аавтайгаа өнгөрүүлсэн, аавыгаа үгүйлэх дурсамж 1991 оноор дууссан даа. Гэхдээ аав маань өнөөдөр байсан бол биднийг өөр, өөрийнх нь уран бүтээлийн чиг хандлагаар явуулах байсан байх. Тэгэхээр миний зургуудаас онцолж “Энэ чинь болсон байна” гэхээсээ илүүтэй ерөнхий агуулга, мэдрэмж, ур чадварыг минь үнэлж, урам өгөх байсан болов уу. 

-Эсэргээрээ та аавдаа аль зургаа хамгийн түрүүнд үзүүлэх байсан бэ? 

-Цэл залуухан өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ. 

-Яагаад энэ зургаа санал болгоно гэж? 

-Зураач хүний бүтээл их олон арга, сонин хэлбэрээр бий болно. Зарим нь маш удаан бодож, боловсруулж хийдэг бол зарим бүтээл хоромхон төдийд буудаг. Тэр санаа тархинд зурсхийн орж ирээд богинохон хугацаанд гараас гарна гэсэн үг. Гэнэт орж ирсэн шигээ утга агуулга, өнгө дүрслэлийн хувьд онцлог шинж хадгалж байдаг. Энэ бүтээлээ би хугацааны хувьд хоёр өдөрт бүрэн дуусгасан. Тэгэхээр энэ цуврал гурван зургаа үзүүлж, сэтгэлийн үгийг нь асуух байсан байх. 

-Зурсхийн орж ирдэг гэлээ. Таныг анзаараад байхад их тайван хүн шиг санагдлаа. Яг зураг зураад эхлэхээр хурд хүчний тэсрэлт болдог байж таарах нь ээ? 

-Зураач хүн бүрийн өөрийн арга барил, онцлог гэж байдаг. Мэргэжлийн хичээлээр заалгаж байсан арга барилаараа юу зурах вэ гэдгээ урьдчилан эскиз гаргаж зурдаг зураачид ч бий. Миний хувьд бүтээлүүдээ толгойдоо эхэлж боловсруулдаг. “Тийм хэмжээтэй зурна”, “Энд нь ийм зүйл хийвэл зөв юм байна” зэргээр бодоод л яваад байна. Сэтгэлдээ ургуулж, төсөөлөн бодож явсан маань цаанасаа тодроод, нүдэнд өнгөтөөр харагдаад эхэлдэг. Яг тэр үед нь форматаа тавиад л зурах ажилдаа орно доо. Бүх зохиомж, өнгө толгойд боловсруулагдсан хойно зурахын хувьд ямар нэгэн саатах, торох зүйлгүй хурдтай шүү.  

-Та түрүүнд зураачийн хавтсандаа хадгалсан гэж ярьж байсан. Тэгэхээр таны оюуны чанадад түүнээс ч олон бүтээл хагарах цагаа хүлээж буй өндөг шиг оршин байх нь ээ? 

-Дээр хэлсэнчлэн 20 жилийн өмнөх нэг санаанаас 50 орчим бүтээл гаргачхаад үзэсгэлэнгээ дэлгэж сууна. Эднийгээ хараад, бодоод байхад бид чинь хуучирсан зүйлдээ тун дургүй байдаг бололтой шүү. Жишээлбэл социализмын үед хэрэглэж байсан тавилгатай айл өнөөдөр бараг байхгүй. Шинэ зүйлд хүний нүд, сэтгэл их хууртагддаг. Тэгэхээр бид жинхэнэ үнэ цэнтэй зүйлсийг тухайн цаг үед огт ойлгохгүй үлдээх тохиолдол байна. Яг үүн шиг уран бүтээлчид ч тэр залуудаа хийж байсан бүтээлээ өөрсдөө маш их голдог. Өөрийгөө голж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ төөрөгдөл дунд үлдсэн бүтээлүүд зураачийн хавтсанд олон байдаг. Магадгүй олон жилийн дараа эргэж харахад тухайн үед голж байсан бүтээл маань маш их үнэ цэнтэй санагдах үе бий. Голох шаардлагагүй, харин ч бүтээл болгочихмоор санаа цөөнгүй таарна. Сүүлийн үед зөвхөн би гэлтгүй зураачид ч үүнийг маш соргог ажиглаж байгаа мэт санагдсан. Манай Дүрслэх урлагийн музейд гарч байгаа үзэсгэлэнгүүдээс харахад олон жилийн өмнө зурсан мөртлөө нэг ч удаа үзэгчдэд ил гаргаж, үзүүлж байгаагүй бүтээлээ зураач нар гаргаж ирж байна. Тэгэхээр оюун санаанд ч тэр, урлангийн хаа нэгтээ байх хавтсанд ч тэр цаг үеэ хүлээсэн үй олон бүтээл бий. 

