• Өнөөдөр 2026-10-26

Б.АМАРМӨНХ: ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛЭХ МЭДРЭМЖ ХАМГИЙН САЙХАН

2026-10-26,   31

Бүгд Найрамдах Турк Улсын Бурса хотноо насанд хүрэгчдийн гардан тулааны дэлхийн цомын тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөв. Дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн гардан тулааны төрөл болон өөрийгөө хамгаалах төрөлд  хос хүрэл медаль хүртсэн Батбаярын Амармөнхтэй ярилцлаа.

-Гардан тулааны “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.

   -Баярлалаа. Гардан тулааны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртсэндээ баяртай байгаа.

-Гардан тулааны дэлхийн цомын тэмцээнд манай улсаас хэдэн тамирчин өрсөлдөв. Ямар амжилт гаргасан бэ?

   -Энэ удаагийн гардан тулааны дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсаас 22 тамирчин өрсөлдсөн. Дэлхийн цомын тэмцээнд 41 улсын 400 гаруй тамирчин тулалдсан.

-Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний ямар хоёр төрөлд өрсөлдөж хос хүрэл медаль хүртэв?

   -Миний хувьд гардан тулаан болон өөрийгөө хамгаалах төрөлд тус тус хүрэл медаль хүртсэн.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгчид ямар улсын тамирчид байсан бэ?

    -Дундад Азийн Узбекистан, Казахстан, Киргизстан болон Оросын тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгчид байлаа. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тулаанчид гурван алт, зургаан мөнгө, арван хүрэл медаль авлаа.

–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?

   -Намайг Батмөнхийн Амармөнх гэдэг. Гардан тулаан болон жүдо, самбо бөхийн спортоор хичээллэдэг.

–Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?

   -Би Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт  суманд төрсөн. Манайх ам бүл дөрвүүлээ. Би айлын бага охин.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?

    -Багадаа нэлээн хөдөлгөөнтэй, гүйж, харайсан дэггүй, сахилгагүй охин байсан шүү.

-Одоо хэдэн настай вэ?

      -Би одоо 21 настай.

-Гардан тулаанаас гадна өөр тулааны спортоор давхар хичээллэдэг үү?

     -Гардан тулаанаас гадна жүдо, самбо бөх, холимог тулаанаар хичээллэдэг.

-Анх яагаад тулааны спортыг сонгож хичээллэх болсон бэ?

   -Надтай цуг жүдо бөхөөр барилддаг байсан эгч гардан тулаанаар давхар хичээллэдэг байсан. Тэр эгчийг дагаж очоод тулааны спортын бэлтгэл сургуулилалтыг үзэж, харсан. Надад тулааны спорт их гоё санагдаад, тэгээд гардан тулааны спортоор хичээллэж эхэлсэн.

  –Анх тулааны спортыг заасан багш нь хэн бэ?

     -Анх Сүхбаатар аймгийн Олон улсын таеквондо-гийн “Эхлэл” клубийн дасгалжуулагч Н.Нэргүй багш надад гарын цохилтын техник, холимог тулааны суурийг тавьж өгсөн. Түүний дараа гардан тулааны “Сүбээдэй” клубийн П.Мөнхжин, Ө.Өлзийбат багшаар үргэлжлүүлэн заалгаж байсан. Жүдо бөхийн анхны багш гэвэл Сувд-Эрдэнэ, одоо дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар, МУГТ О.Ууганбаатар багш нарын удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа.

  –Тулааны спорт болон бусад спортоор гаргасан амжилтуудаасаа танилцуулахгүй юу?

   -2017 онд Дорнод аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн жүдо бөхийн тэмцээнээс хүрэл медаль, 2018 онд аймгийн аваргаас алтан медаль , 2019 онд жүдо бөхийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан.  2019 онд Сэлэнгэ аймагт болсон “Ирээдүйн-Одод” жүдо бөхийн олон хотын тэмцээний хүрэл медальтай. 2019 онд жюү жицү-гийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. 2022 онд жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2022 оны залуучуудын  УАШТ-ээс тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Мөн 2022 онд самбо бөхийн залуучуудын УАШТ-ээс мөнгөн медаль, Зүүн бүсийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2022 онд чөлөөт бөхийн аймгийн аваргаас хүрэл медаль, 2023 онд жюү жицү-гийн УАШТ-ээс хүрэл медаль авч байсан.

   2023 онд “UNDES JUDO CUP” оюутны тэмцээнээс мөнгөн медаль, 2024 онд жүдо бөхийн оюутны УАШТ-ээс алтан медаль “MNUE OPEN CHAMPIONSHIP”-оос мөнгөн медаль, 2024 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аваргаас алтан медаль, самбо бөхийн аймгийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. 2025 онд “U23” УАШТ-ээс алтан медаль, Монголын бүх ард түмний спортын зуны 16-р наадмын самбо бөхийн тэмцээнээс хүрэл медаль, 2025 оны насанд хүрэгчдийн самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, жүдо бөхийн тэмцээнээс алтан медаль авч байсан.

   2026 онд “MNUE OPEN”-оос алтан медаль, 2026 оны холимог тулаан насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль, гардан тулааны УАШТ-ээс мөнгөн медаль, гардан тулааны өөрийгөө хамгаалах төрөлд хүрэл медаль тус тус хүртсэн. Сургууль, хотын аваргын сагсан бөмбөг, волейбол, марафон гүйлт, олс таталт гээд оролцох боломжтой бүх л уралдаан ,тэмцээнд өрсөлддөг.

 -Сэтгэлд тань хоногшин, хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?

     -2019 оны жүдо бөхийн  өсвөр үеийн УАШТ хамгийн гоё дурсамжтай санагддаг.

–Тулааны спортоор хичээллэхийн хамгийн сайхан мэдрэмж нь юунд байдаг вэ?

   -Тулааны спортод өрсөлдөгчөөс өмнө өөрөө өөрийгөө ялан дийлж байгаа мэдрэмж л хамгийн сайхан санагддаг.

-Ямар тамирчдаас үлгэр дуурайл авдаг вэ?

    -Олимп, дэлхийн аварга, Японы жүдочин Абэ Утагийн уран гоё мэх, техник, эрэмгий, дайчин, өөртөө итгэлтэй зан чанараас нь үлгэр дуурайл авахыг хичээдэг.

-Чөлөөт цагаараа тулааны спортоос гадна өөр юу хийх дуртай вэ?

     -Чөлөөт цагаараа гүйх их дуртай. Марафон гүйлтийн тэмцээнд оролцдог.

  -Одоо  2026 онд оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?

      -Ирэх арваннэгдүгээр сарын 13-ны өдөр болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө.

    

 


Б.АМАРМӨНХ: ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛЭХ МЭДРЭМЖ ХАМГИЙН САЙХАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188