• Өнөөдөр 2026-10-26

ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Халх, Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр дэгдэж, таван өдрийн турш шатаж, тус байгалийн үзэсгэлэнт газрын 80 хувь нь бүрэн шатсан талаар холбогдох байгууллагуудаас мэдээлсэн. Мөн үүнтэй холбогдуулан “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи “Миний бие "Мобиком" компанийн нэрийн өмнөөс болон өөрийн чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Бид хариуцлагаас зайлсхийхгүй. "Мобиком корпораци" нь олон нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа зохих ёсоор биелүүлэх ёстой. Хохирлын бодит тоо хэмжээ холбогдох байгууллагуудын шалгалтаар тогтоогдоно. Бид энэхүү үйл ажиллагаанд бүх талаар хамтран ажиллана. Шалгалтын үр дүн болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд учирсан хохиролтой барагдуулахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авах болно. Олон нийтийн санаа зовниж байгааг бид ойлгож байна. Байгаль орчинд учирсан хохиролд гүнээ харамсаж байна. Монголын ард түмнээс дахин чин сэтгэлээсээ уучлал хүсье. Бид холбогдох эрх бүхий байгууллагуудтай бүрэн хамтран, шалгалтын үр дүнд үндэслэн, тогтоогдсон нөхцөл байдал, хууль тогтоомжийн дагуу байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаанд оролцох болно. Гал унтраах ажиллагаанд оролцсон онцгой байдлын алба хаагчид, байгаль хамгаалагчид, орон нутгийн удирдлага болон иргэд, туслалцаа үзүүлсэн хүн бүрд гүн талархал илэрхийлье” гэж мэдэгдээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр Халх, Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр гарсантай холбоотойгоор Япон Улсын Засгийн газрын талаас мэдэгдэл хийж, нөхөн сэргээхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Тодруулбал, Япон Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минору “Бид учирсан хохирлын хэмжээнд ихэд санаа зовниж, энэ асуудалд нухацтай хандаж байна. Монголын ард түмэнд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье. Япон Улсын харилцаа холбооны “KDDI” корпорацийн охин компани болох “Мобиком”-ын удирдах албан тушаалтнууд болон бусад төлөөлөгчийг тээвэрлэж явсан автомашины цуваа Монгол Улсын Дорнод аймаг дахь улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дайран өнгөрч байхад түймэр дэгджээ. Одоогоор Монголын эрх бүхий байгууллагууд түймрийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд Япон Улсын Засгийн газрын зүгээс түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтран ажиллана” хэмээн мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Nippon

 


ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188