-Тантай ярилцахын хажуугаар зургуудыг тань харж сууна. Таны бүтээлүүдийг харах тусам түүдэг гал дүрэлзээд ч байгаа юм шиг, эсвэл зөөлөн бороо шиврэх шиг мэдрэмж төрөөд байх юм. Ховсдоод байна уу гэмээр энэ өнгөний сонголтууд дээр хэрхэн ажиллав?  

-Өнгө үү. Зураач хүн анхнаасаа өөрийн гэсэн өнгө, өгөгдөлтэй байдаг. Эхээс төрөхдөө л үүнийг тээж төрдөг байх. Харин уран бүтээлч хүн зурсан зурагтаа өөрийнхөө өнгийг гаргаж харуулдаг. Чиний дотор ч гэсэн нэг өнгө байх нь ээ дээ. Тэгэхээр 2005 оноос хойш гаргасан үзэсгэлэн, дэлгэсэн зургууд бүгд л миний дотоод өнгө. Зарим тохиолдолд агуулгаа илэрхийлэхийн тулд билэгдлийн өнгө ашиглана. Бурхны хот мандалд байгаа үндсэн өнгөнүүд миний дотор байдаг өнгөтэй ижил, илүү ойрхон мэт санагддаг. Тийм болохоор надад ямар нэгэн зовлон байхгүйгээр энэ өнгө, энэ бүтээлүүд надаас урсан гарч байгаа.  Иймээс энэ үзэсгэлэн, энэ өнгө үзэгчдэд тайвшрал, тайтгарлын мэдрэмж төрүүлж байгаа байх. 

-Өнөө цагийн Монголын дүрслэх урлагт бэлгэдэл зүй гээгдэж явна уу, тээгдэж явна уу? 

-Симболизм нь өөрөө дүрслэх урлагийн бие даасан төрөл зүйл. Монголын дүрслэх урлагийг ажиглахад зураач, уран бүтээлч бүхэн өөр өөрийнхөө илэрхийллээр бүтээлээ туурвиад явж байна. Тэгэхээр энэ нь хаягдсан, тэр нь түлхүү хэрэглэгддэг гэсэн зүйл үндсэндээ байхгүй. Зураачид өөрсдийн дотор оршихуй, мөн чанараа гаргаж бүтээлээ хийдэг. Гагцхүү тухайн уран бүтээл нь юутай уялдаж байна вэ гэдгээсээ шалтгаалаад бэлгэдлийн дүр дүрслэл ашиглах эсэх нь харилцан адилгүй. Реалист зураачид тэр болгон бэлгэдлийн дүрс оруулаад байхгүй яг л бодит зургаа зурж байгаа. Миний үзэсгэлэнд яалт ч үгүй, хүссэн, хүсээгүй бэлгэдлийн дүр дүрслэлүүд орж ирж байгаа. Тухайлбал, хот мандалд юу юу бэлгэдснийг ерөнхийд нь томъёолж хараад, түүнийгээ дагаад дүрсүүд орж ирнэ. Галыг дүрсэлсэн гурвалжин дүрс улаан өнгөөр, шороог дүрслэх дөрвөлжин дүрс шар өнгөөр, усыг бэлгэдсэн дугуй дүрс цэнхэр, цагаан өнгөтэй орж ирж байх жишээтэй. Эдгээр дүрслэлүүд бэлгэдэлээ давхар агуулж байна. Өөрөөр хэлбэл өнгө, дүрсний бэлгэдлийг хоршуулсан. 

