• Өнөөдөр 2026-10-25

ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН

Хэн нэгний уншиж буй шүлгийг чих тавин сонсож, амьдралаас түр завсарлага авах мэдрэмж ямар гэж санана. Яг л энэ мэдрэмжийг хуваалцахаар цуглаж эхэлснээс хойш тав дахь жилтэйгээ золгож байгаа эмэгтэй яруу найрагчдын "Гоо улирал" яруу найргийн уншлага энэ сарын 29-нд болно. Шүлэг, гэрэл зураг, амьд хөгжим нэг дор цогцлох энэ үдшийг яагаад зорих ёстойг таван шалтгаанаар хүргэе.

1. Шүлэгт хүйс гэж үгүй

Энэ орой нэг тайзнаа 15 эмэгтэй яруу найрагч өөрсдийн сонгосон хоёр шүлгийг уншина. Тэдний дунд олон жил бичиж, ном хэвлүүлсэн яруу найрагчид ч, дөнгөж танигдаж буй охид ч бий. Өнгөрсөн жил "Энэ бол миний шүлэг уншиж буй анхны тайз" гээд хоолой нь чичирсэн 15 настай охин ирсэн юм. "Болор цом" зэрэг томоохон наадмуудын тайзнаа эмэгтэй яруу найрагчид төдийлөн олон гардаггүй. Харин энд хүйсээрээ ч, шүлгээрээ ч өрсөлдөх шаардлагагүй, учир нь шүлэгт хүйс гэж үгүй. Эмэгтэй яруу найрагчдын уншлагыг эрэгтэй хүн үзэж болохгүй гэж хэн ч хэлээгүй, бүх хүнд нээлттэй.

2. Намрын тухай дуулмуй

Хөнгөхөн гуниг, хийсэх навч мэт догдлол бүгд намрын улиралд бий. Эмэгтэй яруу найрагчид энэ мэдрэмжээ хуваалцах гэсэн нь "Гоо улирал" болжээ. Ганцхан шүлэг сонсоход сэтгэл тайвширч, ганцхан мөр сонсоход цадчих мэт үе байдаг бол энэ үдэш яг тийм мөч.

Жил бүр навч хатахаас нь өмнө түүж, дээр нь намрын тухай гоё үг бичээд ламинатардаад номын хавчуурга болгодог. Энэ хавчуурга тасалбар болж, намрыг таны номын завсар дурсамж болгон үлдээдэг уламжлалтай болоод 5 жил болжээ. 

3. Шүлэг, зураг, хөгжим нэг дор

"Гоо улирал" зөвхөн яруу найргийн үдэш биш. Эмэгтэй гэрэл зурагчид бүтээлээ дэлгэж, намар болон хүмүүсийн дотоод ертөнцийг өөрсдийн дурангаар харуулна. Нэг нь үгээр урлаж, нөгөө нь кадрт үлдээдэг ч гуниг, догдлол, бахархал нь адил. Гэрэл зурагчид энэ арга хэмжээнд сайн дураараа нэгддэг нь эмэгтэй уран бүтээлчдэд бүтээлээ олонд хүргэх орон зай хэр дутагдаж байгааг харуулдаг.

Шүлгийн хооронд саксофоны аялгуу, лимбэний уянга, гитарын эгшиг, амьд дуу эгшиглэнэ. Үдшийг саксофоны аялгуугаар нээж, шүлгээр хэлж амжаагүй санааг хөгжим нөхнө.

4. Таван минутын шүлэг

Үзэгчдийн дунд жил бүр 5 минутын шүлгийн уралдаан болдог. Саксофоны аялгууны дор шүлгээ бичээд, ивээн тэтгэгчийн бэлгийн төлөө өрсөлдөөрэй. Мөн яруу найрагчдын ном арга хэмжээний үеэр худалдаалагдана. Тайзнаас сонсож таалагдсан шүлгийнхээ номыг шууд худалдан авч, зохиолчтой ярилцах боломж ховор тохиодог. Тэгвэл та энэ арга хэмжээнд ирэх найрагчдын яруу найргийн номыг нь гарын үсэг зуруулаад авах боломж бас бүрдэх юм. 

5. Утга учиртай орон зай

"Гоо улирал"-ыг 2022 онд эмэгтэй яруу найрагчид өөрсдөө санаачлан эхлүүлжээ. Нийгэмд яруу найрагчийг эрэгтэй хүнээр төсөөлдөг хэвшмэл ойлголтыг эвдэж, урлаг дахь эмэгтэйчүүдийн манлайлал, жендэрийн тэгш байдлыг дэмжих нь уншлагын гол зорилго юм. Анхны уншлагад 21 яруу найрагч оролцож байсан бол дараа жил нь 25 орчимд хүрсэн. Өнгөрсөн жил Охидын эрхийг хамгаалах өдөр зохиогдож, охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн. Энэ уулзалтад ирснээр та эмэгтэй уран бүтээлчдийн орон зайг хамтдаа бүтээлцэж байгаа юм.

Та яаж оролцох вэ?

"Гоо улирал" 2026 оны 10 сарын 29-ний Пүрэв гарагт 18:00–22:00 цагт MS International Hotel-ийн B17 Restaurant & Lounge-д болно. Тайзанд ойр суудлын тасалбар 50,000₮, энгийн суудал 30,000₮ бөгөөд бүх тасалбарт уух зүйл багтсан. Найзуудтайгаа ирвэл ширээгээ урьдчилан сонгож, гурвуулаа 80,000₮, тавуулаа 125,000₮-өөр орох боломжтой. Суудал хязгаартай тул урьдчилан захиалаарай. Энэ жилийн "Гоо улирал"-ыг Монголын Залуучуудын Холбооны Соёл, урлагийн байнгын хороо хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээнд ирсэн хүн бүрд Үндэсний оператор Жимобайл ХХК 50 хувийн хөнгөлөлттэй багц болон хүссэн дугаараа бэлэглэнэ.

Мөн дэмжигч, хамтаргч байгууллагаар оролцох, талсалбар захиалах бол зохион байгуулагчдын 8911 8348, 9922 2507 дугаараар  холбогдож болох юм.  


ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188