-Та Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирлаар ажилладаг. Уран бүтээлчээс гадна судлаач, эрдэмтэн. Археологийн судалгаа, олдвор зэргээс сэдэл авч, ураан бүтээлдээ тусгах тохиолдол гарна биз?  

-Энэ маш чухал сэдэв. Уран бүтээлч хүн өөрийн бүтээлээрээ дамжуулж цааш сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх ёстой үүрэг ч гэж болно. Би бүтээлдээ хадны сүг зураг, буган чулуун хөшөө тогтмол дүрсэлдэг. Хадны сүг зураг ямар гайхамшигтай гэж бодно. Бидний өвөг дээдсийн үлдээсэн маш том өв шүү дээ. Бид энэ өвийг үзэхийн тулд яг тухайн газар нутагт нь очиж үзэх шаардлагатай болдог. Гэтэл зорьж очиж үзэж чадахгүй олон хүн бий. Өөрөөр хэлбэл уран бүтээлч бид тэнд байгаа дүр дүрслэл, өвөг дээдсийн ертөнцийг үзэх үзэл, хийсвэрлэлийг уран бүтээлдээ шингээж өгснөөр сурталчлах, дамжуулах үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг. Энэ ч утгаараа ямар олдворыг аль бүтээлдээ ашиглах, аль бэлгэдлийг хэрхэн шигтгэх зэргээ маш сайн тооцох шаардлагатай болдог. “Дээд-эс”-ээс эхлээд миний хэд хэдэн бүтээлд Ноён уулын хүннүгийн булшнаас олдсон ширмэл ширдгийн доторх дүрслэлүүд орсон. Энэ үнэт өвийг хүмүүсийн нүдэнд байнга харуулж, ой санамжид нь хадгалж үлдээх гэсэн давхар зорилгоор бүтээлдээ шингээж оруулдаг.  

-Үзэгчдэд зориулж зассан ширээн дээр сэтгэгдлийн дэвтэр байна. Цөөнгүй хуудсанд нь бэхний мөр гарчээ. Таны зураг үзэгчидтэй яриад байна уу, үзэгчид таньтай яриад байна уу? 

-Үзэсгэлэн гаргахдаа үзэгчдэдээ ч бас анхаарал хандуулдаг юм. Үзэсгэлэнг маань үзээд ямар бүтээлийн өмнө илүү удаан саатаж байна, шууд тойроод гарчихаж байна уу, үнэхээр ойлгохыг хичээж байна уу гэдгийг харж, мэдрэх хэрэгтэй. Нэгэнт бүтээлээ гаргаад бусдад дэлгэж үзүүлж байгаа болхоор дараагийн шатны ажиглалт хийж байгаа нь гэх юм уу даа. Ойлгохыг хичээж, бүтээл бүрийн өмнө төвлөрч зогсож буй нь их ажиглагддаг. Тэд харж зогсоод юу мэдэрч байгааг тааж мэдэхгүй учир үзэсгэлэн гаргах бүртээ заавал санал хүсэлтийн дэвтэр дэлгэдэг. Дараа нь нэгд нэгэнгүй уншина даа. Хүмүүс сонин содон зүйл их бичнэ. Жишээ нь өнөөдөр дэвтрээ сөхөж харахад “Би оюутан. Мэргэжлийн чиглэлээр дадлага хийж яваад энэ үзэсгэлэнг үзэх завшаан тохиолоо. Таны зургууд миний уран зураг ойлгох ойлголтыг тэр чигт нь өөрчилсөн. Танд маш их баярлалаа” гэж бичсэн байсан. 


-Үзэсгэлэнгийнхээ үеэр болж байсан өөр сонирхолтой зүйл ярьж өгөөч? 

-За байз. Хамгийн анхны үзэсгэлэн гэхээр 2005 онд юм байна. Нэг залуу үзэсгэлэнгийн танхимаас гарахгүй, зураг бүрийн өмнө очиж, нухацтай харж, маш их төвлөрч үзсэн. Сүүлдээ хаах дөхөөд, хүнгүй боллоо. Цаг ч оройтсон. Тэр танхимд бид хоёр хоёулхнаа үлдсэн санагдаж байна. Сүүлдээ “Яана”, “Яасан юм бол оо” гээд айх шиг болов. Тэр залуу үзэж, үзэж гарахдаа дэвтэрт юм бичсэн юм. Одоо бичсэн зүйлийг нь үг бүрчлэн санахгүй байна. Ямартай ч буруу алхам хийх гэж байсан нэгнийг уран бүтээлээрээ чиглүүлж болдог юм байна гэдгийг мэдэрсэн. Уран бүтээлээр дамжуулж хүн хүндээ хэрхэн нөлөөлдгийг ойлгосон. 

-Музейн захиралд хүнд зураг зурах цаг зав гар нь гэдэг нь өдрийн од шиг цөөхөн байх. Та хэзээ нь энэ бүх бүтээлийг дүүргэчхэв ээ? 

-Зургаан удаа үзэсгэлэн гаргахдаа дандаа л давхар улсын ажил хийж байсан байдаг. Нэг ч удаа бие даасан, чөлөөт уран бүтээлчийн өнцгөөс үзэсгэлэн гаргаж байгаагүй. Үнэхээр үзэсгэлэн гаргахаар шийдсэн л бол цаг хугацаатай өрсөлддөг болчихдог юм байна. Ажил тараад урлан дээрээ очно. Нүд анилдаж, ядраад унтмаар санагдсан ч “За үүний ард гарчихад учиртай шүү”, “Одоо энийг л дуусгачихвал” гээд л зүтгэдэг. Цагийн менежментийг маш сайн ашиглах ёстой. Ажил, уран бүтээлийнхээ аль нэгийг нь хойш тавилгүйгээр бүх зүйлийг зэрэг тооцож явахад аандаа л болчихдог. Шулуухан хэлэхэд ар гэр, амьдралаа тэр чигт нь хаяж л энэ бүхний ард гардаг даа. Үр хүүхдээ харах, гэр орны ажлаа амжуулах зэргийг мартаж, хүний хүн шиг хаяж байж л хүсэл мөрөөдөлдөө хүрч байна. Үр хүүхдийн хичээл сургууль, оройн хоол унд гээд ахуйтайгаа зууралдаад л байх юм бол энэ бүтээлүүд гарах ямар ч боломжгүй. Ар талыг минь бат даадаг сайн хань, сайхан гэр бүлтэй болохоор л нүүр бардам, нуруу тэнэгэр байдаг даа. 

-Зураач аав, хөгжимчин ээжтэй урлагийн гэр бүлд төрж, өссөн хүнээс л гарах үг байна. Үе дамжсан энэ авьяас үр хүүхдээс тань харагдаж байх юм уу? 

-Ээж маань Хөгжим бүжгийн дунд сургуульд насаараа хуучир хөгжмийн багшаар ажилласан. Аав, ээж хоёрт нэг адилхан зан чанар байдаг юм. Хэнийг ч ялгалгүй, хүнийг хүнээр нь хардаг. Хүүхэд байхад манайх чинь зураач, хөгжимчид гээд уран бүтээлчид цугларсан олонтой айл байлаа. Сайхан сэтгэлтэй, үргэлж бусдад дэм болж байсан аав, ээжийнхээ буяныг бид өнөөдрийг хүртэл эдлээд явж байна. Бидний хэн хэн нь нэрийг нь сэвтээчихгүй юм сан гэж чадах чинээндээ зүтгэж байгаа даа. Бидний үр хүүхдүүд ч мөн л адил өвөө, эмээгийнхээ авьяасыг өвлөж төрсөн. Дунд хүү маань Дүрслэх урлагийн сургуулийг төгссөн. Том хүү маань Хөгжим бүжгийн сургуулийг морин хуурч мэргэжлээр дүүргэсэн. Дүү нарын маань хүүхдүүд ч гэсэн зураач болж байна. Гурав дахь үедээ дамжиж ирсэн энэ их хувь заяанд талархаад баршгүй шүү. 

-Ген гэж их сонин зүйл шүү. Гурав дахь үедээ дамжиж ирсэн энэ хувь заяагаа та нэг үгээр тодорхойлж хэлбэл? 

-Дээдэс, мэдээж хэрэг “Дээд-эс”

-Энэ бардам хариултын араас юу ч асуух билээ дээ. Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа



Зураач П.Байгалмаа: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188